Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 12 дугаар форум боллоо

​ Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны механизм болох хэвлэл мэдээллийн форумыг тасралтгүй 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форум 2021 оны 11 дүгээр сарын 24-нд танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж өнгөрлөө. Энэ удаагийн форумыг Хятадын талын саналын дагуу Хүн төрөлхтөний хамтын нэгдлийг цогцлоох нь сэдвийн хүрээнд зохион байгуулж, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн гүйцэтгэж буй үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцсон юм. Хэвлэл мэдээллийн форумын нээлтэд, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, ГХЯ-ны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган үг хэлж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлэн оролцсон бол Хятадын талаас Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь нар нээж үг хэллээ. Хоёр орны хооронд тогтоосон Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хэвлэл мэдээлэл ойлголцол, итгэлцлийн гүүр болон ажиллаж ирснийг талууд онцоллоо. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа илтгэлдээ Хятадын гадаад сурталчилгааны сувгууд, тэрчлэн монгол хэл дээрх мэдээ мэдээллийн сувгууд нийгмийн сүлжээнд идэвхтэй нэвтэрч байна. Монголын чөлөөт хэвлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө, нийгмийн сүлжээний үнэгүй платформууд үүнд өргөн боломжийг бий болгож байна. Харин Хятадын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин манайхаас өөр. Тэнд Монголын талаарх мэдээ мэдээлэл, оюуны бүтээл, соёлын контент, түүнчлэн бизнес эрхлэгчдийн зар сурталчилгааг нэвтрүүлэхэд босго өндөр. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхдээ энэ талаар анхааран ажиллах шаардлагатай байгааг илтгэлдээ дурдлаа. Форумын төгсгөлд хоёр тал цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тусгасан тунхаг бичгийг гаргаж, цар тахлын дараа харилцан сэтгүүлчдээ солилцон үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн манлайлагч, санаачлагч, оролцогч байх, илүү санал санаачилгатай ажиллахаар тохиролцсон юм. Мөн энэ удаагийн форумын үеэр хоёр талын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь хоёр талын урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм. Тодруулбал, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ӨМӨЗО-ны Өдрийн сонин-той, Өвөрмонгол радио телевиз Боловсрол суваг телевизтэй уран сайхны кино нэвтрүүлэх, Өвөрмонголын радио телевиз UBS телевизтэй уран сайхны кино солилцооны, Ордос радио телевиз Өвөрхангай аймгийн Хас телевизтэй, Ордос мэдээллийн сайт Ховд аймгийн khovd.mn сайттай хамтын ажиллагааны гэрээг тус тус байгууллаа.

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж буйтай холбогдуулан цахим уулзалт хийлээ

​ Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хөдөлгөөн хязгаарлаж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас Ерөнхий сайдын ажлын алба, Шадар сайдын ажлын алба, Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Боомтын үндэсний зөвлөл, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн хот дахь Консулын газрын дипломат ажилтнууд болон хилийн хяналт шалгалтын байгууллагын холбогдох албан тушаалтнуудын цахим уулзалтыг зохион байгуулав. Уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ахалж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл, Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын нөхцөл байдал, Монгол-Хятадын хилийн боомтод халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хатуу арга хэмжээ авах талаар хятадын талаас мэдэгдсэн асуудлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замын талаар санал солилцов. Хоёр улсын хилийн дундын бүсэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтод байгуулсан чингэлэг ачих-буулгах сайжруулсан талбайн менежментийг хариуцах Монголын төмөр зам ХХК болон энэхүү талбайгаас Замын-Үүд авто замын боомт, гаалийн хяналтын талбай хүртэл тээвэрлэлтийг зохион байгуулах Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо ТББ-ын мэдээллийг сонсож, Хятадын талтай тохиролцсон хугацаанд тус боомтын туршилтын тээвэрлэлт эхлүүлэхэд шаардлагатай ажлыг яаралтай гүйцэтгэж, бэлтгэл хангаж ажиллахаар болов. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР БНЭУ-Д АЙЛЧИЛНА

​ ​ УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлэх, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байгаа юм. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Лок Сабха-гийн дарга Ом Бирла нартай уулзана. Мөн Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлээр ярилцана. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн талаар Энэтхэгийн холбогдох байгууллага, албаныхантай санал солилцож, тус улс дахь газрын тосны үйлдвэртэй танилцана. Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. ​

Бүс нутгийн Ерөнхий сайд нар цахим хуралд оролцлоо

​ 2021 оны арваннэгдүгээр сарын 25-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Бүгд Найрамдах Казахстан Улс цахим хэлбэрээр зохион байгуулав. Хуралдаанд тус байгууллагын гишүүн орнууд болох Казахстан, БНХАУ, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын Ерөнхий сайд нар, Энэтхэг, Пакистан улсын Гадаад хэргийн сайд нар мөн Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга тус тус оролцов. Энэ удаагийн хуралдаанаар талууд ШХАБ-ын гишүүн орнуудын олон талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, гишүүн орнуудын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэтийн төлөв, арга хэмжээний талаар санал солилцов. Түүнчлэн Ажил хэргийн зөвлөл болон Банк хоорондын холбооны 2020-2021 оны үйл ажиллагааг дүгнэж, ШХАБ-ын 2022 оны төсвийн талаар хэлэлцэв. ШХАБ-ын ажиглагчийн статустай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд цахимаар үг хэлэв. Тэрээр Монгол Улс говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулах чиглэлээр бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллах, энэ чиглэлээрх холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр-т тусгасан эдийн засгийн өндөр үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулах, эдгээр төслүүдэд тулгуурласан хөдөө аж ахуй, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдийг ШХАБ-ын гишүүн, ажиглагч улс орнуудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтын дүнгээр 2022 онд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдааныг БНХАУ даргалахаар тогтов. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

О.Цэцэнцэнгэл “Абу Даби-2021” Их дуулгаас алтан медаль хүртлээ

​ Абу Даби -2021 Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртсэнээр Монгол Улс багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялснаар Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа. Ийнхүү тэрбээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ 20-д дэвшихээр болоод байна. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө энэ оны залуучуудын дэлхийн аварга Францын Корали Хеймид ялагдсанаар тавдугаар байр эзэллээ. Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг Абу Даби-2021 Гранд Сламаас хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 41 орноос гуравдугаар байрт бичигдэж, Монгол Улсад жүдо бөхийн спорт хөгжсөний түүхт 50 жилийн ойдоо бахдам амжилт үзүүллээ. Сонирхуулахад Цэцэнцэнгэл нь Монгол Улсын начин Б.Одхүүгийн хүү юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.