“Япон лугаа хөгжье” хэмээх санаачилга бол бид бүхний хамтын санаачилга гэж ойлгоорой гэв
2021-08-26 10:33:35 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улс, японы ард түмэн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, Монгол Улсын баг тамирчдыг Олимпын наадамд оролцоход японы тал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээтэй талбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлж, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Х.Кобаяши Олимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, дөрвөн медаль хүртсэнд баяр хүргээд, нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Ерөнхий сайдын түвшинд ирж оролцсон, мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад айлчилж Ерөнхий сайд Ё.Сүга-тай Монгол, Японы харилцааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлах тухай Ерөнхий сайд Ё.Сүга-гийн саналыг талархан хүлээн авч байгаа бөгөөд харилцааны ирээдүйг авч явах залуучуудыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулахын төлөө байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв. Мөн ойг тохиолдуулан японы талаас дээд, өндөр түвшинд хүндтэй зочдыг хүлээн авч, Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааг бататган бэхжүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Цар тахлын үед манай улсад вакцины болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэн чухал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн Япон Улс КОВИД-19 цар тахлын үед манай улсад вакцины болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэн чухал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Өнөөг хүртэл Япон Улсын Засгийн газар, ард түмний зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг тусламжид талархахын сацуу цаашид харилцан ашигтай, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэв. Япон Улсаас суралцах зүйл их байгаа. Япон лугаа хөгжье хэмээх санаачилга бол бид бүхний хамтын санаачилга гэж ойлгоорой. Мөн Японы хөрөнгө оруулагчид Монголд олноор орж ирээсэй, хоёр улсын хувийн хэвшлийг холбоход Элчин сайд Та манай холбогдох байгууллагуудтай идэвхтэй ажиллаарай хэмээн захив. Чингис Хаан олон улсын нисэх буудал, Япон, Монголын сургалтын эмнэлэг шиг хоёр орны хамтын ажиллагааны дараа дараагийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд бэхжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр хэрэгжээд дуусгавар болж байна. Одоо байгуулахаар бэлтгэж буй шинэ Дунд хугацааны хөтөлбөр (2022-2025) нь бидний цаашдын хамтын ажиллагааны замын зураг болно гэдэгт итгэлтэй байна гээд үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг сайтар хангаж хэрэгжүүлэхийг ГХЯ-нд үүрэг болгов. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Японы эдийн засаг, хувийн хэвшил, бизнесийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа мөн тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ, Улсын II төв эмнэлэгт ажиллана. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр баригдаж, шинээр ашиглалтад орж буй Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгын үйл ажиллагаатай танилцах юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах өмнө нь зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай байжээ. Иймд, Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах төслөөр НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд Вакцин, биобэлдмэлийн төв агуулахын өргөтгөл-ийн барилгыг олон улсын стандартад нийцүүлэн гурван сарын хугацаанд барьж, өнөөдөр ашиглалтад оруулж байгаа аж. Вакцин биобэлдмэлийн шинэ агуулах ашиглалтад орсноор Монгол Улсын эрүүл мэндийн салбар КОВИД-19-ийн болон товлолт вакцинууд, мөн ирээдүйд гарч болзошгүй аливаа цар тахлын вакцин, дагалдах хэрэгслийг нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр хүлээн авах, бүх төрлийн горимоор, стандартын дагуу зөв хадгалах, улс даяар тээвэрлэх түгээх боломжтой болох юм. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАЛАА
2021-08-26 09:49:45 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. Үүнтэй холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтод 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгав. Энэ онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов Засгийн газраас Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 утсанд авлигатай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд сурталтай холбоотой гомдол хамгийн их иржээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэхдээ авлигын асуудлаар хамгийн их гомдол авч байгаа асуудал болох нийслэлд газар олгох асуудлыг салгаж хойшлуулав. Учир нь, нийслэлд газар олголттой холбоотой асуудлыг цахимжуулах, ил тод нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулах мөн Улаанбаатар хотын төлөвлөлт, түгжрэлийг бууруулах гэх мэт Засгийн газрын олон зорилготой уялдуулан асуудлыг цогцоор нь танилцуулах үүргийг Ерөнхий сайд холбогдох сайд, Нийслэлийн удирдлагуудад өглөө. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2020 оны эцэс хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 647,664 иргэнд 65,836.26 га газрыг өмчлүүлжээ. Үүнээс 646,658 иргэнд 65,643.06 га газрыг гэр бүлийн хэрэгцээний, 1,006 иргэнд 193.2 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлсөн байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт иргэдийн 19.6 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчлөн авчээ. Ажлын байрыг дэмжих зээлийг 23,936 иргэн, ААН-д олгоод байна Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд наймдугаар сарын 23-ны байдлаар 1,811.9 тэрбум төгрөгийг 23,936 (5,205 ААН, 18731 иргэн) зээлдэгчид олгожээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 33.4 сая төгрөг байгаа бол ААН-үүдийнх 227.8 сая төгрөг байна. Зээлийн батлан даалтын сангаас нийт 193 зээлдэгчийн 53,335.2 сая төгрөгийг батлан даажээ. Монголбанкнаас хоёр жил хүртэлх хугацаатайгаар банкуудад репо нөхцөлөөр санхүүжилт олгож, банкууд эцсийн зээлдэгчид 10.5 хувийн хүүтэйгээр шинээр зээл олгох, олгосон зээлийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч байна. Наймдугаар сарын 23-ны байдлаар 660.4 тэрбум төгрөгийг 2,905 (1,600 ААН, 1,305 иргэн) зээлдэгчид олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 118.2 сая төгрөг байгаа бол аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 316.2 сая төгрөг байна. Орон сууцны ипотекийн зээлд 656.2 тэрбум төгрөгийг 8,750 зээлдэгчид, ХАА-г дэмжсэн зээлд 321.1 тэрбум төгрөгийг 20,036 зээлдэгчид олгожээ. ТОВЧ МЭДЭЭ: - Засгийн газраас хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зохион байгуулах ажлыг 2018 онд эхлүүлсэн. Үүнд шаардагдах зардлыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталж, санхүүжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 18-аас дээш насны даатгуулагчид 12 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой талаар Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. - Олимпзмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар байгуулав. Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ажиллана. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ГАДААДАД СУУХ ЭЛЧИН САЙД НАРТАЙ УУЛЗЛАА
2021-08-25 10:49:21 Нийтлэгдсэн: Улс төрБайгаль орчин, аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, олон улстай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд гээд өргөн хүрээнд мэдээлэл өгч, шаардлагатай асуултад хариулт өглөө. Тухайлбал Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртсөн. Үүнээс үүдэлтэй тоосжилт нь хөрш орнууд, цаашлаад бүс нутгийн хэмжээний томоохон асуудлын нэг болоод байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол, Усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа зэргийг танилцуулсан юм. Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 70 хувь, дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.48 хувийг эзэлдэг. Хөвсгөл нуурын экосистемийн тэнцлийг хангах, бохирдол хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авах нь үндэсний төдийгүй олон улсын хувьд ч чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах ажлын судалгааг эхэлсэн. Гадаад харилцааны яамны шугамаар ОХУ-ын Онцгой байдлын яаманд хандах, Эрхүү хотын Сибирийн онцгой байдлын газартай холбоо тогтоож хамтран ажиллах хүсэлтийг тавих нь зүйтэй гэж үзэж байгаагаа Н.Уртнасан сайд илэрхийлээд ОХУ-д томилогдон ажиллах Ө.Энхтүвшин сайдад энэ асуудлыг анхааралдаа авч хамтран ажиллахыг тусгайлан хүсэж онцлон тэмдэглэв. Монгол Улсын газар нутгийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлдэг. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 5-8 мянган га талбайд ойжуулалт хийж байна. Ирэх 4 жилд ойн менежментийг сайжруулан 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6% хүргэх зорилготой ажиллаж байгаа. БНСУ шар шороон шуургатай, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажилладаг. Ногоон хэрэм барьж байгуулах, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр Зүүн хойд азийн бүсийн улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Дэлхий нийтийг хамарсан Корона вируст цар тахлын үед хамгийн их хохирол амсаж байгаа салбаруудын нэг бол аялал жуулчлалын салбар. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлэн 9 зорилтыг тусган ажиллаж байна. Аялал жуулчлалын бүсчлэлийг тогтоох нь чухал гэж үзэж зургаан бүсэд хуваасан. Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг дахин сэргээх, жуулчдын урсгалыг богино хугацаанд буцаж бий болгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаагаа онцоллоо. Гадаад, дотоодын жуулчдыг татах, аялал жуулчлалын улирлын хамаарлыг арилгах тодорхой чиглэлүүдэд нэгдсэн зохион байгуулалтаар анх удаа Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам бодлогоор хамтран ажиллахаар болсон. Аялал жуулчлалын гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох гол зорилгод хүрэхэд та бүхний туслалцаа, хамтын ажиллагаа их чухал.
ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
2021-08-25 10:34:38 Нийтлэгдсэн: Улс төрЦар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Уг хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм. Тэрбээр хурлын эхэнд Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх амаргүй. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байна. Ийм үед ямар бодлого барих вэ гэдгийг өнөөдрийн хурлаар хэлэлцэнэ. Засгийн газар байгуулагдаад эхний 100 хоногт вакцины нөөц бүрдүүлэх, дархлаажуулалтыг эхлүүлэх, эдийн засгийг үе шаттай нээх, ажлын байрыг хамгаалахад гол бодлогоо чиглүүлж байсан. Харин 200 хоног хүрэхэд хүн амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадлаа. Мөн эдийн засгийг сэргээж, хэвийн горимд нь шилжүүлэх зорилт байсан. Бид энэ зорилтдоо хүрч чадсан. Одоо эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд Үндэсний хороо байгуулж, салбар бүрийн төлөөллийг оролцуулсан. Тиймээс Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх тухай хуулийн төсөл боловсруулна хэмээн онцоллоо. Үндэсний хорооны бүрэлдэхүүнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл багтаж, өнөөдрийн уулзалтад эдийн засгийг сэргээх чиглэлд хэрхэн ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин хувийн хэвшлийн ААН-үүдийнхээ саналыг нэгтгээд хуулийн төсөл боловсруулж байгаа ажлын хэсгийнхэнд өгсөн. Сангийн яам нэгтгээд явж байгаа гэсэн бол нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ААН-үүдэд ямар асуудал тулгамдаж байна вэ. Үүнийг нарийвчилж гаргах ёстой. Ингэхгүй бол эдийн засгийг сэргээхээр ажиллах явцад хуулийн ойлгомжгүй байдал үүснэ. Олон хуультай энэ хууль яаж уялдах вэ. Ойлгомжгүй олон асуудлыг арилгаж байж энэ хууль урагшилна. Үндэсний хороодыг Ерөнхий сайд ахалж байгаа нь цаг үеэ олсон явдал. Одоо гаргах хуулийн төсөлд дотоодын аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах зохицуулалтыг нарийвчилж тусгаж өгөх шаардлагатай. Үүнийг шийдчихвэл бизнесийн хамтын ажиллагаа саадгүй явна хэмээн байр сууриа илэрхийллээ. Харин уулын баяжуулах Эрдэнэт ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн тус үйлдвэр энэ жил 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсныг хэлж байв. Мөн Ковидын болон дараах үеийн төлөвлөгөө гаргасан. Манай үйлдвэр менежментын засаглалаа сайжруулснаар 2024 онд 5.8, 2028 онд 12 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон. Одоогийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, экспортын хэмжээг 150 сая ам.доллараар 2024 он гэхэд нэмэгдүүлнэ гэлээ. Үндэсний хорооны бүрэлдэхүүнд багтсан төлөөллүүд саналаа ийн хэлсний дараа Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. Тодруулбал, уг хороо цар тахлын үеийн эдийн засгийг даван туулах улирлын төлөвлөгөө гаргах, хуулийн төсөл боловсруулах, мөн гадаадын хөрөнгө оруулагч болон хувийн хэвшлийнхний саналыг нэгтгэх ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар боллоо. Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар дээрх хорооны ажлыг дэмжих, хуулийн төсөл боловсруулцах ажлын хэсэг УИХ-аас байгуулах юм байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй