Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Товч мэдээ - Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгав. - Терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийг батлав. Хоёр улсын эрх ашгийг хөндсөн, хоёр улс, иргэдийн эсрэг үйлдэж болзошгүй террорист ажиллагаа, терроризмын сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээ, мэдээлэл солилцох, терроризмоос урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, шаардлагатай тохиолдолд саатуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улстай байгуулсан хэлэлцээрийг баталлаа. - Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөл батлагдвал хэт хүйтэнд гал унтраах, олон зориулалт бүхий /нефть бүтээгдэхүүн, түүнийг хадгалдаг агуулах, бусад онц чухал обьектын гал унтраах/ тусгай зориулалтын 40 гаруй автомашин нийлүүлнэ. Мөн Онцгой байдлын байгууллага эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх Airbus EC-145 загварын гурван нисэх онгоцтой болох юм. Төслийн хүрээнд нисгэгч, эмч нарыг сургаж бэлтгэхээр төлөвлөжээ. - Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийн төслийг дэмжив. УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. - Академич Б.Бямбаагийн Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи бүтээлд шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны Технологийн дэвшлийн шагнал олгохоор шийдвэрлэв. Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг сайд Ё.Баатарбилэгт зөвшөөрөв. - 2020 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин Бүгд Найрамдах Өмнөд Судан, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд алба хаагчдаа оролцуулна. Монгол цэргүүд нэр бүхий долоон улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. - Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэхээр болов. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилов.

“Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаарМонгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм. Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл нь Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байгаа. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэжээ. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүүжилийн 1.25 хувьбайх аж. Мөн энэ асуудлыг хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Лүндээжанцан, С.Батболд, Ж.Энхбаяр нар төслийн нэмэлт санхүүжилтийн хөрөнгийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх, хөрөнгийг тарамдуулахгүйгээр байршлыг оновчтой сонгоход хэрхэн анхаарсан, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үг хэлж байр сууриа илэрхийлэв. Төслийн эхний шат буюу 2013-2015 онуудад гэр хорооллын 40 813 айлд бүрэн шаталтат сайжруулсан зуух ашиглах санхүүгийн дэмжлэг үзүүлснээр энэ хугацаанд нарийн ширхэгт тоосонцрыг 20 орчим хувиар бууруулсан. Зуух туршилтын лаборатори, Зуух хөгжлийн төвийг байгуулахад ШУТИС-тай хамтран ажилласнаар дотооддоо бүрэн шаталттай, сайжруулсан зуух үйлдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр импортын зуухыг орлох боломжтой болж, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн хариултыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өгөв. Мөн 2016-2019 онуудад нийслэлийн зургаан дүүргийн есөн цэцэрлэгийн барилгыг дулаан алдагдлыг бууруулж, засвар шинэчлэлт хийсний зэрэгцээ гэр хорооллын 474 айл өрхийн байшин-сууцны дулаан алдагдал, түлшний хэрэглээг бууруулахад чиглэсэн Дулаалга аян-ыг зохион байгуулсан. Айл өрхийн байшин-сууцыг дулаалснаар өрхийн түлшний хэрэглээг дунджаар 50 хүртэл хувиар хэмнэсэн гэдгийг тэрбээр хэллээ. Төслийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны зорилтот бүлгийн 5000 айл өрхийг шөнийн хөнгөлөлттэй тарифын үед дулааны хуримтлал үүсгэж халаалтын асуудлаа бүрэн шийдэх цахилгаан халаагуураар хангах, мөн төвийн дэд бүтцээс алслагдсан хэсгийн 200 айл өрхийн цэвэр, бохир ус, дулаанаар бүрэн хангах бие даасан дэд бүтцийн төвтэй болгох замаар дулааны асуудлыг нь бүрэн шийдэхээр урьдчилсан байдлаар тохироод байгаа аж. Ийм дэд бүтцийн анхны төвийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд энэ жил байгуулж, 300 шахам айлыг цэвэр, бохир ус, дулааны эх үүсвэр бүхий дэд бүтцээр хангасан байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан санал, байр суурийг харгалзан үзэж, төслийн нэмэлт санхүүжилтийг тарамдуулахгүйгээр байршлыг оновчтой шийдэж зорилтот газарт төвлөрүүлэх, төслийн нэгжийн зардлыг эргэж харах гэсэн тодорхой нөхцөлтэйгээр төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж буйгаа Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан эцэст нь хэллээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.7 хувь нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

“Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгууллаа. Эрүүл мэндийн салбар болон бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол даргалж, нээж үг хэлэв. Хэлсэн үгэндээ, Манай улсад ХДХВ, ДОХ-ын нийт 281 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс 13 нь энэ онд бүртгэгдсэн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 42-45 хувь нь тэмбүү өвчин байгаа нь монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрч болзошгүйг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг устгахад эрүүл мэндийн салбараас гадна хувь хүний эрүүл мэндийн боловсрол, ухамсар, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Энэхүү хэлэлцүүлгээс халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргахад бодитой хувь нэмрээ оруулах үнэтэй санал, зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Дараа нь хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдлын талаар тоо баримт бүхий илтгэл танилцуулав. Илтгэлдээ хүн амыг тэмбүү өвчний үзлэг шинжилгээнд хамруулж, шинэ тохиолдлуудыг илрүүлж буй болон төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрж байгаа талаар онцлов. Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Батболд Ажлын байранд ХДХВ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, цаашид тавих зорилт сэдвээр танилцуулсан илтгэлдээ бэлгийн замаар дамжих халдварыг хүн амын дунд даамжруулахгүй байхын тулд эрүүл мэндийн салбараас гадна салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. ЗЭМТ төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж ХДХВ-ийн өндөр эрсдэлт олон нийтийг ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт сэдвээр танилцуулсан илтгэлдээ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг онцоллоо. Тэрбээр шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг руу үйл ажиллагаа явуулах, шинжилгээний шинэлэг арга барил, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн арга хэмжээг нэвтрүүлэх, төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дээшлүүлэх талаар санал хэллээ. Илтгэлүүдийг танилцуулсны дараа илтгэл мэдээлэлтэй холбогдуулж оролцогчдын дунд асуулт, хариулт өрнөсөн. Энэ үеэр оролцогчид бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах, таслан зогсоохын тулд хэрхэн ажиллах талаар санал бодлоо өргөн хүрээнд илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт нар хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа мөн илэрхийлсэн. Төгсгөлд нь хэлэлцүүлгийг даргалагч, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх, хүн амаа хамгаалах үүднээс төр засгийн зүгээс онцгой анхаарч, бодит үр дүнд хүрсэн ажил зохион байгуулах талаар Байнгын хорооны тогтоол гаргахаар төлөвлөж, уг тогтоолын төсөлд бичгээр санал ирүүлэхийг оролцогчдоос хүслээ. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, таслан зогсоох, устгах талаар салбарын болон салбар дундын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг өмнө нь гурван ч удаа зохион байгуулж байсан юм.

Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм.Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэжээ. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно гэж заасан бөгөөд Улсын Их Хурал энэхүү хоригийг хүлээн авсан тохиолдолд дурдсан зохицуулалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн холбогдох хуульд зохих өөрчлөлтийг оруулж, ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа буруу бодлогоо засах бүрэн боломжтой бүрдэнэ хэмээн үзэж буйг З.Энхболд дарга танилцуулгадаа дурдав. Нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал хуулийн биелэлтийг хянан шалгах онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай гэлээ. Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай, хуулийн зарим заалтыг зөрчиж байгаа хэмээн үзэж буйг танилцуулгад дурдав. Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай хэмээн үзсэн байна. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгосон хэмээн тайлбарлав. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хориг тавьжээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав асуулт асууж, хариулт авав. Тэрбээр төсвийн санхүүжилтээр баригдаж буй барилга байгууламжуудад нэгдсэн стандарт мөрдөх, ирэх оны төсөвт их хэмжээний үр ашиггүй, ач холбогдолгүй хөрөнгө оруулалт байгааг шүүмжлэн хоригийг хэсэгчлэн хүлээн авах боломжтой хэмээн үзэж буйгаа хэлсэн юм. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай 31 дүгээр зүйлийн 31.6-д Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ хэмээн заасан байдаг. Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүд үзлээ. Мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүдийн олонх дэмжсэгүй. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцуулсан юм. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Ганболд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Л.Энхболд, С.Эрдэнэ нар ажилласан байна. Энэ удаагийн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн зорилго нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилготой хэдий ч сүүлийн үед иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтуудыг оновчтой, тодорхой болгох, түүнчлэн биеэ үнэлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, илт худал мэдээллийг тараах зэрэг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхаар өөрчлөлтийг оруулжээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл үйлдсэн бол 12-20 жил хүртэл, эсвэл бүх насаар нь шийтгэдэг байх өөрчлөлтийг тусгажээ. Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд Улсын Их Хурлаас баталсан зарим хуульд зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх тодорхой зохицуулалтгүй байсныг шийдвэрлэх, зөрчлийн зарим хариуцлагыг тодорхой болгох саналыг оруулсан байна. Ажлын хэсэг төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 88 саналын томъёолол, найруулгын шинжтэй багцалсан 7 санал, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаарх 11 саналыг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил, Ж.Батзандан, Ц.Гарамжав нар асуулт асууж, зарим асуудлаар ажлын дэд хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй саналын 8 томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлж, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.