Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэн Күмамото Хироки, Аюулгүй үйл ажиллагаа, хяналтын газрын ахлах Футами Кэнжи болон нийслэлийн Хүнс, хөдөө ах ахуйн газрын дарга Д.Баянбат нар байлцав. Талууд Улаанбаатар, Мияконожо хотын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, мах болон сүүний үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа дуулгалаа. Мияконожо хот нь хөдөө аж ахуй түлхүү хөгжсөн цайны ургамал болон газар тариалалтаараа улсдаа тэргүүлдэг хот аж. Тиймээс махны чиглэлээр олон улсад экспорт эрхэлдэг бөгөөд Улаанбаатар хотод Кэмпински зочид буудлын Сакура ресторанд нийлүүлдэг талаар Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро хэллээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Улаанбаатар хот Япон улсын хотуудаас хамгийн анх Мияконожо хоттой 1999 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш өдгөө 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад талархалтай байдаг. Нийслэлийн зүгээс экспорт импортын чиглэлээр хамтран ажиллахад бүх талаар дэмжих болно. Цаашид хоёр хотууд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан тохиолдолд фермийн аж ахуй эрхлэгчдийг Мияконожо хотод мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох саналтай байна гэлээ. Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро хөдөө аж ахуйн чиглэлээр Улаанбаатар хоттой хамтарч ажилласан тохиолдолд мал аж ахуйгаараа мэргэшсэн байгууллагад харилцан туршлага солилцох, мэргэшүүлэх дадлагжуулах талын бүх үйл ажиллагааг хариуцаж ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд талууд хоёр хотын нийгэм эдийн засаг болон хөдөө аж ахуйн талаар нээлттэй ярилцлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэ

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн салбаруудад улс орны ба бүсийн хэмжээний олон хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн чадварлаг мэргэжилтэн аж. Уулзалтын үеэр талууд Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсээд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих ерөөл дэвшүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран Нийслэлд орон сууц, дэд бүтэц, нийтийн тээвэр гэсэн чиглэлүүдээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Ялангуяа гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн эхний шат амжилттай хэрэгжиж дуусах шатандаа орсон. Цаашид дараа дараагийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд үүний зэрэгцээ зарим төслүүд удаашралтай байгааг нуусангүй. Тиймээс цаашид удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдээ урагшуулах чиглэлээр талууд идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байгааг онцлоод, нийслэлийн удирдлагууд урт хугацаандаа хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорьж төлөвлөн ажиллаж буйн нэг жишээ нь нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэл учраас шинэ шийдлээ Засгийн газраар дэмжүүлээд буйгаа Павит Рамачандранд хотын Захирагч дуулгав. Одоо харин шинээр хэрэгжих гэж байгаа болон өдгөө хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай үргэлжлүүлэхэд боловсон хүчний чадавхыг дээшүүлэхээс эхлээд төслийн баг хамт олны хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, хариуцлага хамгийн чухал байна гэлээ. Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Улаанбаатар хотын захирагчтай биечлэн уулзаж байгаадаа талархаж байна. Таны хэлсэн санал санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаа гэдгээ илэрхийлье. Үүний дотор Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргах төлөвлөгөө 2025 он гэхэд хүрэх бодитоор үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн бидний хамтран хэрэгжүүлж эхэлсэн Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд талархалтай байна. Тиймээс цаашид илүү нягт уялдаа холбоотой ажиллаж Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах таны санаачилга ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Бидний зүгээс шалтгаалах асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэж хамтран ажиллах хүсэлтэй байна гэв. Уулзалтын төгсгөлд талууд нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, анхаарах асуудлаар дахин мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сайд Ч.Улаан ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна

ОЛОН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД НАРЫН БАГА ХУРЛЫГ ХХААХҮ-ЫН САЙД Ч.УЛААН ДАРГАЛЛАА Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Ногоон долоо хоног үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Жил бүрийн 1 дүгээр сард зохион байгуулагддаг энэхүү чуулга уулзалтад 70 гаруй орны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайд, 10 гаруй олон улсын байгууллагын удирдлагууд оролцож хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрдэг билээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөдөө аж ахуйн сайд Жулия Клокнерийн хамт. 2020 он, Берлин хот. Энэ удаагийн чуулга уулзалтын анхаарал хандуулсан сэдэв олон улсын худалдааны асуудал дээр төвлөрсөн юм. Худалдаа нь хэрхэн дэлхийн нийт хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангаж, олон төрлийн, шим тэжээл бүхий хүнс хэрэглэх боломжийг бий болгох боломжтой, цаашид анхаарах, шийдвэрлэх асуудлуудыг олон улсын салбар хариуцсан сайд нар ийнхүү хэлэлцлээ. Энэхүү чухал асуудлыг хэлэлцэх, дуу хоолойгоо нэгтгэх, шийдэлд хүрэх зорилгоор олон улсын улс төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, бизнесийн 2,000 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020 нь ХБНГУ-ын Берлин хотноо Хүнсний хангамж, аюулгүй байдлын төлөөх худалдаа уриан доор зохион байгуулагдлаа. Хуралд оролцсон сайд нар олон улсын худалдаа нь улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгож, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээс гадна хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг хангах, ялангуяа хүнсний дутагдалд байдаг бүс нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах давуу талтай болохыг цохон тэмдэглэж байв. Иймд, олон улсын түвшинд худалдааг дэмжих, либералчлах, худалдааг хориглосон тарифын болон тарифын бус хязгаарлалт, татаасыг багасгах чиглэлээр арга хэмжээ авахыг уриаллаа. Ингэхийн тулд нөгөө талаас, ялангуяа төр засгийн зүгээс, малчид, тариаланчид, бизнесүүдээ дэмжих, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэх, нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдав. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн зөв шийдэл бол хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах явдал юм гэдэг дээр бүх төлөөлөгчид санал нэгдлээ. Энэ хүрээнд Нэгдэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага олон улсын цахим хөдөө аж ахуйн зөвлөл байгуулах саналыг боловсруулж, ойрын хугацаанд тус зөвлөлийг ажиллуулж эхлэхээр шийдвэрлэжээ. Гурван өдрийн турш зохион байгуулагддаг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт-ын хүрээнд Хөдөө аж ахуйн сайд нарын бага хурал боллоо. Энэхүү бага хурлын зорилго нь 2 өдрийн турш хэлэлцсэн асуудлууд, шийдлийг нэгтгэх, цаашид анхаарах, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тохирох, эцэст нь хөдөө аж ахуйн сайд нарын хамтарсан Тунхаглал гаргах зорилготой хуралдсан. Бага хурлын үеэр анх удаа Монгол Улс салбар хуралдааныг даргалсан ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсыг төлөөллөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донг Юүгийн хамт. Сайд Ч.Улаан салбар хуралдааныг эхлүүлж үг хэлэхдээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ард иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд олон улсын худалдааны хувь нэмэр, ач холбогдлыг цохон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс мал аж ахуй, газар тариалангийн арвин нөөц баялгаа ашиглан томоохон экспортлогч орон болох бодлогын зорилготой байгаа ба энэ чиглэлээр томоохон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. Мөн Сайдын зүгээс хөгжиж буй орнууд олон улсын зах зээлд байр сууриа эзлэхэд томоохон бэрхшээлүүд тулгарч байгаа талаар байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, хөгжингүй орнууд маш өндөр шаардлага бүхий стандарт тогтоох замаар тарифын бус хязгаарлалтыг хөгжиж буй орнуудад тавьж байгаа, үүний улмаас худалдааны жигд бус тогтолцоо тогтож, худалдааны эргэлт тэнцвэртэй бус байгаа, хөгжингүй орнууд энэ чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлж байх шаардагатайг цохон тэмдэглэлээ. Салбар хуралдаанд Оросын Холбооны Улс, Беларуьс, Киргиз, Норвеги, Гүрж, Ливан зэрэг 20 гаруй орны сайд нар үг хэлж, санал дэвшүүлж оролцлоо. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалтын Хүнсний аюулгүй байдлын салбар хуралдаан Чуулга уулзалтын эцэст 71 орны хөдөө аж ахуйн сайд нар хамтдаа Тунхаглал гаргасан ба үүний хүрээнд 4 чиглэлээр ажиллахаар тогтов. Тухайлбал, нэгд, дэлхий нийтийн хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын худалдааг дэмжих, хоёрт, худалдааг хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглүүлэх, гуравт, хөдөө аж ахуй нэмүү өртгийн сүлжээг тогтвортой, аюулгүй, тэгш оролцоог хангасан байдлаар хөгжүүлэх, дөрөвт, хүнсний эрүүл ахуйг хангахад анхаарал хандуулан ажиллахаар боллоо. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалтад 71 орны хөдөө аж ахуйн сайд нар оролцлоо.

АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын даргад санал хүргүүллээ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын дарга Г.Зандашатарт сонгуулийн тойргийн мандатын асуудлаар санал хүргүүллээ. Саналд: Нийт хүн амын тал хувь нь төвлөрсөн нийслэл Улаанбаатар хотод35 мандат ногдохоор байна. Хэрэв нэг мандаттай аймгуудад мандат нэмж олгох зорилт байгаа бол цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар шийдэх нь шударга ёсонд нийцнэ! гэжээ.

Төв цэвэрлэх байгууламжийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2020.01.20/ Бээжин хотноо БНХАУ-ын Экспорт-Импортын банкны дэд Ерөнхийлөгч Шие Пинтэй уулзаж, БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн явц, байдлын талаар санал солилцсон байна. Хоёр талын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг талууд тэмдэглээд, цаашид харилцан тохиролцсон холбогдох төслүүдийг цаг хугацаанд нь сайтар гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг онцолжээ. Уулзалтын дараа БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгосон 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны дэд Ерөнхийлөгч Шие Пин нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч Д.Булган, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, хятадын талаас Экспорт-импортын банкны хөнгөлөлттэй зээлийн хариуцсан газрын захирал Лю Я, олон улсын газрын дэд захирал Зөү Вэньжин нар болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.