Ч.Сайханбилэг яагаад сэтгэгдэлтэй дайн зарлав

Сэтгэгдэл бичсэнийхээ төлөө шоронд явдаг цаг иржээ. Хятадад л ингэдэг гэсэн биш бололтой. Засгийн газрын хуралдаанаас Цахим хуудас дахь сэтгэгдэлийн нэгдсэн систем бий болгох шийдвэр гаргаж АН-ыг муулсан нөхдүүдийг дор нь тодруулж цагдаад барьж өгөхөөр болжээ. Энэ ажиллагааны эзэн нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ноёнтон гэнэ. Тэрээр бусдыг гүтгэн доромжилсон нөхдүүдийг ингэж шийтгэх нь зүйтэй гээд хариуцлага тооцох асуудал боловсруулан оруулсныг Засгийн газрын нөхөд нь дэмжжээ. Гэхдээ яагаад Ч.Сайханбилэг өөрийгөө гүтгүүлсэн гээд байгаа нь сонин. Түүний талаар үнэн зүйл гардаг санагдана. Тэрээр гэр хорооллыхныг интернэтэд холбоно гэсэн холбоогүй, хүүхэд бүрт зөөврийн компьютер өгнө гэсний барааг нь ч хараагүй, Лондон-Хонконгийг холбосон шилэн кабелийг Монголоор дайруулж мөнгө босгон гэсэн босгоогүй, өрх бүр антеннаараа үндэсний бүх сувгийг сарын ямар ч төлбөргүй үздэг болгоно гэсэн чадаагүй хуурсан. Тэр бүгдийг л бичсэн сэтгэгдэл сонгуулийн үеэр гарсан байх. Тэгэхээр сэтгэгдэлд гүтгэдэггүй үнэнийг хэлдэг байгаа биз дээ Ч.Сайханбилэг даргаа

Ардын намын хүүхнүүд Д.Арвинг сэгсэрсэн нь …

АН-д орсон Д.Арвин хууртагдаж, гадуурхагдаж үйлээ үзээд л ийм алхам хийжээ. НАМЭХ гэдэг МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага бас л 50 гаруй төгрөгөөр нь сэгсэрсэн гэнэ. Өдгөө энэ байгууллагыг Д.Оюунхорол удирдаж байгаа бөгөөд тухайн үед НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө эмэгтэйчүүд нь бид таныг дэмжинэ, харин та манай байгууллагад санхүүгийн туслалцаа үзүүл гэжээ. Намын удирдлагууд нь ч үүнийг баталж. Ингээд Д.Арвин НАМЭХ-г бараг 50 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлжээ. Гэтэл яг удирдлагаа сонгох үед бүгд Д.Оюунхоролоо дэмжээд алга болсон гэнэ. Бухимдсан Д.Арвин дарга нар дээрээ ортол тиймэрхүү юм болох нь ч болчихлоо, түр хүлээж бай, Ганди гадагшаа элчингээр явахад оронд нь тавъя гэжээ. Удалгүй Н.Ганди элчингээр явсан ч бас л хуурамч амлалт өгсөн байжээ. МАН-ын жийх гэсэн хүнээ сайн гэгч нь сэгсрээд жийдэг зантай. Ш.Сайхансамбуу гишүүнээс тойргийг нь булааж авчихаад дараа нь ЭБЭХЯ-ыг өгнө гэж амыг нь тагласан. Гэтэл намын дарга нар нь тэр яамаа давхар Ц.Цэнгэлд амлачихсан байсан нь илэрч мань хоёр сонгуулийн сурталчилгааны үеэр Эрдэнэтийн зочид буудалд барилцаж авч байсан гэдэг. NUUTS.MN

Онцгойнхон Ерөнхий сайдаас зарим хэрэгслээ нэхэхээ “мартжээ”

Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг байнгийн бэлэн байдалд ажиллах учиртай ОБЕГ-д зовлонгийн нь сонсжээ. Тус алба гал түймэр, үер усны үед ашиглах орчин үеийн техник хэрэгсэлээр маш дутмаг байдгийг олон нийт мэднэ. Энэ тухайгаа ч дарга нар нь Ерөнхий сайдад сайтар таниулжээ. Гэхдээ зарим нэг зүйлд алдаа гаргасан тухай аврагчид ярилцаж байгаа гэнэ. Тухайлбал усны гүнд ажиллах аврагчдыг усны даралт буюу хүйтнээс хамгаалах усны гүний хувцас албаны хэмжээгээр ердөө ганц байдаг агаад нэг нь 12 мянган долларын үнэтэй гэнэ. Ийм хувцас тус албанд хэрэгтэй ч үндсэндээ усанд амиа алдагсадын цогцсыг эрэн хайх, гаргаж ирэхэд л ашигладаг аж. Гэтэл онцгойнхон живсэн цогцсыг гаргаж ирэх бус харин живэхээс нь өмнө аврах үндсэн үүрэгтэй улс. Тийм ч учраас устай намагтай газар явж чадах машин, хурдтай моторт завь бас хэрэгтэй юм. Хэрвээ ийм техник хэрэгсэлтэй бол хүнийг усанд осолдоод байхад нь аварч чадах бөгөөд дараа нь цогцос хайж ус руу шумбах хэрэггүй болно.

  Нийслэлийн засаг дарга 6 орлогчтой боллоо

Өнөөдөр 15 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан төрийн захиргааны байрны А зааланд боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах журамд өөрчлөлт оруулах тухай, төсөвт төвлөрүүлэх түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийслэлийн Засаг даргын орлогчийг зөвшилцөх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн засаг дарга 6 орлогчтой байх асуудлыг хэлэлцэж баталлаа. Засаг даргын орлогчоор Н.Гантөмөр, Н.Батаа, Ц.Буяндалай, Т.Бат-Эрдэнэ, С.Очирбат нарыг томилох тогтоолыг гаргалаа. Харин үлдсэн орлогчийг тун удахгүй тодруулах юм байна.

 НИТХ дахь АН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр 14 цагаас НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно. Тус хуралдаанаар нийслэлийн засаг даргын орлогчоор хэнийг томилох асуудлыг хэлэлцэх аж. Нийслэлийн засаг дарга нь орон тооны 4 орлогчтой байдаг бөгөөд одоогоор нэгдүгээр орлогчоор Ц.Баатархүү, орлогчоор Д.Пүрэвдаваа, Н.Даваа, н.Гантөмөр нар ажиллаж байгаа юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.