Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нийслэлийн Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Гантулга танилцуулга хийлээ. Нийслэлд энэ жил нийт 1714 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж эхнээсээ хэрэгжиж байгаа аж. Нийслэлийн Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Гантулга төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх дүүрэг хороо тус бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд цаашид тулгамдаж буй зарим асуудлыг дурдлаа. Тэрбээр Газар олголтын асуудал бүрэн шийдэгдээгүй байхад төсөл арга хэмжээ батлагддаг, мэргэжлийн бус байгууллагуудад эрх шилжүүлдэг зэрэг асуудлаас үүдэж худалдан авах ажиллагааны явцад хүндрэл үүсдэг гэв. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын төрөл, дүүрэг бүрт хэрэгжиж буй ажлын явцыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулсан юм. Тэрбээр улс нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, он дамжих санхүүжилтийн эх үүсвэрээр нийт 307 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа гэв. Одоогийн байдлаар нийт төсөл хөтөлбөрийн ажлын явц 80 хувьтай явагдаж байгаа аж. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг хурдан шуурхай гүйцэтгэхэд гурван хэлтэс дамжиж хугацаа алддаг хүндрэл учирч байна. Тиймээс гэрээ байгуулах процессыг хөнгөвчилөх шаардлагатай байгаа талаар хотын ерөнхий менежер дуулгалаа. Худалдан авах ажиллагааны газарт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний явцын талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Болормаа мэдээллээ. Тэрбээр энэ жил улс нийслэл, орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих 207 арга хэмжээ байгаа бөгөөд 88,4 хувийн хэрэгжилттэй байгаа талаар хэллээ. Мөн худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Энэ жил авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр нийт 275 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Төсөл хөтөлбөр 58 хувийн хэрэгжилттэй явагдаж байгаа бөгөөд дүүрэг бүрт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа. Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж санал хэлэв. Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг мэргэжлийн бус байгууллагуудад эрх шилжүүлдэг байдлыг таслан зогсоох, удаашралтай байгааг төсөл хөтөлбөрүүдийг хурдан гүйцэтгэх шаардлагатай байгааг зөвлөлийн гишүүд онцлон хэлж байв. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, дүүрэг хороодод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо. Мөн тендерийн гэрээ байгуулах журмыг цэгцэлж, хариуцлага тооцох ажлын хэсэг гаргаж хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

Дэлхийн олон улсад тархаад буй Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтийг цуглуулахгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан баяр наадмыг зохион байгуулах түр журам-ыг баталсан юм. Түр журмын хүрээнд үндэсний их баярын нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлэх юм.Энэ жилийн баяр наадмын нээлтийн тасалбар болон наадмын талбай руу нэвтрэхэд олгодог автомашины зөвшөөрлийг худалдаанд гаргахгүй юм. Мөн наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа явуулах зөвшөөрлийг олгохгүй гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

2020 оны нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг нийслэл хот амжилттай зохион байгууллаа

Нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг урьд өмнөх жилүүдэд ХХААХҮЯ хариуцан зохион байгуулдаг байсан бол энэ жил нийслэл хот анх удаагаа Ажлын хэсгийг ахалж, нийслэлчүүдийг гол нэрийн хүнсээр хангах энэхүү чухал ажлыг гардан зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх нөөцлөх, худалдан борлуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ахлуулан байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нөөцийн мах бэлтгэгчидтэй уулзаж, салбарын яам болон нийслэлийн холбогдох агентлаг, газар, хэлтсүүд, төрийн бус байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн Ажлын хэсгийнхний тайлан мэдээллийг сонслоо. Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд энэ жил нийслэлчүүдийн хаврын махны хэрэгцээнд зориулж 38 аж ахуйн нэгж нийт 11.3 мянган тонн махыг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн бөгөөд бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс долдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулсан. Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 9 дүүргийн 173 хороон дахь зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан 318 хүнсний дэлгүүр, сүлжээ 95 нийт 413 хүнсний дэлгүүрээр амжилттай зохион байгуулсан бөгөөд одоо 1300 тонн мах үлдсэнийг Засгийн газраас тогтоосон үнээр үргэлжлүүлэн зарж дуусгах юм байна. Тодруулбал, хонины ястай махыг нэг кг нь 6700 төгрөг, үхрийн ястай махыг 7700, ямааны махыг нэг кг нь 6200 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа нь зах зээл дээрх махны үнээс 35-45 хувиар хямд байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улс оронд эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал сайнгүй байгаа энэ үед нийслэлчүүдийн хаврын махны хэрэгцээг хангах, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан та бүгдэд юуны өмнө талархлаа илэрхийлье. Мах бол монголчуудын хувьд гол нэрийн хүнс учраас чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, тэгэхдээ зах зээл дээрхээс хямд өртөгтэй махаар иргэдээ хангах асуудал нэн чухал. Нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл, цаашдаа нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг илүү өргөн хүрээнд, илүү хүртээмжтэй байх талаас нь одооноос анхаарч зохион байгуулах шаардлага тулгарна. Ялангуяа зорилтот бүлгийнхэн буюу захын гэр хорооллын дэлгүүрүүдээр нөөцийн махны худалдаа хэр зэрэг хүртээмжтэй байгаад байнгын хяналт шалгалт хийж байх учиртай. Зуны сар зургаа биш. Тиймээс ирэх жилийн нөөцийн мах бэлтгэлийн ажлыг одооноос анхаарч, энэ жилийн алдаа, оноогоо дүгнэж цэгнэн, цаашид зохион байгуулалтаа илүү сайжруулах хэрэгтэй хэмээн хуралдааны үеэр онцолсон юм. Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг амжилттай зохион байгуулсан зарим иргэн, аж ахуйн нэгжүүдийг энэ үеэр шагнаж урамшууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж баяр наадмын бэлтгэл ажлыг шалгалаа. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг XIII зуун цогцолбор зургаан насны морин уралдааныг Хүй долоо худаг-т зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж, дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ бөхийн барилдаан, сур шагайн харваа болон морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэх юм. Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь Монгол наадам контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх талаар Hero энтэртаймэнтийн захирал Б.Баатар хэллээ. Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэгт тоглуулахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, Тавантолгой түлш ХХК хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, Тавантолгой түлш ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь хүргэв. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Туул, Тэрэлж голын усны түвшин нэмэгдэж байгаа талаар ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс бид урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/800 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тэрэлж, Хэрлэн, Туул, Баянзүрхийн гүүр, Төмөрзамын гүүр, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголийн гүүр зэрэг маршрутаар нийслэлийн аврах анги өдөр бүр 94 нэгж техник хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнт завьт эргүүл болон явганаар үүрэг гүйцэтгэж, иргэдийг голын усанд өртөхөөс авран хамгаалж байна. Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр тоглуулахгүй байхад эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна гэлээ. 4.021 эмч, эмнэлгийн ажилчин хяналт тандалтхийж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа Долоодугаарсарын1-ний байдлаардэлхийн хэмжээнд10.563.221коронавирусийн халдварынтохиолдол бүртгэгдсэн байна. Насбаралт513.032 бүртгэгдэж, 5 сая гаруй тохиолдол бүрэн эдгэрсэн дүн мэдээ байна. Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөдМонгол Улсын хувьдмөн сүүлийн24 цагт шинэтохиолдолбүртгэгдээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байгаа бол 2.458 хүн тусгаарлалтад бий. Нийслэлийн Онцгой комиссын даргын 02 дугаар тушаалын дагуу авто тээврийн шалганнэвтрүүлэхтовчоододнийслэлийн Шуурхай штаб байгуулагдан ажиллаж, нийслэлийн Эрүүл мэндийн газрыналбан хаагчид 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж ирлээ.2020 оны хоёрдугаар сарын 7-ноосзургаадугаарсарын 30-ныгхүртэлАвто тээврийншалган нэвтрүүлэхтовчоододнийт 4.021 эмч, эмнэлгийн ажилчин хяналт тандалтхийж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ гэсэн мэдээллийг өгөв. Хаврын хуурайшилт зургаадугаар сарын 10-нд дууссан. Сүүлийн үед хур бороо ихтэй байгаа тул тогтоол ус, цүнхээл ус их тогтож байна. Нийслэлийн Байгаль орчны газраас 18 байршилд эрсдэл байх магадлалтай тул тус газруудад анхааруулга мэдээлэл бүхий самбар байршуулсан. Иргэд аялал зугаалгаар явахдаа хүүхдээ усанд осолдох эрсдэлээс хамгаалах, анхаарал сэрэмжтэй байх нь зүйтэй. Мөн тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор зуслангийн ойролцоо газраас 30 тарвагыг иргэд суурьшдаггүй бүс рүү шилжүүлэн суурьшуулсан. Нийслэлд 116 мянган га ойн сан байдаг. Үүний 95 мянган га нь ойгоор бүрхэгдсэн. Эл газруудад хуурайшилт их байна. Энэ жил самар ургадаг жил. Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 17 хувьд самар ургах боломжтой. Самрыг бүрэн боловсорсон үед нь түүхийг анхааруулж байна. Ойн сан бүхий газарт хууль бусаар газар олгож байна. Иргэд зуслангийн газар авахдаа нийслэлийн Байгаль орчны газарт хандаж, газраа шалгуулах боломжтой гэж НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа мэдээлсэн юм. Тавантолгой түлш ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь Тавантолгой түлш компани үйлдвэрийн засвараа хийж, түлшний нөөцөө хангаж эхэлсэн. Мөн зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна. Энэ жил өнгөрсөн жилийн нөөцөлсөн түлшнээс хамаагүй илүү түлшийг нөөцлөхөөр зорьж бэлтгэл ажлаа хангаж байна. Түлш нөөцлөх агуулах хүрэлцэхгүй хүндрэлтэй асуудал байна.Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд зуны хоёр сард багтан өөрсдийн боломжоороо түлшээ нөөцөлж авахыг уриалж байна. Бидэнтэй гэрээтэй ажилладаг газрууд гэрээний дагуу сайжруулсан түлшээ нөөцлөх хэрэгтэй. Мөн Тавантолгой түлш ХХК болон нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай гэрээ байгуулж, иргэн, аж ахуйн нэгжүүд сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахаа түрээслэх боломжтой гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолж хэлэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.