Г.Занданшатар: Хотын хөгжилд тушаа болж буй 30 жилийн гажуудлыг засахаар хийж буй ажлыг УИХ дэмжинэ
2021-08-19 11:18:30 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд, Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзжээ. 2021 оны долоодугаар сарын 07-ны өдөр УИХ-аар баталсан Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт болон ирэх намрын чуулганаар батлах Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах хүрээнд тус уулзалтыг хийсэн байна. Түр хороо Улаанбаатар хотод тулгамдсан Таван Т-гийн асуудал буюу төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх, талцлыг эцэс болгох зэрэг ажил хэрэг явуулах учиртайг УИХ-ын дарга онцолжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн дүрмийг зөвлөлдөх санал асуулгын үндсэн дээр нийслэлийн иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор хэлэлцэн, батлах ажлыг энэ ондоо багтаахаар яаравчлах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад онцгой ач холбогдолтой эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот байгуулах асуудлаар Эдийн засгийн байнгын хороо, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо, Улаанбаатар хот хамтран ажиллаж, ажлаа нэг бодлогоор зангидаж явуулах, Улаанбаатар хотын хөгжилд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2022 оны улсын төсвийн төсөлд тусгах саналаа Сангийн яамтай нэгтгэн оруулж ирэх гэсэн гурван чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн товч мэдээлэл хийхдээ УИХ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн бол УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын даргын нэр дээр Улаанбаатар хотын иргэдээс түгжрэл болон корона вирусийн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар ихэвчлэн санал, хүсэлт ирүүлж буйг дурдаад, иргэдийн тавьж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Түр хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг хүсжээ. УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн С.Одонтуяа, Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ж.Чинбүрэн, П.Анужин нар уулзалтад оролцож, Хотын удирдлагуудаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал гишүүд нийслэлийн хилийн цэс, байшин барилга барих, газар олгох стандарт тогтоох, газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгө мөнгийг Нийслэлийн төсөвт тусгах, улсын төсвөөр болон Нийслэлийн төсвөөр хийх хөрөнгө оруулалтын зааг ялгааг гаргах, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд бодит хяналт тавих зэрэг асуудлыг тодруулсанд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хариулт өгөхийн зэрэгцээ зарим асуудлаар эцсийн шийдвэр гаргахад УИХ-ын түвшинд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив. УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан УИХ-ын даргын өгсөн тодорхой гурван чиглэлийн дагуу Түр хорооноос ажлын хэсэг гарч, Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллах төдийгүй ирэх аравдугаар сард эхлэх намрын ээлжит чуулганд зарим асуудлыг оруулж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын хөгжилд чөдөр тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлыг засаж, залруулахын төлөө хичээж буй Улаанбаатар хотын ажлыг УИХ дэмжиж ажиллана. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Түр хорооны гишүүн бүр нэг ажил хариуцаж аваад, ард нь гарах хэрэгтэй. Дэлхий нийтийг сөхрүүлж буй цар тахлын хүнд үед Засгийн газар ч чадлаараа ажиллаж байна. Засгийн газрын ажлыг ч УИХ дэмжиж, цар тахлыг даван туулахын төлөө ажиллана. УИХ-ын гишүүд ч том өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд нэг санаатай ажиллаж буй гэдэгт итгэж байна. Одоо бол бүгд нийлээд ажил л хийх цаг. Засаг төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, хаа хаанаа хариуцлагатай, сахилга баттай, нягт холбоотой ажиллахыг анхааруулж байна хэмээсэн гэжУИХ-ын Тамгын газраас мэдээллээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний дөрвөн хороо байгууллаа Засгийн газрын хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталлаа. Үүнд: -Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо -Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо -Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо -Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо Эдгээр хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь Засгийн газрын холбогдох гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ. Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын зориулалтаар 509.1 га, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын контор, аж ахуйн зориулалтаар 2.01 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авлаа. Нисэх буудал, арилжааны нислэгийн үйл ажиллагаа Чингис хаан олон улсын нисэх буудалд шилжсэн хэдий ч цаг үеийн шаардлагаар дамжин өнгөрөх нислэг, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэх, иргэний болон улсын агаарын хөлгөөр гүйцэтгэх онцгой, тусгай үүргийн нислэг, иргэний нисэхийн сургалт үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор ашиглах боломжтой. Мөн иргэний болон улсын агаарын хөлгийн онцгой байдал, гамшгаас хамгаалах, онцгой, тусгай үүргийн нислэг, энхийг сахиулах ажиллагааны нисэх онгоц хүлээн авах боломжтой хэвээр байна. Төрийн үйлчилгээний e-Mongolia системийн шинэчлэлийн талаар танилцуулав Төрийн үйлчилгээний e-Mongolia системийн шинэчлэл, И-Монгол академи сургалт, судалгааны төв байгуулах, Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав. И-Монгол академи сургалт, судалгааны төв нь цахим засаглал, дижитал шилжилтийн талаарх нэгдсэн бодлого гаргах, бусад байгууллагуудад зөвлөгөө өгнө, сургалт зохион байгуулна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлогын судалгаа, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, үндэслэлийг боловсруулах юм байна. e-Mongolia систем 1,9 сая хэрэглэгчтэй, 3,3 сая үйлчилгээ үзүүлсэн, тус системд төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээ оржээ. Хатуу хөл хорионы үед иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах нь зургаа дахин нэмэгдсэн байна. Нийт 1,2 сая иргэнд вакцины гэрчилгээ олгожээ. Иргэд төрийн үйлчилгээг авснаар төрийн байгууллага руу ирж очих зардал, шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал, үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацааны зардал зэрэгт 27 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа хийжээ. Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төв нь тусгай дугаар бүхий төрийн байгууллагууд болон бусад дуудлагын төвүүдтэй нэгдсэн уялдаа холбоогүй ажиллаж, хүний нөөцийн хүрэлцээгүйгээс иргэдийн дуудлага алдах, өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэхгүй орхигдуулах, эргэн хариу өгөхгүй байх, нэгдсэн байдлаар Засгийн газрын хэмжээнд иргэдийн санал хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэж хянаж чадахгүй зэрэг асуудал гарч байна. Иймд тус төвийн үйл ажиллааг өргөжүүлэн, бүтэц орон тоо болон дуудлага хүлээн авах системд өөрчлөлт хийх, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих, эргэн мэдээлэл үүрэг бүхий нэгж бий болгож, тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа олон газрын дуудлагын төвийн систем болон мэдээллийг Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвтэй холбож, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн бүртгэл, хуваарилалт, шийдвэрлэлтийн эргэх холбоо бүхий хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Ажлын байрыг дэмжих зээлд 23.754 зээлдэгч хамрагдаад байна Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна. 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 6,324.3 тэрбум төгрөгийн 62.0 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,794.4 тэрбум төгрөгийг 23,754 зээлдэгчид олгоод байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд болон барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн санхүүжилт болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Өнөөдрийн хуралдаанаар Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад даалгав. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/ болон барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг БНХАУ-ын Эрээн хотоос татан авах, түүхий эдийн авто тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангах зохион байгуулалт хийнэ. Нийслэлийн зургаан дүүргийн нийт есөн агуулахад 11,663 тн, баруун бүсийн үйлдвэрийн хашаанд 2413 тн буюу нийт 14,005 тн түлшний нөөцтэй байна. Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг Тавантолгой төмөр зам ХХК-д олголоо Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг Тавантолгой төмөр зам ХХК-д олголоо. Суурь бүтцийн технологийн иж бүрдэл болох инженерийн дэд бүтэц, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, мэдээллийн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулж, баталгаажуулах, тэдгээрийг барихад шаардлагатай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай Тавантолгой төмөр зам ХХК-д олгосон. Тус төмөр замын чигийг эхний 40,6 км-ийг хэсэгчилсэн байдлаар баталгаажуулж, цаашид газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлэн баталгаажуулна. Энэ сард Богдхан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Товч мэдээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 21-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Цэргийн түүх, архив, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайдад олгов. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нараас санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Блүүмбэрг Монгол телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгионтой ярилцжээ. Тэдний ярилцлагыг хэд хэдэн телевиз өчигдөр орой нэвтрүүллээ. Энэ үеэр Ерөнхий сайд манай улсын нийт хүн амын 60 нь эхний тундаа хамрагдсан. Энэ үзүүлэлтээр бид эхний 15 улсад багтаж байна. Гэвч ирэх оноос вакцины үйлчилгээг төлбөртэй болгоно. Учир нь вакцин хийлгээгүй хүмүүс дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд эрсдэл учруулна гэв. Мөн өнгөрсөн хугацаанд МИАТ компани олон удаагийн нислэгээр вакцинуудыг татан авсан. Таван сая тун вакцин худалдан авахад төр тодорхой хэмжээний зардал гаргаж байна гэсэн юм.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ
2021-08-18 08:03:10 Нийтлэгдсэн: Улс төрЦар тахлын үеийн эдийн засаг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж, гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж цар тахлын үеийн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн бодлогоо танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Засгийн газар эрүүл мэндээ хамгаалан иргэдээ вакцинжуулж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлжсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Тухайлбал, энэхүү цогц төлөвлөгөөний хүрээнд хөдөө аж ахуйг дэмжих 320 тэрбум төгрөгийн зээл олгосны үр дүнд энэ намар 30 жилийн дунджаас ахиу ургац авах төлөвтэй байна. Цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 34 хувьтай буюу 3,4 их наяд төгрөгийн зээл олгож, 225 мянган ажлын байрыг хадгалсан байна гэв. Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэд хэдэн үндэсний хороо байгуулж, зарлана. Эдгээр хороог Ерөнхий сайд удирдана гэдгээ тэрбээр онцоллоо. Үүнд, -Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо, -Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо -Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо -Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо -Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо тус тус байгуулахаар төлөвлөжээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барина. Энэ хууль нь: -Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх -Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогоор дэмжих -Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх -Төр, хувийн хэвшлийн цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилаа. Дараа нь хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа хэллээ. Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Төрийн худалдан авалтыг цахимжуулах, цахим хөгжлийн яам байгуулах болон цар тахлын үеийн эдийн засгийн сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа хэллээ. Хөрөнгө оруулагчидтай хийх ийм уулзалт нэг удаагийнх биш байж, давтамжтай зохион байгуулж байхыг хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдаас хүслээ.
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2021-08-17 09:35:34 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УОК-ын нарийн бичгийн дарга Г.Баярхүү нар 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр аймаг, орон нутгийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахим уулзалт хийлээ. Наймдугаар сарын 10-наас хойш улсын хэмжээнд баяр наадмын шинжтэй уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байх, өвс тэжээл хадлан бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг аймгийн Засаг дарга нар бүрэн хариуцах ёстойг Шадар сайд онцоллоо. Малын элдэв халдварт өвчин отор нүүдлээр дамжин бүс нутагт тархаж болзошгүй байгаа тул отроор явуулахыг тодорхой хэмжээнд хязгаарласан шийдвэр гарсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ. Мөн малын халдварт өвчин тархах магадлалтай аймаг, сумдад хорио цээр тогтоож, халдварыг хумих ажлыг эрчимжүүлэн энэ хүрээнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хоригложээ. ХАА-г дэмжих сангийн салбарыг орон нутагт байгуулах, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн технологит ажлыг тасралтгүй явуулах техникүүдийг яаралтай оруулж ирэх, тариалангийн бүс нутагт отроор явуулахгүй байх зэрэг саналыг аймгийн Засаг дарга нар хэлж байв. Өвөлжилтийн бэлтгэл хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр аймаг, нийслэлийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга нарт хандсан Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ын сайд нарын хамтарсан албан даалгавар гарчээ. Энэ хүрээнд аймаг, сумын түвшинд бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн нөөцийг аравдугаар сарын 20-ны өдрийн дотор бэлтгэх, малын гоц халдварт өвчин гарсан бүсээс мал сүргийг вакцин, туулгалтанд бүрэн хамруулсан тохиолдолд отроор явуулах болон ургац хураалтад оролцох иргэдийн эрүүл мэндэд хяналт тавих зорилгоор Явуулын эмнэлзүйн баг ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй