Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт гаргалаа

​​ Илгээлтэд, НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил энэ өдрийг НҮБ-аас Цар тахлын дараах дэлхий ертөнцөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй, хүртээмжтэй, тогтвортой оролцоо ба манлайлал уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах амлалт нь зөвхөн шударга ёсны асуудал бус улс орны хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж харах болсон. Цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарч буй эдийн засаг, нийгмийн хямрал өмнө байсан тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байна. Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах төрийн бодлого, эрх зүйн орчинд олон шинэчлэл хийж байна.Энэ хүрээнд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийгмийн хамгаалал зэрэг салбар хоорондын уялдаа холбоог хангаж, иргэд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэхийг чухалчилна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийгэм соёлын арга хэмжээнд оролцоход дэд бүтцийн хүртээмжгүй байдал манайд суурь асуудал байсаар ирсэн. Тиймээс цаашид төр засгаас гарах аливаа бодлого шийдвэр, бүтээн байгуулалтууд бүх хүнд ээлтэй хүртээмжтэй байх, төлөвлөн хэрэгжүүлэхэд тухайлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангахад анхаарах болно. Энэ бүгдийг эрх зүйн орчинд нэгтгэн Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль гаргахаар боловсруулж байна. Энэ нь ахмад настан, хүүхдээ түрж яваа эцэг, эхэд ч хамаарах өргөн утга агуулгатай байх юм. Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж Үндсэн хуульдаа тунхагласан. Ийм нийгмийг бий болгохын тулд боловсруулж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бүртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ санаа бодлыг тусгаж, бодит оролцоог хангаж ажиллахад онцгой анхаарах болно. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэжээ.

“Өвлийн идэш” үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна

​ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй албаныхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн цаг үеийн асуудалтай холбогдуулан 21 аймгийн Засаг даргатай цахимаар хуралдав. Коронавируст халдварыэ шинэ мутациас урьдчилсан сэргийлэх, хариу арга хэмжээ, вакцинжуулалтын явц, боомтуудын хяналт шалгалтын бэлэн байдал болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, мах бэлтгэх, нөөц бүрдүүлэлтийн талаар аймгийн Засаг дарга нарт зарим үүрэг даалгаврыг өглөө. Хилийн боомтуудтай Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймгуудын мэдээллийг сонссоны дараа Шадар сайд хил орчмын хяналт, шалгалт, хариуцлагыг өндөржүүлэх, вакцинжуулалтыг идэвхжүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолж хэллээ. Мөн өрх, баг, сум, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтууд, нөөц бүрдүүлэлт, хүн хүчээ зөв тооцоолоход нарийвчилсан зохион байгуулалтуудыг хийх үүрэг өгсөн юм. Цахим хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаас Өвлийн идэш арга хэмжээг энэ сарын 20 хүртэл зохион байгуулахад зориулан гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлэхэд аймгийн удирдлагууд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, малын гоц халдвар өвчин гарсан бүс нутгуудад вакцинжуулалтыг эрчимжүүлэх, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх чиглэлд аймаг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллахыг санууллаа.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно

​ Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан. Энэхүү түүхэн ойд зориулсанУлсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулах гэж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндэтгэлийн хуралдааныг хязгаарлагдмал хүрээнд хийж гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулах юм. УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоно. Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганыг түүхэн байршилд, уламжлалт хэлбэрээр зохион байгуулах нь арга хэмжээний ач холбогдлыг тодруулах, өв соёлоо сурталчлах чухал ач холбогдолтой юм. Хуралдааныг Монголын үндэсний олон нийтийн телевиз орон даяар шууд дамжуулна. 2011 оноос Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг улс нийтээр тэмдэглэж эхэлсэн билээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

"Монгол охиныг зодсон хэргийг замхруулахгүй, зөрчигдсөн эрхийг хамгаалахад онцгой анхаарна"

БНСУ-ын MBC телевизийн сувгаар энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний оройн 20:00 цагт Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Монгол охиныг үе тэнгийнх нь дөрвөн хүүхэд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон хэргийн тухай мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан болон Консул Ким Тэ Ван нарыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд дуудаж уулзлаа. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.АнхбаярБНСУ-ын Элчин зөвлөх болон Консулын албаны хүмүүстэй дөнгөж сая уулзлаа. Хэргийн талаар танилцуулж, тодорхой шаардлагуудыг тавилаа. Нэгдүгээрт, хүүхдийн болон хүүхдийн эцэг, эхийн аюулгүй байдлыг анхаарахыг хүслээ. Учир нь өчигдөр телевизээр хэвлэлийн мэдээ цацагдсанаас хойш хүүхдийн аюулгүй байдал хөндөгдөж эхэллээ. Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд өнгөрсөн долдугаар сард болсон явдлыг манай Консулын газар, Гадаад харилцааны яам өчигдөр л телевизийн мэдээнээс мэдсэн. Консулын харилцааны Венийн конвенцийн дагуу мэдээлэх үүрэггүй ч цаашид энэ төрлийн хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гарсан даруйд харилцан мэдээллээ солилцох тал дээр онцгой анхаарч ажиллахаар ярилцлаа. Хэрэг долдугаар сарын 4-нд нээгдээд хоёрынх нь хаагдсан. Үлдсэн хоёр хүүхдийн хэрэг шалгагдаж байгаа гэдгийг БНСУ-аас мэдээлсэн. БНСУ-ын талд бид өөрийн улсын хууль тогтоомжийн хүрээнд нэн яаралтай, ил тод, нээлттэй шуурхай шийдвэрлэж, гэм буруутай нь тогтоогдвол холбогдох хариуцлагыг тооцох тал дээр онцгой анхаарах шаардлагыг тавилаа. Мөн энэ бол эүүгийн хэрэг учраас шаардлагатай болбол бидэнд нэн туршлагатай өмгөөлөгчийг Солонгосын талаас гаргаж өгөхийг хүссэн. Солонгосын Элчин сайдын яам хэргийн талаар тодорхой мэдээлэлтэй байгаа, сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн. Манай Бусан дахь Консулын газар хүүхдийн ээжтэй байнгын холбоотой байгаа. Энэ асуудлыг олон нийтэд хэтэрхий дэвэргэж мэдээлэхгүй байх тал дээр анхаарахыг хүсэж байна. Учир нь охин хичээлдээ биечлэн явахгүй, онлайнаар хичээллэж буй нөхцөл байдалтай байна гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгийг тоглуулж үзэх боломжтой. Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад коронавирусийн шинэ мутаци буюу Омикрон дэлхийн улс орнуудад бүртгэгдэж, зарим улс орнууд хилээ хаах, хэсэгчилсэн хориг авах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан,БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр болон Аялал жуулчлалын компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох Омикрон вирус тархсан дараах улсаас ирж буй гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглосон. Үүнд: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве улсууд багтаж байна. Хоёр жил зогсонги байдалтай байсан аялал жуулчлалын салбар дөнгөж сэргэж байгаа энэ үед дахин хил хаах, хориг тавих асуудал үүсвэл эргээд дампуурах нөхцөл байдал руу орно. Иймд үүссэн нөхцөл байдалд хэрхэн хамтарч ажиллах талаар Шадар сайд аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй санал солилцлоо. Аялал жуулчлалын компаниуд хэрэв аялал хийж буй улсад Омикрон вирус тархаад хөл хорио тогтоогдсон тохиолдолд аяллын компаниуд захиалгат нислэгээр явуулсан аялагчдынхаа зардал, эх орондоо буцаан татан авах ажлыг хариуцна. Монгол Улсад ирээд PCR тест өгөөд эерэг гарч, тусгаарлалтад орсон тохиолдолд аяллын компани тусгаарлалтын зардлын 50 хувийг төлөх нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ Засгийн газар, УОК-оос эдийн засгаа дэмжин аль болох хаалт хориг тавихгүй байх бодлого, зарчмыг баримталж байна. цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг тааварлах боломжгүй. Халдварын тохиолдол илэрсэн улсаас зорчигч хүлээн авахгүй байх, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах магадлалтай улсуудын тоо нэмэгдэж болзошгүй байна. Иймд аялал жуулчлалын салбарын төлөөлөл та бүхэн аялагчдаа халдвар хамгааллын дэглэм баримтлах, тухайн аялж буй улс орондоо хөл хорионд орсон тохиолдолд эрсдэлээс хамгаалах талаар боломжит бүх арга хэмжээг авч ажиллах, мөн халдвар илэрсэн гаднын улсуудад зорчих, дамжин өнгөрөхгүй байхад анхаарч ажиллах нь чухал гэдгийг аялал жуулчлалын компаниудын удирдлагуудад онцоллоогэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.