УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганд оролцож байна

УИХ-ын Дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо болж буй Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы 19 дүгээр Ерөнхий ассамблейд оролцож байна. Энэ сарын 9-12-ны өдрүүдэдүргэлжлэх Ерөнхий ассамблейд 12 орны нийт 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулганыг нээж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы ерөнхийлөгч Вон Ю Чол үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, шар шороо зэрэг байгаль орчны асуудал нь нэг улс, үндэстний бус дэлхийн бүх орнуудад тулгараад буй нэн даруй шийдвэрлэвэл зохих томоохон асуудал болоод байгааг онцлохын зэрэгцээ уг асуудалтай тэмцэхэд дэлхий нийт, тэр дундаа хууль тогтоох байгууллага харилцан мэдээлэл, туршлагаа солилцох нь нэн чухал болохыг тэмдэглэв. Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы дэд ерөнхийлөгч О.Баасанхүү Монгол Улсын байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал сэдвээр илтгэл тавьж, улс орнуудын зүгээс хамтран ажиллах шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах асуудлыг шийдээгүй цагт байгаль экологийн асуудал, орчны бохирдлыг шийдвэрлэж чадахгүйг онцоллоо. Мөн энэ үеэр УИХ-ын Дэд дарга Я.Санжмятав Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын төлөөлөгчидтэй уулзаж,Монгол Улсын говь хээрийн бүсэд цөлжилтөөс үүдэлтэй тоосонцор, шар шороон шуурганы давтамж, үүсэл, хувирал өөрчлөлтөд ажиглалт хийх, шийдлийг олоход судалгааны хамтарсан баг бүрдүүлж, экспедиц зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Дашрамд дурдахад,уг чуулган нь 46 гишүүн оронтой бөгөөд Засгийн газар хоорондын харилцан хүчин чармайлтад бодлого боловсруулалтын болон парламентын түвшинд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.12.10/56.6 хувийн ирцтэй эхэлж,УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны даргаМ.ОюунчимэгЭрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсохасуудлыгхэлэлцэхээр төлөвлөснийгтанилцууллаа. Тэрбээр мөн Байнгын хорооны өмнөх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч салбарын сайдыг байлцуулж сонсох шаардлагатай гэсэн гишүүдийн саналаар хойшлуулаад, өнөөдөр хуралдаж буй ч салбарын сайд мөн эзгүй байгааг тэмдэглэв. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал мэдээлэл хийлээ. Түүний танилцууснаар Эрдэнэс-Тавантолгой ХК нь төрийн өмч давамгайлсан хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн нийт 12,000,000,000 2,511,819 хувьцааны 9,780,711,099 933 1 хувьцааг төр, 2,212,223,863 933 2,511,332 хувьцааг Монгол Улсын иргэд, 7,065,038 933 486 хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна. 2010 онд байгуулагдсан цагаасаа үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдсээр 2018 оны санхүүгийн тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ 1,986.9 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 478.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, татварын дараах цэвэр ашиг 807.8 тэрбум төгрөгт хүрчээ. Үргэлжлүүлэн ногдол ашиг хуваарилах харилцааны эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэлдээ, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гаргасан нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн тооцоо гарсан учир Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар компанийн 2018 оны үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг хэлэлцээд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Гэвч уг тогтоол гарсны дараа Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар тэмдэглэлээр Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар судалж, холбогдох арга хэмжээ авах чиглэлийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг дахин авч хэлэлцээд өмнө гаргасан тогтоолыг хүчингүй болгох тухай 20 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд энэ тухай үндэслэлээ тайлагнасан гэлээ. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, М.Билэгт, Л.Энхболд нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд тус компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгийн тухай болон иргэдэдногдол ашигхуваарилахтай холбогдуулж хийж байгаа ажил, ногдол ашгийн хэмжээг хэрхэн тооцоолдог талаартодрууллаа. Гишүүдийн асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хариулт өглөө. Тухайлбал Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, компани ашигтай ажилласан бол заавал ногдол ашиг хуваарилах үүрэгтэй гэсэн эрх зүйнзохицуулалт байхгүй. Компанийн хуулийн үндсэн зарчим бол ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ. Ногдол ашиг хуваарилах тохиолдолд бүх хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш, ялгаваргүй хандаж нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашгийг хурдан, шуурхай хуваарилах, эс хуваарилах тохиолдолд яагаад ногдол ашиг хуваарилахгүй шалтгаанаа хувьцаа эзэмшигчдийн хуралдаа танилцуулдаг гэсэн агуулгаар хариулт өглөө. Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийг хэлэлцээд, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өглөө.

Франц Улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Францын талаас Санхүү, эдийн засгийн зөвлөх сайд, Бээжин дэх Францын Элчин сайдын яамны бүс нутгийн Эдийн засгийн хэлтсийн дарга Жан-Марк Фэнэ, Францын Элчин сайдын яамны Эдийн Засгийн атташе Хюго Дэбруас нар оролцсон бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав, нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нар байлцав. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Ирэх жил Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хийгдэх ажлуудын төлөвлөгөө гарч, эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Хоёр орны соёлын харилцааг эрчимжүүлэх ажил эрчимтэй явж байна. Үүний нэг жишээг дурьдвал Соёлын дурсгалт өв, хадны зургийг олон улсад сурталчлах төслийн хүрээнд Хөмөргөн гурвалжин этно бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзнаа толилуулахаар нийслэлийн уран бүтээлчид маргааш Парис хотыг зорино. Мөн Улаанбаатар хотноо Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж байгуулагдах болсонд таатай байна хэмээв. Энэ үеэр талууд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцож, ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин болон Санхүү, эдийн засгийн зөвлөх сайд, Бээжин дэх Францын Элчин сайдын яамны бүс нутгийн Эдийн засгийн хэлтсийн дарга Жан-Марк Фэнэ нарыг Нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагнав. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Байнгын хороодын хуралдаан болно

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2019.12.10/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна. 1.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд: Хэлэлцэх асуудал: Эрдэнэс-Тавантолгой хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох. 2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг; Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр/Засгийн газар 2019.12.02-ны өдөр ирүүлсэн,зөвшилцөх,санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/. 3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар Хэлэлцэх асуудал: Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратегийн төлөвлөгөөг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн 2019.12.02-ны өдөрөргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2019.12.03-ны өдөрөргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2019.12.03-ны өдөрөргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хуралд оролцогчдод илгээлт хүргүүллээ

Монголын Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяр эдгээр өдрүүдэд болж байна. Түүхэн ойн баярын хүрээнд энэ ням гарагт Соёлын төв өргөөнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хурал боллоо. Хурлын оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав. / БАЯРЫН ХУРЛЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд: Монголчууд аа, Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө, Ардчиллын төлөө сэтгэл зүрх, үйлс зорилгоо нэгтгэсэн журмын нөхөд өө, Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэе. 1989 оны намар, 1990 оны өвөл, хаврыг дамнан БНМАУ-ын иргэд Берлинээс нааш давалгаалсан ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн давалгаанд нэгдэн өөрсдийн бүрэн эрх, ардчилал, эрх чөлөө тусгаар тогтнолыг олж авахаар нижигнэн хөдөлсөн билээ. Нээлттэй, ардчилсан нийгмийн зүг нийтээрээ тэмүүлсэн тэр зурвас үе бол Монголын иргэн бүрийн эв санааны нэгдэл, ойлголцол, чин зүтгэл нийлсэн цэг болж чадсаны ачаар анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулж, ардчилсан парламентыг бүрдүүлж, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан баталсан билээ. Нийгэм улс төрийн цоо шинэ нөхцөл рүү түлхсэн эрс шинэчлэлийн энэ үйл явцыг Ардчилсан хувьсгал гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Шинэ нийгэм, шинэ тогтолцоо руу шилжсэн эрс өөрчлөлт гарцаагүй байсан агаад хуучин тогтолцоог хэн ч хамгаалан зогсоогүй юм. Жам ёсны энэ нуралт, зүй ёсны энэ хувьсгал тайван замаар өрнөсөн нь олонх монголчуудын хүсэл, эрмэлзэл нэгдсэний ач байлаа. Ардчиллыг хэн нэгэн суут хүн, хэсэг бүлэг зоригт хүмүүс авчраагүй юм. Энэ бол монголын ард түмний нийтийн хүсэл, эрх ашиг, бүгдийн хүч, сэтгэл зүтгэлээр олж авсан үр дүн юм. Ардчилсан өөрчлөлт нь нэг талаас эрс өөрчлөлтийн төлөөх шийдвэр гаргалт руу шахаж байсан иргэдийн нэгдэл, холбоод, нөгөө талаас дэлхий даяар эргэлт буцалтгүй өрнөж байгаа жам ёсны өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, хүч үл хэрэглэх шийдвэр гаргасан, засаглалыг дараа үедээ шилжүүлсэн төр, засгийн цөөн удирдлагын хамтын бүтээл, хамтын сорилт байлаа. Монголчууд ардчилалд алхам алхмаар суралцсан юм. Бид ардчиллыг хийнгээ сурч байсан. Түүхэн баримтуудыг эргэн харвал, 1989 оны 12 дугаар сарын 06-нд Орхон аймагт, 12 дугаар сарын 07-нд Ховд аймагт анхны улс төрийн жагсаал цуглаан болж, улс даяар ардчилсан хөдөлгөөн өрнөж эхэлсэн билээ. 1989 оны 12 дугаар сарын 10-нд буюу Олон улсын хүний эрхийн өдөр МоАХ-ны анхны цуглаан болж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьсан нь Монголд ардчилсан хувьсгалын эхлэлийг зарлан тунхагласан түүхэн цуглаан байв. 1989 оны 12 дугаар сараас эхлэн өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн гол үр дүн нь Монголчууд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг тунхаглан зарласан шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан явдал байлаа. Эдийн засгийн хувьд зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж, малыг малчдад, орон сууцыг иргэдэд, улсын гэх өмчийг хувийн хэвшилд шилжүүлснээр хувийн өмч хүний амьдралын үндэс, хувийн хэвшил нийгмийн хөгжлийн үндэс болж хувирсан юм. Монгол хүний гадаадад чөлөөтэй зорчих боломжийг нээж, сурч боловсрох, ажиллаж амьдрах, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээр хангагдаж, хэвлэлийн эрх чөлөөг бодитоор тунхаглан зарласан нь ардчилсан хувьсгалын үр дүн юм. Бид шинэ нийгэм, шинэ тогтолцоог байгуулах амаргүй замаар онохдоо онож, алдахдаа алдсаар гурван аравныг үджээ. Алдаа бүхэн минь хамтын ухаарал, оноо болгон минь хамтын ололт байлаа. Ардчилал бол хүрэх ёстой оргил биш хамтдаа арчилж, тордох ёстой үйл явц, хамтын хариуцлага, хамтын үүрэг билээ. Ардчилсан Монгол Улсын иргэд ээ, Бид төр улсын хэргээ хэнээс ч хараат бусаар шийдэж, бие даан зорилго, зорилтоо тодорхойлж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн баталгааг бий болгохын төлөөх амаргүй 30 жилийг үджээ. Энэ 30 жилд ардчиллын сонгодог үзэл санаанд эргэлзэх, шүүмжлэх, муучлан гутаах нь олонтоо тохиолдож байсан ч бид сонгосон замаасаа ухраагүй, няцаагүй. Бидний хамгийн том ололт нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэлтэй чөлөөт иргэдтэй болсон явдал юм. Монголчууд хэзээнээсээ эрх чөлөөнд дуртай, туурга тусгаар явахыг эрмэлздэг ард түмэн. Энэ замаас хэзээ ч гажихааргүй бат итгэлтэй, ардчиллын дархлаатай ард түмэн болон төлөвшсөн нь монголчууд бидний зүй ёсны бахархал мөн. Бид ардчиллаа хамгаалахын тулд өдөр бүр тордон сэргээж байх учиртай. Байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт, төрийн хүнд суртал, авлига, шударга бус улстөрчдийн давралт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг шийдэх ёстой олон асуудал бидэнд бий. Тэглээ гээд эдгээр хүндрэл, бэрхшээл ардчиллаас ухрах, ардчиллыг үгүйсгэх шалтаг, шалтгаан болох ёсгүй. Тулгамдсан, цаашид тулгарч болох асуудлууд, сорилтуудийг бид туулаад, даваад л гарах ёстой. Саяхан олон жил хүсэн хүлээсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан нь ардчиллыг сайжруулах чиглэлд хагас ч болов алхам урагшилсан явдал болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Газрын хэвлий, түүний баялаг нийтийн өмч гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулах явц олигархи цөөнхийн саадыг амжилттай давж чадлаа. Гэсэн ч санаа амрах болоогүй байна. Одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх хуулийн боломжийг амьдралд хэрэгжүүлэх, хүн бүрт баялгийг тэгш, шударга хүртээх Үндэсний баялгийн сан байгуулахын төлөө иргэн бүр эв, санаагаа нэгтгэх шаардлага бий. Үүнийг хийж байж л бид ардчиллыг төгөлдөржүүлэн, урагшлуулах, нийтийн сайн сайханд хүрэх болно. Та бүхэнд дахин Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ардчиллын үнэт зүйлсээ баталгаажуулахын төлөөх их үйлсэд амжилт хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс ашид ардчиллын баянбүрд байж, эрх чөлөө, шударга ёс үеийн үед дэлгэрэх болтугай гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд гардуулав. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.