ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН ҮЙЛ ЯВДАЛ ДАВХАЦСАН, ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ АЙЛЧЛАЛ БОЛЛОО

Японд Улсад ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог жавхлант эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Мөн oлимпын нээлтийн ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, КОВИД-19 цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцсан юм. -Цар тахлын энэ хүнд үед хүн төрөлхтний олимпийн их наадмыг Япон Улс зохион байгуулж байна. Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцсон. 57 жилийн дараа Токио хотод дахин олимп болж байна. Цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлэх болон түүхэн талаасаа хүндэтгэл үзүүлэх нь чухал байсан гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай уулзаж, Хөшигийн хөндийд баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хот тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцжээ. Ойн хүрээнд Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, мөн Ерөнхий сайд Ё.Сүгаг Монгол Улсад айлчлахыг урьсан байна. -Олимпын наадамд оролцсон баг тамирчдаа дэмжиж уулзсан. Тамирчид маань гурван медаль аваад байгаад их баяртай байна. Эзэн хаантай уулзах үеэр болон олимпын нээлтийн үеэр улс орнуудын төр засгийн тэргүүнтэй уулзаж дипломат харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж гарсан. Энэчлэн олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо гэж Ерөнхий сайд дүгнэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийгээд буцах замдаа БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй ажлын уулзалт хийж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх, эдийн засгийн төслүүдийн талаар санал солилцжээ. Мөн БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Эдгээр уулзалтын үеэр Солонго 1, 2 орон сууцны хороолол барих, Баянголын аманд түрээсийн орон сууц барих, 10 аймгийн төвийн дулааны станц барих зэрэг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцжээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг дараалал харгалзахгүй улсын хилээр нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2021.07.28/ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн вакцины 5,226,670 тун татан авч, хүн амаа вакцинжуулж байна. 2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 66,2 хувь нь нэгдүгээр тунд, 60,1 хувь нь хоёрдугаар буюу бүрэн тундаа хамрагдаад байна. Энэ сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 38 нэр төрлийн нийт 4.5 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй, вирусын эсрэг 3.0 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байна. Үүнтэй холбогдуулан хилийн боомт дээр үүссэн бөөгнөрөл саарч, ачаа тээврийн эргэлт хэвийн хэмжээнд орох хүртэл хугацаанд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг мөн эдийн засгийн болон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй төрийн өмчит хуулийн этгээд, зарим аж, ахуйн нэгжийн уг ажилд нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээдийн хүсэлтэд тулгуурлан дараалал харгалзахгүй улсын хилээр нэвтрүүлэхийг Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд даалгалаа. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

​ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, хоёр улсын төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж, хоёр улсын удирдлагуудын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо. Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар аль болох эрт хэрэгжүүлэх, парламент хоорондын байнгын уулзалтын механизм болон ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар санал нэгдэв. Хоёр улс Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж, цар тахлын эсрэг үлгэр жишээ болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Ковид-19 цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл-ийг гаргав. Хамтарсан мэдэгдэлд цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын Ногоон гарц-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг онцлон тэмдэглэлээ. Талууд хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо. Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авсны үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсынбоомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов. Мөн Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцов. Талууд Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг нарийвчлан ярилцахаар тогтлоо. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн шугам огтлолцох цэгийг тогтох ажлыг эрчимжүүлэхээр талууд тохиролцов. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, цар тахлын улмаас тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр талын холбогдох байгууллага илүү анхаарал хандуулж ажиллахаар тохиролцов. хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсоны дагуу хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоог шуурхай болгож, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай протокол-д гарын үсэг зурсан болон Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр-ыг шинэчлэн байгуулахаар тохиролцсон нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ. Талууд хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн явуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Халдвар хамгааллын нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр хоёр улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээхийн төлөө ажиллахаар тогтов. Монгол оюутнууд БНХАУ-д ирж танхимаар үргэлжлүүлэн суралцуулах асуудлыг хятадын тал нааштай судлан үзэхээ илэрхийлэв. Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйг нотолж, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр-ийн хэрэгжилт, түүний дотор ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг урагшлуулах талаар гурван улсын холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, энэ чиглэлийн найрсаг, нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

НИЙТ ХҮН АМЫН 60 ХУВЬ НЬ КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДААД БАЙНА

​ Edit Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны долдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангаж дараах арга хэмжээнүүдийг авна Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын хэмжээнд 2021-2022 онд өвөлжих болон малын тоог малын төрөл, сүргийн зохистой харьцаанд тохируулан аймаг, нийслэл, сум, дүүргээр нэгтгэн дүн шинжилгээ хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог тодорхойлж, экспортлох хуваарь, төлөвлөгөө гарган хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах; Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мах бэлтгэж, 10.0 мянган тонноос багагүй хэмжээний нөөц бүрдүүлэх; Аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар анхаарч, халдвар тархахаас сэргийлэхэд хяналт тавьж ажиллах; Өвөл, хаврын улирлын малын тэжээлийн хэрэгцээ, хангамжийг харгалзан дотоодод бэлтгэсэн өвс, тэжээл хивэгний экспортыг түр хязгаарлах эсэх, хязгаарлалт тогтоосон тохиолдолд нөхцөл байдлыг харгалзан зогсоох арга хэмжээ авах; Их цас, хүчтэй салхи, цасан шуурга, хүйтрэлт зэрэг цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн богино болон дунд хугацааны урьдчилсан мэдээ, намар, өвлийн сарын болон улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр тогтмол хангах, өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг тооцож, үр дүнд тулгуурлан эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангах ажиллах; Ургац тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг шалган тогтоож, завсарын ажлыг шуурхайлах, зам даваа хаагдаж, цасан гулгаа үүсэхээс өмнө техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангаж, замын арчлалт, засварын ажлуудыг дуусгах зохион байгуулалтын арга хэмжээ авах; Малчин өрхийн жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-5 насны хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө гаргах, коронавируст халдварын цар тахлын үед хадлан тэжээл бэлтгэл, ургац хураалтын ажилд оролцож байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урьдчилсан сэргийлэх дэглэмийг мөрдүүлэн ажиллах; Ургац хураалт, хадлан тэжээл болон мал, мах бэлтгэлийн үед төв зам дагуу хяналтын постуудыг тогтмол ажиллуулах, дамжуулан явуулах хяналт шалгалтыг шуурхай түргэн зохион байгуулж, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх; Хур тунадас харьцангуй багатайн улмаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан, мал бэлчээрлэх нөхцөл хүндэрсэн аймаг, орон нутагт гангийн эрсдэлийн шаардлагатай тохиолдолд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын үнэлгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, холбогдох арга хэмжээг шат дараалан авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Замын-Үүд чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулна Замын-Үүд чөлөөт бүсийг нээж, 2021 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхийг Засгийн газраас үүрэг болголоо. Тус бүсэд төрийн үйлчилгээ үзүүлэх хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын алба зэрэг мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангуулахыг холбогдох сайд нарт даалгав. Үүнтэй холбогдуулан Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлаар Хятадын талтай хэлэлцэн тохиролцох, хилийн хяналтын цэг байгуулж, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах бүтээн байгуулалтын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт үүрэг болголоо. Замын-Үүд чөлөөт бүс байнгын ажиллагаанд орсноор иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийх итгэлтэй болж, дулааны улиралд бүтээн байгуулалт хийгдэж, ус, дулаан, цахилгаан зэрэг дэд бүтэц сайжирч, хилийн хяналтын мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу нэг цонхны үйлчилгээ үзүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад, дотоод худалдаа эрхлэлт болон орон нутагт ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна. Нийт хүн амын 60 хувь нь коронавирусын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн вакцины 5,226,670 тун татан авч, хүн амаа вакцинжуулж байна. 2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 66,2 хувь нь нэгдүгээр тунд, 60,1 хувь нь хоёрдугаар буюу бүрэн тундаа хамрагдаад байна. 2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 38 нэр төрлийн нийт 4.5 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй, вирусын эсрэг 3.0 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байна. Үүнтэй холбогдуулан хилийн боомт дээр үүссэн бөөгнөрөл саарч, ачаа тээврийн эргэлт хэвийн хэмжээнд орох хүртэл хугацаанд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг мөн эдийн засгийн болон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй төрийн өмчит хуулийн этгээд, зарим аж ахуйн нэгжийн уг ажилд нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээдийн хүсэлтэд тулгуурлан дараалал харгалзахгүй улсын хилээр нэвтрүүлэхийг Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд даалгалаа. Товч мэдээ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан гишүүдэд танилцууллаа. Тус төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 32,6, 2021 оны гүйцэтгэл 53.1 хувьтай байна. Нийт 210,267 ажлын байр хадгалж үлджээ. Ажлын байрыг дэмжих 2 их наядын зээлийн хүрээнд 22.9 мянган зээлдэгчдэд 1,7 их наяд төгрөгийн зээл олгож, 86,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгыг зориулалтын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт шилжүүллээ. 2021 оны тавдугаар сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга Б.Жавхланд даалгалаа. Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2020 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр-ийн хүрээнд хэрэгжүүлэх Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл, Байгаль орчны шинжилгээний төвийн лабораторийн чадавхыг сайжруулах төсөл-ийн тусгайлсан Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олгов. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЭКСИМ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАН МҮН ГЮТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтэй уулзаж, Монгол, Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар болон хоёр орны эдийн засгийн томоохон төслүүдийн талаар санал солилцсон билээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийв. Уулзалтын үеэр БНСУ-ын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Бан Мүн Гю Монгол Улсын Засгийн газар иргэдээ 60 хувь бүрэн тунд хамруулсанд баяр хүргэж энэ оны сүүл, ирэх оны нэгдүгээр хагаст улс орнуудын эдийн засаг идэвхжих төлөвтэй байгааг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж, дэмжлэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улс өндрөөр үнэлдгийг тэмдэглэж, талархал илэрхийллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын үед ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, зээл, тусламжийн төсөл хөтөлбөрүүд урагшилж байгааг дурдаад БНСУ-ын Засгийн газраас олгож буй Солонго 1, 2 орон сууцны хороолол барих, Баянголын аманд түрээсийн орон сууц барих төслүүд, түүнчлэн 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд цаашид тээвэр логистик (агаарын чингэлэг тээвэр), уул уурхай (катодын зэс боловсруулах үйлдвэр, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр), зам гүүр болон дэд бүтэц, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын болон эдийн засгийн томоохон төсөлд анхаарал хандуулж, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, БНСУ-ын ЭКСИМ банк, Монгол Улсын Хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт БНСУ ихээхэн туршлагатайг тэмдэглэж, хоёр улс энэ салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.