
УИХ-ын гишүүн асан Д.Дондог намдаа нэг суудал авчирч өгсөнийхөө төлөө арван жил хоригдох ял шийтгүүлсэн. Тэрээр 2008 онд тухайн үеийн МАХН-ын баян хүчирхэг фракцынхантай хамт Төв аймагт нэр дэвшсэн. Тэр үед намын бодлогоор нэр дэвшигчид нэг баг болон нэгдэж сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Нэг баг тул мөнгөө хүртэл ижилхэн гаргасан. Гэсэн ч газрын наймаагаар хөлжсөн бусдынхаа дэргэд багш мэргэжилтэй Д.Дондогд бэлэн гаргачих хөрөнгө мөнгө байсангүй. Сонгуулийн сурталчилгааны зардал түүний шүдний өвчин нь байжээ. Бүр нэр дэвших эрх авахын тулд намдаа төлөх хорин сая төгрөгийг арай гэж төлсөн түүнд сонгуулийн бүрэн зардлыг гаргах нь бараг боломжгүй шахам байж. Харин туслах Д.Сайнбаяр нь мөнгө олж ирсэнийг 2008 оны сонгуульд хэрхэн зарцуулсныг сонсгоё. Мөрдөн байцаалтаар туслах нь 243 мянган доллар, Д.Дондог гишүүн гар дээрээ 150 сая төгрөг авсан нь тогтоогдож. Гишүүн асан 150 сая төгрөгөө дараахь байдлаар сонгуульдаа зарцуулжээ. Эхлээд нэр дэвших эрхийн хорин сая төгрөгөө намдаа тушаан Төв аймагт өрсөлдөхөөр болсон. 32 саяар нэрийн хуудас, зурагт хуудас, сонгуулийн сурталчилгааны материал зэргээ хэвлүүлжээ. Олон үйлдэлтэй Xerox маркийн принтерийг 36 ширхэгийг 9,2 саяар худалдан авч сум болгонд тарааж. Бүх сумын МАН-ын хороонд иж бүрэн компьютерийг нэг цагаан хооолойн хамт бэлэглээд намын үүр бүрд унааны мөнгө хэмээн 200 мянгыг өгчээ. Эрдэнэсант сумын ЗДТГ-д канон, принтер, зурагт, цахилгаан үүсгүүрийг 300 мянган төгрөгтэй хамт хандивлаж. Хэд хэдэн хүнд иж бүрэн гэр өгч. Ухуулагч нараа 200-450 мянгаар цалинжуулан ажиллуулжээ. Сонгуулийн штабын тайлангаар Д.Дондог сурталчилгаандаа 50 сая төгрөг зарцуулсан гэж гарсан ч ерөнхий менежер нь данснаас гадуур бараг 100 сая төгрөг зарцуулагдсан хэмээн мөрдөн байцаалтанд мэдүүлжээ. Тэр бүх мөнгийг Д.Сайнбаяр гаргаж байж. Сонгуулийн өмнөхөн тэрээр хоёр жийп машин хөлөглөн Төв аймгийн бүх сумыг тойрч Дондог гишүүнээ дэмжээрэй хэмээн мөнгө тараажээ. Айл бүрд өрхийн гишүүний тоогоор 10 мянгыг өгсөн бол АН-ын дэмжигч нарт бүр 20 мянгыг өгч байсан гэнэ. Жаргалант сумын бүх өрхөд мөнгө тараасан нь батлагдаж. Лүн суманд өндөрлөг зохион иргэдийг нь хооллож ундлахад таван сая төгрөг болж. Аймгийн төвийн нэг дэлгүүрээс л гэхэд сонгууль дуустал нийтдээ таван сая төгрөгийн архи, пиво худалдан авсан гэсэн тооцоо гарчээ. Бензин шатахууны мөнгө ч бүр талийж өгчээ. Тэр бүхнийг Д.Сайнбаяр бэлнээр өгдөг байсан агаад сонгуулийн штабын тайланд мэдээж орсонгүй. Ерөнхийдөө сонгогчдыг мөнгөөр татах, идэж уулгах, сөрөг мэдээлэл тараах зэрэг бохир ажлыг нь хийн маш их мөнгө зарцуулсан гэнэ. Хэдийгээр Д.Дондог сонгуульд ялсан ч газраа бүтээж чадахгүй байсаар туслах нь баривчлагдаж. Нөхрөө баригдангуут уурлаж бухимдсан эхнэр нь гишүүнтэй гал дөлтэй уулзахад Д.Дондог би Сайнбаяраас ердөө 55 сая төгрөг л авсан, харин нөхөр чинь дур мэдэн их мөнгө зарцуулсан хэмээн бухаж тэр хоёр хэрэлджээ. Д.Сайнбаяр баригдахаасаа өмнө сонгуульд нь 500 сая төгрөг өгсөн гэж эхнэрдээ ярьж байжээ. Эхлээд нэр дэвших эрхийн 20 саяыг нь олж өгч, дараа нь 90, 15 сая гэх мэтээр олон удаа мөнгө өгсөнийг гишүүн нэлээд эсэргүүцэж үгүйсгэний эцэст арга буюу хүлээн зөвшөөрсөн хэмээн эхнэр нь шүүх хуралд мэдүүлсэн гэнэ. Мөн Д.Дондог гишүүн нөхөр лүү маань өдөр шөнөгүй утасдаж мөнгө олоод ир, болохоо байлаа хэмээн шахаж шаарддаг байсан гэж гомдоллосон аж. Д.Сайнбаяр арга ядахдаа найз нараасаа хүртэл мөнгө зээлж, заримдаа өөрөөсөө мөнгө гарган даргадаа аваачиж өгдөг байжээ. Д.Дондог хэрэг мандангуут бүх хөрөнгөө шавхан байж 150 саяын өрөө даржээ. Сүүлдээ дүүгийнхээ машиныг хүртэл булаах шахан авч өрөндөө өгсөн гэнэ. WORD.MN
УИХ-ын гишүүн С.Баярцогт Швейцарийн банкинд нэг сая ам.долларын хадгаламжтайг дэлхийн хэвлэл зарлалаа
2013-04-05 18:31:28 Нийтлэгдсэн: Улс төр
Дэлхийн эдийн засаг хямарч, банк санхүүгийн байгууллага дампуурч байгаа өнөө үед хилийн чанадад мөнгөө нуудаг эрхмүүдийг илчлэхээр болжээ. Мэйжор Бритиш файнэншиал индастри болон Олон улсын эрэн сурвалжлах холбоо хамтран гадаадад мөнгө, компаниа байршуулсан эрх мэдэлтнүүдийн санхүүгийн мэдээллийг ирэх долоо хоногт дэлгэх гэж байна. Хоёр сая гаруй шуудан, бусад баримтуудад үндэслэсэн энэхүү шуугиант мэдээлэлд гадаадын ерөнхийлөгчид төдийгүй Монголын улс төрчийн нууц мөнгөний тухай мэдээлэл цацагдах болсон нь анхаарал татлаа. Санхүүгийн мэдээллээ нуусан олигархиуд Их Британийн Бритиш Виржин Айланд-ын банкуудад данс эзэмшиж, тус газарт компаниудаа байгуулжээ. Тус аралд эрдэнэсээ нуусан баячууд АНУ, Энэтхэг, Пакистан, Индонез, Иран, Хятад, Тайланд болон өмнө нь коммунист дэглэмтэй байсан орнуудын эрх мэдэлтнүүд аж. Энэхүү мэдээлэл нь дэлхийн олон баячуудын итгэл найдварыг устгаж мэдэх юм хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Гадаадын томчуудтай хамт санхүүгийн нууц мэдээлэл нь илчлэгдэх Монголын эрхэм бол УИХ-ын гишүүн С.Баярцогт. Монголын томоохон улс төрчдийн нэг С.Баярцогт Швейцарийн банк дахь нууц данс болон хилийн чанад дахь компанийнх нь тухай нотолгоо ил гарвал албан тушаалаа өгөх эсэхээ бодож үзнэ гэж хэллээ хэмээн Guardian бичжээ. Тэрбээр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн холбооныхонд хилийн чанад дахь өмчийнх нь мэдээллийг илчлэхээ хэлэхэд нь Би нууц данс нээлгэх хэрэггүй байж. Найзууд минь санал болгосон юм. Би бүх эзэмшдэг компаниа мэдүүлсэн байх ёстой. Би нэр хүнддээ санаа зовохгүй байна. Харин гэр бүлдээ санаа зовж байна. Магадгүй албан тушаалаа өгөх талаар бодох байх гэжээ. Харин Business insider Монголын УИХ-ын гишүүн С.Баярцогт Би хөрөнгийнхөө талаар мэдүүлээгүй нь алдаа боллоо хэмээн хэлсэн гэв. С.Баярцогт Сангийн сайд байх үедээ буюу 2008-2012 оны хооронд Швейцарийн банкинд данс нээлгэжээ. Түүний дансанд нэг сая ам.доллар хадгалагдаж байна. Мөн 2008 оны тавдугаар сард Британид Legend Plus Capital Ltd компани эзэмших болжээ. Тэрбээр дансанд дахь мөнгө нь бүгд түүнийх биш бөгөөд 200 мянга нь гэр бүлийнх, 800 мянга нь гурван найзынх нь /нэрийг нь нууцалсан/ гэжээ. С.Баярцогтоос гадна дараах баячуудын мэдээлэл ирэх долоо хоногт цацагдана. Үүнд: Жейн Жакуйс Аугер- Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын 2012 оны сонгуулийн кампанит ажилд санхүүгийн хувьд хамтран ажилласан эрхэм. Азербайжаны Ерөнхийлөгч. Хоёр охиныхоо нэр дээр барилгын томоохон компанийг зэмшиж байна. ОХУ-ын дэд ерөнхий сайд Игорь Шувалов эхнэр Олга Шуваловынхаа нэр дээр их хэмжээний мөнгөтэй. Канадын сенатчийн нөхөр 800 мянга гаруй ам.долларын данстай. Филиппиний мужийн даргын нуусан хөрөнгө. Испанийн уран зураг цуглуулалгч Барон авхай Кармен Тайссен Борнемисза Газрын тосны зартай худалдаачин Марк Ричийн эхнэр асан Денисе Рич нарын мэдээлэл цацагдах аж. Энэхүү мэдээллийг Монголын биш гадаадын хэвлэлүүд бичиж байна. С.Баярцогтын асуудал цаашаа Оюутолгой болон АН-ын Засгийн газрын дүр зурагт нэлээд нөлөөлнө. АН авлигын эсрэг хэр явах нь вэ гэдэг бодит сорилт энэ байх биз ээ.

МАН-ыг шинэчлэх хөдөлгөөн яван явсаар ардын намынхны өвөр хоорондоо үзэлцэх том шалтгаан болов. Ардын намыг шинэчлэх Ардын жигүүр байгуулагдсан нь гал дээр тос болох төлөвтэй. Энэхүү жигүүрийн эрхэм зорилго нь намаа бусдад доромжлуулахгүй гэнэ. Намыг нь хэн доромжлоод байна вэ гэхээр залчуучуудын Нэгдсэн Монгол, экс гишүүн Д.Загджав нарын МАН-ыг шинэчлэх Эв нэгдлийн хороо, Ж.Мөнхбат нарын Дахин сэргэлт хөдөлгөөн аж. Тэд тус бүрдээ олон зүйл шаардлага тавьж байгаа бол хэдхэн асуудал дээр нэгдэж байгаа. Тухайлбал нь намын нэр хүндийг гутаасан олигархиудыг зайлуулах, үзэл баримтлалаа тодотгох, Их хурлыг хуралдуулах гэсэн шаардлага юм. Дээрх гурван шаардлага МАН-ын одоогийн удирлагуудын байр суурь, эрх ашгийг хөндөж байгаа. Аль нэгийг нь биелүүллээ гэхэд Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарын дарга нар Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, М.Энхболд нарын муу нэртнүүд зайгаа тавьж өгөхөөс өөр аргагүй болох дээрээ тулах гээд байдаг. Энэ мэт хурц шаардлага тавьж байгаа жигүүр хөдөлгөөнтэй ил тэмцэх нь намын дарга нарын нэр хүндэд муу тул бусдын гараар могой бариулах аргыг сонгож өөртөө үнэнч залуусаар Ардын жигүүр-ийг байгуулсан. Одоо Ардын жигүүр-ийнхэн Нэгдсэн монгол, Дахин сэргэлт болон Д.Загджав нартай нам доромжилсон хэмээн үзэж тарна. Харин намын дарга нар уулын оройгоос залуусын зодоон-ыг харсан шигээ суух нь дээ. WORD.MN Г.Инжир

Өнөөдөр МАН-ын гишүүд, дэмжигчид Сүхбаатарын талбайд 09.00 цагаас тайван жагсаал хийхээ мэдэгдээд байна. МАН-ын жагсаал хаврын чуулгантай давхцаж байгаа ч тус намынхны хувьд иргэн хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчтэй байх зэрэг Үндсэн хуульд заасан Монгол хүний эрх зөрчигдөж байна гэсэн байр суурь илэрхийлж, тайван жагсаалаа зохион байгуулна гэжээ. Мөн тэд Засгийн газарт хандан үнийн өсөлтийг хязгаарлах, хуулийн байгууллагууд хүний эрх зөрчиж буйг зогсоох, 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх, цалин хөлсний доод хэмжээ болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талаар шаардлага тавих юм байна. Харин МАХН-ын хувьд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Хууль шүүхийн шинэчлэл гэж сүржин ярихаас хэтрэхгүй явах зуур хоригдож байсан хоригдол нь шатсан, цагдаа гэмт хэрэгтнүүдийн гарт амь насаа алдсан, Тагнуулын байгууллагын хоёр ажилтан нэгнийхээ аминд хүрсэн, ар араасаа хэдхэн хоногийн зөрүүтэй галын аймшигт хэрэг гарч айл голомтоороо шатсан, дөрөвхөн настай охин бусдын гарт амиа алдсан гээд өмнө нь гардаг байсан хэдий ч нэг сарын дотор ийм аймшигт хэргүүд ар араасаа гарч байгаа нь хууль, шүүхийнхэн ажлаа хийж чадахгүй байгаатай холбон үзэж байгаа ажээ. Иймд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах бичиг үйлдэж МАН, МАХН-ын гишүүдийн гарын үсэг цуглуулах ажлаа үргэлжлүүлэх ажээ. WORD.MN А.Ариунаа

Өнөөдөр буюу 2013-04-04-ны өдөр 12 цагаас НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл-ийн бүлэг Нийслэлийн захирагчийн албаны харьяа хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй танилцлаа. Тус танилцах ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа, төлөөлөгч С.Ононбаяр, Шударга ёс бүлгийн ажлын албаны дарга П.Гансүх, ажилтан Ц.Ганчимэг, С.Будрагчаа, НИТХ-ын ажлын албаны зохион байгуулагч Б.Сэргэлэн нар оролцлоо. Уулзалтын эхэнд Нийслэлийн захирагчийн албаны харьяа хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа Манай Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс нь нийслэл хотын нутаг дэвсгэрт хүн амын хүнсний нөөц, хангамж, худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ахуйн үйлчилгээ эдгээр салбарын хэмжээнд стандартын мөрдөлт, үйлчилгээний хөгжлийн бодлогыг тодорхойлон төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дэмжих, хамтран ажиллах, хяналт тавих нийтлэг чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэ дагуу Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх бодлого төлөвлөж, стандартын тохирол, чанарын баталгаажилт хийгдсэн ажил үйлчилгээг дэмжин хөгжүүлэх Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд зах зээлийн харилцаанд нийцүүлэн эрх зүйн зохицуулалт хийж, стандартыг мөрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанар, соёл, ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх Хүн амыг чанар сайтай хүнс, өргөн хэрэглээний бараагаар, үйлдвэрлэлийг түүхий эдээр тасралтгүй хангах, бараа, түүхий эдийн зохистой тогтолцоог бүрдүүлж, хадгалалт, тээвэрлэлтийг оновчтой болгох замаар зах зээлийн бодит үнийн түвшинг бүрдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр болон шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулж, гарын авлага материал боловсруулан гаргаж нийтэд хүргэж ажиллана. Өнгөрсөн хугацаанд манай хэлтэс тамхины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулах ажилд оролцож, хэрэгжилтыг хангах ажлыг нийслэл дүүргийн хэмжээнд чанартай зохион байгуулсан нь иргэдээс ихээхэн дэмжлэг авсан. Энэ ч үүднээс бид Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд өөрчлөлт оруулах, санал боловсруулж НИТХ-аар батлуулахаар бэлтгэж байгаа. Манай хэлтэс 2003 оноос эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудад архи, согтууруулах ундааны зөвшөөрлийг олгож эхэлсэн. 2012 оны сүүлийн байдлаар согтууруулах ундаа худалдах 2358, түүгээр үйлчлэх 1593, нийт 3951 тусгай зөвшөөрөлтэй цэг байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 317 иргэнд 1 цэг ноогдож байгаа нь Улаанбаатар хот маань архин тэнгист живсэн маш эмгэнэлт байдалд орсныг нотолсон. Иймд бид архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийг цөөлөх бодлогыг баримтлан ажиллаж байгаа. 2005 -2012 оны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдал-ыг танилцуулахад Он 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 Худалдаа 237 290 454 657 403 435 450 154 Нийтийн хоол 223 177 211 252 228 278 334 105 Нийт дүн 460 467 665 909 631 713 784 259 Иймэрхүү дүн гарсан. 2012 онд стандартын шаардлага хангахгүй, зөрчил дутагдал гаргасан нийт 259 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. 2013 оны эхний улирлын байдлаар нийт 52 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Бид архидалтыг бууруулах, архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг цуцлах ажлыг хийхээр аж ахуй нэгжүүдээс асар их дарамт ирдэг. Тухайлбал бөөнөөрөө манай ажлын үүдэнд ирж шавчихаад биднийг хавчин боолоо, ядууруулж дампуурууллаа. Бид тэр баарыг барих, засаж тохижуулахын тулд тэдэн сая тэдэн тэрбумыг зарцуулсан. Төчнөөн хүнийг ажлын байраар хангасан. Гэтэл та нар биднийг ингэлээ тэглээ хэмээн бөөн чирэгдэл учруулдаг. Гэхдээ бид нийт хүн амынхаа аюулгүй байдлыг хангахын архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг цуцлах журмын төслийг боловсруулан хэлэлцүүлэх гэж байгаа. Мөн архигүй цэнгээний газрыг байгуулах журмыг хүртэл гаргахаар ажиллаж байгаа. Архигүй цэнгээний газар гэдэг маань орчин үеийн техник дуу хөгжмөөр тоноглогдсон. 00 градусын пиво болон ус, ундаа, виногоор иргэдэд үйлчилдэг залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн гоё, эрүүл орчныг бүрдүүлсэн байгууллага байх юм. Энэ мэт ажлуудыг төлөвлөж байгаа НИТХ-ын эрхэм төлөөлөгч та бүхэн энэхүү журмын төслийг маань хэлэлцэх ажлыг дэмжиж, батлах ажилд гар бие оролцохыг хичээнгүйлэн хүсч байна гэсэн юм. Үүний дараа төлөөлөгч Н.Баяраа, С.Ононбаяр нар Шударга ёс эвсэл бүлэгт иргэдээс ирсэн саналуудыг багцлан асуусан юм. Танилцах уулзалтын төгсгөлд Шударга ёс эвсэл бүлгийн дарга Н.Баяраа 2013 оны 01-р сард НИТХ-ын дарга Д.Баттулгын тушаал гарч нийслэлийн бүх харьяа газруудтай танилцах үүрэг даалгаварыг нийт төлөөлөгчид намын бүлгүүдэд хүргүүлсэн. Гэвч манай бүлгийнхэн өөр бусад олон ажилтай байсны улмаас тус танилцах ажилд оролцож чадаагүй ээ. Харин бид саяхан Д.Баттулга дарга хүсэлт гарган батлуулж, нийслэлийн харьяа газруудтай танилцах ажлыг эхлүүлээд байгаагийн нэг нь танай байгууллага байна. Та бүхний ажил урагштай, хүн амынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангах ажлууд тань үр өгөөжтэй явж байгаа юм байна. Тэр тусмаа архины тусгай зөвшөөрлүүдийг цөөрүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байгаад тань талархаж байна. 0 настай хүүхдүүдийг хүртэл оруулаад тооцоход 317 хүний дунд 1 архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэг байгаа нь аюулын харанга дэлдсэн гэдгийг харуулж байна. Бид бүхэн та бүхний санаачилсан журам төсөл, бусад ажлуудыг НИТХ-аар хэлэлцэн дэмжүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллах болно гэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй