УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахмадуудад гэр өглөө

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өнгөрсөн амралтын өдрүүдээр тойрогтоо ажилалаа. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан тойргийнхоо гэр оронгүй өндөр настай хоёр иргэнд өргөө цагаан гэр хандивласан байна. 7-р хорооны иргэн өндөр настан Б.Алтанцэцэгийн гэр нь шатаж хүйтэн амбаарт хагас сар болсон учир хорооны засаг дарга Б.Хасбаатар хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэсэн бол 20 дугаар хорооны иргэн Д.Баасанжав гэр оронгүй таван жилийн турш худагт толгой хоргодож зутруухан амьдарч байсан тул ийнхүү өргөө цагаан гэр өгсөн байна.

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ 21 АВТОМАШИНЫГ АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

​ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна. Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Десотел компанитай 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх гэрээний дагуу 14.9 сая еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашиныг 2021 онд нийлүүлэхээр болсон юм. Энэ хүрээнд эхний ээлжийн 21 автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч, олон улсын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирснийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцлон тэмдэглэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БАГШ НАРЫН БАЯРТ ЗОРИУЛЖ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

​ Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, Боловсролын салбарын үе үеийн нийт ажилтнууд аа, Багшийн эрдмээр мэдлэг оюунд тэмүүлж яваа сурагч, багачууд, оюутан залуус аа, Монголын ирээдүй үеийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх хүндтэй үйлсэд зүтгэж байгаа Та бүхэндээ багш нарын баярын мэндийг дэвшүүлж, баяр хүргэе. Энэ жилийн багш нарын баяр Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ойн жилтэй давхцан тохиож байна. Нэгэн зууны түүхэн ойн жил Монгол Улсын боловсролын салбар өмнөх зууны түүхээ дүгнэж, ирэх зууны дэлхийн хөгжилд хөл нийлүүлэх цогц шинэчлэлийн зорилгоо тодорхойлоод байна. Та бид дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учирсан хамгийн том сорилт болох цар тахалтай тулгараад хоёрдахь жилдээ ажиллаж, амьдарч байна. Цар тахлын нэн хүнд үед цахим сургалтаар боловсролын салбарын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, ачааны хүндийг үүрсэн нийт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэн энэ цаг үеийн баатрууд билээ. Монгол Улсын 840 мянга гаруй суралцагч, оюутан, эцэг эхчүүд Та бүхнээр бахархаж, бас гүн талархаж байна. Ковид-19-ын эсрэг вакцины бүрэн тунд Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь хамрагдаж, 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 80 хувьд хүрснээр танхимын сургалтыг эхлүүлэх боломжийг бүрдүүлж чадлаа. Боловсрол бол бидний ирээдүй мөн. Монгол Улсын Засгийн газраас монгол хүний дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуусыг суралцах тэгш боломжоор хангах, чанартай боловсролыг идэвхжүүлэх зорилгоор боловсролын салбарын эрх зүйн цогц шинэчлэлийн багц хуулийг Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж эхлээд байна. Боловсролын цогц шинэчлэл хэрэгжсэнээр цахим боловсрол болон үр дүнд суурилсан үнэлэмжийн тогтолцоог бий болгож, багш суралцагчдын ажиллах, суралцах орчныг сайжруулан, их, дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон дэвшил гарах болно. Мөн өнөөдөр Монголын оюутны өдөр тохиож байна. Их, дээд сургууль, коллежид суралцаж буй 150 мянга гаруй оюутан залуучууд Та бүхэндээ оюутны өдрийн мэндийг дэвшүүлье. Монголчууд эртнээс Эрдэм ном эрхэм баян хэмээн эрдэм мэдлэгийг дээдэлж ирсэн уламжлалтай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Шинэ Монголын залуу үе Та бүхэн сонгосон мэргэжилдээ хичээнгүйлэн суралцаж, хүсэл тэмүүллийнхээ эзэн болж, хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй. Эрдэмт багш нарын мятрашгүй зүтгэл, ирээдүй үеийн мэдлэг оюуны шавхагдашгүй хүчээр эх орон минь хөгжин мандах болтугай. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол УИХ-ын 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал-ын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн гэж, 2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дзвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино гэж заасан. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол УИХ-ын тухай хуулийн 42 дугаар зүйлд УИХ-ын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан бөгөөд УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхзэ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил зрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болох зохицуулалттай. Түүнчлэн Монгол УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д УИХ-ын гишүүн нь УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, УИХ-ын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх эрхтэй гэсэн нь зөвхөн хоёр талт парламентын бүлгийн даргаар сонгогдох тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм. Ингэснээр УИХ-ын гишүүн Олон Улсын Парламентын Холбоо, Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд зэрэг УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд сонгогдох нөхцөлийг хаасан төдийгүй хэрэв сонгогдох бол хуулийн зөрчил үүсгэж болзошгүй зохицуулалт болсон байна. Дээр дурдсан Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд УИХ-ын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал байдаг. Иймд эдгээр хууль зүйн үндэслэл, шаардлагын үүднэзс Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тухайн байгууллагын өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтын ажил эрхэлдэг гүйцэтгэх удирдлагыг сонгуульт албан тушаалд хамааруулахгүй байхаар хуулийн төслийг боловсруулжээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

МАН-д мэндэлсэн жигүүр орон нутагт дэмжлэг өндөртэй болжээ

Эрх баригч МАН дотор жигүүр мэндлээд удаагүй байгаа. Тэд сүүлийн өдрүүдэд орон нутагт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа ажээ. Эх сурвалжийн өгүүлж буйгаар жигүүр байгуулснаа ойрын хугацаанд зарлаж, хурлаа хийхээр төлөвлөжээ. Үүнээс гадна МАН-д мэндэлсэн отгон жигүүр 10 гаруй аймагт салбараа байгуулсан гэсэн мэдээлэл байна. МАН-ын шударга гишүүд, дэмжигчдийн холбоо жигүүрийнхэн МАН-ын хүний нөөцийн бодлого алдагдсан, төрийн албаны түр нэртэй томилгоо утгаа алдсан, төр, засгаас гаргаж буй шийдвэрүүд иргэдийн амьдралыг улам дордуулж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж, улс төрийн тэмцэл эхлүүлэхээр бэлдэж байгаа бололтой.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.