Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргалаа. Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв. Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ. Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж. Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ. Өнгөрсөн зууны 80-аад онд бүрэлдэж бий болсон эрэлтийг урамшуулдаг систем ажиллахаа больсон байна. Үүний улмаас хүн амын эрэлтийг хязгаарлах механизм, үүний дотор хорио цээрийн улмаас хамгийн эхлээд дэлхийн эдийн засгийн болон тээврийн ложистик систем эвдрэх аж. Үүний улмаас ХХ зууны 30-аад онд АНУ-д болсон Их хямрал (депресси)-тай дүйцэхүйц нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна. Нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, либерал хандлагатай эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай. Коронавирусний тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх. Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьдулс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэйхэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна. Хэрэв бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдаж байна. Манай улсад бусад оронд болдог шиг юу юугүй өлсгөлөн, гачлан болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий ийм ч бид бүхэн Монголын буяныг хямгадах, хэмнэх, зохистой зарцуулах цаг ирж байна. Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид улс төрийн хямрал нүүрлэсэн гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна. Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна: Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж,сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих Хямралын эсрэг тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх,иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм. Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш.Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна. Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манайиргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно. Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх.Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна. Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна! Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг гэжээ. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ. Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна. Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж.Үүссэн онцгой нөхцөлтэй холбогдуулан дэлхийн улс орны парламентууд хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал Европарламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна. ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин, ӨАБНУ зэрэг орнууд хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байна. Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ

Монгол Ардын Нам ээлжит Бага хурлаа өчигдөр орон даяар цахимаар зохион байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан. Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай намын хувьд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтуудыг энэхүү мөрийн хөтөлбөрт онцлон тусгажээ. Мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлахдаа Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэс болгосон байна. Түүнчлэн 2016-2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, иргэд олон нийтийн өгсөн үнэлэлт, салбарын эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөрийн хөтөлбөрийг боловсруулах явцад иргэд, МАН-ын гишүүд дэмжигчид, эрдэмтэн судлаачдаас 15 мянга орчим санал, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээс найман мянга гаруй, УИХ, Засгийн газрын гишүүдээс 501, МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, аймаг нийслэл, дүүргийн намын хороодоос 3500, намын дэргэдэх ТББ-уудаас 26300, нийтдээ 303,000 саналыг тус тус ирүүлжээ. Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 20 гаруй хэлэлцүүлэг хийсэн байна.

Майкл Клечески: АНУ-аас Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байна

Эрүүлмэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал өргөтгөсөн байдлаар зохион байгуулагдаж АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр Өнөөдрийн хуралд оролцох боломж олгосонд баярлалаа. АНУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг би энд зарлаж байна. АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна. COVID-19 халдвар хүн бүрийн санааг зовоож байна. АНУ зөвхөн дотоодоотөдийгүйдэлхий дахинд COVID-19 халдварыг хазаарлан барихын тулд ажиллаж байгаа. Монгол Улсын засгийн газрын өнөөг хүртэл авч хэрэгжүүлж байгаа ажилд өндөр сэтгэгдэл төрж байна гэдгийг хэллээ.

Таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 64 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 4 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 2 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн 515 хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 13 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж 497 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 432, мөрдөн байцаалтын 65 хэрэг байна. Авлигатай Тэмцэх газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.