НҮБ-ын Суурин зохицуулагчийг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнав

Гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Беате Транкманныг Онцгой байдлын албаны Тэргүүний ажилтан тэмдэгээр шагналаа. Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулж баяр хүргэв. Онцгой байдлын албаны орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийг гамшгаас хамгаалах бэлтгэлтэй болгох, гамшгийн эрсдлээс хамгаалах төрийн бодлого боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг Шадар сайд тэмдэглэв. Мөн өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад НҮБ болон олон улс, донор байгууллагуудыг манлайлан оролцож, их хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг дурдав. Монгол Улсад ажиллах хугацаандаа Засгийн газар, Шадар сайдын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа хатагтай Беате Транкманн илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, өнгөрсөн онд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон гэдэгт талууд санал нэгдэв. Хатагтай Беате Транкманн БНХАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагчаар томилогджээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Илгээлт: Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах шаардлагатай

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019Тогтвортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо сэдвээр өнөөдөр Корпорайт зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан форумын үр дүнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг тусгуулж чадсан гэж форумд оролцогчид дүгнэж байгаа юм. Улмаар шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр байгуулагдах агентлаг, дагалдан гарах журмууд болон цаашид баримтлах бодлого, хийх ажлын талаар баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс санал авах зорилгоор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа хэмээн Баялаг бүтээгдчийг дэмжих холбоо ТББ-аас форумын эхэнд онцлон хэллээ. Засгийн газар, УИХ, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, тэдэнтэй холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа форумд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ: Монголын нийт баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд болон форумд оролцож байгаа Та бүхэнд ажлын амжилт хүсэн мэндчилж байна. 2018 он бол Монгол Улсын хувьд шударга ёс, хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлсэн цаг хугацаа байлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэж, шударга ёсыг эрэлхийлж, хуулийн засаглал хүчгүйдсэнийг засах гэсэн иргэдийн идэвх, тэмцэл сэргэсэн он байв. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 2018 оны 6 дугаар сард Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2018-ыг зохион байгуулсан нь үүнд зохих үр нөлөөгөө үзүүлсэн юм. Төрөөс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулсан жилийн 3%-ийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлийг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд мэдээллийн давуутай байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа авсныг энэ форумаар анх мэдээлж, мэдээллийн мөрөөр хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт идэвхийлэн зүтгэсний хүчинд хууль бус үйлдлүүд илэрч, одоо хууль хяналтын байгууллагууд шалган тогтоох үйл ажиллагаа явагдаж байна. Улс төрчдийн амин хувиа хичээсэн, авлигажсан хариуцлагагүй үйлдлийн улмаас эх орондоо хуулийн шударга засаглал тогтоон, шударгаар ажил хөдөлмөр эрхэлж, амар тайван аж төрөх ард түмний итгэл найдвар алдагдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учирсныг таслан зогсооход өмнөх жилийн форум ийнхүү онцгой түлхэц болсныг тэмдэглэх нь зүйтэй. Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах нэн шаардлагатайг эдгээр хууль бус үйлдлүүд харуулсан юм. Энэ жилээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож буй төсөл сонгон шалгаруулалт ил тод, олон нийтийн хяналт дор явагдаж эхэлсэн нь иргэдийн эсэргүүцэл, Та бүхний үйл ажиллагааны нэгээхэн үр дүн мөн. Төрөөс олгож буй нэн хөнгөлөлттэй зээл нь үндэсний үйлдвэрлэгчдэд бичлээс жижиг, жижгээс дунд үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа өргөжин тэлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэмлэхүй түлхэц болох учиртай. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 800 мянга гаруй баялаг бүтээгчдийн эрх ашиг бол нийт иргэдийн, улс орны хөгжлийн эрх ашиг юм гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой. Тиймээс жирийн иргэдийн боломжийг хулгайлсан, ЖДҮ-ийн гэж нэрлэгдсэн улс орны хөгжлийн эсрэг дээрх гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэх учиргүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2018 оны 11 дүгээр сард баялаг бүтээгчдийн төлөөлөл болох 150 бизнесменийг Иргэний танхимд хүлээн авч уулзаж, санаа бодлыг сонсож, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой түвшинд ажиллаж байна. Цаашид ч баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эрх ашгийг ямагт хамгаалж, хууль эрх зүйн орчныг тогтвортой, тодорхой байлгах, эх орондоо сайн сайхан, амар тайван амьдралыг цогцлоохын төлөө Та бүхнийг дэмжиж, хамтран ажиллах болно. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Мөнх тэнгэрийн ивээл, хөдөлмөрч хичээнгүй иргэдийнхээ хичээл зүтгэлээр Монгол Улс хөгжин цэцэглэх болтугай гэлээ.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 23-нд Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэх нь сэдвээрх өндөр түвшний анхдугаар уулзалт болов. Өндөр түвшний уулзалтад гишүүн улс орнууд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Байнгын төлөөлөгч, мөн олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов. Уулзалтын эхэнд Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэх тухай улс төрийн тунхаглалыг санал нэгтэйгээр батлав. Өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, тулгарч буй сорилтууд талаар мэдээлэв.

БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолинийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, БНХАУ-ын ТӨЗО-ны нарийн бичгийн даргын орлогч Дань Зэн Лүнь Жү, БНХАУ-ын ТӨЗО-ны Соёлын танхимын бодлого зохицуулалтын газрын дарга Ли Шиун нар байлцав. Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо. Тэр дундаа соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт харилцан үр ашигтай хамтарч ажиллах боломжтойг талууд онцолсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байна. Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жил, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон үр дүнтэй ажлууд зохион байгуулагдаж байгаа. Цаашид ч хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжилд Төвдийн өөртөө засах орны оролцоо чухал нөлөөтэй гэж харж байна хэмээв. Төвдийн өөртөө засах орны соёлын төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Төвдийн соёлын цуврал арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Мөн цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон боломж байгааг олж харсан гэдгээ БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолин уулзалтын үеэр онцолж хэллээ. Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолин Хотын даргыг Төвдийн өөртөө засах оронд албан ёсны айлчлал хийхийг урьсныг талархан хүлээн авсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ерөнхий сайд жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Худалдаа эрхлэгчдийн холбоо, БГД-т худалдаа эрхлэгч иргэдийн Эвсэг холбоо, ТҮЦ эрхлэгчдийн холбоо болон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Тэд Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж торгуулийн доод, дээд хэмжээг зааж өгөх, өдрийн зээлийг цэгцлэх, СХД-ийн 23 дугаар хорооны 40 өрхийг эрчим хүчээр хангаж, газрын маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ялангуяа мөнгө хүүлэлтийн сүлжээ болсон өдрийн зээл жижиглэн худалдаа эрхлэгчдэд асар их дарамт болж байгааг хэллээ. Тэд арилжааны банкнаас зээл авах шалгуур хангадаггүй учир аргагүйн эрхэнд өндөр хүүтэй өдрийн зээл авдаг байна. Хувиараа жижиглэн худалдаа эрхэлж байгаа иргэдээ аль болох дэмжих ёстой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Тэднийг торгохоо урьтал болголгүй, аль болох анхааруулж сануулдаг байх, хууль, дүрэм, журмыг сурталчлан таниулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Жижиглэн худалдаа эрхлэгчид, холбоодын төлөөллийн тавьсан хүсэлтийг судалж, шийдвэрлэх боломж, гарцыг долоо хоногийн дараа эргэн танилцуулахыг мөн сануулав. Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын удирдлагууд оролцов гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.