У.Хүрэлсүх: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар зорилтоо ахиулан тодорхойллоо
2021-11-02 08:30:22 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ноён хурлын дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулж буй Британийн Засгийн газарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байгааг минь хүлээн авна уу. Парисын хэлэлцээрээр тохирсон 2050 онд хүрэх зорилтоо биелүүлэхэд улс орон бүр хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эргэн харж, зоримог шийдвэртэй нэгдсэн цогц бодлого гарган хамтдаа тэмцэх шаардлагатай болж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Мөн түүнчлэн хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахалтай нүүр тулж буй энэ цаг үе бидэнд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, ногоон хөгжлийг эрчимжүүлэх зоримог, шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сануулж байна. Хурлын дарга аа, Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно гэдгээ дахин нотолж байна. Монгол Улс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо. Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгахад таатай байна. Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний харилцан холболтыг хөгжүүлэх нь чухал үүрэгтэй. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаашлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж байгаа билээ. Энэ хүрээнд говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулахаар бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Манай улс СОР-26 дээд хэмжээний уулзалтыг угтаж, нийслэл Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн өмнө Монгол Улс-Ногоон хөгжил сэдэвт олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсан гэдгээ Та бүхэнд дуулгахад таатай байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байна. Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг. Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг соёл уламжлалын нэгэн илрэл болох тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилга хэрэгжсэнээр Ази тив төдийгүй Америк тив хүрч байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа шар шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Эрхэм хурлын дарга аа, Эцэст нь хэлэхэд бага, дунд орлоготой орнуудад чиглэсэн уур, амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зориулсан хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд бүс нутаг болон олон улсын нягт хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг цохон тэмдэглэж байна. Дэлхий нийтийн бүх цаг үеийн хамгийн том асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх байгальдаа хариуцлагатай хандан үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгоо биелүүлэхэд гагцхүү та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нэн чухал юм. Энэхүү үйл хэргийн төлөө дэлхийн улс түмнүүд хүчээ нэгтгэх цаг болжээ. Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа. Эх сурвалж: President.mn
ГУРАВДУГААР ТУНД ИРГЭДИЙГ ИДЭВХТЭЙ ХАМРУУЛАХАД СОЁЛ, УРЛАГ, СПОРТЫН САЛБАРЫНХАН УРИАЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ
2021-11-02 08:17:42 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл, урлаг, спорт, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. 2021 ны арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос энэхүү уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцлоо. Улсын хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар Ковид -19-ийн эсрэгм вакцины нэгдүгээр тунд нийт иргэдийн 69.3, хоёрдугаар тунд 65.8 хувь нь, гуравдугаар тунд 416,012 хүн хамрагдсан байна. Дархлаа сэргээх гуравдугаар тунд нийт хүн амын 13 хувь хамрагдсан нь зорилтот бүлгийн буюу насанд хүрэгчдийн 23 хувийг эзэлж байна. Манай улсад вероселл вакцин 871 мянган тун,Пфайзер вакцин 1.9 сая тунгийн нөөцтэй, иргэдийн хувьд Вероселл, Файзер гэсэн хоёр төрлийн вакцины сонголттой дархлаажуулалтад хамрагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ уулзалтын үеэр Засгийн газар эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч хамгаалах бодлого барьж ажиллаж байна. Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлээд соёл, урлаг, спортын салбарынхан иргэдийг гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад уриалж Засгийн газартай хамтран ажиллахыг хүслээ. Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАНА
2021-11-01 12:18:14 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана. Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдтэй санал солилцохоор төлөвлөж байна. Уулзалтад 1990 оноос хойш Монголын Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд нар уригджээ. Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны аравдугаар сарын 25-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугааЭлчин сайд Абдулла Аль-Тинижи-г хүсэлтээр нь хүлээн авчуулзаж,хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. УулзалтынүеэрГадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Төрийн сайд Рийм Аль-Хашимитай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр уулзаж,тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээрцаашидхамтран ажиллахаарярилцсан байна. Мөн Монгол Улс АНЭУ-д анхны Элчин сайдаа томилж, Абу Даби хотод ЭСЯ-аа удахгүй нээхээр болсныг мэдэгдэж, шинээр нээгдэх ЭСЯ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. ТүүнчлэнГадаад харилцааны сайд Б.БатцэцэгАНЭУ ЭКСПО 2020Дубай дэлхийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв гэж ГХЯ-наас мэдээллээ.
УРЛАГ, СОЁЛ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭГ 50 ХУВИЙН ДҮҮРГЭЛТТЭЙГЭЭР ИРЭХ САРЫН 1-НЭЭС НЭЭНЭ
2021-10-28 09:10:20 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээнэ Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө. Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов. Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэлээ. Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов. Хүнсний бүтээгдэхүүн, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөрзамаар татан авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан импортоос хэт хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд болон Гадаад харилцааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт үүрэг болголоо. Хэрэглээний үнийн сагсыг бүрдүүлдэг 185 бүтээгдэхүүний 78 хувийг Эрээн-Замын-Үүд боомтоор импортолдог. Эрээн-Замын-Үүд автозамын боомтоор нэвтрэх хүнсний импортын ачаа тээвэр 7-30 хоног доголдоход инфляц 0.4-1.1 нэгжээр өсөх, төсвийн орлого 15-60 тэрбум төгрөгөөр буурах, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.3-7.1 хувь өсөхөөр байна. Хүнсний гол нэрийн импортын бүтээгдэхүүний татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан бөгөөд Эрээн хотод тогтоосон хязгаарлалтын бүсийн гадна байгаа хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг төмөр зам болон бусад автозамын боомтоор нэн яаралтай татан авах зохицуулалтыг хийж байгаа ажээ. Монгол төрийн түүхийн музейг Чингис хаан музейд нэгтгэнэ Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, Чингис хаан музейд нэгтгэлээ. Музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг Чингис хаан музейд балансаас баланст шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгалаа. Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 мянган хүнд үйлчилдэг, орон тооны 18 ажилтантай юм байна. Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний хаадын алт, мөнгө, зэс зооснууд, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон XIII зууны үеийн язгууртны хувцас хэрэглэл, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумынБурхан толгойн булшнаас гарсан Монгол хатны богтаг малгай болон эрт, эдүгээгийн төрт ёсны түүхэнд холбогдох ховор нандин 703 дэсийн 1237 үзмэртэй ажээ. Товч мэдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгав. Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас олгосон зээлийн асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр тогтлоо. Авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд болон Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт даалгав. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй