Засаг дарга нарын эрх, үүргийн давхцлыг арилгана

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож, санал шүүмж хэллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг тодорхой болгон заагласан нь чиг үүрэг хоорондоо давхцдаг байдлыг арилгах нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн онцлох нэг заалт бол Ерөнхий сайд өөрийн багт ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох, Аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох зарчмаар томилох зохицуулалтыг тусгажээ. Орон нутагт зарим татварын орлогын тодорхой хувийг үлдээхээр зохицуулсан бөгөөд тодорхой төрлийн татварын хувь хэмжээг орон нутаг өөрөө тогтоох, аймаг, сум, нийслэл, дүүрэг бие даасан төсөвтэй байх зохицуулалтыг хийж өгч байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан Орон нутгийн удирдлага, нутгийн захиргааны дээд байгууллага гэдэг бол Үндсэн хуульд тусгайлан олгогдсон чиг үүрэг бүхий өөрийн удирдлага, нийгэм, эдийн засгийн цогцолбор мөн гэж заасан байдаг. Төрийг орон нутаг, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулж удирдах, ард түмний засаглах эрхийг баталгаажуулж байгаа чухал хууль юм. Энэ хуулийг түргэн шуурхай батлах ёстой гэдэг дээр санал нэг байгаа ч хэт яарч, дутуу хандаж болохгүй. Хуулийн эд, эс бүхнийг маш нарийн судалж байж гаргах ёстой гэж бодож байна. Төвлөрлийг сааруулах гол асуудлаас гадна эдийн засаг, нийгмийн асуудал ямар байх вэ, иргэдийн амьдралд хэрхэн тусах вэ гэдэг талаас нь анхаарч харах хэрэгтэй. Одоо бол сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын чиг үүрэг адилхан болчихлоо. Тухайлбал, нийслэлд хамгийн их тулгамддаг газар олголтын асуудал байна. Дүүрэг, нийслэл, салбарын яам газар олгодог. УИХ-аар батлагдсан хот төлөвлөлт нь байхад дүүргийн Засаг дарга нар давхцуулан газар олгох тохиолдол гардаг. Мөн хог хаягдлын асуудлыг нийслэл шийдье гэхээр дүүргийн Засаг дарга орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудтай гэрээний үндсэн дээр шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг. Тэгэхээр хог хаягдлын асуудалд нийслэлийн Засаг дарга, Захирагчийн ажлын алба шууд оролцох боломжгүй болчихдог. Ингээд хог хаягдлын, хот байгуулалтын асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй, эрх үүргийн хувьд давхцдаг тохиолдол их гардаг учир энэ бүх асуудлыг цэгцэлж, эрх үүргийн давхцлыг арилгах, тодорхой болгох хэрэгтэй юм гэж үзэж байна хэмээн онцоллоо. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Хуульд нэгдүгээрт, хариуцлагатай төр ямар байх ёстой вэ гэдгийг тусгаж өгсөн. Хоёрдугаарт, хяналт, тэнцэлийн асуудал байна. Төр нь ямар чиг үүрэгтэй байх юм, орон нутгийн чиг үүрэг, санхүүгийн эрх мэдэл ямар байх вэ гэдгийг илүү тодорхой болгож өгч байна. Энэ хуулиар орон нутагт тодорхой татварын орлогыг үлдээхээр байгаа. Гуравдугаарт, төрийг тогтвортой байх зарчмын асуудлыг тусгаж өгсөн хэмээв. Нийслэлийн Засаг даргын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Р.Батрагчаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэрэгжүүлж буй зарим чиг үүргийг хот, тосгодод хэрхэн шилжүүлэх вэ, хот, тосгодын чиг үүрэг, түүний оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм. Засаг дарга нар Ерөнхий сайдад үйл ажиллагаагаа тайлагнаж, хариуцлага хүлээнэ гэсэн үндсэн зарчим байдаг. Гэтэл энэ зарчим бодит байдалд хэрэгждэггүй байсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын асуудлыг тодорхой тусгаж өгч байгаа юм. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн тухай ярихад нийслэлийн төлөөлөгчид бизнесийн салбараас орж ирэх магадлал өндөр байдаг. Иргэдийн хуралд орж ирчихээд өөрсдийн бизнесийг хамгаалах гэж Засаг даргад нөлөөлөх магадлал байдаг учир шинэчилсэн найруулгаар ИТХ-ын төлөөлөгчдөөс хараат байхгүйгээр Ерөнхий сайдад ажлаа тайлагнах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Шинэчилсэн найруулгын төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа асуудал бий. 2024 оноос эхлэн НИТХ-ын төлөөлөгчдийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчид сонгоно гэж байгаа. Гэтэл бодит байдалд төлөөлөгч нар дүүргийн эрх ашиг, сонгогдсон тойргийнхоо асуудлыг ярих нь бий. Өөрөөр хэлбэл, нийслэлийн эрх ашиг, асуудлыг ярих төлөөлөгч байдаггүй. Иймд хуулийн төсөлд нийслэлийн бус дүүргийн эрх ашгийг хамгаалдаг төлөөлөгч нараар бүрдэх нөхцөл байдал үүсчих вий гэж харж байна. Мөн хуулийн төслийн бас нэг онцлог бол иргэдийн төлөөлөгч нарыг давхар дээл өмсөх боломжгүй болгосон. Энэ нь улс төрөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх юм хэмээн саналаа хэллээ. Дашрамд дурьдахад, энэ сарын 17-ны өдөр эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

УИХ-ын дарга Г.Занданшатар АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөрАзийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томилогдсонд УИХ-ын даргад баяр хүргээд тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн талаар танилцуулав. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ковид-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 5 төсөл-ийн хүрээнд 30 сая ам.долларын Яаралтай түргэн тусламжийн үед шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулаад байна. Мөн цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөлд 26.4 сая ам.долларын зээл олгох юм. Түүнчлэн 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгохоор болжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Павит Рамачандрантай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Ковид -19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд Азийн хөгжлийн банканд талархал дэвшүүлэв. АХБ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа идэвхтэй олон улсын санхүүгийн байгууллагын нэг бөгөөд санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр болон санхүүжилтийн тоо хэмжээгээр Монгол Улсын бодит бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм. Тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт эхэлж, Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамаардаг. Эдийн засгаа солонгоруулахын тулд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх томоохон шинэчлэлтийг хийх шаардлага бий. Тухайлбал, экспортыг нэмэгдүүлэхэд түлхэц болохуйц төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Цаашид зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнийг гаргахаас илүүтэй ноос ноолуур, арьс шир, мах, сүү зэрэг хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахыг эрмэлзэж байна. Өнгөрөгч 7 дугаар сард Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газартай Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл-ийн хэлэлцээрийг байгуулсан. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чөлөөт бүсийг байгуулна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэхэд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх тэр дундаа төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Улсын Их Хурлын дарга илэрхийлэв. Мөн банкны салбарт бодлогын томоохон шинэчлэлт хийхээр УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулийн төслийг боловсруулж байгааг дуулгасан юм. Үргэлжлүүлэн талууд Монгол Улсад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олгож буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн болон Азийн хөгжлийн банкны 2021-2024 оны түншлэлийн шинэ стратегийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, олон жилийн найрсаг харилцаатай хөрш хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар харилцан санал солилцлоо. Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Элчин сайд И.К.Азизовт хандаж, хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж явдгаа илэрхийлээд найрсаг харилцаагаа улам өргөжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа тэмцэглэлээ. Сайд Л.Халтар Азийн авто замын сүлжээний AH-4 чиглэл буюу Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто замаар улс хоорондын автотээвэрлэлтийг эхлүүлэх, өнгөрөгч 3 дугаар сард шинээр нээсэн Улаангом-Кызыл чиглэлийн агаарын шинэ хаалгаар тогтмол нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангах, цаашид хэрэгжүүлэх шинэ төмөр замын төслүүд дээр хамтран ажиллах, Наушки өртөөний тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, УБТЗ ХНН-ийн хөгжил, шинэчлэлтэд онцгой анхаарах зэрэг хэд хэдэн тодорхой саналыг танилцуулж, дэмжин ажиллахыг хүсэв. Тодруулбал, Азийн авто замын AH-4 сүлжээнд хамаарах Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто зам хатуу хучилттай замаар бүрэн холбогдож, Ази, Европыг автотээврээр холбосон бас нэг гарц нэмэгдэх боломж бүрдэх юм. Мөн ОХУ-ын төмөр замын Наушки өртөөний галт тэрэг хүлээн авах хүчин чадал хангалтгүйн улмаас хилийн төмөр замын хамтарсан зөвлөгөөний протоколд тусгасан тоо хэмжээнд хүрэхгүй байгаа. Иймд Оросын төмөр замууд НХН болон холбогдох бусад байгууллагуудад уламжлан Наушки өртөөний хүчин чадлыг Монгол Улсын Сүхбаатар өртөөний хүчин чадалтай уялдуулан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн Монгол, Оросын найрамдалт харилцааны томоохон бэлгэ тэмдэг болсон УБТЗ ХНН-ийн вагон, хөдлөх бүрэлдэхүүн, гол замын шинэчлэлд анхаарч ажиллахыг хүслээ. Элчин сайд И.К.Азизов Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэл буюу Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто замыг хатуу хучилттай болгох ажил хийгдэж дуусахаар Монгол, Орос, Хятад гурван улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын автотээвэрлэлтийг эхлүүлэх талаар Оросын талд мэдэгдэхээ тэмдэглэв. Мөн Улаангом-Кызыл чиглэлд туршилтын нислэг амжилттай гүйцэтгэсэн талаар онцолж, одоогоор шууд нислэг үйлдэхэд бэлэн болсон ч covid-19 цар тахалтай холбоотойгоор хойшилж, эргээд байдал хэвийн болоход дээрх чиглэлийн шууд нислэгийг үйлдэж эхлэхэд бэлэн байгааг танилцуулав. Түүнчлэн Наушки өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх, УБТЗ ХНН-ийн хөгжил, шинэчлэлт, гол замын их засварт онцгой анхаарч ажиллахаа тэмдэглээд Монгол Улсад хэрэгжүүлж буй шинэ төмөр замын төслүүд дээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Эх сурвалж: ЗТХЯ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэллээ. Энэхүү шүүх хурал долдугаар сарын 30-нд товлогдсон байсан ч өмгөөлөгч болон хэрэгт холбогдогч өөрөө ирээгүй тул өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Уг шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсний дагуу албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Хэргийг сануулахад,УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь Сафир стоун компанидаа ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн байдаг.

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томилов

Ардчилсан намаас нийслэлийн намын хорооны хурлаа өнөөдөр зарлан хуралдуулав. Хурлаар 10 сард болох нийслэл, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцжээ. Харин хурлын үеэр тус намын дарга Д.Баттулга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн нь гэнэтийн шийдвэр байв. Иймд намын дүрмийн дагуу хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдавааг томилсон байна. Д.Пүрэвдаваа нь Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм. Тэрээр 2012, 2016 оны дүүргийн ИТХ-д олонх, 2012 оны нийслэлийн ИТХ-ын сонгууль, 2013, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудад үнэмлэхүй ялалт байгуулж байсан чадварлаг боловсон хүчин.Намын удирдлагатайгаа үл ойлголцон нэгэн үе намаасаа хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулж байсан хэдий ч нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намаас хамгийн олон ялалтыг дүүрэгтээ авч чадсан сайн менежер юм. Д.Пүрэвдаваа нь 2012 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2012-2017 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн болого, агаарын бохирдлын асуудал хариуцсан Зөвлөхөөр ажиллаж байсан. Нийслэлийн Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Пүрэвдаваа нь улс төр болон төрийн ажлын туршлагатай Ардчилсан намын лидер гишүүдийн нэг юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.