2019 онд 46 мянга орчим удаа газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан боллоо. Хурлаар газар хөдлөлтийн 2019 оны төлөв байдал, Зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилт зэргийн талаар сонсож 2020 оны төлөвлөгөөг батлав. Танилцуулгаас үзвэл өнгөрсөн онд Монгол Улсын нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 45757 удаа газар хөдөлсөн байна. Магнитуд нь 3.5, түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос 20 нь иргэдэд мэдрэгджээ. Улаанбаатар хот орчимд 1010 газар хөдлөлт болсон бөгөөд Эмээлт, Хустай, Авдар, Шархай, Гүнжийн хагарлын дагуу идэвхжилт явагдаж байна. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим удаа газар хөдөлдөг байсан бол 2005 оноос 2-3 дахин, 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их болж өсчээ. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 2019 онд эрх зүйн орчныг бүрдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, иргэд, олон нийтийг дадлагажуулах чиглэлээр 53 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 70 гаруй хувийн биелэлттэй байна. Энэ онд үлдсэнийг нь бүрэн хэрэгжүүлэхээс гадна газар хөдлөлт бүртгэх, аврах, гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шууд худалдан авах, гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төв, орон нутгийн жилийн төсвийн тодорхой хувийг гамшгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад зарцуулах зэрэг зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахаар боллоо. Шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр барихад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах, эм, эмийн хэрэгслийн нөөц агуулах барих, хүнсний болон хүнсний бус бараа, материал, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэх, сургууль, цэцэрлэгийг гамшиг, ослын үед хэрэглэх тоног төхөөрөмжөөр хангах, хэд хэдэн аймагт команд-штабын болон иж бүрэн сургууль хийх зэрэг 40 арга хэмжээ авахаар төлөвлөв. Хуралдааны эцэст Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин: - Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгуулах - Гамшгийн аюулаас амжиж анхааруулах системийн тоог 20-иор нэмэх тооцоо, судалгаа, хөрөнгийн талаар танилцуулах -Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулгаж шинээр барих ажлыг явцыг салбар бүрээр гаргах, буулгах хөрөнгийг 2021 оны төсөвт суулгах зэргийг үүрэг болгов. Зөвлөл зургаадугаар сард дахин хуралдана гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахьнамын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2020.01.20/ хуралдааны тов,хэлэлцэх асуудлыг жагсаалтыг хүргэж байна. НЭГ.УИХ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН: - УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд; - УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд; - УИХ дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан В танхимд. ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: - Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд; - Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд; - Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас В танхимд; - Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд; - Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас В танхимд.

“Өвлийн хотуудын бага хурал”-д нийслэл төлөөлөл оролцлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 04-07-ны өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагдсан Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн өвлийн хотуудын бага хурал-д оролцоод ирлээ. Энэ удаагийн дэлхийн өвлийн хотуудын бага хурал олон улсын цас мөсний баярын хүрээнд зохион байгуулагдсан. Бага хуралд Харбин хотын дарга Сүнь Жө болон ОХУ, БНСУ, Монгол, Герман, Япон зэрэг 21 орны 40 гаруй хотын төлөөлөгчид оролцож, өвлийн хотуудын ухаалаг бүтээн байгуулалтын асуудлуудыг хэлэлцсэн юм. Оролцогчдын нэгдсэн санал хураалтаар нүүрстөрөгч багатай эрүүл хотыг бүтээн байгуулах, дижитал технологийг хотын менежментэд нэвтрүүлэх, өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн хотуудын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны механизмыг бий болгож, хотуудын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, технологи, боловсрол, соёл, ухаалаг хотын бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг урагшлуулах уриалга бүхий Харбин хотын санаачилга-ыг батлав. Бага хурлын үеэр Харбин хотын шинэ чөлөөт бүсийн танилцуулга хийгдсэн юм. Шинэ чөлөөт бүс нь нийт 493 ам км талбайг хамрах бөгөөд мэдээллийн технологи, шинэ эрчим хүч, шинэ материал, дэвшилтэт тоног төхөөрөмж, соёл аялал жуулчлал, эко хүнсний үйлдвэрлэл, эм тариан үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөгджээ. Мөн хурлын үеэр ЭтиопУлсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Итали Улсын Калабрия бүсийн Бизнес эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагаас өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан илтгэл тавилаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар Харбин хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын зөвлөх ноён Цүй Юйпинтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцов. Уулзалтын үеэр хурандаа Ж.Болдбаатар Харбин хотын Гадаад харилцааны газрын удирдлагуудад Улаанбаатар хотын тухай товч танилцуулж, уур амьсгалын хувьд ижил төстэй байдгийн хувьд хоёр хот цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлэв. Харбин хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын зөвлөх Цүй Юйпин нь урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Улаанбаатар хоттой найрамдалт хотын харилцаа тогтоох саналыг дэвшүүлэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Элчин сайд Р.Болд Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолутай уулзав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолутай уулзаж хоёр талын харилцааны түвшинг ахиулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж, энэхүү чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу энэхүү зорилгоор Монголын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Турк улсад ойрын хугацаанд айлчлахыг урьж буйгаа Элчин сайдад илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд үг хэлж, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Канберра хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганы Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Мөн чуулганы төгсгөлийн баримт бичиг болох Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар байлцав. УИХ-ын даргын нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг товчлон толилуулж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.ЗанданшатарынАзи, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд хэлсэн үг Нэгдсэн хуралдаан: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь (2020.01.15 Канберра хот) Эрхэм парламентчид аа, Хүндэт төлөөлөгчид өө, Юуны түрүүнд, бид бүхний санаа зовних нийтлэг асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэлэлцүүлэхээр дэлхийн парламентчдыг хамтад нь хуран цуглуулдаг чухал уулзалт болох Ази, Номхон далайн орнуудын Парламентын 28 дугаар чуулганыг зохион байгуулж буй Австралийн парламентад төлөөлөгчдийнхөө гүн талархлыг илэрхийлье. Миний бие 2011 онд Гадаад харилцааны сайд байх үеэсээ хойш буюу АНДОП-ын 19 дүгээр чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаас хойш Чуулганы талаар ийм дүгнэлттэй болсон юм. Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганыг үндэслэгч, Япон Улсын Ерөнхий сайд асан, ноён Ясухиро Накасонэ таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын болон өөрийн нэрийн өмнөөс түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Элэгсгээр хүлээн авч буй зохион байгуулагч улсад талархал илэрхийлэхийн сацуу хүний амь эрсдэж, хүрээлэн буй орчныг сүйрүүлсэн энэ хүнд үетэй тулгарсанд нь Австралийн Холбооны Улсад гүн эмгэнэл илэрхийлье. Монголчуудын залбирал, харуусал амь үрэгдэгсдийн ар гэрийнхний гашуудлыг хуваалцаж байгаа болно. Хүндэт парламентчид аа, Олон янзын бэрхшээл дагуулдаг бүх төрлийн гамшгийн өмнө бид бүгдээрээ хүчин мөхөс. Харамсалтай нь тэдгээрийн зарим нь биднээс, хүмүүсээс болж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь өнөөгийн дэлхийд тулгараад буй хамгийн том сорилтуудын нэг. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөлд бүс нутаг, улс орон бүр тодорхой хэмжээнд автаж байгаа ба зарим нь үүнд бусдаасаа илүү нэрвэгдэж байна. Монгол Улс ч өөрийн оршиж буй газарзүйн тодорхой байршил, эх газрын эрс тэс уур амьсгал, мөн уул уурхай, хөдөө аж ахуйгаас ихээхэн хамаардаг өрөөсгөл эдийн засагтайгаас шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд мөн өртөмтгий. Цөлжилт, бэлчээрийн талхлагдал, ган, зуд, усны болон ойн нөөцийн хомсдол, агаарын бохирдол зэрэг нь Монгол орны байгаль орчны тулгамдсан асуудлууд юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, НҮБ, түүний төрөлжсөн болон бусад олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргаж байна. Монгол Улсын Их Хурал Ногоон хөгжлийн бодлогыг Монгол Улсыг тогтвортой хөгжлөөр хангах гол тулгуур бодлогын нэг хэмээн 2014 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын Их Хурал дотоодын төдийгүй дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж болох аргуудын нэгийг ашиглан хоёрхон сарын өмнө Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа. Энэ нь Монголд анх удаа зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын арга байсан бөгөөд бид өөрсдийн туршлагаа хуваалцахдаа баяртай байх болно. Парламентчид туршлагаа хуваалцах, солилцох замаар цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтарсан хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэдэг. Парисын хэлэлцээрт нэгдсэний хувьд Монгол Улс салбарын хэмжээнд илүү санаачилгатай хийгээд эдийн засгийн өргөн цар хүрээтэй зорилтыг тодорхойлох замаар Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн баримт бичгийг боловсруулсан. Тус баримт бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Дасан зохицох төлөвлөгөө, Ойн салбар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах Үндэсний төлөвлөгөө, нийслэл хотын түвшинд ҮТХН-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө зэрэг чухал бодлогыг боловсруулж байна. Үүний зэрэгцээ, Монгол Улс нийгэм, эдийн засгийн бүх гол салбаруудыг хамарсан 2050 он хүртэлх урт хугацааны үндэсний хөгжлийн стратегийг боловсруулсан. Энэ зууны дунд үе гэхэд Монгол Улс нүүрстөрөгчийг саармагжуулсан байдалд хүрч чадах, урт хугацааны энэхүү стратегитай ҮТХН-ийн зорилт нь бүрэн нийцэж байна. Бодлогыг дэмжих хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улс ҮТХН-ийн Түншлэлтэй идэвхтэй хамтран ажиллаж, COP25-ын даргалагчийн санаачилсан Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулах эвсэл-д саяхан нэгдсэн. Эрхэм төлөөлөгчид өө, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн дагуу уур амьсгалын өөрчлөлт ба түүний сөрөг үр дагавартай тэмцэхэд хөгжингүй орнууд тэргүүлэх байр суурь эзлэх нь зүйтэй. Гэхдээ хөгжиж буй орнууд ч мөн адил уур амьсгалын өөрчлөлтийн тухай үндэсний бодлогоо баталж, НҮБ-ын холбогдох олон улсын гэрээ, түүний дотор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийг хэрэгжүүлэх замаар өөрсдийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд ялангуяа цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөмтгий хөгжиж буй орнуудад ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг. Энэ боломжийг ашиглан Ази, Номхон далайн гишүүн орнуудыг нийтлэг зорилгодоо хүрэхэд шаардагдах төсвийг хамтран бүрдүүлэхийг уриалж байна. Төгсгөлд нь хэлэхэд, дэлхий ертөнцийг хойч үедээ өвлүүлэн, амьд ертөнцийн аюулгүй байдлыг хангах илүү дорвитой зорилт бүхий уур амьсгалын чиглэлээрх тодорхой арга хэмжээ авахыг Ази, Номхон далайн бүх парламентчдаас хүсэж байна. Энэ он олон улсын хурцадмал байдал, хүмүүнлэгийн болон экологийн гамшгаар эхэлж байгаа хэдий ч парламентын гишүүд бидний хүчин чармайлтаар хөгжил дэвшилд хүрсэн 2020 он байхын төлөө зорьж ажиллацгаая. Учир нь парламентын гишүүд бол ард түмний төлөөлөл юм. Анхаарал тавьсанд баярлалаа. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.