Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, даатгалд хамруулахыг уриаллаа

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өвөлжилт амаргүй байх төлөв харагдаж байна. Энэ жил хур бороо ихтэй байсан учраас газрын хөрс нэлээн чийгтэй, намар эрт сэрүүсэх цаг агаарын төлөв харагдаж байгаагаас дүгнэхэд өвөлжилт хүндэрч болзошгүй юм. Тиймээс малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, эрсдэлээс сэргийлэх, малын индексжүүлсэн даатгалд хамруулахыг сайд З.Мэндсайхан нийт малчдадаа уриаллаа. Тэрээр өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 221 тоот тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ жилийн өвөлжилт болон зудын эрсдэлийг тодорхойлох ажлын хэсгийг байгуулжээ. Беларусь улсаас 4,3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан, хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг энэ намрын технологит ажлын өмнө аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлсэн байна. Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 1.3 сая тонн өвс, 1.6 тонн сүрэл, 13.000 тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 13 хувьтай байна. Эх сурвалж: ХХААХҮЯ

Авто замд халтиргаанаас хамгаалах өнгөт хучилт хийж байна

Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өвлийн улиралд мөстөж халтиргаа гулгаа ихээр үүсэхээс сэргийлж халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг нийтийн эзэмшлийн гудамж, замын уулзварын өгсөх хэсэгт болон автобусны буудлууд, нар тусдаггүй газарт хийж байна. Халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг2017-2020 онд нийт 10926,5 мкв талбайдбуюу 12 уулзвар, 24 автобусны буудалд хийсэн бөгөөдэнэ онд нийт 6570 мкв талбайдбуюу дөрвөн уулзвар, 16 автобусны буудалд хийхээр ажиллаж байна. Өнгөрсөн шөнө Төв номын сан баруун зүүн, Оргил баруун зүүн, ЧДЗДТГ-ын автобусны буудлуудад халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг нэмж хийснээр нийт 16 автобусны буудалд халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийгээд байна. Хучилтыг бүрэн барьцалдуулж, хатааж цэвэрлэснээр ашиглалтад оруулна. Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 360600 тун томуугийн вакциныг хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан 360600 тун томуугийн вакциныг хүлээн авлаа.Монгол Улс жилд дунджаар 100 мянга гаруй тун томуугийн вакциныг захиалан авдаг бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү 2 дахин их вакцин худалдан авч байгаа нь цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд хийж буй чухал хөрөнгө оруулалт юм. Нийт 300 мянган тун вакцины санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас, үлдсэн 60600 тунг дэлхийн PIVI хөтөлбөрийн (Томуугийн вакцины төлөөх хамтын ажиллагааны хөтөлбөр) санхүүжилтээр оруулж ирж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас томуугийн вакциныг цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, зорилтот бүлгийн хүн амд нэн түрүүн хийхийг зөвлөж байгаа юм. Гадаад харилцааны яам

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.