АН-д “Экс”-ийг суллах эсвэл огцрох гэсэн хоёр сонголт л бий
2012-09-26 10:44:27 Нийтлэгдсэн: Улс төрӨнөөдрийн улстөрд Н.Энхбаяр шиг үнэтэй хүн алга. Хэдхэн сарын өмнө нүдэнд орсон өргөс шиг хүн бүрт ад үзэгдэж, чичлүүлж явсан тэрбээр өнөөдөр Засгийн газрыг унагах хүчтэй болжээ. Улстөрийн хүчин байгуулсныхаа төлөө буланд шахуулж, гэрээсээ чирэгдэн байж шоронд хоригдсон түүнийг ингэж сэхнэ гэж хэн санах вэ. Үнэндээ Н.Энхбаяр улстөрөөр яаж тоглох ёстой, яавал амжилтад хүрч болдгийг яс махандаа шингэтэл мэдэрчихсэн хүн учраас дөрөвхөн сарын дотор өөрийгөө ийм өндөр үнэ-д хүргэж чадав. Өчигдөр Н.Энхбаярыг шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. Энэ шүүх хурлын шийдвэрээс их зүйл шалгаалах янзтай. Ерөөсөө Н.Энхбаяр АН-ынханд Намайг сулла, эсвэл Засгийн газраас огцор гэсэн хоёрхон сонголт үлдээгээд байна. Иймээс АН-ын Засгийн газар нэг биетэй, хоёр толгойтой могой шиг болчихсон аж. Энэ хачин могойны их биеийг АН, Шударга ёс эвслийн хамтарсан Засгийн газраар төсөөлбөл нэг толгой нь Ерөнхийлөгч, нөгөө толгой МАХН-ын дарга, ялтан Н.Энхбаяр байж таарах нь. Гэтэл хоёр толгой нь хоёр тийшээ зүтгээд байхаар их бие нь алийгаа дагахаа мэддэггүй. Засгийн газар ирээдүйгээ бодохоор Н.Энхбаярт эрх чөлөө бэлэглэчихмээр байдаг. Гэвч толгойдоо захирагдаад Н.Энхбаярыг суллачихаж чаддаггүй. Ийм л нөхцөл байдал үүсчихээд байна. Уг нь МАХН, МАН-тай нэгдвэл хэнд ч дийлдэхгүй маш том улстөрийн хүчин болно. Нэгддэггүй юм аа гэхэд эвсэх биз. Хэрэв Н.Энхбаяр хуучин намынхаа нөхдийн хүсэлтийг хүлээж авбал АН амьд цогцос болно. Хэдий өндөрт гарна тэр чинээгээрөө чанга унана гэдэг дээ. Харин МАН-ынхан УИХ-д бүлэг ч байгуулахыг нь зөвшөөрөөгүй АН-аас хариугаа хатуухан авах биз. Чухам үүнээс л эмээсэн АН хоёр сар Засгийн газраа төвхнүүлэх гэж чичирлээ. Эвслийнхэнд аль болох элэгсэг хандаж, хүссэнээр нь найр тавьж, 30 хувийн эрх мэдэл өгсөн. ҮХАА-н сайд Х.Баттулга сонгуулийн дараа АН сонгуульд ялаагүй. Харин авах ёстой суудлаа л авсан хэмээж байсан. Нээрээ ч АН УИХ-д МАН-аас онцгойроод байх их суудал авч чадаагүй. Иймээс АН-д сонгуулийн дараах хоёр сар айдсын гэмээр өдрүүд байв. Өнөөдөр МАН-ын хувьд Н.Энхбаярыг өөрийнхөө талд эргүүлэхээс чухал зүйл алга. Тэдэнд хэрэггүй гээд хаячихсан шүлс, цэр, бөөлжсийг доолно уу, иднэ үү хамаа алга. УИХ-ын танхимд хэнд ч хэрэггүй суудал бөглөж суугаа МАН-ынханд алдсан эрх мэдлээ сэргээхийн тулд Н.Энхбаярын араас үхэл, хатал болж гүйж яваа. Харин МАН Н.Энхбаярын өмнө хийсэн гэмээ яаж цайруулах нь ихээхэн сонирхол татаж байна. Үнэндээ МАН Н.Энхбаярт маш хатуу хандсан. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж, санаатайгаар унагасан гэдэг юм билээ. Ерөөсөө хуучин МАХН-ынхан хөнжилдөө багтахаа байж хага тийрсэн. Гэвч сонгуулийн дараах МАН-ын уналт хоёр намыг нэгтгэхэд нэлээд дөхөм болжээ. МАН-ын жирийн гишүүд нь уван цуван МАХН-д урвасаар байна. Ингэж явсаар энэ хоёр нам нэгдэх ч юм уу, эвсэх ч юм уу ямар нэгэн байдлаар хамтрах бололтой. Гэхдээ зөвхөн эрх мэдлийн төлөө. Үүний дараа МАН, МАХН-д уусах уу, МАХН, МАН-д уусах уу гэдэг нь бас л сонин. Эх сурвалж:Өглөөний Сонин
Хүн бүр хуулиа дагаж мөрдөх учиртай. Энэ үг хууль батлаж байсан, одоо хууль батлагчдад зөвлөж суугаа эрхэмд бүүр ч хамаатай. УИХ-ын чуулганаар архи, тамхины онцгой албан татварыг нэмэх тухай асуудал хэлэлцэж, энэ хууль батлагдаагүй байхад УИХ-ын даргын зөвлөх Г.Батхүүгийн Апу архины үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэв. Тамхины үнэ ч ялгаагүй 500-800 төгрөгөөр шууд лө өсчихлөө. Эрхэм гишүүдийн хувийн үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн учраас Долоон буудлын автобусны буудал дээр тамхи ширхэглэдэг Дулмаа эмээ ч бас үнээ өсгөхөөс өөр арга байсангүй. Уг нь архи тамхины онцгой албан татвар нэмэх тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжих учиртай. Харин архи тамхи үйлдвэрлэгчид бараг сарын өмнө үнээ нэмэв. Хууль батлагдах сургаар нэмсэн энэ үнэ хууль хэрэгжиж эхлэнгүүт дахин нэмэгдэх нь тодорхой. Хуулийн цоорхойгоор олсон нэмэлт ашгаа Г.Батхүү сайд, Ц.Дашдорж гишүүн олз л гэж бодож байгаа байлгүй дээ.
МАХН-ынхан хоорондоо хэрүүл тэмцэл ихтэй байна. Ялангуяа УИХ-ын сонгуульд тус намаас Баянгол дүүрэгт нэр дэвшээд ялагдал хүлээсэн эдийн засагч Н.Дашзэвэг тун их гомдолтой байгаа гэнэ. Тэрбээр Сангийн дэд сайдын суудалд очих гэж зүтгэж, Монгол банзинд ажиллах гэж мөрөөдөж байсан ч намынх нь нөхөд дэмжсэнгүй хөсөр орхичихжээ. Тиймээс МАХН-д боловсон хүчний бодлого алга. Одоо би Ногоон намд элсэнэ гэдэг бор шувуу тарааж, намынхаа нөхдийн дотор шуугиан тариад байгаа гэнэ. Тэр ч бүү хэл хэнийг ямар албан тушаалд томилохыг Н.Энхбаяр л мэддэг. Тэр хүн цаанаас нь утсаар яриад л тохирчихдог гэсэн яриа хүртэл тарааж байна. Ямартай ч шоронд хоригдож байгаа Н.Энхбаяр намаа далдаас удирдаж байгаа бололтой.
Дэд сайд нарыг томилж, зарим томилгоог хийлээ -Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар Б.Тулга -Гадаад харилцааны дэд сайдаар Д.Ганхуяг -Сангийн дэд сайдаар С.Пүрэв -Хууль зүйн дэд сайдаар Э.Эрдэнэжамьян -Барилга хот байгуулалтын дэд сайдаар Г.Байгальмаа -Батлан хамгаалахын дэд сайдаар А.Баттөр -Боловсрол,шинжлэх ухааны дэд сайдаар Б.Ургамалцэцэг -Зам тээврийн дэд сайдаар Х.Ержан -Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайдаар М.Түмэнжаргал -Уул уурхайн дэд сайдаар О.Эрдэнэбулган -Хөдөлмөрийн дэд сайдаар Ж.Батхуяг -Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Э.Тамир -Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар О.Чулуунбат -Эрчим хүчний дэд сайдаар Д.Доржпүрэв -Эрүүл мэндийн дэд сайдаар Ж.Амарсанаа нарыг тус тус томиллоо. Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хоёр дэд сайдтай байх бөгөөд Б.Цогтгэрэл, Ц.Туваан нар энэ албанд томилогдлоо. Мөн өдрийн хуралдаанаас зарим томилгоог хийлээ. -Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар Д.Баярсайхан, -Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Жадамбаа, -Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр И.Нарантуяа, -Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Пүрэвдорж, -Мэргэжлийн хяналтын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Гүнбазар нарыг тус тус томиллоо. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас Р.Содхүү, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас Д.Мөрөн нарыг чөлөөлөв. Мөн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ж.Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Түүнчлэн Цөмийн энергийн газрын даргаар Тэгшбаярыг, Газрын харилцаа, зураг зүйн газрын даргаар А.Хүрэлшагайг тус тус томиллоо.
Өчигдөр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаж тус дүүргийн засаг дарга Л.Амгаланг огцруулах тухай хэлэлцжээ. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл энэ асуудлыг хэлэлцэхийг үүрэг болгосон албан бичиг явуулсан юм байна. Харин өчигдөр санал хураах үед будиан гарсан гэж зарим эх сурвалжууд хэлж байна. МАН-ын гишүүд санал хураалтын тоог нэмж, будлиулсан гэж тооллогын комиссын гишүүн Ц.Баярсайхан мэдээлсэн байна. Тиймээс Л.Амгаланг огцруулах эсэх асуудлыг дахин хэлэлцэх саналыг Баянгол дүүргийн ИТХ-ын зарим гишүүд нь гаргажээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй