Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа өнөөдөр (2021.08.23) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандранийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Ковид-19 цар тахлын үед Азийн хөгжлийн банкнаас улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороотой ижил үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, Улсын Их Хурлын дэргэдэх олон талт хамтын ажиллагааны нэгж байгуулах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр танилцуулав. Ингэснээр тогтвортой хөгжлийн бодлогыг олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэв. Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс парламентын боловсрол олгох зорилтын хүрээнд Өсвөрийн парламент байгуулж, төлөөллийг Монгол Улсын 21 аймгийн хүүхэд, залуучуудаас сонгох ажил бэлэн болоод байгаа талаар танилцуулав. Шинэ залуу үейнхийнхэд хууль эрхзүй, тогтвортой хөгжлийн бодлогыг танилцуулах чухал ач холбогдолтой болохыг онцлов. Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ, Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Их Хурал болон иргэний нийгмийн төлөөлөл тэр тундаа хүүхэд заалуучуд хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллахад анхаарна гэдгээ илэрхийлэв. Талууд боловсрол, эдийн засаг болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцовгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээлэв.

Сайд Б.Батцэцэг Эмиратын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны төрийн сайдтай утсаар ярьжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 8 дугаар сарын 23-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг-тай утсаар ярьж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 3 цэцэрлэгийн төсөл амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлжээ Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээхээр ажиллаж байгааг мэдээлэв. Мөн АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 3 цэцэрлэгийн төсөл амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлж, улмаар манай орны хүүхэд багачуудын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа мөн тэмдэглэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хоёр улс давхар татварын хэлэлцээртэй байх нь чухал ач холбогдолтойг онцлов. Сайд нар ирэх 9 дүгээр сард болох НҮБ-ын ЕА-н чуулганы үеэр уулзаж, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоор ярилцав. Эх сурвалж: ГХЯ

УВС АЙМАГ ДАХЬ 50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Увс аймагт ажиллах үеэрээ 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгын явцыг шалгалаа. 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандарт бүхий 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар Цомбон тоосго ХХК барилгын ажлыг эхлүүлж, явц нь 95 хувьд хүрсэн боловч улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй өнөөг хүрчээ. Учир нь тус барилгын эрчим хүчний эх үүсвэр генератор 45 кВт хүчин чадалтай байх ёстой ч 35 кВт болгож бууруулсан, дэд бүтцийн зарим шугам болон бохирын асуудлыг шийдвэрлээгүй, зураг төслийн дагуу гүйцэтгээгүй зэрэг шалтгаанаар гүйцэтгэгч компанид үлдэгдэл төсвийг олгоогүй байна. Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын үед орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас үлдэгдэл төсөв хөрөнгийг Засгийн газраар шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллана. Харин орон нутгийн удирдлагууд болон барилгын компани харилцан уялдаатай ажиллаж, өөрсдөөс шалтгаалах бүхнийг нэн түрүүнд хийж, 50 ортой эмнэлгийн барилгыг Улсын комисст гурав хоногийн дотор хүлээлгэн өгөх хэрэгтэй хэмээн хугацаат үүрэг даалгавар өглөө. 50 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд шинээр байгуулж буй хүчилтөрөгчийн үйлдвэр мөн ажиллах боломж бүрдэх аж. Одоогийн байдлаар тус эмнэлэгт хүчилтөрөгчийн хэрэгцээгээ Ховд, Баян-Өлгий аймгаас зөөвөрлөн хангадаг юм байна гэжШадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨНӨӨДӨР ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллана. Тэрбээр эхлээд Богдхан төмөр замын барилгын ажлын нээлтэд оролцоно. Дараа нь тус аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв-ийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн иргэдтэй уулзалт хийх юм. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Тавантолгой төмөр зам ХХК-д олгосон бөгөөд төмөр замын барилгын ажил нь өнөөдрөөс эхэлж байна. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн газар нутгийг дамжин нийт 135,8 км үргэлжлэх юм. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

 Шадар сайд : Булганы боомтоор барилгын материал, бараа бүтээгдэхүүн импортлох боломжийг бүрдүүллээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийх албан томилолтоо Ховд аймгаас эхлүүллээ. Тус аймагт Коронавирусийн халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж буйн зэрэгцээ дельта хувилбар бүртгэгдсэн тул хичээлийн шинэ жилээс өмнө халдварын эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч байгаа аж. Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 46 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудтай хил залгадаг Дарви, Эрдэнэбүрэн, Мянгад сумдын хяналтын цэгт Улаанбаатар хот болон өөр аймгийн нутаг дэвсгэрээс ирж байгаа иргэдээс түргэвчилсэн тест болон PCR-ийн шинжилгээ авч, хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгааг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт хэллээ. Булган сумын Булган хилийн боомтоор одоогийн байдлаар 1708669,85 тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд баруун бүсийн барилгын материалыг хангах гол боомтын хувьд бараа материал, ачаа тээврийн импортыг нэмэгдүүлэх зөвшөөрөл, зохицуулалт шаардлагатай байгааг Аймгийн Онцгой комиссоос Шадар сайдад дуулгасан юм. Мөн ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргуулах саналтай байгаагаа уламжлав. Ингэснээр тус аймагт шатахууны үнэ литр тутамдаа 100-150 төгрөг хямдрах боломжтой учраас Шадар сайдын зүгээс дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээ илэрхийлэв. Цар тахлын үед эдийн засгаа дэмжих хүрээнд Хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх бодлого Засгийн газраас баримталж байгаа. Ялангуяа Баруун бүсийг барилгын гол бараа материалаар хангах Булган боомтод халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр импортын ачаа тээврийг нэмэгдүүлэхэд УОК-оос ямар нэгэн хориг саад тавихгүй, харин ч дэмжих ёстой хэмээн онцоллоо. Шадар сайд С.Амарсайхан албан томилолтынхоо хүрээнд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой салбарын тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.