Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Москва хотноо болох Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь сэдэвт бизнес форум болон Монголд үйлдвэрлэв бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганболд намаасаа хөөгдсөн шалтгаан нь юу байв?

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гараг буюу 11 сарын 22-нд МАН-ын Хяналтын хороо хуралдаж, удаа дараа намынхаа дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-эрдэнэ нарыг намын бага хурлын гишүүнээс нь чөлөөлсөн талаар мэдээлэл гарч эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Ганболд Zarig .mn сайтад өгсөн тодруулгандаа Надад намын дүрэм зөрчсөн зүйл огт алга. Юм хийсэн дүүргээ, гишүүнээ ингэж чичилж байгаа бол нам маань дарангуйлагч болж байгаа юм байна. Нэртэйгээр нь намаас хөөчих хэрэгтэй гэсэн юм. Энэхүү зөрчил нь тун удахгүй болох Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын төлөөх тэмцэлийн эхлэл бололтой. Тус дүүргийн намын хорооны даргад УИХ-ын гишүүн Аюурсайханы нэр дуулдах болсон нь Д.Ганболдыг намаас хөөх нэг том шалтгаан болсон байж ч магадгүй. Уг нь Д.Ганболд нь 14 жил Чингэлтэй дүүргийн МАН-ын хороог тэргүүлж, ялалтанд хүргэж байсан байдаг. Гэтэл ялсан дүүргийнхээ намын хорооны даргыг ийнхүү хөөж шийтгэж байгаа нь намын гишүүдэд энэ хардлагыг төрүүлж байгаа бололтой.

Япон улсын Үндэсний архивын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт хамтран ажиллахаар АЕГ-ын дарга С.Энхбаатар, Япон улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Като Такэо нар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Япон улсын Токио хотноо санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагаанд Олон улсын архивын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Сейлис Антеа, мөн зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Сангмин Лии, Япон улс болон Монголын архивын байгууллагын төлөөлөл оролцлоо. Санамж бичгийн хүрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт харилцан туршлага солилцох, хоёр орны түүх, соёлд холбогдох архивын баримт материалыг судлах, судлаачдад туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох зэрэг ажлыг хийнэ. Талууд хамтран ажиллах талаар 6 жилийн өмнө анх санаачилга гарч, энэ онд бодитоор хэрэгжиж, архивын байгууллагууд хамтран ажиллахаар болсонд баяртай байгаагаа ноён Като Такэо илэрхийлж, санамж бичгээр харилцан тохиролцсон ажлууд үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэж байна гэв. Эх сурвалж: Архивын ерөнхий газар

АБГББХ: Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.29/ хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох гэсэн зорилтын хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаас гадна улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, түүх соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон. Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хороотой зөвшилцөхөөр өргөн мэдүүлээд байна гэж салбарын сайд Д.Цогтбаатар танилцуулгадаа дурдсан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар нар асуулт асууж хариулт авав. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНСВУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Нго Суан Личийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн айлчлалын хүрээнд БНСВУ-ын Засгийн газрын Байнгийн шадар сайд Чыөнг Хоа Биньд бараалхаж хоёр улсын харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ жил БНСВУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд тус улсад айлчилж Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж харилцаагаа шинэ шатанд гаргасан нь онцлог боллоо. Батлан хамгаалахын сайдын ажлын айлчлал үргэлжилж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.