"Энэ өдөр бол эх орноороо бахархдаг, эх түүхээ хүндэлдэг, ирээдүйн сайн сайханд тэмүүлдэг манай иргэн бүрийн баярын өдөр"
2021-11-26 09:53:19 Нийтлэгдсэн: Улс төр Анхдугаар үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ! Дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ! Та бүхэндээ анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийн мэндийг хүргэе! Манай Улс өнөөдрөөс 97 жилийн өмнө буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурлын арван дөрөвдүгээр тогтоолоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж байв. Үндсэн хуульд заасан ёсоор Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхэн дэх онцгой үйл явдал болсон юм. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн тусгаар тогтнолын үнэ цэнтэй үйл хэрэг болсон бөгөөд орчин цагийн Монгол Улсын төрийн байгуулалтын гол хэлбэр болох бүгд найрамдах засаг буюу ардчилсан ёсны зарчмын үндсэн дээр, сонгуулийн журмаар засгийн бүх эрх нэгээс нөгөөд шилждэг зохион байгуулалтыг тунхагласан юм. Түүнчлэн Анхдугаар Үндсэн хуулиа боловсруулахын тулд монголчууд бид хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь судалгааг хийж, Ази тивдээ анхдагч бичмэл Үндсэн хуулийг баталж, дэлхий дахины үндсэн хуульт ёсны нэн шинэ түүхийг бүтээлцсэн юм. Үндсэн хуулиараа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлж, Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ хэмээн тунхаглан баталгаажуулсныг бид ардчилсан шинэ Үндсэн хуулиндаа залгамжлан хэрэгжүүлсээр байна. Зургаан бүлэг, 50 зүйлтэй Анхдугаар Үндсэн хуулиар тусгаар тогтнолын гол баталгаа болсон газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмнийхээ өмч болгож, бүгд найрамдах засгийн үндэс болсон сонгох, сонгогдох эрх, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах эрх, шашин шүтэх, хэвлэн нийтлэх эрх болон иргэдийг тэгш эрхээр хангасан бөгөөд өнөөгийн ардчилсан монгол орны үндэс, манай улсын орчин үеийн хөгжил дэвшлийн суурийг тавьсан гэж судлаачид дүгнэдэг юм. Иймд энэ өдөр бол эх орноороо бахархдаг, эх түүхээ хүндэлдэг, ирээдүйн сайн сайханд тэмүүлдэг манай иргэн бүрийн баярын өдөр мөн билээ. Эрхэм хүндэт ард иргэд ээ! Энэ жил манай улсын хувьд орчин цагийн байгууллагууд үүсэж, түүхэн үйл явдал өрнөсөн олон тэгш ой давхацсан жил тохиож байна. Үүнд: Монгол тулгар төр байгуулагдсны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсны 815 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, ардын хувьсгалын 100 жилийн ой төдийгүй 1946 оны 10 дугаар сарын 20-нд Монгол Улс анх удаа ард нийтийн санал асуулга явуулж, 100 хувийн саналаар эрх чөлөөгөө баталгаажуулсаны 75 жилийн ой, НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тус тус тохиож буйг энд онцлон дурдахад таатай байна. Манай улсын ард иргэд ээ! Эрх, үүрэг хоёр ижил тэнцүү байдаг шиг эрх чөлөө, эв нэгдэл хоёр эгнэгт салшгүй орших учиртай. Монголчууд эе эвдэрч, ноёд түшмэд хувийн сонирхлоо улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан үедээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдаж ирсэн гашуун түүхтэйг бид мартах учиргүй. Амнаас гарсан үгийг буцааж болдоггүйтэй адил,сэрэмж алдсан тусгаар тогтнолыг эгүүлэн авахад нэн бэрхшээлтэйг санаж явцгаая. Үүний тул ард нийтээр эрүүл энх байж, эх орноо улам сайн сайхан болгох эерэг бодол, өрнүүн итгэлтэй байх нь чухал байна. Өнөөдөр, цар тахлын халдвартай байгаа ч хамтын хүч, иргэн бүрийн хичээл зүтгэл, эх оронч сэтгэлгээгээр тахалтай тэмцэж, эрүүл энх цагийг авчрах хугацааг наашлуулж чадна гэдэгт улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэлтэй байна. Миний Монголын ард иргэдээ! Бид бүхний нүдний цөцгий мэт хайрлах ёстой үнэт зүйл бол эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал. Энэ бүхний тулгуур үндэстний баялаг, сүр хүч нь үзэл санаа, итгэл найдвартаа оршдог бөгөөд Үндсэн хуулиараа бид энэхүү эрхэмлэх ёстой үнэт зүйлээ баталгаажуулдаг. Цаг хугацааны нэг ээдрээтэй түүхийн нугачаанд хоёр их гүрний дунд орших Монгол Улсыг, тусгаар тогтносон Бүгд Найрамдах улс болгон, дэлхий дахинд зарлан тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Хэдийгээр хүн төрөлхтний өмнө тулгараад буй цар тахлын амаргүй цаг хугацаа тохиож буй ч энэхүү түүхэн өдрийг монгол хүн бүр өвөг дээдсийнхээ холч мэргэн ухаан, улс орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүх соёл, ёс уламжлалаа сэтгэл зүрхэндээ эрхэмлэн дээдэлж бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүлэх биз ээ. Бүрэн эрхт Монгол Улс, бүтэн заяат ард түмний минь цог хийморь нь босоо байж Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайдыг хүлээн авч уулзлаа
2021-11-26 09:41:20 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж буйг дурдаад Ковид-19 цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн явц, Энэтхэг улсад коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох асуудлаар мөн дэлгэрэнгүй ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэшинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулах болон эрчим хүчний төслүүдийн талаар товч танилцуулж, эдгээр төсөлд Энэтхэг Улс хамтрах боломж нээлттэй байгааг хэллээ. Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх нь гадаад харилцааны салбараас гадна боловсролын салбарыг хавсран хариуцдаг Төрийн сайд тул Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр олон монгол залуус тус улсад боловсрол эзэмшиж буйд баяртай байгааг илэрхийлж, цаашид энэхүү хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Цахим үндэстэн зорилтын хүрээнд мэдээллийн технологийн салбарт түлхүү чиглүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Монгол, Турк улсын өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах чиглэлээр хамтран ажиллана
2021-11-25 10:43:59 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр БНТУ-ын Гадаад хэргийн сайд М.Чавушолудтай 2021 оны энэ сарын 23-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хоёр талын хамтын харилцаа хамтын ажиллагаа, тухайлбал Анкара хотноо 2021 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болсон Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдааны дүнгийн талаар ярилцлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал гэдгээ талууд илэрхийлэв. Мөн хоёр талын яриа хэлцээг өргөжүүлэн эрчимжүүлэх үүднээс дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Эх сурвалж:ГХЯ
Нийслэлийн гудамж, замыг засварлах, авто зам барихад зарцуулах зээлийн хэлэлцээрийг өргөн барив
2021-11-25 08:48:49 Нийтлэгдсэн: Улс төр Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийнтөсөл УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.11.24/ Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа. УИХ Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг 1997 онд баталсан. 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагууд сангийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гарсаар байна.Энэхүү өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, тусгайлан ТББ-ын хэлбэр тус бүрээр буюу холбоо, сангийн зохицуулалтыг нарийвчлан хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хууль санаачлагчид үзжээ. Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалт сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан, нарийвчлан зохицуулаагүй, энэ хуулиар зохицуулах боломжгүйн зэрэгцээ эрх зүйн шинэчлэлээс хоцорч, улмаар зохицуулалтын хувьд бусад хуулиудтай уялдахгүйд хүрсэн байна. Мөн ФАТФ-ын 8 дугаар зөвлөмж, 1 дүгээр шууд хэрэгжилтийн дагуу 2020 оны 3-аас 6 дугаар сарын хооронд хийгдсэн Монгол Улсын ашгийн бус байгууллагын салбарынтерроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээгээр тэдгээрийн эрсдэл нь 0.46 оноо буюу дунджаас доогуур үнэлэгдсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 онд нийт 19,260 гаруй ТББ бүртгүүлснээс 366, 2019 онд 21,040 бүртгүүлснээс 406 ТББ үйл ажиллагааны тайлангаа ирүүлсэн байдаг. Төрийн бус байгууллагын тухай хуулиар сангаас бусад нь дүрэмдээ заагаагүй бол үйл ажиллагааны тайланг олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэггүй, зөвхөн тайланг хуульд заасан бүртгэлийн байгууллагад илгээх үүрэг хүлээж байна. Тогтвортой, үр дүнтэй, хариуцлагатай ТББ-ыг хөгжүүлэх, тэдэнд үзүүлэх олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлэхэд ТББ ялангуяа сан нь өөрөө олон нийтэд нээлттэй байх зарчим чухал ч өнөөгийн байдлаар сангийн тайлагнах үүрэг, журмыг хангалттай үр нөлөөтэй байдлаар зохицуулж чадаагүй байна.Иймд Төрийн бус байгууллагын тухай хуулийг Иргэний хуулийн суурь зохицуулалт, нэр томьёонд нийцүүлэн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг төрөл болох сангийн зохицуулалтыг тусгайлан нарийвчлан зохицуулахаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Сангийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг хэлбэр болох сангийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүсээд байгаа зөрчил, хийдэл арилж, нарийвчилсан зохицуулалттай болно. Хувийн болон нийтийн сан нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа санг ялгах, хариуцлага тооцох боломж бүрдэх юм байна. Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болгон өөрчлөн боловсруулсан байна. Хуулийн төсөлд холбооны эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тодруулсан, холбооны санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн үйл ажиллагаа, нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлсон байна. Мөн төрийн зарим чиг үүргийг холбоогоор гэрээлэн гүйцэтгэх нөхцөлийг үл ялгаварлах, нээлттэй, ил тод байх, хараат бус байдлыг хүндэтгэх, урьдчилсан магадлан итгэмжлэл үүсгэх замаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байх зэрэг нийтлэг зарчимд нийцүүлэн төр, холбооны хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тодорхойлсон зэрэг асуудлуудыг тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар холбоо нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа холбоог ялган зааглах, хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх санг байгуулан ажиллуулснаар иргэний нийгмийн нийтлэг хөгжлийн асуудлуудаар төртэй харилцах, хамтран ажиллах, түншлэлийн үр дүн нэмэгдэхийн зэрэгцээ тус зөвлөлөөр дамжуулан ашгийн төлөө бус хуулийн этгээдийнчадавхыгбэхжүүлэх, дотоод засаглал, ёс зүйн, хариуцлагыг сайжруулах, олон нийтийн ойлголт дэмжлэгийг нэмэгдүүлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Ардчилсан Үндсэн хууль буюу 1992 оны Үндсэн хуулийн зорилго, зарчим, агуулгад нийцүүлж 1995 онд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баталсан. Энэ хууль нь байгаль орчны салбарын суурь хууль юм. Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан. Энэ өөрчлөлтөөр Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дах хэсэгт ...Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгальорчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй... гэсэн зохицуулалт орсон. Үүний дагуу Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төлөвлөгөө батлах тухай 66 дугаар тогтоолын хавсралтаар Үндсэн хуулийн зургадугаар зүйлд орсон дээрх зохицуулалтыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд оруулахаар баталсан.Иймд яамны зүгээс дээрх хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг боловсруулсан байна. Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ. 2015 онд баталсан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2020 онд хүчингүй болгосон. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7.1.7-д ашигт малтмал хайх, газрын гадарга, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамруулаагүй. Өөрөөр хэлбэл, хүнд үйлдвэрийн салбар хуулийн зохицуулалтгүй орхигдсон, хүнд үйлдвэрийн салбарт хамрах үйлдвэрлэлийн төрөл, ангилал тодорхойгүй байсан. Хүнд үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 553.4 мян.тн нүүрсэн шахмал түлш, 9.5 мян.тн катодын зэс, 15.3 мян.тн металл бэлдэц, 16.6 мян.тн металл цувимал, 74.3 тн цахилгааны утас, 9.9 мян.тн кокс тус тус үйлдвэрлэсэн байна. Мөн 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 тэрбум ам.долларын уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолсноос 2.0 сая ам.долларын кокс, 59.3 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь нийт уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийн экспортын 1.0% орчмыг эзэлж байна. Экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүний 95 орчим хувь нь технологийн багтаамжгүй, боловсруулаагүй түүхий эд эзэлж байгаа нь эдийн засгийг хөгжүүлэх ихээхэн боломжийг алдаж байгааг илэрхийлж байна. Иймээс манай улсын хувьд байгалийн нөөц баялгийн харьцангуй давуу байдалд түшиглэн хүнд үйлдвэрийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох, экспортын чиг баримжаатай хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн хуулийн төслийн тандан судалгаанаас харахад тус салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортын хэмжээ маш бага, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсон, төрийн дэмжлэг, зохицуулалт, хяналт хангалтгүй, төрийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт сул, хүнд үйлдвэр хөгжих боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаа нь хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүйтэй холбоотой гэж дүгнэсэн. Дээр дурдсан болон бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төсөл зургаан бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг тусгав. Хоёрдугаар бүлэгт хүнд үйлдвэрийн салбарт хамаарах үйлдвэрлэлийг тодорхойлж, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго, зарчим, хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх талаарх зохицуулалтыг тусгав. Гуравдугаар бүлэгт хүнд үйлдвэрийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулав. Дөрөвдүгээр бүлэгт хүнд үйлдвэрийн талаар Улсын Их Хурал, Засгийн газар, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргаа болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх болон хүнд үйлдвэр эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлов. Тавдугаар бүлэгт хүнд үйлдвэрийн талаарх төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдох харилцааг зохицуулав. Зургаадугаар бүлэгт хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, хууль хүчин төгөлдөр болох хугацааг заав. Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг өргөн барилаа. Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.Угсанхүүжилтээр Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан гэлээ. Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, гудамж замын одоо байгаа сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчлэх нэгдсэн системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавх бэхжүүлэх арга хэмжээнүүдийг таван жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан хэрэгжүүлэх юм байна. Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Шууд: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
2021-11-24 12:04:28 Нийтлэгдсэн: Улс төрСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй