УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИШИГ НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
2021-09-07 09:10:03 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж, боловсролын байгууллагын багш, ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр Багануур дүүрэгт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Насан туршийн боловсролын төвийн шинэ барилгыг өнөөдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг Насан туршийн боловсролын төвийг барьсан бөгөөд тус төвд хүнд болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сургууль завсардсан болон дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчид суралцана. Мөн албан байгууллага, хувь хүмүүсийн хүсэлтээр ёс суртахууны төлөвшил, иргэний боловсрол, гоо зүйн боловсрол, англи хэл, компьютерын анхан, дунд шатны сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг насан туршдаа суралцахуйд чиглэсэн үйл ажиллагааг явуулж, багш нарыг хөгжүүлэх сургалтын цогцолбор төв болон хөгжих юм. Анх 2010 онд Гэгээрэл хөгжлийн төв нэртэйгээр сургууль завсардсан хүүхэд залууст бага, суурь боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр олгож эхэлсэн уг төв өдгөө Албан бус насан туршийн боловсролын төв болон өргөжиж, хүний хөгжлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг болсон тул салбарын яамнаас бодлогоор дэмжин, тойргоос сонгогдсон гишүүдийн хүсэлтийн дагуу шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдэж өгөхөө БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нээлтийн үеэр онцоллоо. Багануур дүүрэг нь боловсролын чанарын үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд тогтмол улсын дунджаас дээгүүр орж байгаа бөгөөд энэ жилийн хувьд байгалийн ухааны хичээлүүдийн ЭЕШ-ын дүнгээр улсад дөрөвдүгээрт жагсжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 93 хувьтай, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай болсон зэрэг амжилт, хөгжлийн үзүүлэлт нь улс, нийслэл, дүүргийн төсөв дээр боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж ирсэнтэй холбоотойг Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэлж байв. Монгол Улсын Засгийн газар 2021-2022 оны хичээлийн жилийг танхим, цахим хосолсон хэлбэрээр эхлүүлсэнтэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд Та бүхний өмнө цөөнгүй саад бэрхшээл тулгарах нь мэдээж. Цар тахлын эрсдэлээс хүүхэд багачуудаа хамгаалахын зэрэгцээ эх орны ирээдүй болсон тэднийгээ сурган хүмүүжүүлэх, хичээлийн хоцрогдлыг нь арилгах, анги танхимд нь хөгжүүлэх гэсэн давхар давхар үүрэг хариуцлага Та бүхний өмнө тулгараад байна. Иймд хүүхдүүдтэйгээ, эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж, сорилт бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах учиртай хэмээн Шадар сайд С.Амарсайхан боловсролын салбарынханд хандан хэллээ. Түүнчлэн УИХ-ын намрын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэн батлах бөгөөд уг хуулийн төсөлд ямар өөрчлөлт, шинэчлэл оруулах талаар болон өнөөгийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага хийгээд багшийн заах арга зүй, сурлагын чанарын үнэлгээний системд гарч буй өөрчлөлтийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцуулж, боловсролын салбар дахь үр дүнд суурилсан тогтолцооны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжжээ
2021-09-03 11:47:03 Нийтлэгдсэн: Улс төрҮндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөрхуралджээ. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн байна. Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалт орсон байна. ҮАБЗ-өөс уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжжээ. Ташрамд дурдахад, Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд ахалж байгаа билээ. Уг хорооны анхдугаар хуралдааны үеэрЕрөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэЦар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх амаргүй. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байна. Засгийн газар байгуулагдаад эхний 200 хоног хүрэхэд хүн амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадлаа. Мөн эдийн засгийг сэргээж, хэвийн горимд нь шилжүүлэх зорилт байсан. Бид энэ зорилтдоо хүрч чадсан. Одоо эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд Үндэсний хороо байгуулж, салбар бүрийн төлөөллийг оролцууллаа. Тиймээс Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төсөл боловсруулна хэмээн онцолж байсан нь ийн ажил хэрэг болж байна. Эх сурвалж:ЗГХМХГ
ҮАБЗ: ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2021-09-03 09:48:57 Нийтлэгдсэн: Улс төрҮндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөө хуралдлаа. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн байна. Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалт орсон байна. ҮАБЗ-өөс уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжжээ. Ташрамд дурдахад, Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд ахалж байгаа билээ. Уг хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх амаргүй. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байна. Засгийн газар байгуулагдаад эхний 200 хоног хүрэхэд хүн амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадлаа. Мөн эдийн засгийг сэргээж, хэвийн горимд нь шилжүүлэх зорилт байсан. Бид энэ зорилтдоо хүрч чадсан. Одоо эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд Үндэсний хороо байгуулж, салбар бүрийн төлөөллийг оролцууллаа. Тиймээс Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төсөл боловсруулна хэмээн онцолж байсан нь ийн ажил хэрэг болж байна.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙВАЛ БИД ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХИЧЭЭЛ СУРГАЛТЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ ЯВУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
2021-09-02 09:08:25 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа. Тэрбээр багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлээд Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна. Энэ бол хэзээ ч үл нөхөгдөх хохирол. Танхимын сургалтын үйл ажиллагааг эхлүүлснээр хөдөлгөөний эрчмийг даган халдварын тохиолдол ихсэх магадлалтай учир иргэн бүр хариуцлагатай байж, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх нь чухал байна. Цаашид цар тахлын үеийн иргэдийн нийгэмд оролцох оролцоог шинэ соёл болгон төлөвшүүлж чадвал хүүхдийнхээ хичээл сургалтыг тасалдуулахгүй явуулах боломж бидэнд бүрдэнэ. Тиймээс аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй гэлээ. Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй, анги танхим хүрэлцээтэй болсныг Ерөнхий сайд мөн дурьдаад Монгол Улсын нийт хүн амын бүрэн вакцинжуулалт 64.4 хувьд, 12-17 насны хүүхдийн дархлаажуулалт 75 хувьд хүрч, багш сурган хүмүүжүүлэгчид гурав дахь тунд хамрагдсанаар хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлэх боломж бүрдсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 17 сургууль 1955 онд байгуулагдсан, өдгөө 67 дахь жилдээ 97 багш, 35 ажилтан, албан хаагчтай, I-XII ангийн 64 бүлэгт 2,240 сурагч суралцах бэлтгэлээ хангасныг тус сургуулийн захирал Б.Чимгээ Ерөнхий сайдад танилцууллаа. Энэ хичээлийн жил тус сургуулийн нэгдүгээр ангид 180 гаруй сурагч суралцана. Боловсролын цахим шилжилтийн үр дүнд тус сургууль өнгөрсөн хичээлийн жилийн арваннэгдүгээр сараас SOLS-17 цахим системийг сургалтдаа бүрэн ашиглажээ. Энэ цахим системийг ашигласнаар багш нараа интерактив видео хичээл бэлтгэх арга зүйд сургаж, улмаар тус сургуулийн 15 багш моодле системийн сургагч багшийн болзол хангасан, нийт багш нар 2,618 цагийн ээлжит хичээл, видео контент байршуулж ажилласныг Б.Чимгээ захирал хэллээ. Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай Ерөнхий сайд танилцах үеэр 12-оос дээш насны хүүхдүүд вакцины бүрэн тундаа хамрагдаж, сургуульдаа явж эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид танхимаар хичээллэдэг болохын тулд хамтаараа хичээнэ гэж байв. 2021-2022 оны хичээлийн жилд 720 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцахаас 340 гаруй мянга нь нийслэлд, 380 мянга нь орон нутагт байгаа юм. Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 81 мянган хүүхэд байна. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021-2022 оны хичээлийн шинэ жилд зориулан мэндчилгээ дэвшүүллээ
2021-09-01 09:47:11 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021-2022 оны хичээлийн шинэ жилд зориулан мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ: Эрхэм хүүхэд багачууд, сурагч оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье! Зуны амралт дуусаж 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуульдаа очих гэж хүүхэд бүр яарч, догдолдог. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хоёр жил шахуу танхимын сургалтаас холдсон болохоор энэ жил Та бүхэн сургууль танхимаа харах гэж, ангийн найз нөхөд, багштайгаа учрах гэж яарч догдолсон нь тодорхой. КОВИД-19 цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор нийтийн эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох сургуулийн танхимын сургалтыг зогсоосноос дэлхий даяар боловсролын системд урьд өмнө байгаагүй сорилтууд тулгараад байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөг орон даяар жигд, чанартай хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага үүссэн байна. Бид бэрхшээл дундаас боломжийг олж харж чадах нь чухал юм. Цаашид цар тахлын дараах боловсролын үйл ажиллагааг танхим, зайн сургалтыг хослуулан зохион байгуулж мэдээлэл, харилцаа холбооны технологийн ололтыг ашиглан боловсролын тэгш боломжийг үүсгэх, сайн багшийн хичээлийг хүүхэд бүр үзэх боломжоор хангахад анхааран зайн сургалтын цогц стратегийг боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ хүүхэд бүр зайн сургалтад хамрагдах боломжийг судалж, шат дараатай хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан залуус аа! Монголчууд эртнээс Эрдэм ном дээд баян хэмээн эрдэм мэдлэг, боловсролыг чухалчлан дээдэлж ирсэн билээ. Бие, хэл, сэтгэлээс хамгийн эрхэм нь сэтгэл юм. Хүний сэтгэл сурах, мэдэхэд туйлбартай зүглэж чадваас зорьсон эрдэм, үйлс бүтдэг жамтай. Эрдмийг хичээлээр сурдаг гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Хүн өөрийнхөө тухай эргэцүүлж, хэн болохоо тодорхойлж, хэрхэн зорилгодоо хүрэхээ мэддэг болсноор өөрийн хүсэл сонирхол, зан чанарт нийцсэн мэргэжлээ зөв сонгон, туйлбартай хичээнгүйлэн суралцсанаар мэргэжилдээ эзэн болж, ажилдаа амжилт гаргаж, амьдралдаа аз жаргалыг мэдэрч, насан туршдаа сэтгэл хангалуун амьдардаг жамтай. Уудам сэтгэж, томоор мөрөөдөж, алсад зорьж, зорилгодоо итгэж, чин сэтгэлээр зүтгэсэн хүн амжилтад хүрдэг. Залуус Та бүхнийг энэхүү үгийг сайтар тунгаан бодож мөрөөдөлтэй байж, мэргэжилдээ эзэн болохыг хичээнгүйлэн захиж байна. Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эхчүүд ээ! Монголчууд багш, эцэг, эх гурвыг гурван ачтан хэмээн үргэлж дээдлэн хүндлэх ёстойг сургаж ирсэн билээ. Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос гэсэн зүйр цэцэн үг бий. Боловсролын салбарын чанарын суурь нь сайн багш, сурах эрмэлзэлтэй суралцагч юм. Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаарна. Багшлахуйгаас суралцахуйд, үйл явцад суурилсан сургалтаас үр дүнд суурилсан сургалтын тогтолцоонд шилжиж байгаа энэ үед эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэн өөрсдийгөө байнга чадавхжуулж, шавь нарынхаа сурах хүсэл эрмэлзлийг бадраагч, суралцах үйл явцад нь туслагч, зөвлөгч нь байж, мэргэжилдээ эзэн болж, мөрөөдлөө биелүүлэн ирээдүйгээ бүтээхэд нь туслаарай. Монгол хүн болгон төлөвшүүлэхэд бүх шатны албан боловсролоос гадна амьдрах орчинд суралцах нь чухал юм. Үүнд багш, сургалтын байгууллагаас гадна эцэг эхчүүд Та бүхний үүрэг үлэмж их гэдгийг санаарай. Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд 12 дугаарт, насан хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтаар 11 дүгээр байрт байгаа хэдий ч хүний хөгжлийн индексээр 189 орноос 92, боловсролын индексээрээ 189 орноос 103, өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59 дүгээрт орж байна. Монгол Улс, шинжлэх ухаан, технологийн түвшнээ ахиулахад зөвхөн эх орондоо ажиллаж амьдарч байгаа эрдэмтэн, судлаачдаас гадна хилийн чанадад оршин суугаа мэргэжилтнүүдээ зайнаас татан оролцуулж хил хязгааргүй оюуны дэд бүтэц үүсгэх нь зүйтэй. Монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг дэмжих зорилгоор Монгол Улсын сум, хороо бүрээс шалгарсан шилдэг иргэнд Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох болон Олон улсын олимпиадад амжилттай оролцох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч миний бие урамшууллын асуудлаар Зарлиг гаргаснаа хичээлийн шинэ жилийн баярт энэ өдөр дуулгаж байна. Монгол хүний үнэ цэн дэлхийд үнэлэгдэж, Монгол орны хөгжил бадамлан бадрах болтугай! Багш, оюутан, сурагчид, нийт ард иргэддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье!
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй