УИХ-ынХууль зүйн байнгын хорооны 2019 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаарӨмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Мурат, Х.Нямбаатар нар ажилласан байна. Хоёр удаа ажлын хэсэг хуралдсан бөгөөд дараах санал, дүгнэлтийг боловсруулжээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах талаар хуульчлахаар санал гаргасан байна. Ингэснээр иргэн өөрийгөө өмгөөлөх сонголт хийсэн тохиолдолд төсөлд заасан өмгөөлөгчийн эдлэх эрх, үүргээс тодорхой эрхийг эдэлж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг бүрдүүлнэ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой тодорхой саналыг тусгасан гэв. Өмгөөлөгч нийгмийн хариуцлагын хүрээнд нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн чадваргүй иргэнийг үнэ төлбөргүй өмгөөлөх үйл ажиллагааг явуулах бөгөөд зохион байгуулах үүргийг Өмгөөлөгчдийн холбоо хариуцах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өмгөөллийн үйл ажиллагааны амин сүнс болсон үйлчлүүлэгч-өмгөөлөгчийн хоорондын харилцааг тодорхой болгож үйлчлүүлэгчийн эрхийг хангах талаар тодорхой саналуудыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, иргэд өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаар өмгөөллийн үйл ажиллагаа эхэлсэнд тооцдог бус, өөрийн нууцаа, мэдээллээ, хүсэлтээ өмгөөлөгчид гаргаж ярьснаар өмгөөлөгчийн үйлчлүүлэгч болсонд тооцдог зохицуулалтыг оруулахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг томъёолсон байна. Өмгөөллийн нууцлалтай холбоотой асуудлуудыг онцгойлон анхаарч, өмгөөллийн нууцад үйлчлүүлэгчид үзүүлж буй хууль зүйн мэргэжлийн туслалцаа, өмгөөлөгч-үйлчлүүлэгчийн холбоотой бүхий л баримт сэлт, мэдээллийг хамруулах, өмгөөлөгч өмгөөллийн нууцыг хадгалах өмгөөллийн үйл ажиллагааны зарчим, өмгөөлөгчийн үүрэгт нэмж, үйлчлүүлэгчийг хамгаалах, өмгөөллийн нууцыг задруулахыг хориглохоор төсөл тусгасан байна. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж үзвэл мэдээлэл, лавлагааг төрийн болон төрийн бус байгууллагаас гаргуулах эрхтэй байх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Энэ хүрээнд холбогдох албан тушаалтан тухайн мэдээлэл, баримт сэлтийг гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлэх, холбогдох хуулиар нууцад хамааралтай асуудлаар өмгөөлөгч нууцын баталгаа гаргасны үндсэн дээр танилцах боломжтой байхаар төсөлд тусгажээ. Иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцааг чанартай, шуурхай үзүүлэх, түүнчлэн өмгөөлөгчдийг хариуцлагажуулах үүднээс өмгөөллийн үйл ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрх, үүрэг, хориглох зүйлийг нарийвчлан тодорхой тусгах, үүнд өмгөөлөгч хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалан зохих бэлтгэлтэй оролцох, үйлчлүүлэгчидтэй хүндэтгэлтэй харилцах, гарсан нэмэлт зардлыг үйлчлүүлэгчид танилцуулах зэрэг үүргийг нэмсэн байна. Өмгөөлөгчөөс иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах үндсийг бүрдүүлэх үүднээс өмгөөлөгчөөр ажиллах эрх авахдаа мэргэжлийн шалгалт өгдөг байх нь энэ хуульчийн мэргэжлийн шалгалтаас онцлог буюу мэргэжлийн бэлтгэл, ёс зүй, мэтгэлцэх ур чадвар зэрэг өмгөөлөгчөөр ажиллахад шаардлагатай ур чадварыг шалгах агуулгатай байхаар тусгасан болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурор нь шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсдөг бөгөөд энэ нь шүүхийн өмнө оролцогчдыг тэгш бус эрхтэй мэт харагдуулдаг тул үүнийг хэлбэрийг хувьд засах, өмгөөлөгч прокурортой тэгш мэтгэлцэж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлэх, нөгөө талаар иргэний захиргааны хэрэгт мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийг итгэмжлэлийн үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж байгаа этгээдээс ялгах үүднээс өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсдөг байхаар төсөлд тусгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Иймд өмгөөлөгчийн тусгай өмсгөлийн загвар, хийц, холбогдох журмыг Өмгөөлөгчдийн холбоо батлах аж. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хэлбэрийг нөхөрлөл байхаар төсөлд тусгасан байсныг өргөжүүлж хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл-ийн хэлбэрээр эрхэлж болохоор буюу өмгөөллийн хуулийн этгээд зах зээлийн зарчмаараа хөгжих боломжийг нээх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг шийдвэрлэсэн байна. Мөн Өмгөөлөгчдийн холбооны чиг үүргийг тодорхой болгох, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах нөхцөлүүдийг нэмж тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналыг нэгбүрчлэн хэлэлцэж төсөлд тусгасан гэв. Ийнхүү зарчмын зөрүүтэй 45, найруулгын шинжтэй багцалсан 3, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаар 7 саналыг тус тус бэлтгэн томъёолсон байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй хувь мэргэжилтэн, байгууллагын төлбөрийн баримтын талаар болон өмгөөллийн хөлстэй холбоотой ямар нэг зохицуулалт төсөлд бий эсэхийг тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төсөл дэх өмгөөллийн даатгалтай холбоотой зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав өмгөөлөгчдийн ёс зүй, өмгөөллийн нууцыг чандлахтай холбоотой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өмгөөлөгчид болон өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын татвар төлөлтийн талаарх дэлгэрэнгүй тоон мэдээллийг тус тус тодруулж, ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсан юм. Ингээд ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив
2019-06-12 10:10:13 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаарГэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Тэрбээр 2018 онд тус Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Улсын Их Хурал, Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн хэд, хэдэн гэрээ байгуулснаа дурдав. Энэ үеэр Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг байгуулахаар тохиролцсон гэлээ. Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлэх боломж бүрддэг. Дээрх гэрээ нь 22 зүйлтэй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд дурдав. Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын 3 иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бол Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй гэдгийг энэ үеэр танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
С.Бямбацогтыг Байнгын хорооны даргаар сонгохыг санал нэгтэй дэмжив
2019-06-12 10:02:44 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ынТөрийн байгуулалтын хорооны энэ сарын 11-ний өдрийнхуралдаанаар эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. УИХдахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж буй талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хорооны даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт нь 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ. Тэрбээр 1998-2000 онд Ховдын өргөө ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд Нью Прогресс ХХК-ийн захирал, 2006-2008 онд Нью Прогресс группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд Нью Прогресс группын ерөнхийлөгчөөр ажиллажээ. Улмаар 2008-2012, 2012-2016 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2013-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2016 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож ажилласан. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2019-06-12 09:52:28 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Төрийн байгуулалтын хорооны2019 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаарӨргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм. Манай улсын хувьдөргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, тавигдах шаардлага өөрчлөгдөж байна. Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 1, орон нутагт 50 байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан хэрэгцээ, шаардлагыг харгалзан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд төсөлдхуулийн зорилт, өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ,хуулийн нэр томъёоны тодорхойлолт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд баримтлах зарчим, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрлийг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах үндэслэл, хураамж, тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон дуусгавар болох үндэслэл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглохзохицуулалтыг тусгасан гэдгийг илтгэгч дурдав. Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч болон радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага, өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагууд, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд хориглох зүйлийг нарийвчлан зааж өгсөн байна.Тухайлбал, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид ньүнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх; зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах; гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх; хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох; нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан байх; хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх;дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлдтөрийн байгууллага, албан хаагч, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч мэдээ, нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглохоор зохицуулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөл бүрдэнэ;өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлага тодорхой болж, радио, телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно; сэтгүүлч болон редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна. Өргөн нэвтрүүлгийн зах зээл дээр хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам тодорхой болж,өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах боломж нэмэгдэж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, удирдлагын багтай холбогдох мэдээлэл олон нийтэд ил тод болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч онцоллоо. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулжээ. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Содбилэг нар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, О.Баасанхүү, Я.Содбаатар, Д.Лүндээжанцан нар үг хэлж хуулийг төслийг дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж тал талын төлөөллийг оролцуулан нухацтай хэлэлцэх шаардлагатай, мөн монгол контентыг дэмжих, хэрэглэгчдэд дарамт учруулахгүйгээр асуудлыг зохицуулж шийдэхэд анхаарах, тэрчлэн хуулийн төслийн нэр томьёо, бичиглэл, гадаад үг хэллэгийг эргэж харах шаардлагатайг хэлж байв. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо
2019-06-12 09:47:03 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Төрийн тэргүүн айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийж, зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна. Мөн ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөсөн бөгөөд ШХАБ-ын уулзалтын дараа Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт 5-р уулзалт болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Ж.Энхбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй