Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г хүлээн авч уулзав
2022-01-17 09:29:31 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оныг манай хоёр улс Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Элчин сайд Х.Кобаяши энэ онд тохиож буй дипломат харилцааны ойг жилийн турш тэмдэглэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаагаа танилцуулав. Мөн ойг тохиолдуулан хоёр талдаа дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлж, Стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэхээр ажиллахаа нотлов. Тэрбээр нэн ялангуяа хоёр улсын харилцааны ирээдүйг авч явах хүүхэд, залуучуудыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулахын төлөө байна гэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) амжилттай хэрэгжиж, дуусгавар болж байгааг тэмдэглээд энэ онд дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг тохиролцохын чухлыг онцлов. Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн цагаа олсон чухал алхам гээд, энэ чиглэлд нягт хамтран ажиллахаа мөн илэрхийлэв.
Улаанбуудайн тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно
2022-01-17 09:21:38 Нийтлэгдсэн: Улс төр Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянга төгрөг байхаар Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Ургац хураалтын дүнгээр нийтдээ 605,6 мянган тн үр тариа, үүнээс 567 мянган тн улаанбуудай, 181,5 мянган тн төмс,118,6 мянган тн хүнсний ногоо, 302,5 тн тэжээлийн ургамал, 53,6 мянган тн тосны ургамал хураан авчээ. Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90 мянган тн улаанбуудай борлуулалтын шатандаа явж байна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой аж.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өнөөдрийн /2022.01.14/ нэгдсэн хуралдаан
Замын-Үүд боомтоор нэвтэрч буй ачаа тээврийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол түгээнэ
2022-01-14 08:52:05 Нийтлэгдсэн: Улс төр Шадар сайд С.Амарсайханы ахалж буй Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт-импортын ачаа тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг цахимаар хуралдав. Тус цахим хуралдаанд Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххот суугаа ЕКГ, Эрээн хотод суугаа КГ, Гаалийн ерөнхий газар, Хилийн хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдах албан тушаалтнууд болон Замын-Үүд суманд ажиллаж буй Дэд ажлын хэсэг оролцов. Хуралдааны үеэр Замын-Үүд авто замын боомтод хэрэгжиж буй экспорт- импортын ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл танилцуулсан бөгөөд Шадар сайд С.Амарсайхан авто замын боомтын чингэлэг тээврийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, тээврийн зардлын үнийн өсөлтийг хязгаарлах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлагад даалгасан байна. Замын-Үүд боомтод ажиллаж байгаа Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Замын-Үүд авто замын боомтоор хятадын талаас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүх төрлийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй 60 чингэлэг улсын хилээр нэвтрүүлж, тээвэр ложистикийн бүсэд байршуулсныг мэдээлж, цаашид импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хятадын талтай харилцан яриа хэлэлцээ явуулж буйгаа танилцуулав. Түүнчлэн тэрээр Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Монголын талын гаалийн хяналтын бүс, ложистикийн төв хүртэл тээвэрлэсэн ачаатай чингэлгийг галт тэрэг, автомашинд сэлгэн ачиж, чингэлэг буцах нөхцөлтэйгээр тээвэрлэх тохиолдолд тээврийн зардал харьцангуй хямдарч буйг онцлов. Шадар сайд С.Амарсайхан Зам тээврийн яам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллага хамтран Ажлын хэсгийн үйл ажиллагаа, тухайн өдөр хилээр нэвтэрч, нутгийн гүн рүү ачигдаж буй чингэлэг болон бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, тээврийн зардлын үнэ өртгийн тухай товч, ойлгомжтой тодорхой мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраар дамжуулан олон нийтэд мэдээлж байхыг үүрэг болголоо. Тэрчлэн иргэд, ААН-үүд үгсэн хуйвалдаж, үндэслэлгүй тээврийн зардлыг нэмж буй зохисгүй үйлдлийг хууль, хүчний холбогдох байгууллагууд шалгах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон анхааруулавгэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэнд Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд М.Цэнгэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэнд уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, байгаль орчин, хүмүүнлэгийн салбаруудад өргөжүүлэх талаар ярилцав. Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэн хоёр улсын харилцаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй