АТГ: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй

УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон тухай хэвлэлд мэдээлж байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав. -Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ мэдээлэл үнэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулмаар байна. Та хариулт өгнө үү. -Энэ бол худал ташаа мэдээлэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгаж, 13 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгасан. Яг өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 468 хэрэг шалгагдаж байгаа. 404 нь хэрэг бүртгэлтийн, 64 нь мөрдөн байцаалтын хэрэг. Эдгээр хэргийн алинд ч УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татан шалгасан зүйл байхгүй. Худал ташаа мэдээллийг түгээж, улс төрийн өнгө аясаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсэж байна. -УИХ-ын гишүүн Сү.Батболдын хэргийг АТГ шалгаад шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлж байгаа. -УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг АТГ-аас шалгаагүй. Тиймээс энэ нь худал мэдээлэл байна. -УИХ-ын гишүүн Д.Ганбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн татаж АТГ шалгаж байгаа гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ үнэн үү? -Одоогоор АТГ-аас шалгаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүн байхгүй. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар

Я.Содбаатар: Шинэ жил тэмдэглэхгүй гэх шийдвэр гараагүй

​ Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах саналыг Засгийн газарт танилцуулахаар болсон. Засгийн газар Лхагва гаригт хуралдаж, энэхүү шийдвэрийг баталгаажуулах юм. Олон нийтийн сүлжээгээр Улсын онцгой комиссын хуралдаанаас албан байгууллага, аж ахуй нэгжүүд болон шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан гэх ташаа мэдээлэл гарсныг Шадар сайд Ч.Содбаатар онцоллоо. Тэрбээр Шинэ жил тэмдэглэх асуудлаар өнөөдөр УОК хуралдаагүй шүү. Энэ асуудлыг аймаг, нийслэлийн удирдлагууд шийдэх бөгөөд аж ахуй нэгжүүдтэй хэлэлцэж байж эцсийн шийдвэр гарна гэдгийг тодотголоо.

Зээлийн хүүг 2023 оны эцэст сарын 1 хувьд хүргэнэ

​ Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б.Жавхлан, Ч.Ундрам нараас 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Сүүлийн жилүүдэд банкны салбарын зээлийн хүү 4 нэгж хувиар тогтвортой буурч, 2020 оны 06 дугаар сарын эцсийн байдлаар жигнэсэн дундаж хүү жилийн 16.3 хувь болсон ч энэхүү үзүүлэлт дэлхийн дундажтай харьцуулахад өндөр хэвээр байна. Зээлийн хүү нь зээлдэгчдийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн хөрөнгө оруулалт хийх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихүйц төвшинд зээлийн хүүг дорвитой бууруулах чиглэлд санхүү, эдийн засгийн бодлого болоод хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэнэ. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолд банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхээр заасан нь тогтоолын хууль зүйн үндэслэл болсон. Сүүлийн жилүүдэд банкны салбарын зээлийн хүү 4 нэгж хувиар тогтвортой буурч, 2020 оны 06 дугаар сарын эцсийн байдлаар жигнэсэн дундаж хүү жилийн 16.3 хувь болсон ч энэхүү үзүүлэлт дэлхийн дундажтай харьцуулахад өндөр хэвээр байна. Тогтоолын зорилго нь зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст сарын 1 хувьд хүргэхдээ санхүүжилтийн зардлыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүүгийн зуучлалыг хязгаарлахгүйгээр зээлийн хүүг бууруулахад баримтлах бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний эрх зүйн үндсийг тодорхойлж, тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий холбогдох байгууллагад үүрэгжүүлэх, хэрэгжилтийг хангаж, хагас жил тутам Улсын Их Хуралд тайлагнаж, үр дүнд парламентын хяналтыг хэрэгжүүлэхэд явдал юм. Нэр хүнд бүхий эрдэмтдийн судалгааны үр дүнгээс харахад манай улсын банкны зээлийн хүүний бүтцэд татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн зардал 60 орчим хувь (9.8 нэгж хувь), үйл ажиллагааны зардал 17 хувь (2.8 нэгж хувь), зээлийн эрсдэлийн зардал 11 хувь (1.8 нэгж хувь), банкны ашиг болон бусад зардал 12 хувь (1.9 нэгж хувь) тус тус эзэлж байна. Зээлийн хүүг бүрдүүлж байгаа дээрх хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулахад суурь инфляц, улсын дотоодын нийт хуримтлалын хэмжээ, гадаад валютын нөөц, эрсдэл, санхүүгийн салбарын хөгжил, олон улсын захтай холбогдсон байдал, хууль эрх зүйн орчин, макро орчны тогтвортой байдал зэрэг олон хүчин зүйлийн шууд болон дам нөлөөллийг сулруулахад энэхүү тогтоолын бодлогын агуулга оршино. Тогтоол нь 4 заалт, 4 дэд заалтын хүрээнд тодорхойлсон 19 арга хэмжээ, 47 дэд арга хэмжээ бүхий хавсралттай бөгөөд хэрэгжүүлэх арга хэмжээ нь дараах үндсэн 4 чиглэлээр тусгагдсан: Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх; Зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах; Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах; Хөрөнгийн захыг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах. Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүжилтийн өртөг багатай эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, экспортын санхүүжилт өсөж, банкны салбарт өрсөлдөөнийг эрчимжиж, зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг сайжирч, зээлдэгчийн эрэлт хэрэгцээ, боломжид таарсан шинэ санхүүжилтийн бүтээгдэхүүн гаргалт нэмэгдэх зэрэг зээлийн хүүг бууруулах суурь нөхцөл хангагдах ач холбогдолтой. Эх сурвалж:Улсын Их Хурлын Тамгын газар

БАЙНГЫН ХОРОО: Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах зорилго тавьжээ

​ Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдрийн /2020.10.26/ хуралдаанаараа холбогдох байгууллагуудын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын мэдээлэл, тайланг сонсох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлынхаа талаар танилцуулав. Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдын сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалан угаарын хийн хордлогод орсны улмаас хэчнээн хүн нас барсан талаар тоон мэдээллийг тодруулсан асуултад Цагдаагийн байгууллагын ажилтан И.Даваажамъян улсын хэмжээнд сүүлийн 10 жилд угаарын хийн хордлогын улмаас амь хохирсон 136 хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 72, орон нутагт 64, харин 2020 онд Улсын хэмжээнд 10 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 9, орон нуагт 1 хэрэг байна гэж хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням хөдөө орон нутагт агаарын бохирдол ямар байгаа болон сайжруулсан шахмал түлшний чанар, хорт бодисын хэмжээний талаар, мөн хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг тодруулав. Дээрх асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймгуудад агаарын бохирдол өндөр байгааг тэмдэглээд хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг дөрвөн жилийн турш аймгуудад шат дараатай байгуулна, эхний үйлдвэр 2021 оны сүүл гэхэд ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна гэж хариуллаа. Сайжруулсан шахмал түлшний чанар, хорт бодисын хэмжээтэй холбоотой асуултад Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун Тавантолгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноос хойш бүтээгдэхүүнээс тогтмол шинжилгээ авч байгаа бөгөөд шинжилгээгээр хорт бодисын хэмжээ нормоос хэтрээгүй гэсэн хариулт өглөө. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн сайжруулсан шахмал түлш үйрч, бутарсан зэргээр нунтаг гарч буйг хаягдалгүй савлахад хяналт ямар байгаа талаар болон авто машины насжилтаас шалтгаалж агаар бохирдож байгаагийн эсрэг хийж буй ажил, мөн агаарыг бохирдуулж буй хамгийн том хүчин зүйл болох нам даралтын хэчнээн уурын зуухыг түүхий нүүрсээр галлаж, төсөвт хэдэн төгрөг тусган, санхүүжүүлж буй тооцоог тодруулав. Энэ асуултад Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун Тавантолгой түлш-ийн үйлдвэрлэлийн явцад хяналт тавьж хөлдсөний улмаас үйрч бутарсан түлшийг дахин боловсруулалтад оруулж, хэрэглэгчдэд хүргэхгүй байх тал дээр өнгөрсөн өвөл хяналт тавьсан. Ашиглалтын шаардлага хангахгүй микро автобусыг ашиглалтаас хасаж, үйлчилгээнд явуулахгүй болсон. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон нийтийн тээврийн том оврын автобусыг ашиглалтаас хасаж байна гэх хариулт өгсөн бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл 70 байршилд түүхий нүүрсээр галладаг 202 уурын зуух байна. Эрчим хүч үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг шууд сайжруулсан шахмал түлш хэрэглэ гэж шаардаж болдоггүй. Технологийн томоохон өөрчлөлт хийх шаардлага тулгардаг учир шууд шийдвэрлэх боломжгүй байна. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгж яндандаа шүүлтүүр тавьсан гэлээ. Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Г.Ганболд, Б.Саранчимэг нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл Улаанбаатарт түүхий нүүрс хулгайгаар оруулж ирж байна. Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгж 70 гаруй тонн нүүрс оруулж ирснийг саяхан илрүүллээ. Хулгайгаар нүүрс оруулж ирж, түлдэг нь агаарын бохирдол, утааг бууруулах том зорилгоос хойш нь татаж байна гээд түүхий нүүрс хулгайгаар оруулж ирж түлэхгүй байхыг уриалж буйгаа илэрхийлэв. Мөн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх талаар тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоо түүхий нүүрс түлж байсан үеэс буурсан үзүүлэлттэй юм байна. Энэ талаарх мэдээллийг иргэдэд сайн түгээх хэрэгтэй гэж саналаа хэллээ. Мөн Тавантолгой түлш-ийг бизнесийн зарчмаар нь явуулж, түлшний үнийг тогтвортой байлган, улсын төсвөөс татаас өгдгийг болиулах хэрэгтэй гээд цахилгааны шөнийн тарифыг тэглэхдээ Эрчим хүчний яамнаас санал авч, чанарын шаардлага хангасан халаагуур хэрэглэсэн тохиолдолд тэглэж байх нь зүйтэй талаар саналаа хэлж, агаарын бохирдол технологийн хоцрогдлоос болж байгаа талаар байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням ард иргэдэд мэдээллээ тодорхой хүргэх, Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах зорилгодоо хүрэх, аймаг орон нутгийн агаарын бохирдлын мэдээллийг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудад гаргаж өгч байх талаар саналаа хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг агаарын бохирдлыг бууруулахын тулд холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, шинэ технологиудыг нэвтрүүлж ажиллах талаар санал хэлэв. Дэд хорооны хуралдааны төгсгөлд Олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд Засгийн газраас Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын үр дүнтэй газар дээр нь танилцаж, зохих шийдвэр гаргах Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэгээр ахлуулан байгуулах саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, тогтоолын төсөл баталснаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Замын-Үүд боомтоор нэвтрэх зорчигчийн урсгалыг 4 дахин нэмнэ

​ Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гадаад худалдааны гол боомт болох Замын-Үүд боомтын ажилтай энэ сарын 25-нд танилцлаа. Энэ үеэр Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил, боомтын ачаа тээврийн терминалын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагуудтай уулзав. 2021 оны IV улиралд бүрэн дуусах энэхүү шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр зорчигчдын болон бараа дамжин өнгөрөх хугацаа багасч, худалдаа эрхлэгчдийн зардал багасах юм. Ингэснээр нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж, Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд түлхэц болно. Мөн дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллав. Тэрбээр чөлөөт бүсийн удирдлагатай уулзаж, гадаад худалдааг нэмэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэхэд чөлөөт бүсийн үүрэг чухал болохыг тэмдэглэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.