Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн СЕХ-ны дарга Н.Лувсанжавын оронд тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Содномцэрэнг томилохоор болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ. Эл асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганаар 12 цагт хэлэлцэж, албан ёсоор баталгаажуулах юм байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Одоогоор түүний оронд хэнийг томилох нь тодорхойгүй байгаа аж. Мөн Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох нь байна .
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид манай оронд айлчилж буй Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр бараалхлаа. Ерөнхийлөгч хоёр оны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ үед Гадаад хэргийн сайд айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Австралийн найрсаг харилцаа олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Үүний зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын үр өгөөжийг хангах асуудал чухал байгааг дурдлаа. Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр хэлэхдээ Манай хоёр орны харилцаанд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж байна. Одоо Австралийн 54 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний зэрэгцээ австралийн тэтгэлгээр монголын оюутнуудыг сургах, цаашид тоог нь нэмэгдүүлэх бодлого барьж байна. Одоо 350 монгол оюутан австралид сурч байгаа хэмээгээд олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж ажиллах талаар саналаа илэрхийллээ. Үүний дараа Австралийн гадаад хэргийн сайд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзав. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд сайдын айлчлал болж байгаад хоёр тал талархаж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Энэ хугацаанд Австрали Улсын Засгийн газраас манай улсын хүний нөөц, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт үзүүлж ирсэн хөгжлийн албан ёсны тусламжийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ. Мөн уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн орлогыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглүүлдэг Австралийн туршлагаас судлах зүйл их байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглэлээ. Хоёр орны үр ашигтай хамтран ажиллах боломжтой салбаруудын нэг нь хөдөө аж ахуй гэдгийг тэрбээр дурдаад энэ салбарт Монгол Австралийн хөдөө аж ахуйн яам хоорондын шууд хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Австрали улс манай улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийнхаа хэмжээг өнгөрсөн онд 3 сая австрали доллараар нэмэгдүүлсэн, энэ жилээс монгол оюутны тоог 10-аар нэмэгдүүлж 38 болгохоор шийдвэрлэсэн. 1994 оноос хойш 244 оюутан тус улсад суралцаж төгссөн бөгөөд монгол оюутнуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөх манай талын хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж байгааг ноён Боб Карр хэлсэн байна.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ анхны томилолтоо Японд хийж байгаа. Тэрээр Японд олон улсын арга хэмжээнд оролцож байгаа юм. Тэрээр энэ үеэрээ Индонезийн улстөрчийн амийг аварчээ. Эх сурвалжийн мэдээгээр З.Баянсэлэнгэ гишүүнтэй хамт арга хэмжээнд оролцож байсан олон орны парламентчдын нэг болох Индонезийн улстөрчийн бие гэнэт муудаж, ухаан алдаж унасан байна. Энэ үеэр эмч мэргэжилтэй З.Баянсэлэнгэ гишүүн Шинэ Зеландын парламентчийн хамт түргэн тусламж ирэхээс өмнө ухаан алдсан эрхэмд хиймэл амьсгал хийж, эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. ASSA.MN
Жилд хоёрхон өдөр монголчууд С.Зориг агсныг дурсдаг болсоор 14 оныг үдлээ. Бараан дурсамж, айдас төрүүлдэг аравдугаар сарын эл өдөр тэрээр бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн хар өдөр. Монголд Ардчилсан хувьсгалыг тайван замаар эхлүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн С.Зоригийг монголчууд мартах учиргүй. Гэвч эгэл даруу түүний энгийн нэгэн хөшөө тоотойхон удаа цэцгэнд дарагдаж өнждөг. Журмын нөхдийнх нь санасан сэтгэлийн халуун дулаан үг дутагдаад байх шиг. Өдгөө тэрээр амьд сэрүүн байсан бол 50 настай байх байлаа. Би монгол хүний саруул ухаанд итгэдэг гэсэн түүний алдарт үг монголчууд бидний дунд брэнд болон үлджээ. Монголд өөрчлөлт шинэчлэлтийг авчирч Ардчилсан хувьсгалын салхийг сэвэлзүүлсэн хорь гаруйхан настай залуусын магнайд тэр л явсан. Москвагийн Их сургуулийг философич мэргэжлээр дүүргэж, Монгол Улсын Их сургуулийн магистрант байхдаа энэ их үйл хэрэгт оролцож явсан нь 1989 он. Монгол Ардын Хувьсгалт намын Төв хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад түүний хүчин зүтгэл их байсныг журмын нөхөд нь дурсан ярих дуртай. Энэ их ажлыг эхлүүлж явахдаа тэр 27-хон настай байлаа. Тайван замаар Ардчилсан хувьсгал өрнөж, Монгол Улсад анхны чөлөөт сонгууль явагдаж Улсын Бага хурал байгуулахад анхны гишүүдийн нэгээр С.Зориг сонгогдон ажилласан юм. Үүнээс хойш 1992, 1996 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж сонгогдсон. Бүрэн эрхийнх нь хугацаа дөнгөж талдаа орж байхад 1998 оны аравдугаар сарын 2 хэмээх тэр л хар өдрийг хүртэл олон түмнийхээ төлөө төр түшилцэж явлаа. Тэр л үед түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байсан гэдэг. Ээдрээт олон баримт түүний хэргийг илрүүлэхэд өдий болтол тус нэмрээ өгөөгүй. Олон улсын парламентын холбоо түүний амийг хороосон хэргийг яаралтай шийдэхийг Монгол Улсын эрх баригчдад удаа дараа сануулсаар байсан. Гэвч жил ирэх тусам хэрэг замхарсаар. Түүний амиа алдсан хэргийг илрүүлнэ гэсэн амлалт өгч УИХ-ын сонгуульд ялалт байгуулан дөрвийн дөрвөн жил парламентад суусан гишүүн ч бий. Даанч хэрэг илрэх биш улам улам бүдгэрч байна. Монголын түүхэнд үеийн үед хэзээ ч балрашгүй гавьяа байгуулсан С.Зориг агсан цэл залуухан 36-хан настай тэр л төрхөөрөө монгол түмнийхээ зүрх сэтгэлд мөнхөрсөн хэвээрээ. Уг нь түүх холдох тусам тодорч, ойртох тусмаа бүдгэрдэг л юм даа.
Сүр дуулиантайхан бүрэлдсэн Засгийн газар ганцхан сарын түүхэндээ төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчид ажиллаж байх учиртай чухал ажлын байруудад халаа сэлгээ гээчийг ёстой нэг баруун солгойгүй, утга учиргүй наймаалалцаж, өгөлцөж авалцаж байна. Засгийн газрын хуралдааныг хагас сайнд хийж их ажил амжуулна гээд байсан нь ердөө л албан тушаалын наймааг ард олноосоо нууцлан хийх аятайхан арга мэх нь байж. Төрийн жинхэнэ албан хаагчдыг хяналт шалгалтгүй халж сольж, наймаалалцаж байгаагийн зах зухаас нь танилцуулъя. Хууль зүйн дээд сургуулийн дэд захирал байхдаа согтуугаар машин жолоодож яваад хүний амь хөнөөсөн Н.Лүндэндорж гэгчийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар тавьчихлаа. Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн оронд Н.Золжаргал, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очирын оронд боевик Б.Билэгт, УБЕГ-ын дарга Л.Амарсанаагийн оронд Ховдын АН-ын дарга байсан Ц.Пүрэвдоржийг чирч ирээд суулгачихав. ГИХАЭГ-ын даргын албанаас гавьяат хуульч Д.Мөрөнг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр анхан шатны мэдлэггүй нэгнийг томилсон дуулдав. Засгийн газрын тэргүүн маань СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг онхолдуулчихаад оронд нь шадар анд Г.Энхтайваныг хэнэг ч үгүй авч ирээд залчихсан. Түүнээс өмнө хийгдсэн хачирхалтай нэгэн томилгоо бол ОССК-ийн захирал Ж.Алдаржавхлангийн оронд тохоон томилогдсон АН-ын тогооны хүн П.Гантулгын аз, од нь гийсэн тушаал дэвшилт байв. Энэ томилгоонд гайхаж, цочирдсон хүмүүсийн уулга алдалт одоо ч намжаагүй. Саяхан даа, ШӨХТГ-ын Б.Лхагваг мөргөж унагаад даргын суудалд нь тэмцэгч О.Магнай заларсан. Харин шинэхэн даргын хамгийн эхний даацтай ажил хэмээгдээд байгаа шатахуун импортлогч компаниудын төлөх ёстой 17 тэрбумын хэрэг хэрхэн нааштай шийдэгдэхийг хүлээх л үлдээд байгаа. Шинэхэн засаг төрийн задарсан томилгоонуудын заримаас тоочвол нэг иймэрхүү. Эдгээр томилгооны ард намын явцуу эрх ашиг, дарга нарын цус ойртолт, төрийн албаны доройтол явж байгаа нь эмгэнэлтэй.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй