Үндсэн хууль 30 жил: Монгол Улсын Үндсэн хууль бүтсэн түүхэн замнал
2022-01-04 09:18:06 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй билээ. 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хууль бүтсэн түүхэн замналыг толилуулж байна. МОНГОЛ УЛСЫН АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм. Үндсэн хуулиа баталснаар Хаант улсыг халж Монгол Улсыг Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улс хэмээн мөн түүний тусгаар тогтнолыг Үндсэн хуулиар тунхагласанд түүний түүхэн тусгай ач холбогдол нь оршиж байсан юм. Анхны Үндсэн хуулийг боловсруулах хугацаанд Америк, Англи, Бельги, Норвеги, Орос, Швед, Японы Үндсэн хуулийг орчуулж, судалж байжээ. Улсын Анхдугаар Үндсэн хууль нь Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь; Улсын дээд эрхийг барих газрын тухай; Нутгийн захиргааны тухай; Сонгох, сонгогдох эрхийн тухай; Улсын орлого, зарлагын эрхийн тухай; Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай; гэсэн 6 бүлэг, 50 зүйлээс бүрдэж байв. МОНГОЛ УЛСЫН ХОЁРДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан. Хоёрдугаар Үндсэн хууль нь Нийгмийн байгуулалт; Улсын байгуулалт; Улсын Их Хурал, Бага Хурал ба Бага Хурлын Тэргүүлэгчид; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөл; Улсын орон нутгийн засаг захиргааны эрхийг барих байгууллагууд нь; Шүүх ба прокурорын газар; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын орлого, зарлага; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн журам; Ард иргэний үндсэн эрх ба үүргүүд; Сүлд тэмдэг, туг, нийслэл; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх журам; гэсэн 12 бүлэг, 95 зүйлтэй. Уг хуульд хүний эрх, эрх чөлөөний асуудлыг түлхүү тусгаснаар ач холбогдолтой болсон. Үндсэн хуулийн арвангуравдугаар зүйлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн дээд эрхийг барих газар нь Улсын Их Хурал болно. гэж заасан байдаг. 1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж судлаачид үздэг. Үүнд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор (1941.02.14) БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно хэмээн заажээ. Мөн, уг хуульд хүний эрх, эрх чөлөөний асуудлыг түлхүү тусгаснаар ач холбогдолтой болсон. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын албан хаагчдын өдрийн ажлын хэмжээг найман цагаар хязгаарлах, иргэд нь үнэ төлбөргүйгээр сурах, тэтгэвэр тэтгэмж авах, эмэгтэйчүүд нь аж ахуй, улсын ба соёл, боловсрол, улс төр, олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт эрэгтэй хүний нэгэн адил тэгш эрхийг эдлэх, нутаг дэвсгэр дотор өөрийн биеэр чөлөөтэйгөөр шилжин явах ба оршин суух газраа шилэн сонгох эрхтэй хэмээн тусгасан юм. МОНГОЛ УЛСЫН ГУРАВДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан юм. Энэхүү Үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй ба Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол В.И.Лениний сургаалыг мөрдлөг болгон феодализмаас капиталист хөгжлийн шатыг алгасч социализмд шилжих замдаа нийгэм, эдийн засгийн хувьсгалт их үндсэн өөрчлөлт хийж социалист шинэ эдийн засгийг байгуулж, социалист үйлдвэрлэлийн харилцааг бүх улс ардын аж ахуйд ялуулж, хөдөлмөрчин ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг дээшлүүлэх талаар түүхэн их амжилт олов. хэмээн оршил хэсэгт тэмдэглэгдсэн нь улс орныг хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болгох хувьсгал эрчимжсэн, хот байгуулалтын хөгжлийн онцлог үе эхэлсэн түүхтэй. 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар (1978.12.26) БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд: БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй гэж заасан байдаг. МОНГОЛ УЛСЫН ДӨРӨВДҮГЭЭР ҮНДСЭН ХУУЛЬ Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана. гэсэн заалт нэмсэн байна. МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Б.Чимэд голлон боловсруулсан. Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухай үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлах зайлшгүй шаардлагатайг ч Б.Чимэд гуай онцолсон байдаг. 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртэл дордуулсан долоо гэсэн тодотголтой явж ирсэн. Түүний хэлснээр болж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртэл дордуулсан долоо гэсэн тодотголтой явж ирсэн. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын баг 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй. Харин хамгийн сүүлд буюу 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм. УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ны хуралдаанаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухайн өдрийн морин цагт буюу 11.40 цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн юм. Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагатай холбоотой гэсэн гол дөрвөн чиглэлтэй байлаа. Олон жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаараа долоо дахь парламент (2016-2020) нийгмийн захиалгыг тодорхой хэмжээнд биелүүлэх түүхэн үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч Х.Баттулга уг өөрчлөлтийн эхийг ёсчлон баталгаажуулахдаа онцолж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 26 буюу Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн өдөр ёсчилсон юм.
УИХ-ын гишүүн, АБГББХ-ны Дарга Б.БАТТӨМӨР Доктор /ScD/ Sharing economy буюу хуваалцах эдийн засаг нь өнөөгийн амьдралын шаардлагаас урган гарч ирсэн эдийн засгийн шинэ загвар бөгөөд дэлхийд улам бүр хүрээгээ тэлсээр байна. Хүмүүс өөрт байгаа зүйлсээ бусадтай хуваалцан амьдарч, тодорхой ашиг олж, энэ нь өдөр тутмын амьдралын хэм хэмнэл болсоор байна. Хуваалцах эдийн засаг интгэтлээ өсч байгаагийн шалтгааныг минималист амьдралын хэв загвар түгээмэл болсонтой зарим хүмүүс холбож ойлгодог. Хүмүүс өөртөө хэрэгтэй бүх юмыг худалдаж авч, өмчлөхийн оронд бусдаас түрээслэж авч хэрэглэх хандлагатай болоод байна. Ийм байдлаар хүмүүс орон зай болон мөнгөө хэмнэх боломжтой болжээ. Мөнгөө хэмнэх гэсэн эсвэл мөнгө олох гэсэн хүмүүст хуваалцах эдийн засаг хамгийн сайн шийдэл болоод байна. Хүмүүсийг хооронд холбосон сүлжээний системийн хүрээнд компаниуд онлайн платформ ажиллуулж, бусдад хэрэгтэй ямар нэг зүйл (орон сууц, машин, майхан, сул өрөө, унадаг дугуй гэх мэт)-тэй хүнийг яг тэр зүйл хэрэгтэй байгаа хүнтэй нь холбож өгч байна. Онлайн системд суурилсан энэ үйлчилгээ дэлхийн хаана хэнд чамд хэрэгтэй зүйл байгааг хэлж өгч, интернетээр харж сонголт хийх боломж олгодог, зөвхөн ашигласны хөлсөө төлнө гэдгээрээ л онцлогтой. Сидней, Лондон, Амстердам, Нью Йорк, Сингапурт хүмүүс яг энэ зарчмаар, ашиглаагүй байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж, хэн хэндээ ашигтай ажиллаж, амьдарч байна. Тэд машинаа, унадаг дугуйгаа, завиа, усан онгоцоо, орон сууцаа, хаусаа бусдад түрээслүүлж өөртөө төдийгүй бусдад тус болж байна. Харин томоохон компаниуд эдийн засгийн энэ шинэ загвар үндэстэн дамнасан корпорациуд, банкууд, бараа нийлүүлэлтийн дэлхийн хэмжээний сүлжээнд сөргөөр нөлөөлж, ашиг орлого олох боломжийг нь хаана хэмээн болгоомжилж байна. Airbnb компани жилдээ 3-4 сая хүнд үйлчилж байгаа бөгөөд энэ компанийн үйл ажиллагаа нь хуваалцах эдийн засгийн сонгодог жишээнд тооцогддог. Хүмүүс орон гэрээ, өрөөгөө, машинаа, завиа болон бусад эд хогшлоо интернетээр дамжуулан бусадтай хуваалцан ашиглах боломжтой. Airbnbийн тооцоолж гаргаснаар Сан Франциско хотод байраа түрээслэгч гэр бүл жилд дунджаар 58 өдөр түрээслэж, 9300 долларын нэмэлт ашиг олж байгаа ажээ. Машинаа түрээслэгч нар сард дунджаар 250 доллар, заримдаа 1000 доллар олдог байна. Судалгаанаас үзэхэд хувийн автомашин ашиглалтын хугацааныхаа 60-70 хувийг сул зогсож өнгөрөөдөг байна. Аливаа зүйлсийг хувааж хэрэглэж ашигласнаар эдийн засгийн асар их ашиг олох ба зочид буудлуудын үнийг тухайлбал 30-60 хувь бууруулж болох юм байна. Бусадтай хуваалцаж болох зүйлсийг онлайнаар зарласнаар харилцан итгэлцсэн хэрэглэгчдийн бүлэг үүснэ. Энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниуд хэрэглэгчдийг хооронд нь холбож, ямар нэг асуудал гаргахгүй байхаар бүхнийг зохион байгуулна. Сингапурт 2014 онд хуваалцах эдийн засгийн холбоо (Sharing Economy Association) үүссэн байна. Гол зорилго нь агаарын бохирдлоос сэргийлэх бөгөөд машины түрээсийн үйлчилгээ болон нөөц бололцоогоо хувааж ашиглах, офис, орон сууцыг түрээслэх чиглэлээр ажиллаж байна. Монголд энэ төрлийн бизнес эрхлэх боломж дүүрэн байна. Зусландаа гарах үеэр өөрийн байр сууцыг бусдад түрээслэх боломж байна, амарч байх үедээ машины бусдад түрээслэх буюу таксинд явуулж ашиг олж болно. Харин эдгээр боломжийг нэгтгэн хэрэгтэй хүнд нь хүргэх үйлчилгээ эрхлэх компани хаана байна? Хуваалцах эдийн засгийн үндсэн хэлбэрүүд Хуваалцах эдийн засгийн онолоор бол ямар нэг эд зүйлийг өмчилж, эзэмшихийн оронд түрээсээр ашиглаж, олуулаа хуваалцан хэрэглэх нь хамаагүй хямд бөгөөд хүртээмжтэй юм. Хуваалцах эдийн засгийг хөдөлгөгч гол салбар нь орон байр болон тээврийн хэрэгслийн үйлчилгээ, крауд фандинг, гэр ахуйн болон нарийн мэргэжлийн үйлчилгээ байхыг хүмүүсийн хэрэгцээ, хөгжлийн чиг хандлага харуулж байгаа ажээ. Хувь хүмүүс хоорондын зээлийн платформ нь бусдаас хэрэгцээт мөнгөө зээлэх хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд Зээлийн клуб, Prosper зэрэг платформ үүнийг санал болгодог. Харин SoFi зэрэг платформ нь оюутны зээл, моргэйжийн зээлийн санхүүжилт өгдөг. Энэ технологи нь мөнгөтэй хүмүүст мөнгө хэрэгтэй хүмүүсийг олоход тусалж, мөнгөө үржүүлэх илүү хялбар бөгөөд аюулгүй аргыг санал болгодог. Учир нь платформууд нь зээлийнхээ өр төлбөрийг алдахгүй байх талаар найдвартай ажиллах учир эргэн төлөлтөд санаа зовох хэрэггүй бөгөөд энэ нь уламжлалт банкуудтай харьцуулахад илүү хэмнэлттэй арга зам юм. Орон сууц болон байшинг түр хугацаагаар түрээслэх, хуваалцах талаар Airbnb, Vrbo, HomeExchange зэрэг орон сууц болон байшингийн платформууд нь байшин өмчлөгчдийг аялж байх үедээ байрлах газар хайж байгаа хүмүүстэй холбодог. Хүлээн авагч талууд үнээ тогтоодог бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглаагүй байгаа хугацааг зааж өгдөг. Аялахаар бэлтгэж байгаа хүмүүс очих газрынхаа байрыг виртуал маягаар үзэж, хүссэн орчин, тохилог хэрэгцээ, төсөвт тохирсон газрыг сонгох боломжтой. Зарим платформууд аюулгүй байдлын протоколыг байрлуулах замаар орон сууцаа танихгүй хүнтэй хуваалцахтай холбогдох аюулгүй байдлын асуудлыг шийддэг. Жишээлбэл, Airbnb-ийн Verified ID програм нь хүлээн авагч тал болон аялагч платформ ашиглахаас тэдний хэн гэдгийг мэдэхийн тулд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаарддаг. Vrbo нь түрээслэгчдээс урьдчилсан төлбөр авч, түрээслэгчдийн дагаж мөрдөх ёстой дүрэм, амрах цаг, зөвшөөрөх үйлдэл болон хориглох зүйлсийг зааж өгөх хэрэгтэй гэж үздэг. Түрээслэгчдийг ая тухтай байдалд байлгахын тулд байшин, орон байрны эзнийг бас сайтар судалдаг. Монголчуудын хувьд зуны дэлгэр цагт зусландаа гараад өвөл амьдардаг орон сууцаа бусдад түрээслэх боломж энд бий. Ridesharing буюу машиныг хуваалцах үйлчилгээ авахын тулд ухаалаг гар утасны аппликейшнтэй байх зэрэг технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхийг шаарддаг. Такси болон түрээсийн автомашины компаниуд удаан хугацаанд оршин тогтнож байсан бизнесийн загвараа өөрчлөхийг хуваалцах эдийн засаг сануулж байна. Хамтран ажиллах нь оффисын түрээс, үйлчилгээний хэрэгсэл, хадгалах үйлчилгээ, шуудан, оффисын хангамжийн зардлыг бусад хүмүүстэй хуваалцах боломжийг олгодог. Энэ нь хадгалах их хэмжээний зай шаарддаг бараа материалтай хувийн бизнес эрхлэгчдэд онцгой ач холбогдолтой юм. Утасны шугам, WiFi холболтоор холбогдсон эдгээр байгууламжууд нь ихэвчлэн нэгдсэн оффис, уулзалтын өрөө, нийтлэг талбайнууд бүхий томоохон орон зайг агуулдаг. Орон зайг ийнхүү хуваалцан ашигласнаар талбай ашиглалтын зардал буурах ба төлбөрөө өөрийн орон зайны шаардлага, оффист хэдэн цаг зарцуулахаас хамаарч төлнө. Эдийн засгийн бусад хуваалцах платформ нь тодорхой хүчин зүйлс төвлөрдөг. Өөртөө байгаа мэдлэг ба авъяас чадварыг хуваалцах боломж бас энд байна. Үүнд хуваалцах эдийн засаг нь тусалж чадна. Ямар ч ажлыг чанартай сайн хийдэг, ур чадвар сайтай бол TaskRabbit, Zaarly зэрэг платформ нь айлын гэр, орон байр тохижуулах, тавилга хийх, захиалах гэх мэт үйлчилгээг санал болгодог. Хуваалцах эдийн засгийн олон төрлүүдээс цөөн тооны төрлийг дурдахад ийм байна. Хувь хүнд ашигтай мэт харагдавч эдийн засгийн цаад өргөн утгаараа үйлдвэрлэл, хэрэглээг бууруулж, байгалийн баялгийг хэт их ашиглах, орчыг бохирдуулах зэрэг олон үр дагаврыг бууруулж байгаа ашигтай хувилбар юм. Хуваалцах эдийн засгийн давуу талууд Хуваалцах эдийн засгийн байнгын хэрэглэгч болсноороо олон давуу талыг хувь хүн болон байгууллага өөртөө бий болгодог. Хуваалцах эдийн засгийн үр шимийг хүртсэнээр өөртөө байхгүй олон зүйлийг бий болгож болно. Хувьдаа машингүй ч машинтай мэт аялж, банкнаас зээл авч чаддаггүй бол хувийн зээлийн платформоор дамжуулан зээл авч, хэзээ ч сурч чадахгүй гэж бодож байсан зүйлсээ сурч эзэмшиж болно. Хуваалцах эдийн засаг нь олон хүмүүсийн оролцоотойгоор илт мэдэгдэхүйц тодорхой ашиг тусыг хүртэх боломжийг бий болгосоор байна. Энэхүү эдийн засгийн загварыг сонгосноор хүмүүсийн ажил, амьдрал илүү уян хатан байдалтай болж байна. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хуваалцахад суурилсан нийгмийн нэг чухал үр дүн бол өөрийн хүссэнээр зохицуулалт хийх боломжтой байдал юм. Ямар нэг зүйлийг хуваалцан хэрэглэх нь уг зүйлийн өөрийн өртгийг нэмэгдүүлж, оролцсон бүх хүмүүст эдийн засгийн үр өгөөжөө өгдөг. Хуваалцах эдийн засгаар дамжуулан хэрэгцээтэй байгаа зүйлсээ бүгдийг олж авч, хэрэглэх боломжтой бол хэмнэлттэй амьдрах боломжтой болж магадгүй. Хэрэглэгчид аливаа зүйлийг санхүүжүүлэх, худалдан авах, олж авах илүү үр ашигтай арга замыг үргэлж хайж байдаг тул хуваалцах эдийн засаг өссөөр байна. Хуваалцах эдийн засаг нь ашиглагдаагүй байгаа бараа, үйлчилгээний чадавхийг зуучлагчаар дамжуулан арилжааны болон арилжааны бус хэлбэрээр хуваалцах зорилгоор мэдээллийн технологийн оролцоотойгоор хувь хүмүүсийг холбодог бизнесийн загвар болоод байна. Хуваалцах эдийн засаг гэдэг нэр томъёо илүү түгээмэл хуваалцах эдийн засгийг хүртээмжтэй эдийн засаг, хувь хүмүүс хоорондын (P2P) эдийн засаг, хамтын хэрэглээний буюу хамтын эдийн засаг гэж нэрлэх нь бий. Хуваалцах эдийн засаг нь хог хаягдлыг багасгах зорилготой эргэлтийн эдийн засагтай холбоотой бөгөөд үүнд хоршоолол, хамтран бүтээх, дахин боловсруулах, дахин ашиглах, дахин хуваарилах, ашигласан буюу хуучин бараа бүтээгдэхүүний худалдаа орно. Хуваалцах эдийн засаг нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, авьяас чадварыг дангаар өмчлөхөөс гадна бусдад хүргэж, хэрэглээг нь өргөжүүлэх боломжийг олгодог. Ингэснээр тэдгээрийн ашиглалтын хугацааг уртасгахад хувь нэмэр оруулдаг байна. Байгаа нөөц бололцоогоо хуваалцах хувь хүн хооронд (P2P)-ын чиглэлээс гадна бизнес хооронд (B2B)-ын хуваалцан ашиглах үйлчилгээ, хөдөө аж ахуй, ойн аж ахуй дахь хүнд машин механизм, бусад төхөөрөмжийг түр ашиглах болон бизнес ба хэрэглэгчид хооронд (B2C)-ын үйлчилгээ гэх мэтээр өргөждөг. Онлайн нийгмийн сүлжээ, цахим зах зээл нь эдгээр үйлчилгээг илүү хялбар холбодог. Хуваалцах эдийн засаг нь технологийн дэвшил, эдийн засаг, улс төр, нийгмийн өөрчлөлтийн үр дүн юм. Технологийн хөгжлөөр дэмжигдсэн цахим худалдааны өсөлт нь бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг өөрчилсөн байдаг. Хуваалцах эдийн засаг нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүний хэмжээг багасгаж, нүүрсхүчлийн ялгаруулалт, байгалийн баялгийн ашиглалтыг нэмэгдүүлэхгүй байх сайн талтай. Мөн хэрэглээний зардлыг бууруулж, ашиглагдаагүй хөрөнгийг мөнгөжүүлэх, хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг уян хатан болгож, ажлын цаг, ажлын байраа өөрөө сонгох боломжийг бий болгоно. Хуваалцах эдийн засагт үйлчилгээгээ санал болгодог хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс, компаниуд ажил эрхлэлтэд зарцуулах урт хугацааны зардал, мөнгөө хэмнэх, үйл ажиллагааныхаа орлогыг дээд хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх боломжтой. 21 дүгээр зууны эхнээс хөгжингүй орнууд автомашин, үл хөдлөх хөрөнгө, компьютер гэх мэт биет хөрөнгөөс илүү бүтээгдэхүүний дизайн, брэндинг, судалгаа хөгжүүлэлт, програм хангамжийг хөгжүүлэхэд их мөнгө зарцуулсан байдаг. Энэ нь хуваалцах эдийн засгийн суурь болсон гэдгийг Их Британийн профессор Жонатан Хаскел Капиталгүй капитализм бүтээлдээ онцолжээ. Капиталгүй капитализм гэдэг нь улс орнуудын хөгжил, бизнесийн ирээдүй биет бус хөрөнгөд тулгуурлана гэсэн санааг илэрхийлж байна. Финтек Финтек(Fintech) нь англиар санхүүгийн технологи (financial technology) гэсэн 2 үгийн нийлмэл товчлол бөгөөд ерөнхийдөө орчин үеийн техник технологийн дэвшилд тулгуурлан санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготойгоор үүссэн ойлголт юм. Технологийн хурдацтай хөгжлийг дагаад банк, санхүүгийн байгууллагууд ч өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ технологийн дэвшлийг өргөнөөр ашиглаж байна. Улс орнуудын хувьд авч үзвэл Хятад 87 хувь, Энэтхэг 87 хувь, ОХУ 82, Их Британи 71, Өмнөд Солонгос, Сингапур, Хонг Конг тус бүр 67 хувьтай байна. Финтекийг даатгал, худалдаа болон эрсдэлийн менежментэд ашиглаж байна. Дэлхий даяар Финтек-д оруулах хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна. Финтек дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн орон зайг өөрчилж байна. Финтекийн тусламжтайгаар өсөлтийг дэмжиж, санхүүгийн хөгжлийг бэхжүүлж, бүх нийтийн оролцоо, үр ашгийг дээшлүүлж болно. Ийм учраас ОУВС, Дэлхийн банк хамтран Bali Fintech Agendaг бодлого тодорхойлогчид болон олон улсын хамтын нийгэмлэгт зориулан санаачилж, хэлэлцэх асуудал болгож оруулсан юм. Финтек санхүүгийн тогтвортой байдалд хор учруулахгүй бөгөөд финтекийн инновациас улс орон бүхэн үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Bali Fintech Agenda нь бодлогын 12 элементээс бүрдэх ба эдгээр нь хэрэглэгч улс орон бүрт финтекийн үр ашгийг хүртэж, холбогдох эрсдэлийг удирдахад тусална. Финтек компаниудыг үйл ажиллагааны чиглэлээс хамааран дараах байдлаар ангилдаг: Хувийн санхүүгийн зөвлөгөө үзүүлэгч робот зөвлөгч (robo-advisor and personal finance) Технологийн компаниуд нь финтекийн тусламжтайгаар хэрэглэгчдэд хувийн санхүү, хөрөнгийг оновчтой удирдахад нь туслах зорилготой робот зөвлөхүүдийг олноор бий болгон нэвтрүүлэх болсон. Санхүүгийн робот зөвлөгчөөр дамжуулан хэрэглэгчид нь хувийн санхүү, хөрөнгө оруулалт, тэтгэвэртэй холбоотой зөвлөгөөг бага хэмжээний шимтгэл төлөн авч байна. Блокчейнсуурилсан шийдлүүд (блокчейн-based solutions) Энэ төрлийн финтекийн хамгийн том төлөөлөл нь мэдээж биткойн, этереум зэрэг онлайн төлбөрийн хэрэгслүүд юм. Эдгээр төлбөрийн хэрэгслийг ашиглан хэрэглэгчид богино хугацаанд шимтгэл багатайгаар төлбөр гүйцэтгэх боломжтой. Төлбөрийн платформ (payment platform) Финтекийг ашиглан санхүүгийн байгууллагууд нь төлбөрийн үйл ажиллагааг илүү хялбар, хурдан, найдвартай болгох боломжтой юм. Жишээ нь Apple pay, Samsung pay зэрэг олон төрлийн төлбөрийн хэрэгслийн платформуудыг нэрлэж болно. Санхүүжилтын эх үүсвэр (alternative finance) Энэ нь финтекийн томоохон салбаруудын нэг бөгөөд шууд зээл олголтын үйл ажиллагаа (peer-to-peer), олон нийтээс санхүүжилт татах (crowdfunding) зэрэг үйл ажиллагааг технологийн дэвшлээр шийдэх болсон. Энэ чиглэлээр Монголд үйл ажиллагаа эрхэлж буй lendmn нь бага хэмжээний зээлийг богино хугацаанд барьцаа хөрөнгөгүйгээр хэрэглэгчиддээ олгож байна. Манай орны хувьд ч финтекийн давалгаа дайран гарч байна. Томоохон арилжааны банкууд технологийн хөгжлөөс хоцрохгүйн тулд төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаандаа финтекийг ашиглан сайжруулалт хийж хэрэглэгчиддээ хүргэхийг хичээж байгаа нь харагддаг. Финтек нь хэрэглэгчийн санхүүгийн асуудлыг хэрэглээнд хамгийн ойр гар утасны аппликейшнээр дамжуулан хормын дотор шийддэг нь санхүүгийн үйлчилгээг хялбар, хэмнэлттэй, хүртээмжтэй болгож байна. Краудфандинг(Crowdfunding) Краудфандинггэдэг нь олон хүн интернетээр дамжуулан өөрсдийн мөнгө, хөрөнгийг ямар нэг хүн, байгууллагын хүчин зүтгэлийг дэмжин сайн дураараа хандивлан санхүүжүүлэхийг хэлнэ. Crowd гэдэг нь олон хүн, funding гэдэг нь хандивлах, санхүүжүүлэх гэсэн англи үг юм. Үндсэндээ олон хүн хандив өгч, мөнгө босгох үйл ажиллагаа гэж ойлгож болно. Янз бүрийн зорилгоор мөнгө босгох хэрэг гарч болно. Тухайлбал, байгалийн аюулт үзэгдэл тохиох, спортын тэмцээн уралдаанд дэмжигч нартаа зориулан мөнгө цуглуулах, улс төрийн ямар нэг үйл ажиллагаа, кампанит ажлыг дэмжих, старт-ап компанийг дэмжих, жижиг, дунд гарааны компанийг дэмжих, чөлөөт програм хангамжийг дэмжих, бий болгох, хамтын хөрөнгө оруулалт хийж ашиг олох гэх мэтээр олон хүнийг уриалан дуудаж, интернетээр шаардагдах хөрөнгө, мөнгийг босгож, цуглуулж болно. Үүний тулд эхлээд зорилгоо тодорхой зааж өгч, шаардагдах үнийн дүнг нарийн тооцоолж, орлого, зарлагыг тодорхойлно. Мөнгө хөрөнгө хэрхэн өсч, цугларч байгаа бүх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх ёстой. Аж ахуйн нэгжийн өмчийн тодорхой хувийг өргөн хүрээтэй хөрөнгө оруулагчдад нээлттэй байдлаар зарж, компанидаа хөрөнгө оруулахад краудфандинг аргыг ашиглаж болно. Хамгийн анхны краудфандинг тэртээ 1860-аад оны үед Эрх чөлөөний хөшөөг барихад ашиглагдсан ажээ. Хөшөө барих мөнгөгүй байсан тул Жозеф Пулитцер (хожим сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй шагналыг уг эрхмийн нэрэмжит болгосон) гэх эрхэм өөрийн The New York World сониноор дамжуулан хандив цуглуулах аян өрнүүлжээ. Үүний үр дүнд хөшөөг барьж дуусгахад хэрэгтэй байсан 101,091 ам.долларыг 160,000 гаруй хувь хүн хандивласан байна. 2000 оноос АНУ-д интернетээр дамжуулан краудфандингийг өргөнөөр ашиглах болсон бөгөөд 2008 онд Барак Обама сонгуулийн өмнөх шатанд 272 сая долларыг цуглуулж чадсан бөгөөд үүнд 2 сая гаруй хүн оролцсон байна. 2012 оны 4 сард АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бизнесийн старт-ап компаниудыг дэмжихээр шинэ хууль гаргаж, старт-ап компаниудад 1 сая хүртэлх долларыг краудфандинг ашиглах замаар цуглуулахыг зөвшөөрсөн байдаг. Энэ хуулиар жижиг хэмжээний, шинээр үүсгэн байгуулагдаж буй, хөрөнгө мөнгөгүй компаниудад зориулан хөрөнгө оруулалт татахад тавигдаж ирсэн дүрэм журам, шаардлагыг хөнгөвчилсөн байна. Хувийн зээлийн буюу peer2peer lending гэх хэлбэр нь банк, санхүүгийн байгууллагынхны хүрч ажиллаж чаддаггүй хэсэгт зээл хэлбэрээр хөрөнгө оруулдаг. Уламжлалт эдийн засагт бол хөршөөсөө, найз нөхөд, ах дүүгээсээ мөнгө зээлдэг байсан энэ платформоор дамжуулан мөнгөтэй хүн, мөнгөгүй хүн хоёр холбогдож, огт танихгүй ч гэсэн зээл авч, өгөлцөх, буцааж төлөх зэрэг үйлчилгээ авч болно. Хүүгүй зээл өгөх, авах боломж энд бий. Puddle платформ нь зээл олгогч нь ихэвчлэн зээлийн эрсдэлээ өөрсдөө хариуцдаг. Урамшууллын буюу reward model нь хөрөнгө оруулсаны шагнал болгож бүтээгдэхүүн, эсхүл өөр хэлбэрийн өгөөж хүртэхийг амлах замаар мөнгө татдаг хэлбэр ажээ. Жишээлбэл, хүүхдийн малгай үйлдвэрлэж амьжиргаагаа залгуулах зорилготой Перу Улсын ядуу бүсийн эмэгтэйчүүдийн Krochet Kids гэх төсөлд хөрөнгө оруулсаны төлөө өөрийн нэр, логог үйлдвэрлэсэн малгайн дээр байрлуулах, эсхүл Перу явж нөхцөл байдалтай танилцах аяллыг зохион байгуулж өгөхийг амлах замаар шаардлагатай хөрөнгөө босгож чадсан жишээ байна. Сүүлийнх нь хувьцааны буюу equity model бол ирээдүйд ногдол ашиг, эсхүл хувьцааны үнэлгээнээс ашиг олох хүлээлттэйгээр хөрөнгө оруулж хувьцаа эзэмших хэлбэр. Краудфандинг системд мэдээж сул тал олон бий. Цэвэр итгэлцэл дээр суурилсан тул ашиг хүртэх эсэх нь эргэлзээтэй. Хувьцааны хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд ашиг хэзээ олох нь бүрхэг. Хувьцаагаа борлуулах боломж хязгаарлагдмал. Хууль бус мөнгөөр санхүүжилт хийгдэх магадлалтай гэх мэт. Энэ төрлийн бизнест амжилт олох хамгийн гол хүчин зүйл бол төслийн чанар ажээ. Бизнес эрхлэх этгээд тулгарч болзошгүй эрсдлийг сайтар судалж, харгалзан үзэж түүнийгээ нээлттэй танилцуулсан байх нь амжилттай краудфандинг хийх үндэс болдог. Түүнчлэн, компанийн засаглалын талаар нарийвчлан тайлагнасан байвал амжилтад эергээр нөлөөлдөг. Товчхондоо краудфандинг бол интернетээр дамжуулан шаардагдах хөрөнгө оруулалтаа олох сайхан боломж юм. Энэ нь жижиг бизнесийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын шилдэг сонголт болон жижиг бизнесийн зардлыг бууруулахын тулд үр дүнтэй арга болгох замаар олон тооны хөрөнгө оруулалтыг илүү хүчтэй болгож байна. Бусад нь стартапууд эсвэл жижиг дунд бизнес эрхлэгчид компанидаа өөрийн хөрөнгийн хариуд хөрөнгө оруулалт (ихэвчлэн хамгийн бага хэмжээгээр) хийж хөрөнгө босгохтой адил юм. Үүнийг хөрөнгийн хуримтлал гэж нэрлэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд JOBS хууль, SEC-ийн А журам зэрэг хууль тогтоомжийн ачаар илүү түгээмэл болсон юм. Бүтээлч төрлүүдийн хувьд краудфандинг платформ ашиглах нь цаг хугацаа бага шаардагддаг бөгөөд засгийн газар эсвэл ашгийн бус урлагийн байгууллагуудаар дамжуулан өргөдөл гаргаж, мөнгө авахаас илүү амжилтад хүрэх хамгийн сайн шийдлийг санал болгодог.
2022 оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр зургаан хууль хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2022 оны төсвийн хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Соёлын хууль, Кино урлагийг дэмжих хуулиуд оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ оны төсвийн хуульд заасанчлан Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сангийн төсвийн хууль мөрдөгдөж байна. Хуулиудын онцлох заалтыг тоймлон хүргэе. ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хувьд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх энэ хууль 13 бүлэг 160 гаруй зүйл заалттай. Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл авахыг хориглоно .Уул уурхайд ажиллагсад 14 хоног ажиллаж, 14 хоног амрах бол ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Ажилтанд оноох сахилгын шийтгэлийг таван хэлбэртэй болгов. Тухайлбал, нэгдүгээрт, Хамт олонд хэлэхгүй хаалттай сануулах, хамт олны дунд нээлттэй сануулах, албан тушаал бууруулах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгажээ. Сахилгын арга хэмжээний дээрх таван заалтыг заавал үе шат дараалан биш, ажил олгогч өөрөө сонгож хэрэглэж болно. Ажил олгогч нь ажилтны зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулна. СОЁЛЫН ХУУЛЬ Соёлын тухай хууль нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Тухайлбал, Соёлын үнэт зүйл гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсвэл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг хэлнэ. Соёлын байгууллага гэж хуульд заасан журмын дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг, Соёлын ажилтан гэж соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хамт олон, бүлэг хүнийг, Соёлын үйлчилгээ гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг тус тус тодорхойлсон байна. КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ХУУЛЬ Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай болсон. УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан юм. Уг хууль нь кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын кино наадамд оролцож байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд уг хуулийн үйлчилэл хамаарахаар хуульд тусгасан байна. МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ХУУЛЬ 2022 оны төсөвт орлого 9.4 их наяд төгрөг, төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээ 12 их наяд төгрөг байхаар баталсан. Ирэх онд нийт 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгажээ. Энэ онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулагдана. Тодруулбал Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулахаар болсон бөгөөд 2022 оны төсөвт Эдийн засгийн хөгжлийн яамнд 4.3, Цахим яаманд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Мөн шинээр байгуулагдаж буй хоёр яаманд тус бүр 80 хүн ажиллана. Үүнээс гадна И-Монгол Академи, Сахилгын хороо, Ойн судалгаа, хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлагийг Засгийн газрын харьяанд байгуулахаар төлөвлөөд байна. УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ХУУЛЬ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ долдугаар сарын 7-нд шинэчлэн баталсан. Хуульд, иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах бололцоог хангах, улмаар нийслэл хот өөрийн дүрмээр асуудлаа шийдэж, хараат бус бие даасан статустай байх зэргийг шинэчлэн зохицуулсан юм. Мөн хуулийн шинэчлэлээр төвлөрлийг сааруулахын тулд Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлийн бүс байгуулах, Аэросити, Майдар зэрэг дагуул хотыг хөгжүүлэх боломж нээгдэж байна. Хууль батлагдсанаар, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотыг бий болгох, санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангах зэрэг эрх зүйн томоохон үндэс суурийг бий болгож өгчээ. ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ХУУЛЬ Бага Үндсэн хууль гэгддэг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхойлж, нийслэл, дүүрэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ санхүүжилт нь цуг байхаар зохицуулжээ. Мөн чиг үүргийн давхардалгүй байхыг зохицуулсан байна. Тухайлбал, нийслэлийн хувьд дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийг биелүүлэх, хяналтыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүрэгтэй байна. Тус хуульд орон нутгийг бие даалгах, эдийн засаг, санхүүгийн үндсийг тодорхой болгох, улс төрийн хамаарлыг багасгах зэрэг шинэлэг өөрчлөлт оржээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
У.ХҮРЭЛСҮХ: ЭХ ОРОН МААНЬ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙНХЭЭ ГАРААН ДЭЭР ЗОГСОЖ БАЙНА
2022-01-03 09:08:33 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021-2022 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Элэг нэгт монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Он солигдох торгон мөчид монголчууд бид улиран одож буй оныхоо амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн цэгнэж, айлчлан ирж буй шинэ ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөн ярилцдаг сайхан уламжлалтай билээ. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний 40 жил зэрэг олон түүхэн тэгш ой тохиолоо. Улиран одож буй 2021 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 66 мянга гаруй хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 400 мянгуулаа боллоо. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж манай ард түмний хэлдгээр малчид, тариаланчдын маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 68 саяар тоологдож, сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац авсан сайхан жил боллоо. Цар тахлаас үүдэлтэйгээр эдийн засаг 2020 онд 4.5 хувиар агшиж байсан бол төр, засаг, хувийн хэвшлийн хамтын зүтгэлийн дүнд энэ оны эхний есөн сарын байдлаар 3.6 хувиар өсөж, 300 гаруй мянган ажлын байрыг хадгалж чадлаа. Эдийн засгийн өсөлтөд манай бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр, хүчин чармайлт онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг баярын энэ өдөр цохон тэмдэглэхэд таатай байна. Мөн улиран одож буй 2021 онд манай тамирчид, сурагчид их спорт, оюун ухааны олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцож, бахдам сайхан амжилт гарган ард түмнээ баярлууллаа. Токиогийн Зуны 32 дахь олимп, 16 дахь паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Монголын ирээдүй болсон үр хүүхдүүд маань оюуны олимп гэгддэг Олон улсын олимпиадаас түүхэндээ хамгийн олон медаль хүртэж, дэлхийн 107 орноос эхний 11 дүгээр байранд орлоо. Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүндийн өргөлтийн Дэлхийн аварга болж, монгол эмэгтэй хүний гайхамшигт чадварыг дэлхий дахинд харуулсан бахдам үйл явдал боллоо. Өнгөрөн одож буй 2021 онд сайн сайхан зүйл олон тохиолдсон хэдий ч хүн төрөлхтөн цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж, амаргүй олон сорилт, бэрхшээлийг даван туулж байна. Хүн хүнээ эрхэмлэн хүндэтгэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдол, харилцан ойлголцол, эв нэгдэл, амьдралын үнэ цэн ямар чухал болохыг улам бүр ухаарсан жил боллоо. Энэ амаргүй хүнд цаг үеийг монголчууд бид хохирол багатай даван туулах, хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, улс орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд ард иргэд, төр, засаг, аж ахуйн нэгжүүд бүхий л боломж, нөхцөлөө дайчлан ажиллалаа. Цаашид ч цар тахлын хүндрэлтэй үеийг хамтын хүчээр даван туулахын зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ хүрээнд Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих суурь шинэчлэлүүдийг нэн даруй, цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улс ойрын 30 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох боломж бүрдэнэ. Миний Монголын ард иргэд ээ, Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байж ирсэн, цаашид ч байх болно. Монгол хүний оюун санаа, түүх, соёл, хэл бичиг, нүүдэлчдийн соёл иргэншил гээд бидний язгуур баялаг асар их бий. Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монголчууд бид монголоороо үлдэх, монголоороо бахархах, монголоороо гоёх, монголоороо оршихын үндэс суурь болох юм. Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай. Монгол хүн, Монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй. Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийнхаа үр шимийг нэмэгдүүлэх, хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газар, уул уурхайн ордууд, байгалийн баялгаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлж авахын төлөө хийсэн тэмцэл бодитой үр дүнд хүрч байна. Тухайлбал, Оюу толгой төслөөс манай ард түмний хүртэх үр өгөөж, ашиг шим нэмэгдэх таатай боломж бүрдлээ. Энэ бол Монголын ард түмэн, төр, засгийн нэгдмэл байдал, тууштай бодлогын үр дүн юм. Үндэсний язгуур эрх ашгийн төлөөх ард түмний оюун санааны эв нэгдэл бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа юм. Цаашид ч монголчууд бид эв хүчээ нэгтгэн, нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж чадах аваас ямар ч сорилт, бэрхшээлийг даван туулж чадна. Эрхэм хүндэт ард иргэд ээ, Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө Та бид алхам алхмаар урагшилсаар байна. 2022 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно. Ирж буй 2022 онд Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. Монголчууд бид улс гүрнээ нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулж, дэлхий ертөнцөд монгол үндэстнийг тамгалан үлдээсэн Их эзэн Чингис хааныхаа үнэлж баршгүй гавьяа зүтгэлийг мөнхөд алдаршуулан, үзэл санаа, үүх түүх, итгэл үнэмшлийг нь үндэсний үнэт зүйл, бахархал болгон түмэн олноо түгээн дэлгэрүүлэх ёстой. Улаан залаат, хөх монголынхоо босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүчирхэг Монгол Улсыг хамтдаа бүтээхийн төлөө хичээн зүтгэцгээе. Он солигдох энэ торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Монгол Улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье. Айлчлан ирж буй шинэ он иргэн бүр энх тунх, айл болгон аз жаргалтай байж, ажил ундарч, амьдрал буцалсан, улс гүрнээрээ дэвжин дээшилсэн хөгжил дэвшлийн жил байх болтугай. Ард түмэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хайртай бүх хүн нь аз жаргалаар бялхаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье! Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай гэжээ.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахад АНХААРАХ ЗҮЙЛС
2022-01-03 08:47:16 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын /2021.12.30/ нэгдсэн чуулганаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сарын хугацаагаар сунгалаа. Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран дахин зургаан сарын хугацаагаар буюу 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийн дагуу зээлдэгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах боловч зээлдэгч төлбөр хойшлуулах хүсэлт гаргалгүйгээр зээлийн төлбөрөө төлөх нь зээл хугацаандаа дуусах, ирээдүйн зээлийн дарамт буурах зэрэг эерэг талтай юм. Тус арга хэмжээний хүрээнд: Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгах; Харин ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм. Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ 2022 оны нэгдүгээр сарын 15-ны дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны аппликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банканд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуулт, хариулттайэнд даржтанилцана уу.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй