МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар даргалан явууллаа. Энэ үеэр комиссын хуралдааны бэлтгэлийг эрчимжүүлэх, хуралдааны үеэр манай талаас дэвшүүлэх санал, илэрхийлэх байр суурийг хэлэлцлээ. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс нь Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг гол механизм билээ. Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хоёр жилд тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн Комиссын 16 дугаар хуралдаан Монгол Улсад болох ээлжтэй байсан хэдий ч КОВИД-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон юм. Энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь манай улсад Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсаны дараа болж буйгаагаараа онцлог юм. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны явцад гарсан ололт амжилтыг дүгнэх, ойрын хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх гол зорилт, томоохон арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, өндөр дээд түвшний айлчлалын үеэр тохирсон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх тохиролцоо, хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний явцыг түргэтгэхэд ач холбогдолтой юм. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

БОАЖЯ жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагын зөвлөл хуралдаж Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар хэлэлцжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 21 томоохон ажил тусгагдсан. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдолд эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг гарган авах, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэх, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 8 мянга га талбайг нөхөн сэргээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн жуулчдын тоог 1 саяд хүргэх, Мянганы суут хүн Чингис хаан цогцолборын ажлыг цогц байдлаар дуусгах зэрэг олон ажлууд багтжээ.

10 аймагт усан цахилгаан станц барих төсөлд Унгар улстай хамтран ажиллахаар тохиролцов

Монгол Улс, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баасан гарагтУнгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар дипломат харилцааны 70 жилийн жилийн ойн мэндчилгээг харилцан дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай 2017 болон 2018 онуудад хийсэн уулзалтаар ярилцсан асуудлууд ажил хэрэг болж, хоёр орны хамтарсан чухал төсөл болох Биокомбинат УТҮГ-ыг шинэчлэх ажил энэ оноос бодитоор хэрэгжих шатанд ороод буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр дэлхий даяар тархсан цар тахлын нөхцөл байдал, хоёр орны улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, усны салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, одоогийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Тодруулбал, хөдөө аж ахуйн салбар болон 10 аймагт усан цахилгаан станц барих, усны менежментийн чиглэлээр санал солилцож, дээрх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо. Монгол Улсын газар нутаг өргөн уудам, хүн ам цөөн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цөлжилт эрчимтэй явагдаж байгаагаас үүдсэн говийн бүс нутаг дахь усны асуудал нь бидний сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлж байна гэлээ.Унгарын мэргэжилтнүүд 1970-1980 оны хооронд Монгол оронд усны чиглэлээр нарийвчилсан судалгааг хийсэн байдаг. Түүнчлэн Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 200 гаруй монгол оюутныг тус улсад суралцуулах хөтөлбөр үргэлжилж байгаад баяртай байгаагаа хэллээ. Дээрх 200 оюутныг хөдөө аж ахуй, усны чиглэлээр болон Биокомбинат-д ажиллах ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогыг баталлаа

​ УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталлаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр УИХ-ын даргаас тогтоолын төслийн 2 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Ажлын баг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хуралдан, Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадаагүй зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллыг нэгтгэж, боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төслийн 2 дахь хэсэгт Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх гэсэн заалтыг шинээр нэмэхээр зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулав. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Туваан, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2860 төгрөг болсон байгааг тодотгоод, 2016 оны Ардчилсан намын Засгийн газрын үед 1960 төгрөг байсныг дурдав. Өөрөөр хэлбэл 1000 орчим төгрөгөөр өссөн, цаашид үүнд ямар бодлого барьж ажиллахыг тодрууллаа. Тэрээр, Монгол Улс импортын хараат улс учраас ханш өсөхөд барааны үнэ нэмэгддэг. Өнөөдөр 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүний тэтгэврийг ам.долларт шилжүүлбэл 70 ам.доллароор багассан. Зөрөөд өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байна. Ирэх онд ам.долларын ханш ямар байх вэ хэмээн асуулаа. УИХ-ын гишүүүн Х.Булгантуяа, долларын ханш оны эхнээс уналттай байгаа бөгөөд энэ оны имфляцийн онилсон түвшин 8 хувь байгааг тэмдэглээд, ирэх онд 6 хувьтай байхаар онилж байгааг тодотгов. Ам.долларын ханшны хэлбэлзлийг инфляцийн түвшинд хадгалж байгаа гэв. Тэрбээр, Цар тахлын улмаас дэлхий даяар валютын ханш унаж байгаа ч Монгол Улсын хувьд, онилсон түвшиндээ хадгалж байна хэмээн хариуллаа. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, энэ оны эхнээс төгрөг ам.долларын эсрэг 4.3 хувиар суларсан хэмээн тэмдэглэв. Харин өнгөрсөн онд 4.5, уржнан 8 хувь байсан, 2017 онд 2.8 хувиар чангарсан хэмээн дурдав. Тэрбээр, Ерөнхийдөө ам.долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байгаа. Сүүлийн хоёр жил 4-5 хувиар суларч байгаа тул ирэх жил үүнээс илүү хазайж, савлахгүй гэсэн төсөөлөлтэй байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт 6-8 хувь байх магадлалтай байгаа тул эдийн засаг сэргэж байнаа гэсэн үүднээс инфляцийг 6 хувь дээр онилсон хэмээв. Тэрбээр, өр төлбөрийн тэнцэл талаас валютын ханшинд юу нөлөөлж буйг тодруулсан УИХ-ын дарга Г.Занданшатарын асуултад хариулав. Худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай, нийт төлбөрийн тэнцэл 470 орчим сая ам.долларын алдагдалтай байгааг мэдээлэв. Нийт төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд тэрбум ам.доллар байсан үеэс багассан. Энэ оны сүүлийн хагас жилд нүүрсний экспорт сэргэж байгаа тул төлбөрийн тэнцлийн алдагдал буурах магадлалтай. Тиймээс ханшид дарамт байхгүй хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн, С.Одонтуяа, Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 6.6 хувь байсан, банкны системийн чанаргүй зээл 11.4 хувь байгааг тэмдэглэв. Аж ахуйн нэгжүүд орлого олж, зээлээ төлж чадахгүй байгаад Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй гэж байв. Мөн сүүлийн 26 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 10.1 их наяд төгрөг байсан бол сүүлийн дөрвөн жилд 22.3 их наяд болж огцом их хэмжээний мөнгө хэвлэсэн байгааг дурдав. Мөнгөний нийлүүлэлтийг огцом өсгөснөөр мөнгөний бодлогоо алдаж байна гэж шүүмжлэв. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Төсвийн бодлого, мөнгөний бодлого уялдаагүй явж ирсэн гэх Б.Пүрэвдорж гишүүний саналтай ижил байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Сүүлийн 30-40 жил экспортын үйлдвэрээ хөгжүүлээгүй, импортоос хараат байж, уул уурхайгаа шүтсэн бодлого барьсан нь алдаа хэмээн тэмдэглэв. Ажлын байр нэмэхгүй, хүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлээгүйн гор гарч байна хэмээн тодотголоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нарын гишүүн үг хэлсэн. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн хэлэлцүүлгийг дүгнэж хэлэхдээ, Ардын хувьсгалаас хойш Монгол Улс үйлдвэрлэгч орон болон хөгжиж байсан. Тэгвэл ардчилсан хувьсгалаас хойш үйлдвэрүүдээ хувьчилж, уул уурхайн экспортыг голлож импортлогч орон болж хувирсан. Энэ тогтолцооны өөрчлөлтийг засах шаардлагатай. Цаас тавиад л шийдэх асуудал биш. Монгол Улсын үйлдвэржилтийг унагаах бодлогод эцэс болгохоор УИХ-д Үйлдвэржилтийн байнгын хороо байгуулсан. Бодлого ярьж асуудлаа шийдэх хэрэгтэй байна хэмээсэн юм. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон 55 гишүүний 34 нь буюу 61.8 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Иргэд кодоо хэлээд 3 хүртлэх хөнгөлттэй эмээ эмийн сангуудаас авах боломжтой

​ УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нараар ахлуулсанажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очижхөнгөлөлттэй эмийнасуудлаар албаны хүмүүстэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо. Ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль,Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.Уг хуулийн дагуу 2020 оны 11-р сарын 1-ний өдрөөс хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгож эхлээд байна.Ажлын хэсгийн гишүүд иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцаж, шийдлүүдийг хэрхэн хийж байгаа талаар тодрууллаа. Тухайлбал хөнгөлөлттэй эмийн программ, хэвтрийн хүнд хэрхэн хөнгөлөлттэй эм олгох, хөнгөлөлттэй эмийн талаарх мэдээллүүд, аптекуудын хаяг байрлал зэргийг асууж тодрууллаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг гаргахдаа зонхилон тохиолддог 111 өвчнийг сонгож Олон Улсын эмнэл зүйн аргачлалыг баримталж тогтоосон, e-barimt-н дээрх үнэ дээр тулгуурлан эмийн үнийн дээд хязгаарыг тогтоож өгсөн байна. Одоогийн байдлаар 1053 эмийн сан гэрээ хийж, хөнгөлөлттэй эмийг олгож байгаа бөгөөд энэ нь өмнөх үетэй харьцуулахад 60%-иар нэмэгдсэн байна.Мөнхэвтрийн буюу хуруугаа уншуулж эмийн жороо бичүүлж чадахгүй байгаа 19,600 гаруй иргэдийн асуудлыг програмд урьдчилан оруулж зохицуулалт хийсэн талаарааЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцууллаа. Хөнгөлөлттэй эмийг цахим жороор бичиж байгаа тул иргэд цаас барьж эмийн сан орох шаардлагагүй, кодоо хэлээд 3 хүртлэх эмээ эмийн сангуудаас авах боломжтой бөгөөд тухайн жорд бичигдсэн бүх эм нэг эмийн санд байхгүй байсан ч өөр, өөр эмийн сангуудаас кодоороо бичүүлж авах боломжтой. Цахим жорын хугацаа 7 хоног юм байна хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.