Хятадын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна. Энэ тухай Хятадын Коммунист намаас Ши Жиньпин дарга пүрэв, баасан гарагт Умард Солонгост албан ёсны айлчлал хийнэ гэж мэдээлснийг төв телевизээр нь дамжуулжээ. Ши Жиньпин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж, хоёр улсын 70 жилийн харилцааг эргэн харж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно гэсэн мэдээлэл байна. Мөн Солонгосын хойгийн нөхцөл байдлыг шийдвэрлэх улс төрийн шийдвэрүүд, арга замын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Ажиглагчид энэ талаар Хятадын тал энэ сарын сүүлчээр Осака хотод болох Их-20-ийн уулзалтын үеэр байр сууриа өсгөж харуулахыг хүсч байна гэж тайлбарлаж буй юм байна. Энэ зуурт Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг Ши Жиньпиний айлчлалыг Хятадын талаас зарласан хугацаанд болно гэж мэдээлсэн байна. Мөн удирдагч Ким Жон Уны урилгаар айлчилна гэсэн байна. Хятадын дарга Ши Жиньпин Умардад хийх айлчлал түүнийг 2012 онд төрийн эрхэнд гарснаас хойш, мөн Хятадын даргын хувьд сүүлийн 14 жилийн хугацаанд хийж байгаа анхны айлчлал болох юм байна.
МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
2019-06-17 09:01:21 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 16-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийв. Талууд ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн чухлыг нотолж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд тогтмолжиж буйг дурдав. Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжиж, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэн бүтцийг төрөлжүүлэхэд Япон Улсын Засгийн газар сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл-ийн 1 дүгээр шатыг амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглээд, хоёр дахь шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгоход дэмжлэг хүсэв. Монголын тал Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буй гээд энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг хийх санал тавилаа. Гадаад хэргийн сайд Т.Коно хоёр орны худалдааг хоёр урсгалд тэлэх шаардлагатай байгааг дурдаад цаашид энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Монголын тал Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж ирсэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн зээл төслийн дараачийн шатыг хэрэгжүүлэх хүсэлт тавив. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал-ын концессын гэрээ байгуулах яриа хэлэлцээ амжилттай болж, талууд зарчмын тохиролцоонд хүрээд буйг хоёр тал сайшааж, нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах талаар эрчимтэй ажиллахаар тохиров. Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжаар баригдсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа Монгол, Япон сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа Сайд Т.Коно баяртай буйгаа илэрхийлж, монголын тал энэхүү эмнэлэг нь манай анаагах ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь оруулахыг талархан тэмдэглэв. Манай тал Монгол Улсын мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт Японы техникийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүс нутгийн тээвэр, логистик, эрчим хүчний сүлжээг сайжруулахад чиглэсэн санаачилгууд, хөрөнгө оруулалтын төслүүдэд оновчтой байдлаар оролцох сонирхолтой байгаагаа нотоллоо. Энэ оны 4 дүгээр сард Монгол Улсаас Япон Улсад ур чадвартай ажилтан илгээх тухай хамтын ажиллагааны баримт бичгийг хоёр тал байгуулсныг сайшааж, цаашид тууштай хэрэгжүүлж ажиллахаар болов. Хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ оны 7 дугаар сард зохион байгуулахаар тогтлоо. Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсны 45 жилийн ойн энэ онд тохиож буйг талууд тэмдэглэж, уг ойн хүрээнд болон 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтаж, соёл, урлаг, биеийн тамир, спортын солилцоог өргөжүүлэхээр ярилцлаа. Сайд Т.Коно Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож буйг Япон Улсын Засгийн газар өндрөөр үнэлдэгийг тэмдэглээд энэ хүрээнд манай Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Энэ удаагийн Хааны эрэлд 2019 олон улсын хамтарсан хээрийн сургуулилтад Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчнийхэнээс өнөөг хүртэлх хамгийн өргөн буюу 60 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буйг мөн тэмдэглэв. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг нотолж, бүс нутаг, олон улсын талбар дахь хоёр талын болон олон талт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж ажиллахаар тогтов. Яриа хэлэлцээ илэн далангүй, найрсаг уур амьсгалд болж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болов.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ АРМЕНИ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДЭД ДАРГАТАЙ УУЛЗАВ
2019-06-14 10:15:48 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Армени Улсын парламентын дэд дарга Микаэл Мелкумян тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтын үеэр Монгол, Арменийн уламжлалт, найрсаг харилцааг хөгжүүлэх, соёл, боловсролын хамтын ажиллагааг сэргээх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов. Сайд Д.Цогтбаатар Монголын олон оюутан залуус Ереваны их дээд сургуулиудад суралцаж байсныг онцлоод Монгол, Арменийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулах саналыг манай талаас тавьж, энэ чиглэлд хамтран ажиллахаар тогтов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн хуралд оролцов
2019-06-13 12:35:35 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралд оролцлоо. Хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаа, барилга байгууламжийн байдалтай танилцаж, урлаг соёлын чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан шийдвэрүүдийн талаар оролцогчдод мэдээлэл өгөв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ Соёл урлагийн Үндэсний зөвлөл байгуулагдаад удаагүй ч Засгийн газрын түвшинд олон асуудал шийдэгдэж эхэлсэн. Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейг шинээр барихаар газрыг сонгож, зураг төсөлд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн. Улсын Филармоны хөгжим зэмсгийг шинэчлэн, театруудыг автобустай болгосон зэрэг дэд бүтцийн асуудлуудыг шийдсэн. Ирэх онуудад УДЭТ, ДБЭТ-ыг шинэчлэн хуучин загвараар нь барих, түүхэн болон хүмүүжлийн ач холбогдол бүхий кино захиалгаар бүтээлгэх, соён гэгээрүүлэх ажилд багш нарын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын ажлууд хийгдэх болно. Соёл урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Ард түмнээ соён гэгээрүүлэхгүйгээр бид хөгжихгүй. Монголын төрт ёсонд иргэдээ гаднаас засдаг хууль цааз, дотоод сэтгэлийг нь засдаг номын засаг гэдэг хосолмол засаглалаар удирддаг байж. Номын засаглал гэдэг нь хүн ардаа эрүүл биетэй, саруул ухаантай хүнлэг нинжин сэтгэлтэй эх орондоо хайртай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой соён гэгээрүүлэх бодлого аж. Бид номын засаглалын бодлогыг орхигдуулсан байна. Цаашид иргэдээ соён гэгээрүүлэх явдлыг бүх нийтийн үйл хэрэг болгох ёстой. Үүнд урлаг соёл, спортынхон та бүгдээс Монгол Улсын Засгийн газар дэмжлэг хүсч байна. Соёл урлагийн Үндэсний зөвлөлөөр дамжуулж бүх нийтийг соён гэгээрүүлэх энэхүү ажлыг хийх хэрэгтэй. Засгийн газар бодлогын суурь баримт бичигүүдийг боловсруулан батлуулахаас гадна дэд бүтцийн асуудлууд тэр дундаа барилга байгууламжуудыг шинээр барих, техник хэрэгслийг шинэчлэх гэх мэт богино хугацааны урьдчилсан арга хэмжээг ч орхигдуулалгүй авч ажилласаар байна гэв. Засгийн газраас урлаг, соёлын салбарт анхаарал хандуулж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн гэж Мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл, Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн гишүүд мэдэгдлээ. 2019 оноос Мэргэжлийн урлагийн байгууллагууд үйл ажиллагааны орлогоо захиран зарцуулах эрхтэй болсон нь уран бүтээлчдийн бүтээх туурвих соён гэгээрүүлэх ажиллагаанд дэмжлэг болж, цаг алдалгүй шинэ бүтээл гаргах боломж олгож, санхүүгийн хүндрэлээс гаргажээ. Соёл урлагийн Үндэсний зөвлөл Бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Соёлын өвийг хадгалах, түүнийг түгээн дэлгэрүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Сонгодог болон орчин үеийн урлагийг дэмжин ажиллах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагааны чиглэлээ төлөвлөснөөс олонх нь хэрэгжиж эхэлжээ. Дөрвөн дэд ажлын хэсэг байгуулагдан 100 гаруй санал гаргасныг нэгтгэн төлөвлөгөөнд тусгасан байнагэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төсөл хүлээн авах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа
2019-06-12 10:20:37 Нийтлэгдсэн: Улс төрЖижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй олгох зээлийн төсөл хүлээн авах ажиллагаа 05 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 10-ны хооронд амжилттай зохион байгуулагдлсан талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон ЖДҮХСангийн Захирал Б.Батцэцэг нар мэдээлэл хийлээ. Төсөл хүлээн авах ажиллагааг 21 аймаг, Улаанбаатар хотын 3 цэг дээр зохион байгуулалтын өндөр түвшинд нийт 2,752 иргэн, аж ахуйн нэгжийн 487,196.3 сая төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, цахим системд бүртгэлээ. Үүнээс хөдөө, орон нутагт 20.0 сая-200.0 сая төгрөгийн 1,341 иргэн, аж ахуйн нэгжийн 105,930,4 сая төгрөгийн зээлийн хүсэлт, Улаанбаатар хот буюу ЖДҮХСан дээр 1,411 иргэн, аж ахуйн нэгжийн 381,265.9 сая төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгдсэн байна. Энэ жилийн төсөл хүлээн авах ажиллагаа олон нийтэд ил тод, мэдээлэл сайтай, бүх талын зөвлөгөө дэмжлэгийг тухай бүрт үзүүлж ажилласнаар өмнөх жилүүдээс төсвийн хэмжээ 2 дахин буурсан ч иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн зээлийн хүсэлт 1.8 дахин нэмэгдсэн байна. Зээлийн хүсэлтийн дүнг батлагдсантай төсөвтэй харьцуулахад 10.3 дахин их буюу 440.2 тэрбум төгрөгийн илүүдэл эрэлт бий болсон байгаа нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр, бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн бодлогоор дэмжихэд ихээхэн хөрөнгө шаардлагатай, мөн өрсөлдөөн ихтэй байгааг харж болохоор байна. Энэ удаагийн ЖДҮХСангаас 1,429 аж ахуйн нэгж, 1,323 иргэн зээл хүссэн байна. Үүнээс, орон нутагт 828 иргэн, Улаанбаатарт 495 иргэн төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байгаа нь өмнөх онуудаас 2-3 дахин ихэссэн байгаа нь мэдээлэл ил тод, нээлттэй, зохион байгуулалт сайтай байсны дүнд жинхэнэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хамрагдах нөхцөл бүрдсэн байна. Дунд болон томоохон зээл хүссэн буюу банкаар дамжуулах 11 иргэний 11.3 тэрбум төгрөгийн, 186 аж ахуйн нэгжийн 137.9 тэрбум төгрөгийн нийт 143,497.0 сая төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХС-д бүртгэгдээд сонгон шалгаруулалтанд оролцоход бэлэн болоод байна. Дараагийн шатанд батлагдсан дүрэм журмын хүрээнд төсөлд тавигдах шаардлага болон төслийн иж бүрдэлийг зэрэг шалгах бөгөөд ЗГ-н тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, Нийтийн ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулийн 20.2-т заасан эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий гишүүдийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгж төсөл сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй шууд хасагдах нөхцөл байдал бий болно. Эхний шатны төсөлд тавигдах шаардлага, иж бүрдлийн шаардлага хангасан төслийг ЖДҮХСан болон Аймгийн ХХААГазар тус хариуцан журмын хүрээнд дараагийн төслийн шатны шалгаруулалтанд автоматаар шилжүүлэн тухай бүрт олон нийтийн мэдээлэлээр мэдээлж ажиллах болно. Мөн өмнө нь төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцож байсан зарим нэг албан тушаалтаны хариуцлагагүй, ёс зүйгүй байдлын улмаас ах, дүү амраг садандаа төсөл авч өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон дээрх байдалд хяналт тавьж ажиллаагүй албан хаагчид шат шатны хариуцлагын арга хэмжээг авах болно. Цаашид төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод зохион байгуулах тал дээр ХХААХҮЯам, ЖДҮСХСан ихээхэн анхааран ажиллах болно гэж ХХААХҮСайд болон холбогдох албан тушаалтнууд мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй