“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР ИРЭХ САРААС БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААР АЖИЛЛАНА
2021-08-17 09:31:13 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 171 мянган өрх, мянга гаруй аж ахуйн нэгж 600 мянган тн шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо хийжээ. Тус үйлдвэр баруун, зүүн бүсийн үйлдвэртээ нийт 600 мянган тн түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн, 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана гэж тус үйлдвэрийн удирдлага Ерөнхий сайдад танилцуулав. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа гэв. Одоогоор 13 мянган тн түлшний нөөцтэй байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, засварын ажил дуусч, ирэх сараас бүрэн хүчин чадлаар ажиллаж өдөрт зургаан мянган тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нөөц бүрдүүлнэ гэлээ. Бүгд цар тахлын амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Таван толгой түлш компани гэхэд 2000 гаруй ажилчидтай. Халдвар хамгааллын дэглэм алдагдвал үйл ажиллагаа доголдож, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй эрсдэл үүснэ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж ажиллах учиртай-г Ерөнхий сайд зөвлөлөө. Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлсөн. Үүнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдсэн. Орон нутаг руу хулгайгаар түлш тээвэрлэх асуудал гарсаар байна. Энэ асуудалд цагдаагийн байгууллага анхаарч ажиллах ёстойг Ерөнхий сайд хэлэв. Цар тахалтай холбоотойгоор хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгох, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх, сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх зэрэг арга хэмжээг төрөөс авч байна. Одоо иргэдийн ухамсарт хамтын ажиллагаа чухал байна гэдгийг Ерөнхий сайд онцлов. Иргэдийн амьдралд дэмжлэг болоосой гэсэн агуулгаар төр засаг байж болох арга хэмжээгээ авч байна. Гэхдээ энэ бүхэн хязгаартай. Байнга алдагдалтай ажиллаад байж болохгүй. Төсөвт ачаалал ирнэ. Тавантолгой ХХК-д ч мөн алдагдал үүссээр байна. Ер нь бараа бүтээгдэхүүний үнийг хүчээр барина гэдэг бол алсдаа буруу болдог. Эрчим хүч, шатахуун, түлш гэхчлэн бүгдэд нь адилхан. Тийм учраас аль болох үнийг чөлөөлөх хэрэгтэй. Гэхдээ стратегийн бүтээгдэхүүн, иргэдийн амьдралтай шууд холбоотой ажлууд дээр бодлогын арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөлд бид байна гэж Ерөнхий сайд ярьж байлаа. Тус компанийн санхүүжилт болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлаар Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
2021-08-16 12:00:09 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна. 2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэнэ. 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар түлшний нөөц 13 мянган тн байна. Энэ өвөл тус үйлдвэр зүүн, баруун бүсийн үйлдвэртээ нийт 600 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Ерөнхий сайд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, нийслэлийнхний өвөлжилтийн бэлтгэлийг хангахад шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэх юм.
Засгийн газрын 223 дугаар тогтоолын дагуу Замын-Үүд чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүллээ. 2004 онд Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарснаас хойш 17 жилийн дараа ийн байнгын ажиллагаатай болж байна. Чөлөөт бүсийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, тус бүсийн захирагч А.Энхзул болон холбогдох албаныхан оролцсон юм. Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгосноор бүсийн гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгсэл нэвтэрч эхэлнэ. Цаашид үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал, бизнесийн чиглэлүүд түлхүү хөгжих юм. 2022-2036 онд ДНБ-д 10 хувийн өсөлт бий болж, 2025 он гэхэд ажлын байр 9400, 2030 онд 15000, 2034 он гэхэд 18000-аар нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх ач холбогдолтойг албаныхан хэлж байлаа.Чөлөөт бүсэд эхний ээлжинд дэд бүтцийн бүтээн байгуулалтууд болох цахилгаан, дулаан болон усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажлуудыг барьж байгуулжээ. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд дээрх ажлуудыг гүйцэтгээд байгаа юм. Тус бүсийн Захирагчийн ажлын албанаас энэ онд уг дэд бүтцийн станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэх, боомтын нэвтрэх системийг байгуулах зэрэг ажлыг үе шаттай хийхээр Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2015 онд баригдсанаас хойш зургаан жил болж байгаа Замын-Үүд дулааны станц-ын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр туршилт, тохируулгад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн одоогийн ачаа тээврийг зургаа дахин, зорчигч тээврийг гурав дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай Замын-Үүд боомтын өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга. Ялангуяа, цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж байгааг Монгол Улсын Шадар сайд онцолж байлаа. Замын-Үүд чөлөөт бүс 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га-д нь төлөвлөлт хийжээ. Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 68 хөрөнгө оруулагчид 101.4 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47.45 га нь үйлдвэрлэлд, 20.05 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай юм байна.
“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаатай болголоо
2021-08-15 11:11:24 Нийтлэгдсэн: Улс төр2004 онд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаснаас хойш 17 жилийн дараа өнөөдөр чөлөөт бүсийн үүд хаалгыг нээж, байнгын ажиллагаатай болголоо. Замын-Үүд чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга юм. Ялангуяа цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж буйг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцоллоо. Замын-Үүд чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га талбайд төлөвлөлт хийгдээд буй. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламжийг барьжээ. Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 59 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47 га нь үйлдвэрлэлд, 20 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай. Чөлөөт бүсийн дэд бүтцийн хоёр дахь шатны төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл таван жилийн хугацаатай байх юм. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд чөлөөт бүсийн эзлэх байр суурь, хэрэгцээ шаардлага их. Замын-Үүд чөлөөт бүс нь Ази-Европыг холбосон хуурай замын гол зангилаа, олон улсын тээвэр ложистикийн төв болох бүрэн боломжтой учраас нийгэм, эдийн засгийн хувьд өргөн хүрээнд харж, ирээдүйн үр өгөөжийг тооцон, алсын хараатай бодлого, төлөвлөлтийн дагуу үйл ажиллагааг нь явуулах учиртай. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд бид олон боломжуудыг алдсан. Алдагдсан боломжуудын өртгийг тооцдог бол хэдэн оронтой тоогоор хэмжигдэх байсныг хэлэхэд бэрх. Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлчихсэн байсан бол өнөөдөр бид 50 вагон, 100 машины асуудал яриад сууж байхгүй, хилийн боомт дээр ачаа бараа саатахгүй байлаа. Иймд одоо төр, засгийн зүгээс чөлөөт бүсийг зах зээлийн голдрилоор хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгохын төлөө ажиллана хэмээв. 2015 онд баригдсанаас хойш 6 жил болсон Замын-Үүд дулааны станц-ын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр туршилт, тохируулгад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн одоогийн ачаа тээврийг 6 дахин, зорчигч тээврийг 3 дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай Замын-Үүд боомтын өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй Монгол бол Хятадын гол түнш, гол хөршүүдийн нэг. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэгчилэн Эрээн, Замын-Үүд бол саахалт айлууд гэдгийг онцолж хэлээд, талууд харилцан ашигтай хамтарч ажиллаж, чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд Хятадын талаас шалтгаалах бүхнээр дэмжиж ажиллах болно гэлээ.
С.Амарсайхан: Замын-Үүд чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ
2021-08-15 11:08:50 Нийтлэгдсэн: Улс төрСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй