Г.Занданшатар: Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж хөгжих боломж өргөн байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор өнөөдөр (2019.06.20) Инновац ба хөрөнгө оруулалт сэдэвт форумыг зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судлагааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши, Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким нарыг Лхагва гарагт (2019.06.19) Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Хүндэт профессор цолоор шагнав. Тус сургуулийн Хүндэт профессор цол олгох үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, ШУТИС-ийн ЭШХА эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Т.Намнан, ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор Д.Бадарч болон зочин профессорууд, эрдэмтэн судлаачид, багш ажилтнууд оролцлоо. Мөн энэ үеэр АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судалгааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши Оюуны алдагдлаас оюуныг холбож, эргэлтэд оруулах нь: Буурай хөгжилтэй орнуудын их, дээд боловсролын асуудал сэдвээр, Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким Сайн сайхан нийгмийн төлөө технологийн боломжууд сэдвээр тус тус лекц уншсан юм. Тэд лекцдээ Монгол Улс технологи болон боловсролын салбартаа томоохон өөрчлөлтийг хийх цаг нь болсныг дурдаад технологийн хөгжлийг зөв ашиглаж чадвал олон салбарт хурдацтай амжилт гаргах боломжтойг тэмдэглэсэн. Тодруулбал, Уганда улс зөвхөн гар утасны мессежний тусламжтайгаар эхийн эндэгдлийг бууруулж чаджээ. Жирэмсэн эхчүүдэд хэрэгтэй мэдээллийг нь гар утасны мессежээр илгээдэг болсноор тус улсад гарах эхийн эндэгдэл огцом буурсан байна. Технологийн хөгжил хүний наслалтад ч нөлөөлж, урт наслах боломжийг өгч байна. Мэдлэгийг мэдээллээс ялгаж, технологийн хөгжлийг ашиглаж бусдад мэдлэгийг түгээх нь олон салбарт чухал үр дүн авчирдаг. Гэхдээ технологийн хөгжлийг ёс зүйтэйгээр ашиглах нь чухал гэдгийг доктор Жеон Хун Ким лекцдээ онцолсон. Дэлхий дахинтай мөр зэрэгцэн хөгжихөд оюунлаг иргэдийг олноор бэлтгэж, гадны томоохон их дээд сургуулиудад сургах хэрэгтэй. Сургаж бэлтгэсэн боловсон хүчнээ эргүүлэн эх орондоо авчирч ажиллуулахад төрийн бодлого шаардлагатай. Улс дамнасан нийгмийн сүлжээг бий болгож, гадаадад байгаа монгол хүмүүсийг авьяас чадварыг ашиглах тогтолцоог бүрдүүлж чадвал улсын хөгжил хурдацтай байна. Олон улсад мэргэжлийн өрсөлдөх ур чадвараараа Монгол Улс 76 дугаар байрт эрэмбэлэгддэг. Оюуны алдагдал буюу оюунлаг хүмүүсээ гадагш алдахаас бүү ай. Харин тэднийгээ яаж зөв ашиглах тал дээр анхаарч, өөрийн орны их дээд сургуулийн чадамжийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр олон улстай харилцаа холбоо сайжирч, хамтын ажиллагаа өргөжинө. Харилцан туршлага солилцож, боловсролын салбараар дамжуулан улсын хөгжилдөө томоохон хөрөнгө оруулалтыг хийж чадна гэдгийг доктор Жи Вуук Ши хэлсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч тавдугаар сард Шинжлэх ухааны академи болон зарим их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажилласнаа онцлоод Ирээдүйн хөгжил тийрэлтэт өсөлттэй байна. Одоогийн шугаман тогтвортой хөгжил биш болж байна. Хөгжлийн өсөлтийг тааварлахад технологийн хөгжил бидэнд том боломжуудыг өгч байна. Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд бэлтгэн гаргасан Дэлхий дахины хүний капиталын талаарх тайлан (The Global Human Capital report)-д оюуны чадавхаараа (доктор Шиний судалгааны нэр томъёогоор бол онцгой чадамжтай хүний нөөцөөрөө) Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин ноу хау буюу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд мэдлэг шингээсэн байдал нь дэлхийн 130 орноос 111-д оржээ. Энэ үзүүлэлт бол монгол хүмүүс оюуны өндөр потенциалтай бөгөөд түүнийгээ цааш нь хөгжүүлж, хэрэглэх асуудал дээрээ доголдож, улмаар мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр хоцрогдож явааг харуулж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ цаг үед бид зөвхөн хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөхөөс гадна инновацын эко-систем гэх ойлголтыг онцгойлон анхаарах шаардлагатай байна. Инновацын эко-систем бол хоёр өөр эдийн засаг-аас бүрддэг. Нэг талаас, суурь болон хавсарга судалгаагаар дэмжигдсэн судалгааны эдийн засаг, нөгөө талаас зах зээл, үйлдвэрлэлээр тодорхойлогдох арилжааны эдийн засаг юм. Энэ хоёр эдийн засаг нь эхнээсээ харьцангуй сул харилцан хамааралтай оршин байсан тул инновацын хөгжил манайд эрчимтэй явагдахгүй байгаагийн нэг илрэл. Бодит байдалд бид дүгнэлт хийж, залуус, эрдэмтдийнхээ оюуны потенциалыг хөгжүүлэх, улмаар тэдний бүтээсэн инновацыг дэмжих бодлогыг төрөөс онцгой анхаарах шаардлага тулгарч байгааг мэдэрч, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхлээд байна. Иймд ойрын хугацаанд энэ салбарын бодлогын зохицуулалт болон эрх зүйн орчин сайжирна гэж итгэж байна. гэв. Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким: Дэлхийд нэртэй инженер манлайлагч бөгөөд холбоо мэдээллийн технологи, компьютерийн дизайн, хиймэл дагуулын системийн дизайн, инновацын салбарт дорвитой хувь нэмэр оруулсан Америкийн 10 нөлөө бүхий Ази гаралтай эрдэмтний нэг юм. Технологи, инновацын салбарт тэргүүлэх үүрэгтэй ажиллаж байсных нь хувьд түүнийг үндэсний аюулгүй байдал, энх тайвныг хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж АНУ-ын Технологи, Инновацын Үндэсний Медалиар шагнаж байжээ. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судалгааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши: Ази-Номхон далайн бүсийн онцгой чадамжтай хүний нөөцийн урсгалын үр шим, боломжийг судлах судалгааг явуулж, гадаадын болон уугуул иргэдийн ур чадварыг илэрхийлэх Оюуны хүч буюу brain power-ын нийлүүлэлтийг сайжруулж, харилцан өрсөлдөөнийг өрнүүлж байгаа тус бүсийн орнууд, хотууд тэдний хамтын ажиллагааг судлан ажилладаг. Тэрбээр, Ази-Номхон далайн бүсэд хот, их, дээд сургууль, тэдний хамтын ажиллагааны орчинд үндэстэн хоорондын хүмүүн болон нийгмийн капиталын үр шимийг хүртэх, үндэсний хил хязгаарт онцгой чадамжийн урсгалыг судлах төслийг хэрэгжүүлдэг. Энэхүү төслөөрөө үндэстэн хооронд шилжиж байгаа оюуны хүчний асуудалд бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах зорилготой ажиллаж байна. Энэ онд ШУТИС-ийн 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрсдийн түүхт ойд зориулан гаргаж буй бүтээлийн дээжсээс болон Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш эрдэмтдийн бүтээсэн нано технологиор боловсруулан хийсэн төрийн далбааг гардуулан өгөв. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилов

2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд тухайн иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа чадахуйн зарчим /мерит/-д буюу мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ гэж заасан. Үүнийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын дарга, 2018 оны 12 дугаар сараас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажилласан. Б.Ганбат нь төрийн албанд 23 жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 13 жил ажилласан бөгөөд өнгөрсөн онд Төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл болжээ. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХОД АШИГЛАСАН МАШИН, ТЕХНИКИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО

Засгийн газрын өнөөдрийн /2019.06.19/ хуралдаанаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд тогтоол гаргалаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийхдээ хэд хэдэн анхаарал татахуйц, ноцтой тоо баримтыг дэлгэсэн юм. Тухайлбал, өнгөрсөн 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэнээс 25.8 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарсан бөгөөд 12 хүн амь насаа алджээ. Мөн барилга, цахилгаан, хий, агааржуулалтын салбарт ч ослууд гарсаар байна. Энэ онд л гэхэд Эко алтан заамар, Пентатерра компаниудад гарсан ослын улмаас таван хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаагүйгээс Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амь эрсэдсэн осол гарлаа. Хүний аминаас үнэтэй барилга байгууламж, орд уурхай гэж байхгүй. Тиймээс осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтээрээ анхаарал тавих цаг болоод байна хэмээсэн юм. Шадар сайдын энэхүү мэдээллийн мөрөөр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг шийдвэрлэжээ. Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчаас гаргаж хүргүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгох эрх зүйн зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт, аймаг нийслэл, сум дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгов. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагыг нэн шаардлагатай хяналт шалгалтын тоног төхөөрөмжөөр хангах, хөдөлмөрийн, өргөх механизмын, газрын тос, хийн хяналтын, геологи, уул уурхайн зэрэг хяналтын улсын байцаагчдын орон тоог нэмэгдүүлэхээр болов. Монголд 1500 гаруй ШТС, хийгээр цэнэглэх станц, шатахууны агуулах үйл ажиллагаа явуулдаг байтал Мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд энэ чиглэлийн 3 улсын байцаагч, 21 мянга гаруй өргөх байгууламжид мөн 3 улсын байцаагч хяналт тавьдаг байна. Улсын хэмжээнд 80 гаруй мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ердөө 66 байдаг аж.

АЗИД ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ (CICA) БАГА ХУРЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ТАВ ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний тав дахь удаагийн уулзалт Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо 6 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагаанд тун чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улсаас Тажикистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Душанбе хотноо болсон дээд хэмжээний энэ удаагийн уулзалтад 30 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцсоноос 20 гаруй орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага зэрэг Азид төдийгүй дэлхийд голлох үүрэг гүйцэтгэж буй томоохон улс орнуудын төлөөлөгчид, улс төрийн лидерүүд хүрэлцэн ирж оролцов. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Ази тивийн аюулгүй байдлын салбар дахь хамгийн өргөн хүрээний олон талт уулзалт бөгөөд үүгээр дамжуулан Азийн орнууд харилцаа холбоогоо эрчимжүүлэх, тус бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулах талаар хэлэлцэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (CICA) гишүүн орнуудад Азербайжан, Афганистан, Бахрейн, Вьетнам, Египет, Израиль, Иордан, Ирак, Иран, Казакстан, Камбодж, БНКирУ, Монгол, ОХУ, Пакистан, Палестин, БНСУ, Таджикистан, Тайланд, Турк, Узбекстан, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Энэтхэг зэрэг 27 улс орон байдаг бөгөөд энэ нь Ази тивийн хүн амын болон газар нутгийн 90 гаруй хувийг эзэлж байна. Мөн АНУ, Бангладеш, Индонез, Катар, Малайзи, Украйн, Филиппин, Япон зэрэг ажиглагч орон багтдаг. Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгал орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий АХАИББХ-ын дээд түвшний анхдугаар уулзалт 2002 оны зургадугаар сарын 4-нд БНКазУ-ын Алматы хотод болж АХАИББХ-ын дүрэм-Алматын Тунхаглал хэмээх үндсэн баримт бичигт гарын үсэг зурж байжээ.

Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2019.06.18) хуралдаан 17 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар ил санал хураалт явуулж олонхийн саналаар сонгож Байнгын хороо тогтоол гаргана хэмээн заасан байдаг. Дэд хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу түүнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа. Б.Бат-Эрдэнэ гишүүн нь 2004-2008 он, 2008-2012 он, 2012-2016 он, 2016 онд тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж буй туршлагатай парламентчийн хувиар Ёс зүйн дэд хороог удирдаж авч явах чадвартай хэмээн үзэж нэрийг дэвшүүлж байгаагаа Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Уг танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ёс зүйн дэд хорооны чиг үүргийн талаар онцлон дурдаад, нэг үетэйгээ харьцуулахад УИХ-ын хуралдааны үйл ажиллагаанд дэвшил гарсан гэдгийг хэллээ. Цаашид сахилга хариуцлага, ёс суртахууныг сайжруулах, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага бий гэдгийг хэлж, амжилт хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн нэр хүндийг өргөх үүднээс ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах шаардлагатай. Цаашид УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, хуралдааны ирцийг бүрдүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад Ёс зүйн дэд хорооны даргын үүрэг ихээхэн чухал. УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад харъяалах Дэд хороонд хүргүүлсэн. Мөн Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад хүргүүлсэн байгаа. Эдгээрийг ойрын хугацаанд хэлэлцэн батлахаас Дэд хорооны даргын ажил эхлэх учиртай хэмээгээд Б.Бат-Эрдэнэ гишүүнд ажлын амжилт хүслээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Иймд Дэд хорооны даргыг чөлөөлөх, сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг С.Бямбацогт дарга танилцуулав. Уг танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжснээр Байнгын хорооны тогтоолыг батлагдав.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.