Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэв
2019-11-29 11:27:47 Нийтлэгдсэн: Улс төрБүгд Найрамдах Улс тунхагласны 95 жилийн ой болон Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан тус улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бангкок хотын Шангри-Ла зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Тайландын Үндэсний Ассамблейн Төлөөлөгчдийн танхимын тэргүүн дэд спикер Сучат Танчарён, Гадаад хэргийн сайдын зөвлөх Чайсири Анаман, Сенатын гишүүн Анусат Суванмонгкон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана зэрэг хүндэт зочдоос гадна Тайландын төр, засгийн байгууллага, хувийн хэвшил, их, дээд сургууль болон хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид, Тайландад оршин суугаа монгол иргэд зэрэг 300 гаруй зочин оролцов. Түүнчлэн, Бангкокт суугаа гадаадын орнуудын Элчин сайд, дипломат ажилтнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Элчин сайд Т. Төгсбилгүүн хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Ази тивд бүгд найрамдах засаглалыг сонгосон анхны улсуудын нэг байсныг дурдаад улс төр,нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс хамаарч 4 удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсны зэрэгцээ 1992 оны ардчилсан Үндсэн хуулиндаа саявтар нэмэлт өөрчлөлт оруулсан талаар дурдав. Мөн тэрээр цааш нь ярихдаа Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 45 жилийн хугацаанд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний олон айлчлал солилцож, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон иргэд хоорондын солилцоог эрчимжүүлэхэд шинэ тутам байгуулагдсан Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Зөвлөл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байгаагаа Элчин сайд хэлсэн үгэндээ онцлов. Хүндэтгэлийн хүлээн авалтанд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Самбуу, Гавьяат жүжигчин Г.Бямбажаргал тэргүүтэй язгуур урлагийн дуучин, хөгжимчин, бүжигчид уран бүтээлийнхээ дээжээс танилцуулав. Энэхүү урлагийн тоглолтыг Үндэсний агаарын тээврийн МИАТ компани ивээн тэтгэснээс гадна хүлээн авалтыг зохион байгуулахад Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Чандра Гозали, Тайландын Thai Beverage Public Company Limited, Siam Winery Co. Ltd зэрэг компани туслалцаа үзүүлсэнбайна. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Шинэ хөдөө төслийн тайлант өдөрлөг энэ сарын 27-нд Булган аймгийн Цогтхунтайжийн талбайд боллоо. 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд улсын төсвөөс ердөө 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан уг төсөлд нийтдээ 3200 гаруй айл өрх хамрагдаж, орлогоо нэмэгдүүлэн амьжиргаагаа дээшлүүлсэн байна. Анх чацаргана хөтөлбөрөөр эхлүүлж байсан Шинэ хөдөө төсөл өнөөдөр мал аж ахуйн, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл гээд ЖДҮ-ийг хөгжүүлэх боломжтой бүхий л чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Тайлант өдөрлөгийн үеэр 2019 онд төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй дунд оврын тракторууд, арьс шир боловсруулах тоног төхөөрөмж, сүүний хөргүүртэй чингэлэг, хүлэмж, өндөр ашиг шим бүхий бух, хуц ухна хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болжээ. Өдөрлөгт төслийн санаачлагч УИХ-ын гишүүн, ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Булган аймгийн удирдлагууд оролцож иргэдэд төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулсан байна.
С.Амарсайхан: Ажил хариуцсан албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажилла
2019-11-25 09:51:50 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн онцгой комиссын 12 дугаар хурал боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд авч хэрэгжүүлж байгаа ажлын тайланг төвийн зургаан дүүргийн онцгой комиссын гишүүд хүргэлээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлшний хангамжийн дөрвөн бааз ажиллаж байна. Мөн түлшний дундын дөрвөн агуулахтай. Арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар хангамжийн бааз 8050 тонн, дундын агуулах 680,7 тонн, худалдаалах цэг 1870 тонн, нийт 10.600 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Хяналт шалгалтын явцад түүхий нүүрс тээвэрлэсэн, түлсэн зэрэг нийт 11 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 9 иргэнд мөнгөн торгууль ногдуулж, 3.2 тонн түүхий нүүрсийг лацдан битүүмжилж, 1.4 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад төвлөрүүлсэн хэмээн мэдээллээ. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч С.Ганбаатар Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлын талаар заавар зөвлөмж хүргэх ажлыг хоёр удаа зохион байгуулсан. Мөн шахмал түлшний хоёр хангамжийн бааз, 12 дундын агуулах, 125 жижиглэнгийн борлуулалтын цэгийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, мэргэжлийн хяналтын 43 байцаагч, орон тооны бус 1.116 байцаагч тандалт хийн ажиллаж байна. Айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих зорилгоор гэр хороолол бүхий 35 хорооны 55.525 өрхөд сайн картыг хүргэх ажлыг зохион байгуулсан. Эмээлт, Баруунтурууны автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагын 12 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж 8.317 тээврийн хэрэгсэл шалгаж, жижиглэнгээр тээвэрлэж явсан 10 шуудай түүхий нүүрс илрүүлж, түр цэгт төвлөрүүлсэн гэлээ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч н.Шижирбаатар Сүхбаатар дүүрэгт сайжруулсан шахмал түлшний хангамжийн гурван бааз, 15 дундын бөөний төв, жижиглэнгийн 43 цэг ажиллаж байна. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор өдрийн цагт 17 цэгт 34 алба хаагч, найман автомашинтайгаар, шөнийн цагт зургаан цэгт 12 алба хаагч, гурван автомашинтайгаар хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалтаар дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, галлагаанд хэрэглэсэн болон худалдан борлуулж байсан 26 зөрчлийг илрүүлж, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хүлээлгэн өгч холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээг тооцуулж ажиллалаа гэсэн юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах дөрвөн дундын хангамжийн төв, борлуулалтын цэг 51, нийт 55 түлш борлуулах цэг ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагийн байдлаар 728 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Мөн аравдугаар сарын 9-10-ны өдрүүд болон арваннэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд пийшин, зуух, галын аюулгүй ажиллагааны талаар заавар, зөвлөгөөг нийт 988 алба хаагч 30.126 айл өрхөд хоёр удаа 95.9 хувийн гүйцэтгэлтэй хүргэн ажилласан. Чингэлтэй дүүрэгт ажил хэвийн үргэлжилж байна гэсэн мэдээллийг өглөө. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан Сайжруулсан шахмал түлш борлуулах 36 цэг, хангамжийн нэг бааз ажиллаж байна. Мөн түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих 496 орон тооны бус ажилтантай. Сайжруулсан шахмал түлшийг ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлэг 23.000 ширхэгийг бэлтгэн тараасан. Арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар түлш борлуулах 36 цэгт 292 тонн, Энканто хангамжийн баазад 2100 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна гэсэн мэдээллүүдийг дүүргүүд хуралдаанаар өгөв. Түүнчлэн алслагдсан дүүргүүдийн дулааны цахилгаан станцуудыэ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллахад тулгамдаж буй зарим асуудал байгааг дүүргийн дулааны станцын удирдлагууд онцгой комиссын гишүүдэд танилцууллаа. Багануур дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганбаатар 2019-2020 оны өвлийн их ачааллыг горимын дагуу тасралтгүй найдвартай хангахад компанийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шууд шалтгаалан техник технологийн хангалтгүй ажиллагаа үүсэж, улмаар станцын үндсэн үйлдвэрлэл, дулаан хангамжийн нэгдсэн системийн ажиллагаа доголдох эрсдэлтэй байна. Уг байдлыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах хөрөнгө мөнгөтэй холбоотой хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдэх шаардлагатай байна гэв. Налайхын Дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү Техник тоног төхөөрөмжийн хуучралт, технологийн хоцрогдлоос шалтгаалан нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг нэмэгдэж байна. Инфляцийн өсөлт, цахилгаан болон цэвэр бохир усны тарифийн нэмэгдэл, нүүрсний үнийн өсөлт, тээвэрлэлт зэргээс шалтгаалан зардал өссөн. Чандмань-Налайх ОНӨООТҮГ-ын дансанд бүртгэлтэй инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжүүдээр дамжуулан түгээх үйл ажиллагаа явуулах түрээс, шимтгэл төлж байгаа нь санхүүгийн хүндрэл үүсгэхээс гадна хэрэглэгчдийг хэвийн, найдвартай дулааны эрчим хүчээр хангаж ажиллахад эрсдэл үүсгэж байна гэдгийг онцолж хэлээд энэ асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг онцгой комиссын гишүүдээс хүслээ. Танилцуулга мэдээллийн дараа төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар болон ЗДТГ-ын орлогч нараас сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, хэрэглээний талаар болон тулгамдаж буй асуудлуудыг Хотын Захирагч асууж тодрууллаа. Түүнчлэн хуралдаанд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт өнөөдрийн байдлаар 77.2 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн хүргэлээ. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Багануур болон Налайх дүүргүүдийн Дулааны станц ТӨХК-иудад тулгарсан асуудлыг яаралтай шийдвэрлэхэд холбогдох газрууд анхаарч ажилла. Салбар хариуцсан орлогч болон Таван толгой түлш ХХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын ажил хариуцсан албан тушаалтнууд хариуцсан ажилдаа эзэн болж ажилла. Сайжруулсан түлш түгээлтэнд ямар нэг байдлаар хувийн ашиг сонирхол байж таарахгүй гэдгийг аль дээрээс сануулан хэлсээр байгаа. Тээвэрлэлт хариуцсан компани нэрээр ар өврийн хаалганы, элдэв эрх ашиг харсан байдлаар асуудалд хандсанаас болоод өнөөдөр тээвэрлэлтэд асуудал үүсгээд байна гэж хэлж болно. Сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтыг улам эрчимжүүлэх ажлын хүрээнд Тавантолгой түлш ХХК дээр нийслэлийн онцгой комиссоос томилогдон ажиллаж байгаа албан тугаалтанд онцгой эрхийг өгч ажиллуулна. Онцгой эрхтэй ажиллах албан тушаалтны удирдамжийг өнөөдөр гарга. 24 цагаар ээлжилж ажиллах жижүүрийн хуваарийг гаргаж, сайжруулсан шахмал түлштэй холбоотой бүх үйл ажиллагаа болон түлш тээвэрлэлт, хүргэлтэнд хяналт ажиллах үүрэг чиглэлийг өг. Дундын цэгээс жижиглэнгийн нэгж цэгүүдэд тээвэрлэлт хийх хувь хүмүүстэй хамтарч ажиллах шаардлагатай. Ажиллах сонирхолтой хүмүүсийг бүртгэж, судалгааг нь гарган зохион байгуулалтыг хийж ажилла. Туршлагатай сайн ажиллаж байгаа хороо, дүүргийн ажилчдыг урамшуулах, тэдний туршлагыг бусад хороо, дүүргүүдэд сурталчлах, туршлага солилцуулах ажлыг хороо, дүүргийн онцгой комиссын гишүүд зохион байгуул. Төвийн зургаан дүүрэг хамтарсан ажлын хэсэг байгуулж ажилла. Түүхий нүүрс болон бусад төрлийн эд зүйл шатааж байгаа айл өрхөд тавих хяналтаа сайжруул. Дүүргүүд хороо хороондоо хийж хэрэгжүүлж байгаа ажлаа тогтмол иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах шаардлагатай гэсэн үүрэг даалгавруудыг холбогдох албан тушаалтнуудад өгч хэрэгжилтийг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлах хуулийн төсөл өргөн барилаа
2019-11-25 09:47:37 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ-г соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт энэ сарын 22-ны өдөр өргөн барилаа. Гэрээнд 2019.09.03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана гэж заажээ. Хууль батлагдсанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хоёр улс бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, хоёр талын худалдааг хурдацтай хөгжүүлж, бизнесийн болон бусад аж ахуйн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдэх ажээ. Хууль батлагдсаны дараа хоёр тал соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцсон өдрөөс уг гэрээ хүчин төгөлдөр болох юм. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Ц.Гарамжав: Засгийн газар мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж ийм гэрээ байгуулсан гэдэг нь хачирхалтай
2019-11-22 10:52:42 Нийтлэгдсэн: Улс төрӨнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ОюуТолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав үг хэллээ. Тэрээр Оюу Толгойн орд нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Бид ОюуТолгойн ордоо зөвөөр эзэмшиж, хамтран ажиллах гэрээ байгуулсан бол Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн хямрал байтугай дэлхийн хөгжингүй улсуудын тэргүүн эгнээнд жагсах байсан байх. Эдийн засгийн асар их үр өгөөжтэй орд. Монгол Улсад маш их хохиролтой болсон ОюуТолгойн гэрээг 2008-2009 оны Засгийн газар байгуулсан. Мэдээлэл, мэдлэггүйгээсээ болоод ийм гэрээ байгуулсан гэдэг нь хачирхалтай. Одоогоос 40-өөд жилийн өмнө манайд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад өнөөдрийн Монголыг тэжээгээд явж байгаа. Дэд бүтцийг нь байгуулж, Эрдэнэт хотыг бий болгосон. Уул уурхайн томоохон ордыг түшиглээд яаж улс орондоо ашигтай гэрээ хэлцэл хийж болдгийг Эрдэнэт үйлдвэрийн гэрээнээс харж болно. Эрдэнэт үйлдвэрийн жишгээр ОюуТолгойн гэрээг хийж болох байсан. Хэрэв Эрдэнэтээс жишиг авч гэрээг хийсэн бол 49/51 хувиар эзэмших, цаашлаад үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалтыг нөхөсний дараагаар 51/49 хувь болгох боломж байсан. 2009 онд ТЭЗҮ нь батлагдаагүй байхад ОюуТолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн байдаг. Энэ нь Монголын Уул уурхай ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн . ТЭЗҮ-ээр тэр ордод хичнээн тэрбум тоннын нөөцтэй зэс, алт, мөнгө молибден байгааг мэдэх ёстой. Баялагийг ямар хөрөнгө оруулалтаар ашиглаж болох , хэдэн жил ашиглах вэ гэсэн тоон үзүүлэлтийг гаргасан уул уурхайн хууль эрх зүйн баримт бичиг нь байдаг. Гэтэл тэнд юу байгаагаа мэдэхгүйгээр ханцуйн дотроо наймаалцсан ноён урваач гэдэг шиг улс орныхоо эрх ашгийг хохироосон гэрээг 2008-2009 оны төр засгийн нөхдүүд хийснээс өнөөдрийг хүртэл, ОюуТолгой ордыг тойрсон зөрчил маргаан, эх захгүй олон улсын хэрүүл болж байна. Хэрэв өнөөдөр Монгол Улс эдийн засгийн байдал хямралгүй, ард түмэн ядууралгүй байсан бол энэ гэрээ хэлэлцээр дээр тэсвэртэй тэвчээртэй үр дүнг нь хараад байж болох байсан. Гэвч сүүлийн үеийн ажлын хэсгүүдийн тогтоосон шалгалтын үр дүнгүүдээс харахад асуудал хүндрэх шинжтэй байна. Жишээ нь ОюуТолгой ордын анх тохирсон гэрээгээр 4.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт орно гэж заасан байсан. 2018 онд 11.1 тэрбум доллар болтлоо өссөн. Энэ яагаад ингэж өссөн нь тодорхойгүй. Анхны тойм судалгаа тооцоо хаана байна. Дараа нь Дубайн гэрээгээр ордуудынхаа лицензүүдийг газар нутагтайгаа алдах байдалд хүрсэн. Ийм дордуулсан гэрээ хийж банкны өндөр хүүтэй зээлийг хөрөнгө оруулагчаас авч өнөөдрийн байдлаар ямар ч ашиггүй ажиллаж байгаа. 34 хувьцааныхаа өр хүүгийн хамт 1.5 тэрбум доллар орчихсон байгаа байдлаа ирээдүйн ноогдол ашигт суутгаснаар үзэх юм бол 2039 онд ойролцоогоор 1 тэрбум долларын өртэй үлдэх тооцоолол гарч байгаа юм. Тэгэхээр үүнд Монгол Улсын эрх ашиг хохирохоос гадна гэрээг дахин яаралтай шинэчлэх, засах, хөрөнгө оруулагч нартай хамтран ярилцах зайлшгүй асуудал үүсч байна. Их хурлын даргын тогтоол захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг маш сайн ажиллаж олон заалттай ОюуТолгойн гэрээ дээр байгаа зөрчил дутагдлуудыг илрүүлж дүгнэлт гаргасан. Мөн Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж УИХ-аас Засгийн газарт өгөх тогтоолын төслийг боловсруулсан. Төсөлд гарч байгаа зөрчил, ТЭЗҮ-ийг дахин тодруулан боловсруулах. Мөн Оюу Толгой орчмын байгаль орчны байдлыг дахин нарийвчилсан үнэлгээ хийлгэх. Улмаар Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төсөл байна. гэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй