Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцууллаа. Түгжрэлийн өртгийг мөнгөн дүнгээр тооцвол, өнгөрсөн 10 жилд 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Нэг үгээр хэлбэл, шатахууны болон цаг хугацааны зардлыг (ажлын бүтээмж буурах, эрүүл мэнд, стресс, дуу чимээ гэх мэт) ийн тооцсон байна. Нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд алдаж байгаа судалгаа гарч, иргэдийн 85 хувь түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцсон иргэдийн 76 хувь түгжрэлийг шийдэх зоригтой алхам хийх цаг болсон гэсэн байна. Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн менежментэд хувийн хэвшилтэй хамтрах ямар боломж байгаа эсэх, орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох, дугаарын хязгаарлалт үр дүнтэй шийдэл байж чадах уу, төрийн албан хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал хэр үр дүнтэй вэ зэрэг 20 орчим асуудлыг судлахыг чиглэл болгосон билээ. Ажлын хэсгийнхэн нийтийн тээврээр зорчих иргэдийн тоог 50 хувиар нэмэгдүүлбэл автозамын түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж үзэж байна. Энэ хүрээнд улсын төсвийн болон төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд автобусны парк шинэчлэлт хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрөл LRT нэвтрүүлэх нь чухал гэж үзжээ. Одоо сургуулийн автобусаар 11 мянган сурагч зорчиж байгааг 20 мянга болговол автозамын түгжрэл 2.5-2.7 хувиар буурах боломжтой юм байна. Нэгдсэн зохион байгуулалтаар явуулж байгаа сургуулийн автобусыг 53, төрийн болон хувийн сургуулийн өөрийнх нь автобусыг 227 болгосноор өдөрт 10000-12000 сурагч буюу машины хөдөлгөөнийг бууруулна гэж тооцжээ. Ажлын нэг өдрийг цахимаар ажилладаг болговол дэмжихээ судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын 91 хувь хэлжээ. Хэрэв төрийн албан хаагчид нэг өдөр гэрээсээ цахимаар ажиллабал замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өдөрт 15-25 мянгаар буурах тооцоо гарчээ. Орон нутгаас нийслэлд сард дунджаар 28-30 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролдцог байна. Ихэвчлэн хувийн ажлаа амжуулах, автомашины татваар төлөх, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн туслам авах, бараа бүтээгдэхүүн худалдаж авах зорилгоор ирдэг. Ялангуяа жил бүрийн нэг, наймдугаар сард орон нутгаас ирэх тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэг байна. Ерөнхий сайдаас буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, хэзээнээс боломжтой эсэхийг судлах чиглэл болгосон. Уг асуудлыг судлаад 2028 оноос Улаанбаатар хот 100 хувь зүүн жолооны хүрдтэй автомашинд шилжих, 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэх, мөн ирэх жилээс шинэ автомашин худалдан авах зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх санал дэвшүүлжээ. Ажлын хэсэг дугаарын хязгаарлалт хэр үр дүнтэй байгааг судлахад хэрэгжилт хангалтгүй гарчээ. Тиймээс үүний хэрэгжилтийг хангуулах нь түгжрэлийг бууруулахад дэмтэй гэж үзсэн байна. Түүнчлэн зарим автозамыг нэг урсгалтай болгох боломжтой эсэхийг судлахад манай автозамын нэвтрүүлэх чадвар муу учраас одоогийн нөхцөлд тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ажлын хэсгийнхний богино хугацаанд түгжрэлийг бууруулах санал: - Тээврийн хэрэгслийн ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ нэвтрүүлэх ажил (Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх) - Ерөнхий болосвролын сургуулийг 5/9 шилжүүлэх - Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх, - Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах, - Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх, - Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, - Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох, - Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах, - E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах, - Автомашингүй гудамж бий болгох, - Зогсоолгүй бүс бий болгох, - Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах, - Явган зам, дугуйн зам, автозамын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх, - Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох, - Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх Эдгээр 15 саналыг ирэх сараас хэрэгжүүлснээр автозамын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзжээ. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлийг Ерөнхий сайдад ийн танилцууллаа. Удахгүй дунд, урт хугацааны шийдлүүдээ танилцуулахаа ч энэ үеэр хэлсэн юм. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн сурагчдыг урамшуулах тухай хоёр зарлиг гаргажээ
2021-08-30 08:56:10 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр 11:00 цагт Төрийн ёслол, хүндэтгэлийн А танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан хөтөлбөр болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулахтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр зарлиг гарсан талаар мэдээлэх юм.
ЦАХИМ ЗАСАГЛАЛД ШИЛЖИХ, ХҮНД СУРТАЛ, АВЛИГАГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРДҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
2021-08-27 08:48:29 Нийтлэгдсэн: Улс төрЦахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын тогтоолоор байгуулсан Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, нарийн бичгийн даргаар ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ нар ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний хорооны анхдугаар хуралдааны эхэнд Миний бие Засгийн газрын тэргүүний хувьд зайлшгүй анхаарч ажиллах шаардлагатай таван хороог байгуулсны нэг нь тус хороо юм. Иргэдээс авсан судалгааны үр дүнд иргэд төрийн үйлчилгээг авахад ихээхэн хүндрэлтэй байгаа нь анзаарагдсан. Тиймээс цахим засаглалд шилжих ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, төрийн бүх шатны байгууллагуудад үүссэн давхцалыг байхгүй болгохын зэрэгцээ бүтцийг оновчтой болгоход уг хороо голлон чиглэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн төрийн бүх байгууллагуудын хүнд суртал, авлигын шинжтэй гомдол, мэдээллийг иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр хүлээн авч, хариу, мэдээлэл өгөх эргэх холбоотой ажлыг эрчимжүүлэхэд Үндэсний хороо анхаарах шаардлагатай байна. гэв. Үндэсний хороо нь цахим засаглалд бүрэн шилжиж, төрийн үйлчилгээ иргэнд ээлтэй болох, чадварлаг мэргэшсэн, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлж, бүрдүүлэх, авлигаас ангид, хүнд сурталгүй нээлттэй эерэг нийгмийг бий болгоход голлон анхаарч ажиллана. Тус үндэсний хороо нь цахим засаглалд бүрэн шилжиж, төрийн үйлчилгээ иргэнд ээлтэй болох, чадварлаг мэргэшсэн, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлж, бүрдүүлэх, авлигаас ангид, хүнд сурталгүй нээлттэй эерэг нийгмийг бий болгоход голлон анхаарч ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга бөгөөд Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ танилцууллаа. Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа 2050 бодлогын баримт бичигт уялдсан төлөвлөгөөг боловсруулсны дотор цахим засаглалд бүрэн шилжихэд шаардлагатай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж иргэдэд ээлтэй, хялбар болгох, төрийн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг цахимжуулах, төрийн зарим чиг үүргийг дахин хуваарилах чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг үндэслэн чиг үүргийн давхардлыг арилгах, чадварлаг, мэргэшсэн, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлж, бүрдүүлэх зэрэг нийт 25 ажил багтжээ. Үндэсний хорооны төлөвлөгөөг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яам, төрийн байгууллагууд давхардсан бүтэц үүсгэхгүй байх шаардлагатайг онцлоод, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн системийг бий болгож, өөрсдийн чиг үүргийн дагуу хариуцлагатайгаар иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүйгээр ажиллах нэгдсэн бодлого, төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хорооны бүрэлдэхүүнд даалгав. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САН, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГ БҮРДҮҮЛЖ, ДУНДАЖ ДАВХАРГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА
2021-08-27 08:45:52 Нийтлэгдсэн: Улс төрИргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хорооны анхдугаар хурал өнөөдөр боллоо. Уг хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Сангийн сайд Б.Жавхлан, нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нар ажиллаж байгаа юм. Хурлаар Үндэсний баялгийн сангийн тухай, Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг сонслоо. Мөн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Залуус 1 орон сууцны хорооллын талаар танилцуулсан юм. Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтоцоонд үе шаттай шилжихийн тулд Хуримлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулснаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байлаа. Ийм сан байгуулснаар тогтвортой ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх, нийгмийн дундаж давхарга нэмэгдэн, хүн бүр хуримтлалтай, хуримтлалын сангийн схемтэй болно гэж үзжээ. Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтөд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, сангийн хөрөнгийг хуримтлалын санд байршуулах, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг өсгөх замаар дундаж давхаргыг нэмэгдүүлэх, нэрийн дансны орлогыг мөнгөжүүлэх, нийгмийн даатгалын бүх үйлчилгээг цахимжуулах зэргийг тусгахаар төсөл боловсруулжээ. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулахаар төсөлд тусгасан байна. Сингапур улсын боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, түгжрэл, орон сууцжуулах асуудлаа хуримтлалын нэгдсэн сангаараа дамжуулж шийдсэн загварыг манайх судалж, Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох албаныхантай нь харилцаж байгаа юм байна. Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах бодлого явуулж байгаагийн үр дүнд энэ оны наймдугаар сарын 19-ны байдлаар 8289 иргэн жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагджээ. Энэ тоо өнгөрсөн онд 5549 байсан бол 2019 онд 4815, 2018 онд 3909 байжээ. Эдгээр танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх бодлогын талаар нэгдсэн танилцуулгыг ирэх долоо хоногийн мягмар гарагт хийхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон юм. Мөн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хувийн хэвшлийг оролцуулсан 12-15 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө. Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэхийн тулд ажлын хэсэгт орсон бүх байгууллагуудаас санал авч, төлөвлөгөө гаргаж ажиллахаа Ерөнхий сайд хурлын төгсгөлд тэмдэглэн хэлж байсан юм. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР.
ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ АГУУЛАХ, ЦӨМИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ АШИГЛАЛТАНД ОРЛОО
2021-08-27 08:42:30 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин, биобэлдмэлийн төв агуулахтай эхлээд танилцсан юм. Монгол Улсын хувьд зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах төслөөр, НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд Вакцин, биобэлдмэлийн төв агуулахын өргөтгөл-ийн барилгыг гурван сарын хугацаанд барьж, ийнхүү өнөөдөр ашиглалтад оруулж байгаа юм. Энэхүү өргөтгөл нийт 1,686 м2 талбайтай бөгөөд дотроо хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай, өдөрт 100 кг хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дэвшилтэт технологи, шийдэлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалт болжээ. Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орсноор хамгийн багадаа 2-3 сая тун вакциныг нэг дор хүлээн авах, вакцины нөөцийг зохистой бүх хэмүүдэд (+2-+8, -15-25, -70-80) стандартын дагуу хадгалах шинэ дэвшилтэт технологуудыг суурилуулсан байна. Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын төлөөллөөс гадна Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл зэрэг албаныхан оролцлоо. ПЭТ компьютертомографи оношилгоог эх орондоо хийлгэх боломжтой болов Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж, Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөмийн оношилгоо, эмчилгээний ач холбогдол өссөөр байгаа энэ үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэлхийн анагаах ухааны шилдэг технологи нэвтэрч байна. Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ПЭТ компьютертомографи оношилгоог Монгол Улсад шинээр хийж эхлэхээр боллоо. Монгол Улсын хүн амын дунд зүрх судас, хорт хавдрын шалтгаантай өвчлөл, нас баралт тэргүүлэх байрыг эзэлж байна. Энэ оношилгоо эдгээр өвчний хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэлээ. Мөн ПЭТ компьютертомографи оношилгоо болон цацраг идэвхт эмийн үйлдвэр байгуулахад хүчин чармайлт, хичээл зүтгэл гарган ажилласан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, эмч, мэргэжилтнүүд төдийгүй Бүгд Найрамдах Солонгос Улсын түншүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр талархал илэрхийлэв. Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор гадаад улсад энэ төрлийн оношилгоонд орохоор явдаг манай иргэдийн урсгалыг арилгаж, тэдэнд учирч байгаа эдийн засгийн ачаалал, чирэгдлийг бууруулахад бодитой үр дүн үзүүлнэ гэдгийг албаныхан хэлж байв. Монгол Улсын иргэд гадаад улс онуудад эмчилгээ, оношилгоо хийлгэхэд жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Гадаад улсад ПЭТ компьютертомографи оношилгоо хийлгэхэд зарцуулдаг нийт зардлыг манай улсад хийж эхэлснээр энэ оношилгоонд гарах зардалтай харьцуулахад 2-5 дахин буурах юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уг аппаратыг ажиллуулах болон оношилгоонд шаардлагатай цацраг идэвхт эмийн үйлдвэрлэл дээр ажиллах 10 эмч, эм зүйч, инженер, химич, техникчийг багаар нь БНСУ-д сургаж, бэлтгэжээ. Засгийн газраас Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа билээ. Энэ ажлын нэг нь Цөмийн оношилгоо, эмчилгээний төв болж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй