УДШ: Намын дүрэм хуульд харшилсан бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах зохицуулалттай
2021-12-30 10:15:29 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан тус намын дарга Ц.Оюунгэрэлийн өргөдлийг хэлэлцэж гаргасан 37 дугаар тогтоолын талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх хэсэгт заасны дагуу хураангуй мэдээллийг олон нийтэд хүргэж байна. Өргөдлийн товч агуулга: Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолж, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү хэмээн өргөдөл гаргаж, 6 хавтас баримт хавсарган ирүүлснийг Улсын дээд шүүх 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авчээ. Нягтлан шалгах ажиллагаа явуулсан байдал: Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангасан эсэхэд нягтлан шалгах ажиллагааг явуулсан. Өргөдөлд хавсаргаж ирүүлсэн тухайн намын1152гишүүний мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна, 9 дүгээр зүйлийн 9.3-т Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ: гээд 9.3.7-д намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/ гэж заасан шаардлага хангаж буй эсэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулахад838иргэний мэдээлэл зөрүүтэй болох талаар хариу ирүүлсэн байна. Баримтын зөрчлийг арилгах талаар тус намын дарга Ц.Оюунгэрэлийн гаргасан хүсэлтийг хангаж, өргөдлийг холбогдох баримтын хамт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буцаасан. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөр огноолж, дахин өргөдөл гаргаж, 6 хавтас бүхий холбогдох баримтыг ирүүлжээ. Холбогдох хуулийн зохицуулалт: Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Улсын дээд шүүх намыг дараахь үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: 10.1.1.намын дүрэм, хөтөлбөр нь Монгол Улсын Yндсэн хууль болон бусад хуульд харшилсан; 11.2-т Намын дүрэмд дараахь нийтлэг зүйлийг тусгана: 11.2.5.намын Их болон бусад хуралд төлөөлөгч сонгох, оролцох, удирдах болон хяналтын байгууллага байгуулах, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай;, 11.2.6.намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам, 13 дугаар зүйлийн 13.3-т Намын Их Хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их Хурлаар сонгож байгуулна. Сонгуулийгнууцсанал хураалтаарявуулна., 13.7-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэнэ. Нэр дэвшүүлэх асуудлыгнууц санал хураалтааршийдвэрлэнэ., 13.8-д Намын орон нутгийн төлөөллийн байгууллагыгнууц санал хураалтаарсонгож байгуулна, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан байна. Улсын Дээд шүүхийн тогтоолын агуулга: Улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд тухайн намын дүрэм, хөтөлбөр нь Үндсэн хууль болон бусад хуулиар үүрэг болгосон, хориглосон заалтыг илтэд зөрчсөн, эсхүл дүрэм, хөтөлбөрийн зарим хэсэг нь хуулийн үзэл баримтлал, зарчим, зохицуулалтын агуулгад нийцэхээргүй бол бүртгэхээс татгалзахаар хуульд зохицуулжээ. Өргөдөл гаргагчаас хавсаргаж ирүүлсэн Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дүрэм-д нууц санал хураалтаар намын төлөөллийн төв болон орон нутгийн төлөөллийн байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах талаар тусгаагүй, мөн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам-ыгхуульд зааснаарнарийвчлан зохицуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын удирдах байгууллага, албан тушаалтан, төрийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох процессыг нууц санал хураалтаар явуулах, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг өөрчлөх журмыг урьдчилан нарийн тогтоосон байхыг шаардсан Улс төрийн намын тухай хуулийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс эвлэлдэн нэгдэх, улс төрийн нам байгуулах иргэдийн үндсэн эрх болон намын дотоод ардчиллыг бодитойгоор хангахад чиглэсэн зохицуулалт тул хууль тогтоогч хуульд сонголтгүйгээр, үүрэг болгосон байдал (тушаасан буюу императив диспозиц)-аар заасан бөгөөд нам нь өөрийн дүрэмдээ тухайн журмыг нарийвчлан зохицуулах үүрэгтэй. Иймд,намын дүрэм хуульд харшилсангэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Тогтоолд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй талаар мөн заасан бөгөөд өргөдөл гаргагчаас дахин ирүүлсэн 1117 намын гишүүний бүртгэлийн мэдээллийг нягтлахад 136 иргэний мэдээлэл зөрүүтэй талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн. Түүнчлэн тохиолдлын журмаар түүвэрлэн 64 иргэний мэдээллийг нягтлан шалгахад тухайн намд элсээгүй гэх 15, өөр намын харьяалалтай гэх 7 иргэн байсан бол мөн нам үүсгэн байгуулагдах үед насанд хүрээгүй 5, нэр нь давхар бичигдсэн 7 иргэн намын гишүүний мэдээлэлд тус тус илэрснийг дурдсан байна. Санамж: Энэ хураангуй нь тогтоолын агуулгыг зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болохыг тэмдэглэв. Монгол Улсын дээд шүүх
ЯПОНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР 2 САЯ 350 МЯНГАН ТУН ФАЙЗЕР ВАКЦИНЫГ НИЙЛҮҮЛЖ ДУУСАВ
2021-12-30 10:01:47 Нийтлэгдсэн: Улс төр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол Улсад нийлүүлэхээр төлөвлөсөн 2 сая 350 мянган тун файзер вакциныг хуваарийн дагуу нийлүүлж дууслаа. Файзер вакцины сүүлчийн татан авалтыг 12-р сарын 28-д хийсэн юм. КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Япон Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан нийт 21,6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлээд байгаа бөгөөд уг санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын мэдээлэл сурталчилгааны аяныг дэмжих, вакцины төв агуулахыг өргөтгөх, хүйтэн хэлхээг сайжруулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр техник, логистик, санхүүгийн тал бүрийн дэмжлэгийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлэн хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд зориулан Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй өгөөмөр дэмжлэг туслалцаанд НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархал илэрхийлье. Түүнчлэн ард иргэдээ КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулах ажлыг шуурхай бөгөөд амжилттай гүйцэтгэж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Бидний хамтран нийлүүлсэн 2 сая 350 мянган тун файзер вакцин нь зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулахад жинтэй хувь нэмэр оруулсан нь дамжиггүй хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан онцлон тэмдэглэлээ. Төслийг хэрэгжүүлэхэд нөр их хичээл зүтгэл гарган ажилласан НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олонд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Үүний зэрэгцээ цар тахлын эсрэг цуцалтгүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Япон улсын санхүүгийн дэмжлэгээр худалдаж авсан вакцин нь КОВИД -19 цар тахлыг хумих, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах, тус улсын нийгэм, эдийн засгийн байдлыг сэргээхэд тусална гэж найдаж байна гэж Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хироюки Кобаяши хэллээ. 2021 онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын татан авсан КОВИД-19-ийн эсрэг нийт вакцины 46 хувийг Монгол Улсын Засгийн Газар, Япон Улсын Засгийн Газар болон КОВАКС хөтөлбөртэй хамтарч бүрдүүлжээ.
У.Хүрэлсүх: Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашилбал эрчим хүч экспортлогч улс болно
2021-12-30 09:33:04 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах их үйлсийн эхлэл бол Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих зэрэг суурь реформуудыг хэрэгжүүлэх нь чухал болохыг хэлээд Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн 100 жил 10 зорилт хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна гэдгийг тодотгосон юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашилбал эрчим хүч экспортлогч улс болох; Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх; Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох; Хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох; Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, олон улсын болон бүс нутгийн сүлжээнд холбох замаар Транзит Монгол Улс болж хөгжих; Аж үйлдвэрийн IV хувьсгалын цөм технологи болох хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн Цахим үндэстэн, дижитал Монгол болох; Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох; Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг системийг нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, Монгол Улс бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох; Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх; Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болж чадна гэж үзэж байна. Манай нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн, ялангуяа 45.4 хувь буюу нийт газар нутгийн тэн хагас нь хүнд болон нэн хүнд хэлбэрийн цөлжилттэй байгаа нь туйлын сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна.Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдаж байгаатай утга нэг. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өнөө болон ирээдүй хойч үеийнхний сайн сайхны төлөө эерэг олон үр дүнг дагуулах болно. Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байж ирсэн, цаашид ч байх болно. Монгол хүний оюун санаа, түүх соёл, хэл бичиг, мэдлэг боловсрол, нүүдэлчдийн соёл иргэншил зэрэг бид бүхэнд ундран арвиждаг асар олон баялаг бий.Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн Та өөрөө юм. Монгол хүний амьдралын чанар, тэгш байдал, нийгмийн баялгийн шударга хуваарилалт, хүртээмжийн асуудалд онцгой анхаарч, монгол хүн бүр эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажил орлоготой, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай, эх орондоо амар амгалан аж төрөх бүх талын боломж нөхцөлийг бүрдүүлэхэд Монгол төрийн бодлого чиглэгдэх ёстой. Улс орноо ирэх 30 жилийн хугацаанд дэлхийн хөгжингүй орны түвшинд хүргэж, нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ дээгүүрт тооцогдох орнуудын нэг болох томоохон зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Сайн засаглал бол ядуурлыг бууруулах, хөгжлийг хурдасгах хамгийн чухал хүчин зүйл юм. Иймээс сайн засаглалыг төлөвшүүлэх явдал нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, улс орны хөгжил дэвшлийг түргэтгэх гол хөдөлгөгч хүч нь болох учиртай. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогыг урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн улс орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай. Монгол хүн, Монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй. Энэ бол Та бидний эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол юм. Үндэсний язгуур эрх ашгийн төлөөх ард түмний оюун санааны эв нэгдэл бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал бол анги давхарга, нас хүйс, шашин шүтлэг, гарал угсаа үл хамааран үндэсний язгуур эрх ашгаа хамгаалахын төлөө эвлэлдэн нэгдэж чадсан нь ямар хүчтэй болохыг нотлон харуулсан түүхэн үйл явдал. Улаан залаат, хөх Монголынхоо босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүчирхэг Монгол Улсыг хамтдаа бүтээхийн төлөө хичээнзүтгэцгээе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын харцага Б.Бат-Өлзий хүртлээ
2021-12-30 09:14:09 Нийтлэгдсэн: Улс төр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үзэж сонирхов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч үзүүрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын харцага Б.Бат-Өлзийд гардуулж, баяр хүргэв. Мөн үзүүрлэсэн болон их шөвгийн бөхчүүдэд дурсгалын зүйл гардууллаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй