Шүүхээс АТҮТ-ийн хэлтсийн дарга асан Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасаж, торгох ял оногдуулав

Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярыгнийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /хахууль авах/-т заасан гэмт хэрэгт Д.Батбаяр /АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан/-д холбогдуулан хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт 2020 оны аравдугаар сарын 6-ны өдөр яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын талаарх прокурорын 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр хүлээн авсан. 2020 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 08:30 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар хуульд заасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлжбайхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6,000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Эх сурвалж:Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хаана санал өгөхөө ЭНДЭЭС хараарай

​ 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт улс орон даяар эхэлнэ. Та харьяа хэсгийн хорооны санал өгөх байрыг харахыг хүсвэлЭНДдарж нэвтрээд, регистерийн дугаараа кирилл үсгээр оруулан харна уу. Мөн уг жагсаалтаас таны овог нэр, нас хүйс, оршин суугаа хаяг болон хэсгийн дугаарыг харах боломжтой ба та өөрийн хувийн мэдээллийг нягталж шалгаарай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймагт ажиллалаа

​ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.13/ Архангай аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав. Архангай аймгийн Онцгой байдлын газар нь Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэбулган суман дахь Гал унтраах анги, Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбар гэсэн нэгжүүдтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус газарт ажиллах үеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар тус газрын Эрэн хайх, аврах салбар, Гал унтраах ангийн багаж, техник хэрэгслүүдийг танилцуулав. Тус газрын Гал унтраах алба, Эрэн хайх, аврах албанд автомашины парк шинэчлэл хийж, шинэ автомашинуудтай болсон бөгөөд Архангай аймгийн 19 суманд хүрч, хүртээмжтэй ажиллахад тулгарч буй гол асуудал нь хүн хүчний дутагдал гэдгийг тэрбээр хэлж байв. Тодруулбал, Архангай аймгийн Онцгой байдлын газар нь баруун зүгийн таван сумыг хамарсан үйл ажиллагаа явуулах 12 хүнтэй Эрэн хайх, аврах бүлгийг Тариат суманд байгуулах саналаа холбогдох газарт өгсөн ч одоогоор шийдвэрлээгүй байна. Түүнчлэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар 2019 оны наймдугаар сараас эхлэн аврагч нохойг эрэн хайх ажиллагаанд ашиглаж, Албаны нохойны байр, Албаны нохойн сургалтын талбай-н тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэжээ. Тус салбарын эрэлч нохой нэг жилийн хугацаанд 4 удаагийн эрэн хайх ажиллагааг амжилттай гүйцэтгэж, иргэдийг эсэн мэнд олсон тухай мөн танилцууллаа. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгогчдод хандсан уриалга

​ Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох гэж байна. Сонгогчийн санал авах ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны Пүрэв гарагт өглөөний 7 цагаас оройн 20 цаг хүртэл явагдана. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн хороод хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна. Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгогчдыг эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчинд саналаа өгөх бололцоогоор нь хангахаар ажиллацгааж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм. Сонгуульд оролцож буй нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг ажиглахаар бүртгүүлж, үнэмлэхээ аван бэлтгэлээ хангалаа. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, 2148 санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн болно. Та бүхэн саналаа өгөхөөр очихдоо амны хаалтаа зүүж, өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс бага насны хүүхэд дагуулж очихгүй байхыг хүсье. Эрхэм сонгогчид оо! Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс Та бүхэндээ хандан уриалж байна. Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай! МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Монгол, БНСУ-ын иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов

​ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, Монгол, Солонгосын найрамдлын жил-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов гэжЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.