Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2019-12-06 11:10:04 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаарӨргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Улсын Их Хурлын даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажиллуулах Ажлын дэд хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын дэд хэсэг нийт найман удаа, ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж саналын томьёоллыг бэлтгэж Байнгын хороонд оруулсан. Байнгын хорооны хуралдаанд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх саналыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдсан. Хуралдаанд харилцаа холбоо зохицуулах хороо, Монголын телевизүүдийн холбоо болон олон суваг дамжуулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Б.Ундармаа, Л.Болд, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хууль батлагдсанаар эцсийн хэрэглэгч болсон үзэгчдийн телевизийн хураамж нэмэгдэх эсэх, олон нийтийн радио, телевизийн бэлтгэн дамжуулж байгаа зохисгүй мэдээлэлд хязгаар, хориг байгаа эсэхийг илүүтэй тодруулахын зэрэгцээ сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар лавлаж байлаа. Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариултдаа, Олон сувгийн дамжуулалт эрхэлдэг бизнес эрхлэгчид үзэгчдийн хураамжныхаа 15-аас доошгүй хувийг үндэсний түүх, уламжлал, хүүхэд, танин мэдэхүй зэрэг таван чиглэлээр контент бэлтгэхэд зарцуулахаар тохирсон. Нөгөө талаас өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн бүтээл нь чанартай байх шаардлага тавигдана. Үзэгчдэд ямар нэгэн төлбөрийн дарамт учруулахгүй. Үүн дээр талуудад ямар нэгэн үл ойлголцол байхгүй гэдгийг дурдав. Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний контентыг дэмжих гэсэн заалт орсон. Хууль батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн бие даасан 80 гаруй телевиз, радиогийн оюуны өмчийг дэмжинэ гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн. Хуулийн төсөлд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид эзэмшигчээ ил болгох, 25 дугаар зүйлд редакци хариуцлагатай байж, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөх үүргийг оруулсан бол 27 дугаар зүйлд олон нийт, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахын тулд хориглосон агуулгатай тодорхой заалтуудыг тусгасан гэдгийг Ажлын хэсгийнхэн хариултдаа онцлов. Мөн сангийн хөрөнгийг зөвхөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд олгох бус үндэсний бүтээл хийдэг нөхцөл шаардлага хангасан бүх үйлчилгээ эрхлэгчдэд хамаарна гэж байлаа. Ингээд хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.өргөн нэвтрүүлэг гэж радио, телевизийн хөтөлбөр бэлтгэх, тэдгээрийг нэгтгэн харилцаа холбооны сүлжээ, төхөөрөмжөөр нэг цэгээс олон нийтэд нэгэн зэрэг хүргэхийг; гэж, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ гэж радио давтамж ашиглан сүлжээ байгуулж, хэрэглэгч хүлээн авах төхөөрөмж ашиглан радио, телевизийн үйлчилгээг тодорхой хамрах хүрээнд үнэ төлбөргүй хүлээн авах боломжоор хангах үйлчилгээг; гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлд 4.1.20.бүтээл гэж зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг;, 4.1.21 .өргөн нэвтрүүлгийн радио, телевиз гэж олон талт хөтөлбөртэй энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан үйлчилгээний сүлжээгээр заавал дамжих арилжааны радио, телевизийн үйлчилгээг; 4.1.22.төлбөртэй радио, телевиз гэж хэрэглэгч тухайн сувгийг сонгон, олон суваг дамжуулах үйлчилгээгээр дамжуулан төлбөр төлснөөр идэвхижих радио, телевизийн үйлчилгээг; гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төслийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6.1.5.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ;, 6.1.6 төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ. гэж, төслийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт 7.4.5.энэ хуулийн 6.1.6-д зааснаас бусад төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах;, 7.4.6. гадаадын хөрөнгө оруулагч бүхий хуулийн этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох. гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Түүнчлэн төслийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг төр хариуцах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг энэ хуулийн 29.1.5-д заасныг баримтлан үнэ төлбөргүй дамжуулна гэж, төслийн 23 дугаар зүйлийн 26.6.5 дахь хэсгийг өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн хөтөлбөрт эзлэх үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг гэж өөрчлөн найруулахаар болов. Радио, телевизээр дамжуулах аливаа хэлбэрийн зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат, теле-худалдааны нэвтрүүлгийн талаарх зохицуулалт хийхтэй холбогдсон журмыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавих, радио, телевиз эрхлэгчид нь Зар сурталчилгааны тухай хуулиар хязгаарласан сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглох саналыг дэмжлээ. Мөн төслийн 24 дүгээр зүйлд 24.6.Төлбөртэй радио, телевиз болон теле-худалдааны чиглэлээр төрөлжсөн радио, телевизээр зар сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглоно. гэсэн хэсэг нэмэх, төслийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 29.1.5.Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг батлах, сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих; гэсэн агуулгатай заалт шинээр нэмж, дугаарыг өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүргийг зохицуулсан 31 дүгээр зүйлийг шинээр нэмж тусгахаар болж, уг хуулийн төслийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчилснийг тус тус дэмжлээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс гаргасан найруулгын саналууд болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. ИнгээдӨргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр үдийн цайны завсарлага болсон тул чуулганы хуралдаан завсарлалаа. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2019-12-06 11:06:25 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаарҮндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав. Тэрбээр, Үндэсний их баяр наадам нь Монгол Упсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт зан заншил, соёл, урлаг, спорт, үндэсний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой тэмдэглэлт баяр юм. Монгол Улсын Их Хурал 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталсан цагаас хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулахад тулгардаг аливаа хүндрэлийг зохицуулах талаар 2007 оноос хойш нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна. Гэтэл хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байна гэлээ. Тиймээс монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасч, олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан бөгөөд хууль хэрэгжүүлэх явцад Үндэсний их баяр наадамдаа түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь улсын цолны үнэлэмжийг бууруулж байгаа тул улсын цолны шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх талаар хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, хурдан морины уралдааны аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор уралдааны замд дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох зохицуулалтыг оруулжээ. Хаврын морин уралдаан зохион байгуулж ирсэн түүхэн уламжлал болон өнөөгийн нөхцөлд хурдан морь уяж, уралдуулах нь малчдыг орон нутагтаа тогтвор суурьшилтай оршин суухад түлхэц үзүүлэх нэгэн төрлийн ажлын байр болсон зэргийг харгалзан үзэж, ил ба далд хэлбэрээр явагддаг олон арван уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох, хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12 ба түүнээс дээш настай байх нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2019-12-06 10:54:01 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан бүтээгдэхүүн болох хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц үйл ажиллагаа юм. Гэтэл хот, суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй, байгальд шууд хаяж, байгаль орчныг бохирдуулан, энэ нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдсан. Тухайлбал, 2017 оны тоогоор улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж бүртгэгдсэнээс хэвийн ажиллагаатай 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжийн талаас илүү хувь нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас үүдэн жилд 120 сая гаруй м бохир ус байгальд шууд хаягдаж байгаль орчныг бохирдуулдаг байна.Түүнчлэн цэвэрлэх байгууламжид ирсэн бохир усны багагүй хэсгийн төлбөр тооцоог хариуцах эзэн олдохгүй байгаа нь ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг алдагдалд оруулж байгаа аж. Тухайлбал, УСУГ хоногт 150-160 мянган м ус олборлон түгээж, 160,0-180,0 мянган м бохир ус татан зайлуулдаг бол хур тунадас ихтэй зун, намрын улиралд 230 орчим мянган м ус цэвэрлэдэг бөгөөд үүний зөрүү төлбөрийг хариуцах эзэнгүй үлдэхийн зэрэгцээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг байна.Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээс ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлага бий болжээ.Дээрх хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.Хуулийн төсөлд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, ус хангамж, ариутгах татуургын хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм, журмыг хэрэгжүүлэх замаар хариуцлагыг дээшлүүлэх зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нийслэлээс гадна зарим аймаг, сумдын иргэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй ус хэрэглэн, эрүүл мэндээр хохирч байгаа талаар онцолж байлаа.Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, экологийн цэвэр усаар иргэдээ хангахын тулд хяналтын механизмыг сайжруулах, энэ чиглэлээр улсын байцаагч ажиллуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэлээ. Мөн хариуцлага тооцохтой холбоотой зохицуулалтуудыг бусад хуульд тусган шийдвэрлэх боломж бий гэдгийг мөн тодруулан хэлсэн.Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2019-12-06 10:47:12 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэв. Эхлээд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын дээрх төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үг хэлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баделхан төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй учир тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ дагуу, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь уг саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов
2019-12-06 10:42:36 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа. Хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одооноос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй