Цаатангууд гэдэг өвөрмөц сонирхолтой амьдрал бүхий үндэсний цөөнх Хөвсгөл аймгийн хөвч ойгоор цаа бугаа хариулан нүүдэллэн амьдардаг. Харахад л халгамаар тэдний амьдралыг төрөөс дэмжихээр болсон нь үнэхээр талархууштай. 2002 онд баруун болон зvvн тайгад 207 хvн ам, 42 өрх, 563 цаа буга, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёр багт нийт 114 өрхийн 493 цаатан амьдардаг гэсэн судалгаа гарч байжээ. Өслөө гэхэд 1000-ын тооноос нэг их хол даваагүй цаатангууд яах ч аргагүй манай үндэсний цөөнх болж байгаа юм. Одоогоос дөрвөн сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөлаймгийн Цагаанннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж буй цаатны отогт хүрэлцэн очиж Цаатангуудын амьдралтай таницсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргаж, цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол нийгмийн хамгааллыг сайжруулах үүргийг Засгийн газарт үүрэг болгосон байна. Тэрбээр зарлигтаа тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох, цаатан иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг зүйл заалтыг тусгасан байна. Мөн Цаатангуудад Тува нутгийн Тожийн хошуугаар нутаглах ах дүүдээ очиж золгох боломжийг төрөөс бүрдүүлж өгсөн байна. Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь дор нийтлэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2013 оны 03 дугаар сарын 29 дугаар: № 42 Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого-ын 4 дүгээр зүйлийн 4.6.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Нэг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тувахүмүүсийн (цаашид Цаатан иргэн гэх) амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор батлагдсан Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай: 1. Цаатан иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэл насны цаатанхүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүрмөнгөн тэтгэмж олгох, цаатан иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах эрх зүйн орчин бүрдүүлэх; 2. Цаатан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жил тутам 2-оос доошгүй удаа үнэ төлбөргүй хамруулж байх 3. Цаатан иргэдэд үйлчилж буй хүн эмнэлгийн болон мал эмнэлгийн эмч нарт сар бүр үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгож, багийн эмчийг унаажуулж, унааг 2 жил тутам шинэчлэх, эмч, эмнэлгийн ажилчдын орон тоог нэмэгдүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор давтан сургалтыг зохион байгуулах арга хэмжээ авах 4. Цаатан иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор Улаан тайгын дархан цаазат газрын болон Тэнгис-Шишгэд голын ай савын байгалийн цогцолборт газрын захиргаанд цаатан иргэдийг байгаль хамгаалагчаар ажиллуулах асуудлыгзохион байгуулж, шийдвэрлэх; 5. Цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн талаарх зарлигийн хэрэгжилтийн асуудлыг хүн амын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга биечлэн хянаж, удирдлагаар хангах, цаатан иргэдийн тооллогыг жил бүрийн 11 сард багтаан зохион байгуулах ажлыг Хөвсгөл аймгийн болон харъяалах сумын засаг дарга хариуцаж гүйцэтгэн мэдээлэх; 6. Үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 2дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоорХөвсгөл аймгийн Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 387дугаар тушаалаар батлагдсан Тува хэлний хөтөлбөр-ийг тусган, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах 7. Цаатан иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах; 8. Цаатан иргэдийн их, дээд сургуульд суралцаж буй хүүхдийн сургалтын төлбөрийг жил бүрийн 9 дүгээр сарын дотор нэрийн дансанд нь шилжүүлэх, орон нутгийн захиалгаар цаатан иргэдийг сургалтанд хамруулах тохиолдолд сургалтын зардлыг төрөөс бүрэн хариуцах асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх; 9. Цаа бугын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2014 онд багтаан тодорхой тооны үржлийн насны этэр /хээлтүүлэгч/, мянд /хээлтэгч/ худалдан авах ажлыг зохион байгуулах; 10. Цаа бугын зүй бус хорогдлыг бууруулах үүднээс тусгай хамгаалалттай газар нутагт чонын болон булганы ав зохион байгуулахтай холбогдсон харилцааг Амьтаны тухайболон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх; 11. Монгол Улсын нутаг дэвсгэртхарилцаа холбооны үйлчилгээг бүх нийтэд хүртээх зорилтын хүрээнд цаатан иргэдийг орон нутгийн өмчлөл бүхий холбоогоор нэн даруй хангаж, цаашдын засвар үйлчилгээг орон нутгийн захиргаа хариуцаж байх арга хэмжээг авах. Хоёр. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд оршин суугч цаатан иргэд 3 жил тутам 1 удаа Завхан аймаг дахь Арцсуурийн байнгын ажиллагаатай хилийн боомтоор нэвтрэн Оросын Холбооны Улсын Тува Улсын Тож хошуун дахь төрөл төрөгсөдтэйгээ уулзахтай холбогдон гарах зардлыг Цагааннуур сумын төсөвт тусган, санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг баталж, 2013 оноос эхлэн хэрэгжүүлсүгэй. Гурав. Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай. Дөрөв. Зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 12 дугаар сард багтаанМонгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэл хийж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай. МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД Ц.ЭЛБЭГДОРЖ Н.АЛТАНХУЯГ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа та төрийн шийдвэрийг хүндэтгэнэ үү
2013-04-02 14:17:08 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн ИТХ-аас гаргасан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын дагуу хотын төвийн гудамжинд байрлуулсан рекламны самбаруудыг буулгаж эхэлсэн. ИТХ-аас гаргасан шийдвэрт тодорхой байршлуудыг зааж өгсөн. Тухайлбал Баянзүрх дүүрэгт гэхэд Арслантай гүүрнээс Зүүн дөрвөн зам хүртэлх самбаруудыг буулгахаар шийдвэрлэсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа шийдвэрээ уншаагүй юм уу, эсвэл ойлгоогүй юм уу самбаруудыг хавтгайруулан буулгаж эхэллээ. Жишээлбэл Нарантуул худалдааны төвийн урд Нарны зам дагуу байрлах самбаруудыг хуу буулгав. Буулгахдаа ёстой л хүний юманд хүрз барьсан гамин гэдэг шиг лантуугаар жижиглэн эвдэлж байна гэнэ. Самбараа авах гээд очихоор өртөгөөс нь 10 дахин давсан үнийг ачилт, буулгалтын хөлс хэмээн нэхэмжилж байгаа аж. Шинэчэлж болно, шийдвэр гаргаж болно биелүүлж байгаа албан тушаалтнууд нь аль болох ард иргэдээ хохироолгүй, гаргасан шийдвэрийн дагуу ажиллах ёстой биш үү. WORD.MN
“Ардчилсан” масктай засаглагчид сэтгүүлзүйг эрүүдэн шүүж байна
2013-04-02 02:10:39 Нийтлэгдсэн: Улс төрМонгол бол цус урсгалгүйгээр хувьсгал хийж, ардчиллыг эргэж буцалтгүйгээр сонгоод 20 гаруй жил болсон, ардчиллын дууч шувуухай гэгддэг төрийн тэргүүнтэй улс. Нийгмээ биш байна гэж мэдэрсэн залуус оготнын хамраас ч цус дусаалгүй МАХН-ын Улс Төрийн Товчоог өвдөг дээр нь сөхрүүлж ардчилалд хөл тавьсан домог мэт үнэний эзэд бол монголчууд билээ. Бид энэ 20 жилийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөө гээчийг л бүрэн тунхаглаж хараахан чадсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон ч хүн од болж улстөрийн карьераа эхлүүлсэн. Олон ч хүн санасандаа хүрсэн. Мөн түүнийхээ хэрээр дөрөв дэх засаглалыг хяналтандаа байлгах гэж үе үеийн төр, засаг үргэлж санаархсаар ирсэн. Тун удахгүй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болно. Энэ өдрийг бид сэтгүүлчийг эрүүгийн хэргээр шүүж угтах болж байна. Сэтгүүлч Б.Цогтгэрэлд үүсгэсэн эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тугаа болгодог шударга үнэний дуу хоолой ардчилсан үзэлтнүүд хэмээн өөрсдийгөө нэрлэсэн улстөрийн хүчин Засгийн эрх барьж байгаа энэ цаг үед сэтгүүлч бид нэгнийгээ Эрүүгийн хуулиар шүүлгэх гэж байгаа нь тун харамсалтай байна. Сэтгүүлч Б.Цогтгэрэлийг хорьж саатуулахад Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Глоб интернэйшнл ТББ-аас хамтарсан мэдэгдэл гаргаж төр засагт сэтгүүлчдийн дуу хоолойг хүргэсэн билээ. Энэхүү мэдэгдлийг шүүх хурал болж буй энэ өдөр ахин иш татаж засаглагчдын сонорт хүргэмээр байна. Мэдэгдэлд, Цогтгэрэлийн хэргийг шалгахдаа цагдан хорихгүйгээр мөрдөн байцаалт явуулах нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчимд нийцэх л байсан. Түүнд гомдогч нь иргэний хувьд өөрийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд хариу өгөх эрхтэй. Тэрээр хүссэн хэлбэрээр дээрх мэдээлэлд хариу өгөх, няцаах эрх, боломж нь ч бий. Нэр төрөө сэргээлгэхийг хүсвэл Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу гомдол гаргах боломжтой. НҮБ-ын 2000 оны 12-р сарын 1-нд батлагдсан Тунхаглалаар Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг уриалсан. Олон улсын хэм хэмжээ, эрх зүйгээр гүтгэлэг, доромжлолтой холбоотой нэр төр гутаах асуудлыг иргэд хоорондын маргаан гэж үзэж, Иргэний хуулиар шийдвэрлэдэг. 2011 оны 3 дугаар сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит илтгэлийг хэлэлцээд Хүний эрхийн хороо Монгол улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс халахыг зөвлөсөн юм. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэндээ эрүүгийн ял ногдуулах нь нийгэмд айдас хүйдэс бий болгохын зэрэгцээ Үндсэн хуулинд харшилж, Монгол Улс НҮБ болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлдэггүйн тод жишээ болж байна. Манай хоёр байгууллага хараат бус хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээллийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцдэгийн хувьд нийт сэтгүүлчдийг улс төрийн аливаа нөлөөнд авталгүйгээр мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чандлан мөрдөж, хараат бус байдлаа тууштай эрхэмлэхийг уриалж байна хэмээсэн байна. Сэтгүүлзүйн салбарынхан, хэвлэл мэдээллийнхэн, салбарын холбоод, Төрийн бус байгууллагынхан дуугаа нэгтгэн сэтгүүлчдэд эрүүгийн ял тулгахын эсрэг нэгдэн, дуу хоолойгоо өргөх чухал цаг үе ирснийг санацгаая. Өнөөдөр нэг л сэтгүүлчийг эрүүгийн хэргээр шүүж буй мэт харагдавч үнэндээ 100 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйг эрүүдэн шүүж, энэ салбар эрх чөлөөтэй эсэхэд эргэлзээ төрүүлж буй хар мөрт үйл явдлыг ардчилсан масктай засаглагчид хийж байна. Ш.Гонгор
Умард Солонгос пуужингаа Америкийн цэргийн баазууд руу ониллоо
2013-03-29 10:26:58 Нийтлэгдсэн: Улс төрӨнгөрсөн шөнө Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун Өмнөд Солонгос, Номхон далай дахь Америкийн цэргийн баазуудад цохилт өгөхийн тулд пуужингийн анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн хэмээн Умардын цахилгаан холбооны төв агентлаг мэдээллээ. Ким Чен Ун Өнөөгийн нөхцөл байдалд Америкийн империалистуудтай тооцоо бодох цаг ирлээ. Дайсны баазуудыг ганцхан цохилтоор үнсэн товрог болгоно хэмээжээ. Бэлэн байдал зарлах болсон шалтгаан нь АНУ хэмээн умардынхан үзэж байна. АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтын явцад цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай В 2 стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг Солонгосын хойгт авч ирсэн хэмээн Reuters мэдээлсэнтэй холбогдон энэхүү шийдвэр гарсан байна. WORD.MN Ш.Содхүү
“Өглөөний шинэ санаа“ уулзалтад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг оролцож байна
2013-03-29 09:30:56 Нийтлэгдсэн: Улс төрДолоо хоног бүрийн баасан гаригийн өглөө болдог Өглөөний шинэ санаа уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг яг одоо оролцож байна. Уулзалт өнөөдөр 8.20-10.00 цагт болох бөгөөд энэ үеэр та бүхэн www.zasag.mn/live сайтад холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр санал хүсэлт болоод асуултаа илгээж, хариулт аваарай. Яг энэ мөчид Татварын шинэчлэлийн бодлогын талаар ярилцаж байна. Иргэд Засгийн газар нээлттэй байгаад баярлаж байгаагаа илэрхийлж байна. WORD.MN Б.Бүжүүлэй
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй