“Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратегийн төлөвлөгөөг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв. Төслийн үзэл баримтлалын талаарх Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан. Монгол Улсын Их Хурал 2002 онд стратеги төлөвлөгөө баталсан байдаг. Үүнд 5 стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улсын Их Хурлын стратеги зорилтууд нь богино, дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөөгөөр зохицуулагдана гэж тусгасан боловч дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөөг баталж хэрэгжүүлээгүй аж. Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд тусгасан стратегийн зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг 2002 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газар зөвхөн тухайн жилийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлж ирсэн байна. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын даргын захирамжаар 2002 оны энэхүү стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд даргаар ахлуулан байгуулсан юм. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахад Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын 2002 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө, уг төлөвлөгөөнд Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлан болон Олон улсын парламентын холбооны зөвлөмж, стратеги төлөвлөгөө боловсруулах гарын авлага, мөн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй зарим орны парламентын стратеги төлөвлөгөөний жишиг, туршлага, стратеги төлөвлөлтийн онолын чиг хандлагын талаар тоймлон судалж, дээрх эрх зүйн акт баримт бичгийг мэдээллийн эх сурвалж болгон ашигласан байна. Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө агуулгын хувьд алсын хараа, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад баримтлах үнэт зүйлс, стратегийн зорилго, зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгийн тодорхойлолт, хэрэгжилтийн эрсдлийн үнэлгээ зэрэг бүрэлдэхүүнтэй байна. Монгол Улсын Их Хурлын 2002 онд батлагдсан стратеги төлөвлөгөөнөөс 2002 онд батлагдсан стратегийн зорилго, зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний цар хүрээний хувьд илүү өргөн агуулгатай, Олон улсын парламентын холбоо, НҮБ-ын зөвлөмж, гадаад орнуудын парламентын стратеги төлөвлөгөөний бүтэц, загварыг судлан өөрийн орны парламентын онцлогтой холбон шинэчилж байгаагаараа онцлогтойг танилцуулгад дурдсан. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний төсөлд 6 зорилго, 11 зорилт, 67 арга хэмжээ тусгагджээ. Хүрэх үр дүн нь Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлж, түүний чанар үр нөлөөг зорилгыг хэрэгжүүлж, хууль тогтоох үйл ажиллагаа сайжирч, түүний эрх зүйн орчин төлөвшнө. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, хуулийн хэрэгжилт түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоог бүрдүүлж, чадавхжуулах болно. Үүний үр дүнд парламентын хяналт сайжирч, хуулийн үр нөлөө дээшилсэн байна. Улсын Их Хурал төлөвлөлтийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, парламентад итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Үүний үр дүнд Улсын Их Хурлын үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод, хариуцлага сайжирч, Улсын Их Хуралд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно. Улсын Их Хурлын гадаад харилцааг хөгжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэхүү зорилгыг хэрэгжүүлснээр олон улсын тавцанд Монгол Улсын Их Хурлын нэр хүнд дээшилж, байр суурь бэхжсэн байна. Улсын Их Хурлын чадавхийг бэхжүүлж, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлнэ. Парламент үр дүнтэй ажиллах дэд бүтцийг бүрдүүлж чадавх нь бэхжсэн байна. Парламентын ажлын мэргэшсэн алба Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхийг дээшлүүлж, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэхийн төлөө ажиллана. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын чадавх бүх талаар сайжирч, цахим парламент төлөвшсөн байна гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулсан бөгөөд Байнгын хорооны гишүүд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар үг хэлж, санал хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газар өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Н.Энхболд, Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулав. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ болгон өөрчилсөн. Тус хэлэлцээр Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 гишүүн оронтой. Хэлэлцээрийн бүтцийн хувьд АНДХХ нь 3 хавсралтаас бүрдэх бөгөөд 1 дүгээр хавсралтад Үндэсний хөнгөлөлтийн жагсаалт, 2 дугаар хавсралтад гарал үүслийн дүрэм, 3 дугаар хавсралтад гишүүн улс хооронд үйлчилгээний болон барааны худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай ерөнхий хэлэлцээрүүд тус тус багтсан. Түүнчлэн, 2017 оны 1 дүгээр сард Бангкок хотноо болсон АНДХХ-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээний 4 дүгээр үе шатыг эцэслэж, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг шинэчлэн баталж, гарал үүслийн шалгуурын тухай журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Дээр дурдсан хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлт нь АНДХХ-ийн гишүүн улс хоорондын экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлтийг олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизмыг бий болгох чухал ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар хэлэлцээрийн оролцогч улсууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээгээр 10.000 гаруй бараа бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээсэн байна. Монгол Улс АНДХХ-т нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлсэн бөгөөд Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан. Үүний дагуу АНДХХ-ийн гишүүн улсууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг гарган 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Манай Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64,7 хувь, экспортын 90 хувь, импортын 30 хувийг АНДХХ-ийн гишүүн орнууд тус тус эзэлдэг. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40%-ийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ- тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа энэ үед эхний ээлжинд хөнгөлөлттэй тарифыг хэрэглэж, үр дүнд суурилсан шийдвэр гаргахад таатай боломж бүрдэнэ. Монгол Улс ДХБ-ын гишүүнээр 1997 онд нэгдэн орсон боловч одоогоор апиваа бүс нутгийн интеграцид хамрагдаагүй байна. Манай улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн болж, бүс нутгийн интеграцид нэгдэх нь эдийн засаг, улс төрийн хувьд хийх томоохон алхам болох аж. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон 38 гишүүний 24 буюу 63.2 хувь нь дэмжснээр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдав.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Монгол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нараас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хийсэн. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс тодорхой санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, нэгдсэн хуралдаанд оруулан анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэж үзжээ. Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр асуулт асууж, тодруулга хийсний дараа санал хураалт явууллаа. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар дээрх хууль батлагдав.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын нэгдэн орсон далай ашиглахтай холбоотой олон улсын гэрээ, конвенцийн дагуу Олон улсын далайн байгууллагаас Монгол Улс далбааны эзэн улсын эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад аудитын шалгалт хийхэд олон улсын гэрээ, конвенцид заасан шаардпага, хяналтын дүрэм, журмыг биелүүлээгүй нь далайн тээврийн салбар хөгжиж буй Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх шаардлага бий болжээ. Хууль санаачлагч нь олон улсын дүрмийн тухай конвенциудад заасан шаардлагыг хангуулах, үзлэг, оношлогоонд хамруулах, гэрчилгээ олгох, далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, даатгал, далайн боомт ашиглалттай холбоотойгоос гадна хөлөг онгоц далайг бохирдуулсан, хөлөг онгоцны бүртгэл, техникийн хяналтын үйл ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөн, далайчны хөдөлмөрийн харилцаатай холбоотой болон олон улсын гэрээ, конвенцийн шаардлагыг биелүүлээгүй, хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагатай холбогдсон зохицуулалтыг хуульд шинээр тусгах, холбогдох бусад хууль тогтоомжийн зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд төслийн талаар тодорхой санал гаргаагүй байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-оргил, Ж.Энхбаяр нар асуулт асууж, Гадаад хэргийн сайд болон Зам, тээврийн хөгжлийн сайд, холбогдох мэргэжилтнүүдээс хариулт, тайлбар авсан юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд Монгол хүн хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Ийнхүү Монгол хүн хүмүүжлийн аяны III зөвлөгөөн өнөөдөр Ub palace концертын их танхимд боллоо. Нээлтэд нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Ё.Цацралтуяа, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцлоо. НийслэлийнАгаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ Энэ жилийн Монгол хүн хүмүүжлийн аянаар Уншлагыг дэмжих -2021 төслийг хэрэгжүүлснээрээ онцлогтой. Мөнэнэаяны хүрээнд сургууль цэцэрлэгийн ногоон багууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Ногоон орчин-Танхимын бус сургалт тэргүүн туршлага шалгаруулан төсөл хэлбэрээр дэмжиж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол хүн хүмүүжлийн аянд зөвхөн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүдээс гадна үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлэх нэр төр, ёс зүй, зан харилцааны соёл эзэмшүүлэх, төлөвшүүлэх асуудалд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага, ажилтан албан хаагчид анхаарлаа хандуулж, хамтран ажилладаг болсон гэв. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тус аяны хүрээнд боловсролын байгууллагууд хүүхэд хүмүүжлийн бодлого, хөтөлбөр, арга зүйн сайн туршлагуудаа түгээн дэлгэрүүлж, Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн гарын авлага, хөтөлбөр боловсруулах зорилго зорилттой Монгол хүүхдийн хүмүүжлийн тухай гарын авлагыг хэвлүүлсэн байна. Монгол хүн хүмүүжлийн аянд нийт 31 ерөнхий боловсролын сургууль, 42 цэцэрлэгийн төлөөллүүд тэргүүн туршлагаа танилцуулж ,шилдэг 5 ерөнхий боловсролын сургууль, 5 цэцэрлэгийг шалгаруулж нийт 20 сая төгрөгөөр шагнав. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.