ОЮУТАН, СОНСОГЧ, ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, АЖИЛ ХАЙЖ БУЙ ИРГЭДИЙГ УРГАЦ ХУРААЛТАД АЖИЛЛУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна Их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинтай ажиллана гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн технологит ажлыг тасралтгүй явуулах үүднээс ургац хураалтад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ургац тээвэрт ашиглагдах улсын чанартай автозамын эвдрэл гэмтлийг шалган тогтоож, засварын ажлыг дуусгах, авто болон төмөр замын тээврийн асуудлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа. Энэ онд улсын хэмжээнд 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385 мянган га-д улаанбуудай, 19 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 616.6 мянган га-д тариалалт хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянга, төмс 1.6 мянга, хүнсний ногоо 877 га-гаар тус тус ахиу байна. Байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан таримлын соёололт удааширсан, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн, Ковид-19 цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас ургац хураалтад ажиллах техник, сэлбэг хэрэгслийн татан авалт удаашралтай байна. Тиймээс энэ жилийн ургац хураалтын ажилд хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү байхаар байна. Токио-2020 зуны олимпоос медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгоно Токио-2020 зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнана. Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгоно. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа. Сурагчдын үдийн хоолны зардлын нормативыг нэмэв Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг байхаар тус тус тогтоолоо. Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардал 900 төгрөг байжээ. Байгаль орчны тухай хуульд иргэдийн мэдэх эрхийг хангасан заалт нэмэхээр тусгав Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн Байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг гэсэн 14 дүгээр зүйлд тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх эрхийг хангасан заалтыг нэмж байна. Мөн хуулийн Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын бүрэн эрх гэсэн 16, 17 дугаар зүйлд харъяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах гэсэн үүрэгжүүлсэн заалтыг нэмэхээр тусгасан байна. Хотын түгжрэлийг бууруулах 223 км авто замыг ирэх гурван жилд барихаар төлөвлөж байна Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Дэлхийн банкны Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл-ийн зээлийн хэлэлцээрийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраар хэлэлцүүлсэн. УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ зээлийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр барих, шинэчлэлт хийх, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн ухаалаг системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хотын зам, тээврийн стратеги судалгаа, чадавхи бэхжүүлэх цогц ажлыг таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх юм байна. Хотын төвлөрлийг сааруулах хүрээнд томоохон зах худалдааны төвийг нүүлгэх, ачааны терминал, логистикийн төвийг байгуулах тооцоо судалгаа хийж аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж буй ажээ. Түгжрэлийг бууруулахад шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог 71,5, гол ба туслах 73,5 км, авто зам, гол болон туслах гудамж 78 км зам тус тус баригдана. Зураг төслийг энэ онд боловсруулж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ. 2020 онд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд 427 мянган хүн хамрагджээ Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулах ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан зохион байгуулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа. Монгол Улсын Засгийн газар 2018 оноос урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. Төсвийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. 18-аас дээш насны даатгуулагчид насны бүлгээс шалтгаалан 43-75 мянган төгрөгийн, 12 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой байна. 2020 онд эрт илрүүлгийн үзлэгт нийт 427,700 хүн хамрагдаж, 6,6 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан бол энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 38,957 даатгуулагч үзлэгт хамрагдаж, 1,55 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Эмч, эмнэлгээс иргэдэд олгодог лавлагаа, тодорхойлолтыг E-Mongolia системд оруулна Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглаж буй 12 төрлийн эмнэлзүйн программ хангамжийн өгөгдөл солилцох хөгжүүлэлтийн ажил дуусаж, эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ цахимаар нэхэмжлэх боломжтой болжээ. E-Mongolia системд Эмнэлгийн магадлагааг нэмж оруулжээ. Эмнэлгийн хуудас болон эмч, эмнэлгээс иргэдэд олгодог бусад дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг оруулахаар бэлтгэж байна. Товч мэдээ Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ашиглалтын өмнөх захиргааг ирэх сард байгуулна Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам-ыг баталлаа. Түрээсийн орон сууц хөтөлбөртэй холбоотой түрээслэгч иргэдээс тавьж байгаа шаардлагын талаар Барилга, хот байгуулалтын сайд танилцуулга хийв. Үүсээд байгаа өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайдад даалгалаа. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтын дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд халамжаас хөдөлмөрт чиглүүлэх бодлогыг тусган, 2021 оны аравдугаар сард багтаан зохих журмын дагуу Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгав. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нарын санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ХӨВСГӨЛ НУУРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЦОГЦ АЖЛЫН ХҮРЭЭНД 1986 ОНД ЖИВСЭН СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦЫГ ТАТАН ГАРГАНА

МУ-ын Ерөнхий сайдын 2020 оны 117-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллалаа. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын шумбагчид нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцын хэмжээ, байршил, нөхцөл байдлыг тогтоохоор 4-5 удаагийн шумбалт хийв. Хөлөг онгоц зүүн талаараа хажуулдаж унасан ба доод хэсгээрээ лаг шаварт шигдсэн байдалтай, зэврэлт бага байгааг тогтоолоо. 1986 онд живсэн 300тонн жинтэй тус хөлөг онгоц болон бусад машин техникийг татан гаргана гэдэг нь цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой.Живсэн машин техникийг нуурын хорт хавдар хэмээн эрдэмтэд нэрлэдэг. Иймээс эхний ээлжинд уг ажиллагааг явуулж ерөнхий тооцоо, судалгааг энэ сардаа багтаан хийж, дуусгахаар ажиллаж байна. Усны суурь судалгаа хийх ажлын хэсэг нуурын 5-6 цэгт дээж авч шинжилгээ хийж лабораторийн дүгнэлт гаргана.Живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлыг зохион байгуулахад шаардагдах хүн, хүчний нөөцийг Батлан хамгаалахын яамнаас гаргах юм. Монгол Улсын хувьд том хэмжээний машин, техникийг татан гаргаж байсан туршлага, түүх байхгүй. Энэ ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулахын тулд ОХУ-аас туршлага, зөвлөгөө авч ажиллана. Оросын аврагчдын бүрэлдэхүүн ирэх 9 сард ирэх юм.

Газрын тосны үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтанд оруулах асуудлаар санал солилцов

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2021 оны наймдугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав. Талууд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд санал солилцлоо. Элчин сайд Мохиндер Пратап Сингх газрын тосны үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалуудыг БНЭУ-аас татан авах ажлыг эрчимжүүлэх хүрээнд хил гааль, холбогдох байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг Шадар сайдад уламжиллаа. Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч, газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгааг дурьдаад коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хилийн боомтуудад ачаа тээвэр, техник тоног төхөөрөмж саатаж, барилгын материалын үнэ нэмэгдсэн зэрэг нь үйлдвэр байгуулах ажилд хүндрэл учруулж байгаа хэдий ч барилгын ажлыг зогсолтгүй үргэлжлүүлэн төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө тууштай ажиллахаа илэрхийлэв. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр талууд санал солилцлоогэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ФОТО: Ерөнхийлөгч Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багт одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д үүрэг гүйцэтгэсэн цэргийн нэр бүхий алба хаагчдыг Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнаж, баяр хүргэлээ. Зэвсэгт хүчний Хамгаалалтын ротын XII, XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ИБНАУ-д олон үндэстний Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд АНУ болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож эх орон, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж байгааг хэллээ. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд цэргийн багууд ИБНАУ-д үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ анх удаа гадаадын цэргүүдийг нисдэг тэрэг, их бууны чиглэлээр сургаж дадлагажуулсныг онцлон тэмдэглэв. Алба хаагчдын хуримтлуулсан цэргийн хээрийн дадлага, ажиллагааны туршлага Зэвсэгт хүчний хөгжилд ихээхэн дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Цагийн байдал болон цаг агаарын хүнд нөхцөлд ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр жишээ үзүүлсэн цэрэг эрс, тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд талархал илэрхийллээ. Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд оролцсон цэрэг дайчдаа төлөөлж Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ротын ахлагч, ахлах ахлагч Ш.Жамсран үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын төр, засаг, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүргийн дагуу дайчин нөхөдтэйгээ хамт иргэд, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлыг нь хангах хариуцлагатай албаа нэр төртэй биелүүлсэндээ баяртай байгаагаа хэлэв. Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн сэтгэлзүй, биеийн тамирын офицер, ахмад Т.Билгүүн: Хамгийн сүүлийн буюу XIII ээлжинд оролцоод ирсэн. Пулемётын цэгт гарах, афган эмэгтэйчүүдийг шалгаж нэвтрүүлэх гээд эрчүүдтэй адил үүрэг гүйцэтгэж байснаараа бахархаж байна. Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Г.Энхсайхан: Зургаа дахь удаагаа ажиллагаанд оролцсон. Цар тахлын улмаас хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх нь бага зэрэг хүндрэлтэй байсан. Цэргийн дээд удирдлагаас медаль гардаж авсандаа баяртай байна. Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн ажиллагааны офицер, ахмад Б.Дөлгөөн: Хоёр дахь удаагаа оролцоод ирсэн. Цагийн байдал тогтворгүй, цар тахал тархсан байсан ч цэргийн баг сахилга баттай байж, хүлээсэн үүргээ биелүүлээд эх орондоо ирсэн. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 104 дүгээр салбарын орлогч, ахлах дэслэгч М.Билгүүн: Халдлага, дайралт ихтэй, цаг агаар, цар тахлын амаргүй нөхцөлд цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэндээ баяртай байна. Монгол Улс 2002 онд НҮБ-ын цэргийн ажиглагчид, 2003 оноос Ирак, ИБНАУ-д цэргийн багаа илгээсэн түүхтэй. Одоогоор Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад цэргийн баг үүрэг гүйцэтгэж байна. Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.