Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Иймээс тус Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжиж, хуулийн төслийг эцэслэн батлав. Уг хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй нэгэн адил хүчинтэй байх аж. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар заажээ. Харин төслийн 2 дугаар зүйлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу бусад хот, дүүрэг, тосгоны өөрийн улирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг судлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ гэж заажээ. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь (Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна) хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа

Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх, үндэсний хөтөлбөр болон гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, талуудын эрх, үүрэг, хариуцлага, оролцоог тодорхой болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүүхэд хамгааллын төв /Үжин/ зэрэг байгууллагуудтай цаашдын хамтын ажиллагааны талаарх Санамж бичиг байгуулах арга хэмжээ энэ сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Болд-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн, Хүүхдийн хөгжил хамгааллын албаны ахлах мэргэжилтэн Г.Энхжаргал, Гэр бүлийн хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Ангараг, Хүүхдийн эрхийн үндэсний төв ТББ-ын захирал Н.Арвинтариа, Хөтөлбөрийн менежер С.Байгалмаа, Хамгаалах байрны сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах, Хүүхэд хамгааллын төв ТББ-ын захирал С.Буянхишиг, хуулийн зөвлөх С.Түмэндэмбэрэл, Үжин хамгаалах байрны зохицуулагч Г.Өнөртуяа нар оролцлоо. Энэхүү Санамж бичиг-ийг байгуулснаар хамгаалалтын арга хэмжээ шуурхай, тасралтгүй хэрэгжих, гэрч, хохирогчид үзүүлэх дэмжлэг, туслалцаа, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх, ингэснээр гэмт хэргийн улмаас хохирсон гэрч, хохирогч, тэдгээрийн хамаарал бүхий иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах ажилд ахиц гарах юм. Нийтэлсэн:Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 14-ний өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны ерөнхийлөгч Сэр Сума Чакрабартиг хүлээн авч уулзлаа. Тус банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгож, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжиж ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлээд, 2024 он хүртэл Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичиг боловсруулах, тэргүүлэх хамтын ажиллагааны салбарыг тодорхойлох асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо. Ноён Чакрабарти Монгол Улстай хамтран ажиллах явцдаа жилд 1-2 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жилийн санхүүжилтэд 200-250 сая евро зарцуулах төлөвлөгөөтэй байгаа талаараа танилцуулж, энэ нь түлхүү хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ буюу автозам, эрчим хүч, нийтийн тээврийн хөгжил, цэвэр, бохир усны систем зэрэгт зарцуулагдах төлөвтэй байгаа гэсэн юм. Мөн сүүлийн үед Монгол Улсад өрнөж буй автозам, төмөр замын бүтээн байгуулалт нь банкны зорилго, зорилттой нийцэж байгааг дурдаад хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЕСБХБ-ны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, ноён Чакрабартид ажлын амжилт хүслээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Ц.Гарамжав: Алдагдлаа ард түмнийхээ халааснаас нөхөх нь буруу

УИХ-ын чуулганаар улсын төсвийг ид хэлэлцэж байна. Харамсалтай нь ирэх онд татвар нэмэгдэх, НД-ын татвар нэмэгдэж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Сайд дарга нар нь Капиталд банкинд өгөөд тавиад туучихсан Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг ийм замаар шийдэхээс өөр аргагүй хэмээн ичих ч үгүй тайлбарлаж байна. Нэг ёсондоо төр иргэдээ дээрэмдэж сууна. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав чуулганы танхимд нүүрэн дээр нь шүүмжилсэн юм. Тэрээр, -ОУВС-ын өргөтгөсөнхөтөлбөрийн нэрийг барьж олон асуудлыг шийдэх гэж оролдож байна. Тухайлбал, НД-ын сангийн татварыг нэмнэ гэж тохирсон гэж байна. Гэтэл өнөөдөр манай улс хөдөлмөрлөх ажиллах хүчний хомсдолд орж байна. Орлогын хэтэрхий зөрүүтэй байдлаас болж хөдөлмөрийн насны залуучууд эх орондоо ажиллах сонирхолгүй болсон байна. Ажлын байраа нэмэгдүүлж чадахгүй байгаа нь аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт их байгаагийнх. Тэр дундаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бодлого тогтолцоо чинь буруу яваад байна. Даатгалын олон хэлбэрүүд байдаг. Гэтэл төр өөртөө ийм хүнд ачаалал аваад төвлөрүүлээд, заримдаа шамшиглуулдаг, арилжааны банкуудад тавьж алддаг. Эргээд алдагдлаа ард түмнийхээ халааснаас нөхүүлэх буруу. Аль болохоор ажиллах хүчнийхээ орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг дэлхийн дундаж руу дөхүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Аж ахуйн нэгжүүд татвар төлчихөөд ард эргэлтийн хөрөнгөгүй болж үлдэж байна. Ийм л гунигтай, хохиролтой татварын бодлого явуулаад байна гэдэг хатуу шүүмжлэлийг хэллээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд батлагдлаа

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаарЗасгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж, тусган эцсийн хувилбарын төслүүдийг бэлтгэжээ. Мөн хуулийн төслүүдийн үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн хувьд хянан үзэж, зохих засвар өөрчлөлтийг тусгасан байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Архангай аймгийн Хашаат сумыг шилэн кабельд холбох, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Их-Уулын сумын Цэцүүх багийг өндөр хурдны интернетэд холбох, гар утасны үүрэн телефоны сүлжээ бий болгох талаар санал гаргасан ба энэ асуудлаар Байнгын хорооноос холбогдох байгууллагад хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй гэж үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Н.Оюундарь, халамжийг хавтгайруулан олгосноос түүнд зарцуулах мөнгийг хөгжлийн бодлого руу чиглүүлэх нь зүйтэй хэмээгээд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр хөгжлийн бодлого руу, ажлын байр нэмэгдүүлэх чиглэл рүү бус халамжийг хавтгайруулах руу чиглүүлж байгаа учир энэ асуудлыг эргэн харж, аж ахуйн нэгж, ажил олгогчид дарамт үзүүлэхгүй байх тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг эцэслэн баталлаа. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.