"ЗАМЫН-ҮҮД" ЧӨЛӨӨТ БҮСИЙН ДУЛААНЫ СТАНЦ ИРЭХ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ /2021.07.30/ Замын-Үүд суманд байрлах Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явц, боомтын үйл ажиллагаа болон чөлөөт бүсийн дулааны станцын туршилт тохируулгын ажлын явцтай биечлэн танилцсан бөгөөд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд чөлөөт бүс доторх цахилгаан хангамжийн 16 ширхэг дэд өртөөний 2630 кВА-ийн 10/04 кВ-ын тоноглолыг угсрах болон засварын ажлын зардлыг яаралтай шийдэх, усан хангамж, ариутгах татуургын станцын ашиглалтын зардлыг тооцон улсын төсөвт суулгах үүрэг чиглэлийг өглөө. Замын-Үүд чөлөөт бүс дээр цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, авто зам, холбоо дохиололын барилга байгууламжуудыг барьж байгуулсан. Дулааны станцын нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас /2021.07.07/ гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус станцуудын туршилт тохируулгыг хийж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах юм бол дан ганц Замын-Үүд чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумыг хангах юм.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ СТАНЦУУДЫГ ШИНЭЧИЛЖ, АШИГЛАЛТЫГ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГАД ХАРИУЦУУЛНА

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Өнгөрсөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрх зүйн орчныг бүрдүүлж сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, боловсон хүчний бэлэн байдлыг хангаж мэргэшүүлэх үндсэн дөрвөн чиглэлээр нийт 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээс 47 хувийн биелэлттэй байна. Монгол Улсын Засгийн газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах мэдлэг мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа хэдий ч төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай бус байна гэж Шадар сайд дүгнэлээ. 2019 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээр манай орны нутаг дэвсгэрийн 76 хувь газар хөдлөлтийн долоо болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд оржээ. 2020 оны эхний найман сарын байдлаар их бага хэмжээгээр 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн нь урьдчилан мэдээллэх станцуудын хэвийн ажиллагааг эрчимжүүлж, шинэ техник технологийг ашиглаж аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээгээ бүх түвшинд эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэрээр тодотгон хэлсэн юм. Иймд Барилга хот, байгуулалтын сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулж, салбар хоорондын уялдааг ханган үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт биелэлтийг хангуулах, сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлж зарлан мэдээлэх станцуудыг шинэчилж сайжруулах чиглэлээр нарийвчилсан судалгаа тооцооллыг хийж, газар хөдлөлтийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх журмыг эцэслэн боловсруулж дуусгахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг өглөө. УОК-оос газар хөдлөлтийн мэдээллийг ард иргэдэд шуурхай дамжуулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн ОБЕГ-ын Шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төвд дамжуулах системийг бүрдүүлж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлжээ. Энэ хугацаанаас хойш 3,5-аас дээш хүчтэй 58 удаагийн газар хөдлөлтийн мэдээллийг ОБЕГ-т ШУЗМТ-д илгээсэн байна. Монгол орны хувьд газар хөдлөлтийг бүртгэх станц хоорондын зай 250-300 км байгаа нь тухайн газар хөдлөлт дараачийн станцад 40-50 секундын дараа бүртгэгдэж байна. Сүүлийн үед хүчтэй газар хөдлөлтүүд нийслэл хотод мэдрэгдэж байгаа тул олон улсын жишгээр томоохон хот суурин газруудад чичирхийллийн хурдатгал бичигч багаж суурилуулан судалгаа хийх шаардлага тулгарчээ. Ялангуяа, Улаанбаатар хотод хурдатгал бичигч багаж байдаггүй бөгөөд нийслэл хотын сав газарт чичирхийллийг бүртгэх 10 акседдерометрийн станцын тоног төхөөрөмжийг байгуулах, газар хөдлөлтийн зарлан мэдээлэх станцуудыг шинэчлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай байгааг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл хэллээ. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх 3 станцыг худалдан авах тендер зарлагдаж хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд цаашид аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ байгаа газар хөдлөлтийн станцуудыг хариуцаж хэвийн ажиллагааг хангах үүргийг Шадар сайд өглөө. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар газар хөдлөлт мэдрэгдсэн 12 аймгийн 960 барилга байгууламжид газар хөдлөлтийн нөлөөлөл ямар байдлаар илэрч байгаад нь хяналт тавихад 570 барилгад эвдрэл гэмтэл, 210 барилгад шинээр эвдрэл үүссэнийг тогтоожээ. Мөн сургууль цэцэрлэг, эмнэлэгт эрсдэлийн үнэлгээ хийхэд орон нутагт 1834 барилга, нийслэл хотод 7152 барилга байгууламж эрсдэл ихтэй байгаа аж. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, бүртгэх паспортжуулах ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжуудын мэдээллийн нэгдсэн сан үүсэх боломжтой гэдгийг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал хэллээ.

ЭРЭЭНИЙ ХИЛИЙН АГУУЛАХАД БАЙГАА АЧАА БАРААГ НАЙМДУГААР САРД БАГТААЖ ОРУУЛЖ ДУУСГАНА

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс Замын-Үүд хилийн боомтод хэрэгжүүлж байгаа ажил, нөхцөл байдалтай танилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтын ачаа барааны урсгалыг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг арилгаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг ногоон бүс болгох чиглэл өгсөн юм. Ингэснээр боомт дахь импорт, экспортын урсгал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгаа байдал цэгцэрнэ гэж үзсэн. Засгийн газраас томилогдсон төлөөлөгчид тус боомтод ажиллаж хэд хэдэн асуудлыг шийджээ. Тухайлбал, ариутгалын автомат хоёр байгууламжийг ашиглалтад оруулж, тээврийн хэрэгслийг стандартын дагуу ариутгаж байна. Эрүүл мэндийн болон хамгааах хувцас солих цэг байгуулж жолооч нарын халдвар хамгааллыг сахиулж байна. Мөн Замын-Үүд суманд Нэг хаалга-Нэг өрх шинжилгээг зохион байгуулж, 10 хоног хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож халдварыг хумиж эхэлжээ. Замын-Үүд суманд ковид-19 цар тахлын идэвхитэй 45 кластер байсан бол тав нь бүрэн хаагдаж, 19 кластер халдвар идэвхигүй болжээ. Нэмэлтээр 50 вагон явуулж эхэллээ Эдгээр арга хэмжээний хүрээнд Эрээн, Замын-Үүд боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнийг холбогдох албаныхан хэллээ. Хилээр өдөрт нэвтрэх экспортын автомашины тоо 110, импортынх 150-170 болжээ. Мөн өдөрт 50 вагоноор Эрээний хил дээр гацсан ачаа барааг Улаанбаатар руу тээвэрлэж байна. Төмөр замын тээвэрлэлтэд Дотоодын цэргийн алба хаагчдыг дайчилж байна. Нэг вагонд 65 тонн ачаа ачдаг гэж тооцоход өдөрт 200 гаруй автомашин ачаа хилээр нэвтэрч орж ирж байна гэсэн үг юм. Одоогоор Эрээний хил дээр задгай талбайд барааны бөөгнөрөл, ачаатай саатсан тээврийн хэрэгсэл байхгүй. Харин агуулахад удаан хугацаанд саатсан ачааг энэ наймдугаар сард багтааж Улаанбаатар руу тээвэрлэж дуусгахаар төлөвлөжээ. Шадар сайд С.Амарсайхан эдгээр ачаа барааг наймдугаар сарын эхний 7 хоногт багтааж, оруулж дуусгах чиглэл өглөө. Мөн тээврийн үнийг зохиомлоор хөөргөж байгаа асуудлыг шалгаж арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Замын-Үүд боомтод гаалийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгож, импортын автомашинууд саадгүй нэвтэрч байна. Тус боомтод гадаргуун ариутгал стандартад хүрсэн, одоо гүний гаалийн ариутгалыг сайжруулбал БНХАУ-ын тал экспортын авто машины тоог нэмэх бүрэн боломж байгааг албаны хүмүүс хэлж байв. Экспортын автомашины тоог нэмэгдүүлэхийн тулд Эрээн хотын захиргаа, Онцгой комисстой яриа хэлэлцээ хийж байгааг Засгийн газраас Замын-Үүдэд томилогдсон төлөөлөгчид хэллээ. Боомтын өргөтгөл, Мэргэжлийн хяналтын лабораторийг хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Тус боомтыг өргөтгөж шинэчилснээр өдөрт дунджаар суудлын 4000, том оврын 500 гаруй тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэнэ. Ингэснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв, ачаа тээврийнх гурав дахин нэмэгдэх юм. 2019 оны есдүгээр сард эхэлсэн барилгын ажил өдгөө 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба Ковид-ын нөлөөтэй олон шалтгааны улмаас төлөвлөгөөт хугацаанаас 20 гаруй хувиар хоцорч байгаа аж. Харин одоо барилгын материал тээвэрлэлт, хөрөнгө санхүүтэй холбоотой гацаа арилсан тул нөөц боломжоо бүрэн дайчилж хилийн боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгалаа. Мөн Замын-Үүд боомтод баригдаж байгаа мэргэжлийн хяналтын лабораторийн барилгын ажилтай танилцаж энэ онд багтаан ашиглтад оруулах үүрэг өглөө. Тус лабортари ашиглалтад орсноор хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүний хяналт сайжирна гэж үзэж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Замын-Үүд чөлөөт бүс энэ оны наймдугаар сарын 14-нд нээлтээ хийж, байнгын ажиллагаатай болох юм. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

“Барилгын материалын үнэ өссөн нь уур үйлдвэрлэгч 68 ААН-ийн сул зогсолттой холбоотой"

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр /2021.07.28/ Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооноос тус Дэд хорооны гишүүдэд хандаж тавьсан хүсэлттэй холбогдуулж цахим уулзалт зохион байгууллаа. Монгол Улсын Шадар сайдын 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 123 тоот тушаалын 1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухыг 2021 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хоригложээ. Энэ шийдвэрээс улбаалан уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа зогсооход хүрч, энэ асуудлаараа Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүдтэй уулзах хүсэлт гаргасны дагуу тус Дэд хорооноос өнөөдөр холбогдох бүх талуудыг оролцуулан цахим уулзалт зохион байгуулсан юм. Барилгын материалын үнэ өссөн нь уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд буюу барилгын материал үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой гэдгийг судалгаагаар гаргасан. Энэ бүхнийг харгалзаж бид уулзах хүсэлт гаргасан гэлээ. Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр товч танилцуулга хийхдээ Шадар сайдын тушаалын хэрэгжилтийг нэг жилээр сунгах асуудлыг Ажлын хэсэг дээр ярьсан талаар тэмдэглэсэн бол Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Саруул-Эрдэнэ Шадар сайдын тушаалын хэрэгжилттэй холбогдуулж Мидлинг буюу баяжуулсан нүүрс түлж барилгын материал, ус, ундаа үйлдвэрлэх, мах боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 68 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, сул зогсолтод шилжсэн. Эдгээр аж ахуйн нэгж үйлдвэрийн бүсэд байрладаг учир дэд бүтэц, төвлөрсөн дулаанд холбогдох боломж одоогоор байхгүй. Үйл ажиллагаа зогссоноос болоод зах зээл дээр нэг ширхэг нь 180 төгрөг байсан тоосго 500 төгрөгөөр өнөөдөр олдохгүй болсон. Барилгын материалын үнэ өссөн нь уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд буюу барилгын материал үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой гэдгийг судалгаагаар гаргасан. Энэ бүхнийг харгалзаж бид уулзах хүсэлт гаргасан гэлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан агаарын бохирдлыг бууруулах том зорилгынхоо хүрээнд асуудалд хандах байр суурь баримталж байгаа ч цар тахлын хүнд үед аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон шийдвэр гаргах талаас авч үзэж байна гээд цаашид хүхрийн хэмжээг стандарт түвшингээс илүү ялгаруулдаг Мидлинг баяжуулсан түлшийг ашигласан хэвээр байлгүй, технологийн шийдэл нэвтрүүлэх талаас саналаа хэлэв. Уг түлшний талаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш А.Түмэнбаяр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшний нийт орцын 95 хувийг Мидлинг буюу эрчим хүчний баяжуулсан нүүрс дангаараа эзэлдэг учир уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн түлж буй Мидлинг түлш агаарын бохирдолд нөлөөлөх нөлөөлөл нь сайжруулсан шахмал түлштэй адил байна гэсэн мэдээлэл өглөө. Холбогдох талуудын дээрх мэдээллүүдтэй холбогдуулж Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нар зарим асуудлыг тодруулж, албан тушаалтнуудаас хариулт авав. Албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдийн тавьсан хүсэлтийн дагуу бизнес эрхлэгчдэдээ боломж олгосон шийдвэр гаргах талаас хариулт, саналаа хэллээ. Уулзалтын төгсгөлд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Уур үйлдвэрлэгчдийн холбооноос тавьсан хүсэлттэй холбогдуулж бүх талуудыг оролцуулан уулзалт зохион байгуулсныг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид агаарын бохирдлыг бууруулах том зорилгынхоо хүрээнд асуудалд хандах талаар байр сууриа илэрхийлэв гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.