Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр барив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр юм. Өнгөрсөн онд бид хамтдаа Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүй байгуулсан. Улс төрийн нягт харилцааг эдийн засгийн тодорхой төслүүдээр баяжуулах нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Орос, Монгол, Хятад гурван талын яриа, хэлэлцээнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мэндчилгээг уламжилж Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллах болохоо нотлов. Энэ өдөр Монгол Улсаас гадна БНХАУ, АНУ, Их Британи, Франц зэрэг 22 орны Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөв барив.

Хууль зүйн байнгын хороо 42 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолыг батлуулжээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр (2020.02.04) боллоо. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 14төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулагдан 66 удаа хуралдсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдээллээ. Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 42 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолыгбатлуулсан байна. Ээлжит чуулганы хугацаанд тус Хууль зүйн байнгын хороо хэд хэдэн бие даасан, томоохон хуулиудыг батуулсан болохыг Х.Нямбаатар гишүүн тэмдэглэн хэллээ. Тухайлбал,Өмгөөллийн тухай хуульдхэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болгох замаар өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өмгөөлөгчийг сонгон шалгаруулах, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, өмгөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой болгох, эрүүгийн болон иргэний эрх хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцох эрх зүйн байдлыг тодорхой болгосноороо чухал ач холбогдолтой гэв. Монгол Улсад 1924 оноос хойш өмгөөллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, 2013 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчингүй явж ирсэн бол 2019 оноос эхэлж өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулах эрх зүйн орчин бүрджээ. ҮргэлжлүүлэнОюуны өмчийн тухай хуулийгонцолсон дурдав. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн үнэ цэнийг өсгөх, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэг, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг олон улсын жишигт нийцүүлэх зорилготой уг хуулийг 2019 оны намрын ээлжит чуулганаар баталсан юм. Монгол Улс хүний эрхийн чиглэлээрх тунхаглал, пактуудад нэгдэн орсон байдаг бөгөөд 1992 оны Үндсэн хуульдаа хүний эрхийн талаарх нийтээр хүлээсэн хэм хэмжээг хуульчилж тусгаснаараа хүний эрхийг хамгаалах, дээдлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлд Монголын төр томоохон дэвшил гаргасан гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлэв. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зүй ёсны шаардлагууд урган гарсан. Энэ хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүнд, өмчлөх эрхэд халддаг хүний эрхийн ноцтой зөрчлүүд байсаар байгааг тэрбээр дурдлаа. Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх жил бүрийн тайлан, илтгэлүүдэд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог илүү боловсронгуй болгох, тусгай субьектын хэрэг мөрддөг эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ухралт хийсэн гэж зэрэг зөвлөмжүүд гардаг. ИймдМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыгбаталжээ. Цаашид тус Комисс нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалтыг Парисын зарчимд нийцүүлэн, олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулах бололцоог энэ хуулиар бүрдүүлснээрээ ач холбогдолтой гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлж байв. Хууль зүйн байнгын хороо үүнтэй холбоотой журмыг удахгүй батлах бөгөөд энэ дагуу дээр дурдсан зарчмаар Хүний эрхийн Үндэсний Комиссын таван гишүүнийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулна гэв. Үргэлжлүүлэн Х.Нямбаатар гишүүнЭрүүгийн хуульдоруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэв. Тухайлбал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар буюу авилгын эсрэг бүлэгт заасан, хэрэгсэхгүй болсон гэмт хэргүүдийг шинээр сэргээн тоолох дагаж мөрдөх журмын тухай хуулийг Хууль зүйн байнгын хороо санаачилж, батлуулсан болохыг тэмдэглэн хэлэв. Холбогдох хууль, журмын дагуу дээрх хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, эсвэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаах шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй, зөвхөн мөрдөн шалгах хугацаа л тоологдох юм байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр биеэ үнэлэх, үүнийг зохион байгуулсан, мөрийтэй тоглосон, зохион байгуулсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэх зэрэг харилцааг оновчтой зохицуулах үүднээс эрх зүйн орчинг боловсронгуй болгосон байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс, үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг нэгтгэн хэлэлцэж, батлуулсан юм.Мал хулгайлах гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулнагэдгийг Х.Нямбаатар гишүүн онцоллоо. Ял сонгох санкцыг бүрэн өөрчилж, 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан юм. Олон тооны мал хулгайлсан, бүлэглэн мал хулгайлсан, техник хэрэгсэл ашиглан мал хулгайлсан, хил дамнуулсан мал хулгайлсан тохиолдолд 2-8 жилийн хорих ял оногдуулах бол зохион байгуулалттайгаар мал хулгайлсан, үүнийгээ амьжиргааны байнгын эх үүсвэр болгосон бол 12 хүртэл жилийн ял оногдуулна гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээллээ. Ээлжит чуулганы хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан бөгөөд практикт байгаа бэрхшээлүүдийг арилгах ач холбогдолтой гэв. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаагаа энэ үеэр дурдсан юм. Дээрх багц хуульд орсон өөрчлөлтүүдээстэжээн тэтгэх үүргээсээ ноцтойгоор зайлсхийсэн эцэг, эхчүүдийг баривчлах шийтгэл оногдуулахзохицуулалтыг Х.Нямбаатар гишүүн онцлон мэдээллээ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тодорхой хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлуудыг үргэлжилж буйг тэрбээр мэдээлсэн. Монгол Улс нэн яаралтайгаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалт буюу Саарал жагсаалт-аас гарахын тулд ФАТФ-аас ирүүлсэн ажлын төлөвлөгөөний дагуу үндэсний хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах үүргээ гүйцэтгэх ёстойг хэлсэн юм. Дээрх төлөвлөгөөнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар тусгасан байгаа аж. Энэ хүрээнд холбогдох өөрчлөлтүүдийг оруулаад байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээллээ. Намрын ээлжит чуулганы үеэр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд сонссон бөгөөд цаашид энэ чиглэлээр иж бүрэн тэмцэл явуулах зүй ёсны шаардлага байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, таслан зогсоох, шийтгэх, албадан эмчлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, улмаар олон улсын хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа гэж үзсэн байна. Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы завсарлгааны хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллахаар төлөвлөөд байгааг Х.Нямбаатар гишүүн мэдээллийнхээ төгсгөлд дурдав. Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааны тайлан мэдээллийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад Байнгын хорооны дарга Х.Нямбаатар хариулт өглөөгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэл дэх жендерийн салбар хороо шагнагдлаа

Жендерийн үндэсний хорооны2020 оны ээлжит хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргалан төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд зохион байгууллаа. Ээлжит хуралдааныг хөтөлбөрийн дагуу асуудал тус бүрээр хорооны тогтоолыг баталсан юм. Мөн 2019 онд бусдыгаа манлайлж ажилласан Батлан хамгаалах яамны Жендэрийн салбар зөвлөл, Нийслэл,Өвөрхангай аймгийн Жендэрийн салбар хороонд өргөмжлөл, мөнгөн урамшуулал гардууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх хорооны гишүүдэд хандан хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр хэлэхдээ Сангийн яам жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал боловсруулж батлах, бүх түвшинд нэвтрүүлэх шаардлагатай, салбар, орон нутгийн хөгжлийн бодлого жендэрийн арга зүйд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт байхыг анхаарах шаардлагатай гэв. Мөн ажлын байран дахь хүчирхийлэл тэр дундаа ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамдаа тусгадаг байх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж ажиллахыг ХНХЯ-д даалгалаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?

Б.БАЯР УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрын дүнгээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгуульд МАН юу амлаж, Засгийн газар нь хэрхэн биелүүлсэн бэ гэдэг зайлшгүй яригдана. Бид энэ удаад эхчүүд, эмэгтэйчүүдэд хандсан МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрийг хариуцан ажилласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг тоймлож байна. Энэ Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны өмнө гурав хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүдийг тусгайлан дэмжинэ, цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдаггүй болно, малчин эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гаргах насыг наашлуулна гэсэн олон амлалтыг биелүүлэх үүрэг оногдсон. Ж.Эрдэнэбатын, дараа нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын ажилласан хугацаанд дараах үр дүнг хэлж болохоор байна. Нэг. Хүүхдээ гурван нас хүртэл асарсан ээжийн нийгмийн даатгал таслахгүй, Цалинтай ээж-ийг цааш нь үргэлжлүүлнэ Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоолоор холбогдох журмыг баталжээ. Үүгээр ..Сайн дурын даатгалд даатгуулсан ээж нь хүүхдээ гурван нас хүртэл асарч хүмүүжүүлж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг өөрөө төлөх, Ажил эрхэлдэггүй бусад ээж хүүхдээ гурван нас хүртэл өөрөө өсгөж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр, 50 хувийг даатгуулагч эх өөрөө төлөх, Ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн хувьд ажил олгогч нь хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байхыг хэвээр үлдээх зэрэг зохицуулалтыг хийжээ. Энэ журам 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжүүдийн шимтгэл тасрахгүй байх боломж бүрдэж, улмаар ирээдүйд авах тэтгэвэр нь өндөр тогтоогдож нийгмийн баталгаа нь хангагдана гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан үзэж байна. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийг УИХ-аас 2017 онд баталсан. Үүгээр 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 24 мянган төгрөг тус тус олгодог болсон. Энэ ажил гурван жил үргэлжилж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эх, нялхасын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй болон олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болж байгааг салбарын яамныхан онцолж байна. Хоёр. Ээжүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацаа, сайн дураар даатгуулсан ээжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв УИХ-аас 2017 онд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-д өөрчлөлт оруулж, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.6 жилийг нийт шимтгэл төлсөн хугацаанд нэмж тооцож, тэтгэвэр тогтоож эхэлсэн. Энэ хуулийн энэхүү үйлчлэл нь 2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгох бүх эхчүүдэд хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээж 50 насандаа, бусад ээжүүд 55 насандаа тэтгэвэр тогтоолгохдоо хүүхэд бүрийн тоогоор 1.5 жилийг нэмж тооцуулах юм. Тухайлбал, нэг хүүхэд төрүүлсөн ээж 1.5 жилээр, хоёр хүүхэд төрүүлсэн ээж гурван жил, гурван хүүхэд төрүүлсэн ээж 4.5 жил, дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж зургаан жил гэх мэтээр ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлж тооцохоор болсон. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр даатгуулагч эхийн шимтгэл төлсөн нийт хугацаа нэмэгдэж, тэтгэврийн хэмжээ өссөнөөр ахмад настны нийгмийн баталгаа сайжрах, эхчүүдийн хүүхэд төрүүлж, өсгөснийг төрийн зүгээс дэмжсэн томоохон шийдэл болж буй ажээ. Мөн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээжид олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бодох хувийг 30 хувиар нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээж дараах болзлыг хангасан байх учиртай юм байна. Сайн дураар даатгуулагч эх нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн байх бөгөөд үүнээс сүүлийн зургаан сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх ёстой ажээ. Бас сайн дураар даатгуулагч ээжийн тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн, сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар бодож, дөрвөн сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгодог байсныг өөрчилж 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 100 хувиар тооцох болов. Тухайлбал, 700 мянган төгрөгийн дундаж цалинтай сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцоход нэг сая 960 мянган төгрөг, 100 хувиар тооцоход 840 мянган төгрөгөөр нэмэгдэж хоёр сая 800 мянган төгрөг болно гэсэн үг. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан 16 886 даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 4.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах юм байна. Ингэснээр жил бүр 16.9 мянган сайн дураар даатгуулагч эх албан журмаар даатгуулагчтай адилхан хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодуулж, жилд 4.7 тэрбум төгрөг нэмж гар дээрээ авснаар үр хүүхдээ эрүүл саруул өсгөж бойжуулах боломж бүрдэж буй ажээ. Гурав. Малчин эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг таваар наашлуулж, зарим эмэгтэйчүүдийн тэтгэврийг 50 мянгаар нэмжээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 онд баталсан. Энэ хуулийн дагуу Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас, Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэрт гарах нөхцөлийг бүрдүүлэв. Малчны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хуулийн заалт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 10 мянга орчим малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгож тэдгээрт өссөн дүнгээр 41.9 тэрбум төгрөгийн тэтгэврийг олгожээ. Үүний үр дүнд байгалийн хатуу ширүүн, хүнд нөхцөлд нүүдлийн мал аж ахуй эрхлэн хөдөлмөрлөж байгаа малчин эмэгтэйчүүдийн нийгмийн баталгаа тодорхой хэмжээгээр хангагдаж байгаа юм. Мөн УИХ-аас 2019 онд Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль-ийг баталлаа. Ингэснээр дараах нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарч, бага тэтгэвэр авч байгаа ээжүүдийн тэтгэврийг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд, Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн, 15-аас доошгүй жил ажилласан, 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ээж, Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөсөн, 20-иос доошгүй жил ажилласан, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ээж, Нийтдээ 27-оос дээш жил ажилласан, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй зэрэг хамрагдана. Энэ ажлын үр дүнд олон жил яригдсан тэтгэврийн зөрүү болон бага тэтгэвэр авдаг тухай асуудлыг шийдвэрлэж, олон мянган ахмад настан тэтгэврээ нэмэгдүүлэх боломж бүрджээ. Эдгээр ахмад настны 50 мянган төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл орсон дүн дээр 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс дахин тэтгэврийн нэмэгдэл тооцож олгох юм байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2020.1.21 МЯГМАР № 13 (6238)

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.