АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга З.Давшдаваа, дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан нар тус газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.Уулзалтад Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албадын дарга нар, Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон тус зөвлөлийн гишүүд оролцлоо. Олон нийтийн зөвлөлийн гишүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой санал танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бэлэн бусаар төлбөр тооцоо хийх, татварын тайланг насанд хүрсэн хүн бүрээс авдаг болох хуулийг хамтран санаачлах, нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр биш дэлгэрэнгүй байдлаар олон нийтэд нээлттэй болгох, авлига, ашиг сонирхолтой тэмцэхэд технологийн дэвшлийг ашиглах шаардлагатай байгаагаа илэрхийлэв. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалт, судалгаа шинжилгээний ажил, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН ИНТЕГРАЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Евразийн эдийн засгийн комиссын Интеграцийн хөгжлийн газрын захирал С.С.Шухно тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 5 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байна. Өнөөдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хоёр талын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн, уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтарсан Ажлын хэсгийн 3 дугаар хуралдааныг энэ оны 10 дугаар сард Москва хотноо зохион байгуулахаар тохиролцсоны сацуу хуралдааны үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны бизнес эрхлэгчдийн уулзалтыг хамтран зохион байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Евразийн эдийн засгийн комиссын төлөөлөгчид ирэх өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцох юм. Евразийн эдийн засгийн холбоо нь Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой ОХУ, Казахстан, Беларусь, Киргизстан, Армен зэрэг 5 орныг бүрэлдэхүүндээ багтаасан бүс нутгийн томоохон эдийн засгийн интеграцийн байгууллага юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсад айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар 2019 оны тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Парламентын хоёр танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзахаар төлөвлөж байна. Мөн айлчлалын хүрээнд талууд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурна.

Ватиканы нууц архиваас түүхэн захидлууд авлаа

Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы нууц архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганогаас энэ 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав. Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон сүүлийн 2 жилийн хугацаанд уйгагүй хөөцөлдөн ажилласны үр дүнд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдээс эх хуулбараар нь монголынхоо ард түмэнд хүргэж чадахаар боллоо. Эдгээр захидлууд нь олон нийтэд ил болоогүй, одоогийн байдлаар судалгааны эргэлтэд ороогүй байгаа нь Монголын түүхийн сурвалж бичгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, цаашлаад түүхийн судалгаанд шинэ судлагдахуун болох чухал ач холбогдолтой юм. ​Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бусад баримт бичгүүдийг нээн илрүүлэх, судалгаа хийх чиглэлээр тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров. ХуваалцахЖиргэх

АНУ-ын төр, хувийн хэвшлийнхэн Монголд айлчлахаар төлөвлөж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ази, Номхон далайн бүсийн Америкийн худалдааны танхимуудын зөвлөлийн тэргүүн, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүн Жаксон Коксыг хүлээн авч уулзлаа. Монгол дахь Америкийн худалдааны танхим /AmCham/-нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа өрсөлдөх боломжтойд тооцогдож байгаа Монголын Хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулан ажиллаж байгааг ноён Жаксон Кокс тэмдэглэв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АНУ-ын Конгресст улс хоорондын худалдаатай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхэд нарийн төвөгтэй үйл явц өрнөдөг, гэсэн ч Монголын талаас санал болгосонГуравдагч хөршийн худалдааны тухай хууль-ийн төслийг АНУ-ын Конгресс хэлэлцэх хүртэл нь дэмжсэн явдалд талархал илэрхийлэв. Энэхүү хуулийн төсөл батлагдвал Монголын Хөдөө аж ахуйн гаралтай, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэнүүний экспортын өсөлтөд эерэгээр нөлөөлж, ноос, ноолуурын салбарын хөгжилд бодитой дэмжлэг болохыг онцоллоо. Ирэх сарын дундуур АНУ-ын хувийн хэвшил, төр захиргааны ажилтнуудын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монголд айлчлахаар төлөвлөж байгааг ноён Жаксон Кокс мэдээллээ. Эх сурвалж: ГХЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.