Ерөнхий сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн даргатай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисяныг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо хүлээн авч уулзав. Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн III хуралдаан өнгөрсөн 10 дугаар сард амжилттай болж, энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж буй баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь манай улсын тэргүүний зорилт болохыг онцлоод энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Чөлөөт худалдааны хэлэлцээр бодит нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах Ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн үр ашгийн нарийвчилсан тооцоог гаргах саналыг дэвшүүлэв. Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисян манай саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг саналыг ажил хэрэг болгохын тулд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тус бүрийн дэмжлэгийг авахын чухлыг тэмдэглэв. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын Гипрогор институт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад дөрвөн удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш тав дахь удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол улсын архитектор, инженерүүд боловсруулж Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан. Улмаар тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага-ын баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулж, Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байна. Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Хот байгуулалт, хөгжлийн газар боловсруулаад байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ, СУУРЬ СУДАЛГАА, КОНЦЕПЦ, ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨгэсэн гурван үе шаттай хийж гүйцэтгэж байгаа бөгөөд эхний үе шат Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа-г 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн. Хоёр дахь үе шат Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц-ыг боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны есдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит XXVII хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд тус асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, НИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахыг үүрэг болгосон. Тус ажлын хэсэг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдөөс санал авах, Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг хийж санал, зөвлөмж авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Төлөөлөгчдөөс ирүүлсэн болон Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-д шинээр нэмж тусгах асуудлыг Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны арвандүгээр сарын 22-ны өдрийн Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар, 2019 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдлээ. Гурав дахь үе шат Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн батлуулж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-г Барилга хот байгуулалтын яамтай хамтран боловсруулна. ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтаж байна

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайдын ОХУ дахь айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна. Айлчлалын хүрээнд уржигдар /2019.12.03-ны өдөр/ ОХУ-ын Ерөнхий сайдД.А.Медведевтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ганцаарчилсан уулзалт хийж, хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүххоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхий сайдад уламжилсан билээ. Энэ дагуу хэлэлцээрийн хүрээнд хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, боловсрол зэрэг салбартхамтран ажиллах гэрээг үзэглэлээ.Мөнанхаарал татаж байсан гол асуудал ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийнхийнхоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих тухай асуудал яригдсан байна. Энэ асуудал дээрхоёр улсын талаас судалгааны ажлыг эхлүүлэх болсон тухай Монгол УлсынЗасгийн газрын тэргүүн мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хоёр дахь өдөр Москва хотын төвд байрладаг Метропол хэмээх зочид буудлын гаднах дурсгалын самбарт цэцэг өргөх ёслолоор эхэллээ. Тус зочид буудал нь 100 гаруй жилийн түүхтэй төдийгүй Коммунист хувьсгалын их удирдагч В.И.Ленинтэй тэртээх 100 орчим жилийн өмнө Ардын засгийн удирдагчдын нэг, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар уулзаж, ОХУ-аас Монгол улсыг дэмжих гэрээнд гарын үсэг зурж байсан газар байсан гэдгээрээ Монголын түүхэнд холбогддог. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсаас ОХУ-д хийж байгаа Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын багт багтсан албаны хүмүүс оролцлоо. Үүний дараагаар Ерөнхий сайд Москва хотын олон улсын худалдааны төвд болж буй Монгол-Орос, Евразийн нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь сэдэвт хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа форумд оролцон үг хэлж, Монголд үйлдвэрлэв бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Тэрбээр форумыг нээж хэлсэн үгэндээ Хоёр улсын найрамдалт харилцааг улам бүр идэвхжүүлэхийн тулд бид хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллахаар өчигдөр бид ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй ярилцсан. ОХУ-ын бизнес эрхлэгчид та бүхэн зөвхөн эдгээр төсөл хөтөлбөрийн хүрээнд гэж хязгаарлалгүйгээр өөрсдийн сонирхож буй Монгол Улсын бүхий л салбарт хөрөнгө оруулалт оруулж, хамтран ажиллах боломжтой гэдгийг онцлон хэлэх байна. Хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд энэхүү форум хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гэв. Монголд үйлдвэрлэв үзэсгэлэнд манай улсын 50 гаруй бизнес эрхлэгчид, томоохон экспортын компаниуд оролцож, талуудтөлөөлөл цаашид хамтран ажиллах санамж бичигт зурлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой хэрэг боллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумд оролцсоныхоо дараа Дэлхийн II дайны хүнд бэрх цаг үед Зөвлөлт Орос улсын /хуучнаар/ иргэдэд хандан Монголчуудын ард түмнээс итгэл сэтгэлээ тээн бэлэглэсэн монгол морины тухай хөшөөнд очиж хүндэтгэлээ илэрхийллээ. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АН-ын дарга С.Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийлээ

АН-ын дарга С.Эрдэнэ дэд дарга Р.Амаржаргал Дэд дарга Б.Дэлгэрмаа тэргүүтэй намын удирдах хүмүүсийн бүрэлдэхүүн БНХАУ-ын коммунист намын урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Энэ онд Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилйин ой тохойсон онцгой жил байлаа. Албаны төлөөлөгчдийг Хятадын коммунист намын Төв Хурлын Улс төрийн товчооны гишүүн, Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороон дэд дарга Ван Чэнь хүлээн авч уулзлаа.. АН-ын дарга С.Эрдэнэ: БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах бодлого баримталж буй нь хоёр талын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж олгож байна. БНХАУ-тай тогтоосон сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэхүү зарчмын байр суурийг Монголын улс төрийн бүх хүчнүүд нэгдмэл байдлаар залгамжлан хэрэгжүүлж, агуулгыг нь баяжуулж ирснийг энд онцлон тэмдэглэхэд таатай байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад миний бие ихээхэн сэтгэл хангалуун байдаг. Ялангуяа манай нам засгийн эрхэнд байх үед хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулан Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн зэрэгцээ ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлууд шийдэгдэж, тэдгээр нь манай эдийн засгийн хөгжилд чухал нэмэр болж байгааг энд онцлон тэмдэглэе. Бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлийг байнга бэхжүүлэх нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь зарчим юм. Энэ чухал үйл хэрэгт намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой байдаг билээ. Ийм учраас ХКН-ын урилгаар БНХАУ-д хийж буй манай намын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Намайг болон манай намын төлөөлөгчдийг албан ёсоор урьж халуун дотноор хүлээн авч байгаад намынхаа олон мянган гишүүдийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье гэв. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дэд дарга Ван Чэнь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд баяр хүргээд Ардчиллын замыг амжилттай хэрэгжүүлж буй Монгол улсаас суралцах зүйл их. Манай 2 орны харилцаа түүхэнд байгаагаагүй таатай үедээ хөгжиж байгаад хоёр талын тэр дундаа АН-ын хүчин чармайлтыг өндөрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ. Тус айлчлалын хүрээнд АН-ын дарга С.эрдэнэ болон төлөөлөгчдийг ХКН-ын ТХ гадаад харилцааны дэд сайд Ван Яжун хүндэтгэн хүлээн авч уулзав. АН-ын дарга С.Эрдэнэ ХКН-ын 19 удаагийн төв Хорооны 4р бүгд хуралд оролцож үг хэлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай

Нэгдсэн Үндэстний байгууллага 1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцыг 2008 онд соёрхон баталж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталсан юм. Гэвч, энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад олон талт түншлэлийг бэхжүүлэх хэрэгтэй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, дараах илгээлтийг гаргасан юм. Улмаар энэ сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан Хүртээмжтэй ирээдүй өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг илгээлтийг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа өдөрлөгт оролцогч олон улсын болон төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, иргэдийн төлөөллийн өмнө уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд: Нэгдсэн Үндэстний байгууллага 1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон тэмдэглэн ирсэн билээ. Энэ жил Хүртээмжтэй ирээдүй уриан дор Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх уриалга гаргасан байна. Монгол Улс нь НҮБ-ын гишүүн орны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг 2008 онд соёрхон баталж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаарх бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгон, хуулийн хүрээнд багагүй арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Энэ хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг тусгаж өгсөн. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд орчны болон мэдээллийн саад бэрхшээлтэй тулгарч, энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс тусгаарласан хамгийн том саад тотгор байсан хэвээр байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие үзэж байна. Иймд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний Нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх, ажиллах амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх, нийгмийн халамж, бусад эрхийг ханган хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага, иргэн, хуулийн этгээдэд хуулийг хэрэгжүүлээгүйн төлөө ногдуулах хариуцлагыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд илүү нарийвчлан тодорхой тусгах шаардлагатай хэмээн үзэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасанчлан хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангах, тэдгээр байгууллагууд өөрсдийн дуу хоолойг хүргэн, санаачилгатай ажиллах шаардлагатай юм. Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Үүнээс хөдөлмөрийн насны буюу 15-64 насны ердөө 30 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байна. Миний бие хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн харилцаанд бусдын адил оролцох эрх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Засгийн газарт чиглэл өгсөн 128 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлигаар, Аж ахуйн нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын оролцоог тэгш хангасан Үндэсний хороог байгуулж, санд төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих дүрэм журмыг баталж мөрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Иймд тус хуулийн болон зарлигийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын чуулганы хугацаанд тайлагнахыг Засгийн газарт чиглэл болгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, нийгэмд тэгш оролцох оролцоо зэрэг олон асуудалд зөвхөн төрийн зүгээс анхаарах бус аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад идэвхтэй оролцохыг уриалж байна гэжээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.