Хүнээр хүн хийх ухаан буюу хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байна уу? Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манайд арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм судалгаа хийж үзээгүй ч юм уу, лав л ийм төрлийн судалгаа олдсонгүй. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заавал биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй. Ээж аавынхаа үгнээс тэс зөрөн суучихаад насаараа аз жаргалгүй, хэрүүл, зовлонтой амьдарч байгаа хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг. Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл, гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий болдог. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм. Хүүхдийн нүдээр эцэг эхчүүд: Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно. Сургуулийн өмнөх насны хүү, охин хоёр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь Би аав болъё, чи ээж бол гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд Эхнээр цай, хоол аваад ир гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү гэх нь тэр. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг жишээ энэ. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл. Цэцэрлэгийн насны хүүхдүүдээр гэр бүлийнх нь тухай хөрөг зуруулжээ. Хүүхдүүд аавыгаа зурагтны өмнө сонин дэлгэн уншиж суугаагаар дүрсэлсэн бол ээжийгээ нэг гартаа шанага атган, нөгөө гартаа хүүхдээ тэвэрсэн байдлаар ихэвчлэн зурсан байлаа. Энэ бол Монголын гэр бүлүүдийн нийтлэг дүр зураг. Хүүхдээ хүмүүжүүлэхэд ээж, аав нар хэр нөлөөлж буйг бяцхан үрс нь тайлбаргүйгээр дэлгэн харуулсан нь энэ. Өнөөгийн эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа бол хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг явдал юм. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ёстой мэт, ээж нар л хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд эртнээс байсаар ирсэн. Энэ асуудалд хэт ялгаатай хандсанаас болж Аав нь бурхан, ээж нь чөтгөр болж орхисон гэр бүлүүд ч цөөнгүй байдаг. Амьдралын явцад нэг л мэдэхэд аав нь хүүхдүүддээ дандаа зөөлөн хандаж, элэгсэг дотно харилцаж, ний нуугүй ярилцаж харин чөтгөрийн дүрд хувирсан ээж нь болох болохгүй юм болохоор загнадаг, айлгаж сүрдүүлдэг болчихсон байх нь бий. Энэ байдлаас болоод хүүхдүүд эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж чадахгүй харилцааны айдаст автдаг байна. Шоовдор хөвгүүд Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Энэ байдал нийгэмд эрэгтэйчүүдийн үүрэг ролийг багасгах үндсэн нөхцөл болоод байгаа юм биш биз гэсэн хар төрүүлдэг. Манайхны дунд За эрэгтэй хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил хийгээд явчихна. Харин охидоо л сайн боловсролтой болгож, сайн хүнтэй суулгая гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу. Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас нийгмийн бүх салбарт тэр тусмаа боловсролын салбарт эмэгтэй хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соёл, мэдлэг чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад Аавуудын сургууль гэгчийг байгуулж эхэлсэн байна. Харин манайд энэ нь нэг орхигдсон асуудал болоод байгаа төдийгүй нийгэмд улам бүр газар аваад байгаа нь харамсалтай. Харснаа дуурайдаг бага насныхан Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхино гээч. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархирахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг. Тэд ярьж чадахгүй ч гэсэн таны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх, ярих үгээ цэгнэхгүй бол болохгүй. Хүүхэд хөлд орж, ид хөдөлгөөнтэй, дэгэж дэрэвсэн үедээ хамгийн болгоомжгүй байдаг. Нэг харах нь ээ халуун юм руу орчих гээд нөгөө харахад хаалганд гараа хавчуулчих гээд л. Чимээгүй алга болчихвол заавал ямар нэг юм сүйтгэж байгаа нь тодорхой. Болохгүй бүтэхгүй зүйл энэ үед л хамгийн их гардаг. Жаахан байхдаа би разетикний нүхэнд юм шургуулж үзмээр санагддаг байж билээ. Цэцэрлэгийн багш маань болохгүй гээд байхад л нарийн төмөр шургуулаад тогонд цохиулж ухаан алдсанаасаа хойш дахин тийш зүглээгүй юмдаг. Гараа түлнэ, ий болохгүй гээд байхад хүүхэд чинь плитка руу ойртох гэж дурлаад байвал тийм ч халуун биш байх үед нь нэг удаа гарыг нь хүргээд авахад гэмгүй. Хөөрхий дахин ойртоно л гэж үгүй. Яг үүнтэй адил хүүхэд болгон болохгүй гэсэн бүхэн рүү саваагүйтэн тэмүүлдэг. Туршлага сууж байж л хүн ухаан орно. Хаширсан хүн гэж харширсан хүнийг хэлнэ гэдэг шүү дээ. Монголчууд бидний хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын томоохон алдааны нэг нь хүүхдийн санаачлагын унтрааж гал дээр ус хийдэг явдал юм. Тэгж болохгүй ингэж болохгүй гэж аав ээж нь байнга зааварлан, номхон суулгаж л байвал л болох юм шиг санадаг. Ингэж хэт захиргаадаж хүмүүжүүлснээс болж таны хүүхэд ч бас бусдыг хэт их загнах, дарангуйлах дуртай, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, бусдыг байгаагаар нь хүлээн авдаггүй, шүүмжилж, өөлөх, муулах хандлагатай болдог. Бид хүүхдийнхээ санаачлагыг, шинийг сэдэх урам зоригийг дарснаас болж тэд үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, хүн намайг шүүмжилчих болов уу гэсэн байдалтай, идэвхи санаачлага муутай хүн болон хүмүүжээд байна. Мөн цэцэрлэгийн насныхныг Далан худалчийн нас, Үлгэрийн нас гэх мэтээр нэрлэсэн нь тун онож хэлсэн үг шүү. Тэд энэ үедээ олон зүйлийг санаанаасаа худлаа зохиож ярьдаг. Гэхдээ хамгийн яршигтай нь өдөрт 10-20 удаа яагаад гэдэг асуултыг тавьдаг. Эзэнгүй хүүхэд Социализмын үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан арай өөр байсан юм шиг ээ. Нийгэм нь ч ялгаатай байсан учраас ёс суртахууны төлөвшлийг харьцангуй сайн өгдөг байсан тал бий. Хэдий тийм ч тэр үеийн эцэг эхчүүд маш завгүй, дээрээс нь олон хүүхэдтэй айлд том нь багыгаа өсгөдөг явдал ч нэлээд түгээмэл байсан. Тиймээс социализмын үеийн гэр бүлүүдээс биеэ даасан хүмүүс нэлээд төрж байсан бол эрхийн тэнэг болсон айлын бага хүүхдүүд ч бас цөөнгүй байдаг. Өнөөдөр ч тэр хүүхдүүдээс ах эгчийнхээ нөмөр нөөлгөнд амьдарч яваа нь олон. Харин орчин үед 3-4 хүүхэдтэй гэр бүлийг олон хүүхэдтэйд тооцдог болсон. Иймээс өнөө үед хүүхэд хүмүүжүүлэх асуудлыг бид арай өөр өнцгөөс нь харах цаг нэгэнт бий болсон. Баруунд Хүүхдийг долоон нас хүртэл хаан шиг өсгө, түүнээс хойш цэрэг шиг өсгө гэдэг. Гэтэл манайхан эсрэгээр нь, нялх байхаас сургуулийн 3-4 анги хүртэл нь хараа хяналтан доороо өсгөчихөөд анги ахих тусам хичээлийг нь зааж өгч мэдэхгүй гэсэн нэрийдлээр зүгээр л гаргуунд нь хаячихдаг. Нөгөө хошин шогийн нөхдүүдийн хэлдэг шиг Хэн хаагуур ямар юмаа хийгээд дэмий тэнээд байгаа юм бүү мэд. Нэг ёсондоо хүүхэд нь эзэнгүй орхигддог. Гэтэл хүүхэдтэйгээ хүүхэд шиг биш найз шигээ, том хүн мэт харилцах ёстой хамгийн чухал үе нь Өсвөр үе буюу шилжилтийн нас-наас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг. Энэ үедээ хүүхэд том хүн болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харилцаа тэдний хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий болдог. Хүүхдийн гэсэн бүхий л шинжүүдээс зайлсхийхийг эрмэлздэг. Өөрийнхөө боломжийг дээгүүр үнэлдэг. Мөрөөдөлдөө автдаг. Орчин үеийн хөгжим киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа. Охид бааранд сууж, нүүрээ байдгаараа будан, моодны дэгжин хувцас өмсөн, урт янжуур зуун гоё эгч нарын аалийг даган дуурайхыг хүсдэг. Хөвгүүдийн хувьд том ах нар шиг үнэтэй гоё машин унан, хотоор давхилдаж том том бизнес ярин, бие биенийхээ дээр гаран сагсуурч өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий. Бэлгийн бойжилт энэ үед эрчимтэй явагдаж, даавар тэдний бие болоод сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх, дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог. Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэтгэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид хөвгүүдэд тун таагүй, цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг. Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн, жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд энэ үед бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь жолоодох хэрэгтэй гэж Германы сурган хүмүүжүүлэх ухааны зөвлөгч Ян-Увэ Роггэ хэлж байна. Нийгэм хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ? Хүүхдийн хүмүүжилд нийгмийн энэ их орчил, улс төрийн үйл ажиллагаа өдөр тутмын боловсролын үйл явц, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн дуу хөгжмийн урсгал, тэдгээрийн гол төлөөлөгчид, урлагийн одууд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэтэл манай нийгмийн үйл ажиллагааны буруу нөлөө тэр тусмаа улс төрийнхний гаргаж буй алдаатай шийдвэрүүд бидний хойч үед сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдөр бид хүүхдийн хүмүүжлийн алдаа дутагдлыг боловсролын систем рүү чихдэг. Хүүхдээ багш нар, сургуульд даатган хаядаг үзэгдэл монголчуудын хувьд жирийн асуудал болсон. Тэр тусмаа хэвлэл мэдээлийн хэрэгслийн асар хүчтэй нөлөөнд хяналт тавих цаг нэгэнт болжээ. Өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд зориулсан чансаатай телевизийн нэвтрүүлэг маш ховор байгаа төдийгүй явуулж буй нэвтрүүлгүүд нь хэрхэн яаж од болох вэ, ямар хялбар арга замаар бусдын анхаарлын төвд орших вэ, гэсэн хүмүүжил төлөвшлийг бий болгох үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна. Телевизээр өдөр болгон УИХ-ын гишүүдийн хэрүүлийг үзүүлэн эрэгтэй хүн ч гэсэн Улаан хэрүүлч байж болох нь гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Энд тэндгүй авлигал, хээл хахууль Хатан Туул голынхоо хайран сайхан хөндийг нэг дарга маань бөөн мөнгөний төлөө худалдсан тухай яригдана. Үүний үр дагаварт дарга болчихоод мөнгөтэй болчихвол эх орноо худалдсан ч яах вэ, томчууд хахуулиар мөнгө олдог юм чинь хээл хахуулийн ажил олж хийвэл амьдрал болоод явчихна гэсэн бодол насанд хүрэгчдэд битгий хэл хүүхдийн дотоод сэтгэлзүйд ч бий болж тэдний ертөнцийг үзэх үзэл буруу төлөвшиж бие хүний төлөвшлийн хандлага чиглэлүүд буруу тийшээ хазайсаар байна. Тиймээс орчин үеийн хүүхдүүд мэргэжил сонгохдоо хүний сайн сайхан, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг ажил мэргэжил сонгохоосоо илүү улс төр, бизнесийн хүрээний мэргэжил рүү хошуурах хандлага улам хавтгайрч байна. Дээр нь нэмж хэлэхэд эцэг эхчүүд миний хүүхэд юунд сонирхолтой, юуг хийж гүйцэтгэх чадвартай билээ гэдгийг үл харгалзан ямар мэргэжил ашигтай вэ гэдгээр өөрийн дураар мэргэжлийг нь сонгон бизнес, нийгэм, хуулийн салбар луу хүүхдээ чихдэг сөрөг үзэгдэл нийгэмд нэгэнт газар авчээ. Дургүйд хүчгүй гэдэг. Сонирхоогүй мэргэжлээ эзэмшсэн хүн тухайн салбартаа амжилт олох нь ховор тохиолдол байдаг. Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт монгол арга нь аав ээж нар өөрийнхөө биеэр үлгэрлэн дуурайлж, бага наснаас нь ажил амьдралд сургаж байсан бол өнөөгийн аав ээжүүд бараг өглөөнөөс орой хүртэл хүүхдийнхээ барааг хардаггүй. Бид өнөөг хүртэл хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг арга зүйг олж чадаагүй л явна. Хүүхэд хүмүүжүүлэх арга барил цаг үетэй уялдаад төлөвшиж бас амжаагүй л байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ хэрхэн өсгөж бие хүн болгон төлөвшүүлэх арга ухаанд нийтээрээ суралцаагүй. Тийм ч учраас хүүхдээсээ дэндүү холдчихсон, үүнээсээ болоод тэдэнтэй ойлголцохоо больдог асуудал олон гэр бүлд гардаг. Үүнийг нэг хоёр хүн яриад шийдчих асуудал биш юм. Нийтээрээ, нийгмээрээ шийдэх зайлшгүй асуудлын нэг нь яах аргагүй энэ. Эхнэр нь хүүхдээ хараад гэртээ суудаг япон, солонгосын дэг жаяг бас ч тийм ухаан муутай хүмүүсийн ажил биш юм шиг байгаа юм. Гадныхан энэ бэрхшээлтэй асуудлаа ийнхүү шийдэж чадаж. Манайхан ч гэсэн хэзээ нэгэн цагт гарцаагүй ийм жишигт шилжих л байх.

Шүдний ооны гайхалтай 12 хэрэглээ

Оо бол шүдний эрүүл мэндийг сахигч эд. Гэхдээ бидний өдөр тутамд ахуйн хэрэглээнд хэрэг болдог гэдгийг та мэдэх үү? машины гэрлээ өнгөлөх, цагаан хувцас дээр туссан толбыг арилгах, мөнгөн эдийг гялалзуулах , крантны гадаргууг шинэ мэт болгох гээд түүний ач тус их шүү. Мөнгөн эдлэл өнгөлөх Мөнгөн эдлэл харлаж, өнгөн хэсэг нь өнгө муутай болдог. Энэ үед шүдний оог сойз эсвэл алчуурандаа түрхээд сайтар зүлгэсэний дараа бүлээн усаар цэвэрлэнэ. Ингээд таны үнэт эдлэлийн гялалзсан өнгө эргэн ирэх болно. Төгөлдөр хуурыг товчлуурыг цэвэрлэх Байнга хуруугаараа дарж тоглодог төгөлдөр хуурын товчлуур өнгөө алдаж, бохирдож, шаргал хучлага бий болдог. Ийм тохиолдож алчууранд оо түрхээд сайтар арчиж зүлгэнэ. Дараа бүлээн усанд норгосон алчуураар арчиж цэвэрлэнэ. Цагаан ултай гутлыг гялалзуулна Хэрвээ цагаан өнгийн ултай кэт эсвэл пүүз танд байдаг бол сойзондоо оо түрхээд сайтар зүлгээрэй. Дараа нь бүлээн алчуураар арчиж цэвэрлэнэ. Усны шил цанатахгүй болно Усанд сэлэхэд усны шил цанатаж урдах зүйл харагдахгүй болох нь бий. Ийм асуудал тулгарвал шүдний оогоор зүлгэж, дараа нь бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Модон гадуургууг цэвэрлэх Модон гадуургатай зүйл дээр халуун аягатай цай тавих зэрэгт цайрч, аяганы мөрөөр өөр өнгөтэй болдог. Энэ тохиолдолд оогоор арчиж цэвэрлэвэл өнгө жигд болох болно. Цагаан өнгөтэй хувцасны толбо арилгана Цагаан цамцан дээр болсон уруулын будаг, ширээний бүтээлэг дээр дуссан толбо, энгэр дээр дуссан шпагетины толбыг хүртэл шүдний оо арилгах шидтэй. Оо туханй толбон дээрээ түрхээд үрсэний дараа хэсэг амраасаны дараа угааж цэвэрлэнэ Машины гэрлээ өнгөлж болно Орчин цагийн цэвэрлэх бодис байхгүй бол зөөлөн гадаргуутай алчуур дээр оо түрхээд сайтар зүлгэнэ. Дараа нь бүлээн усаар арчиж цэвэрлээрэй Хумс бэхжүүлнэ Эмэгтэйчүүд бидэнд хумсаа бэхжүүлж урт ургуулах шаардлага өдөр тулгардаг. Тэгвэл хумсан дээрээ шүдний оо - гоо жигд түрхээд 5 минутын турш амраасны дараа угааж цэвэрлээрэй Ухаалаг утасны дэлгэц цэвэрлэх Таны утасны дэлгэц зурагдаж, мэдээлэл харахад төвөгтэй болсон бол зөөлөн гадаргуутай алчуур дээр оо түрхээд зүлгэсэний дараа чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ. Крантны гадаргууг оо - оор зүлгэвэл цоо шинэ юм шиг гялалзах болно Бохирдсон индүүний улыг цэвэрлэнэ Хувцас индүүдэх үед түлэгдэх наалдах зэргээс болж ул нь бохирдож, цэвэрлэхэд төвөгтэй байдаг. Ийм үед мөн л оо хэрэг болно. Алчуур дээрээ оо дусаагаад индүүний улыг сайтар зүлгэж цэвэрлээд бүлээн алчуураар дахин цэвэрлэнэ. Үнэрийг дарна Сармис , сонгино, загасны үнэр арилахгүй уддаг. Ийм үед дусал оо -гоор гарандаа түрхэж , цэвэрлээд л энэ асуудал шийдэгдэнэ.

 Индүүний гайхалтай ашиг тус

Бидний амьдралд индүүний хэрэгцээ, хэрэглээ чухал байрыг эзэлдэг. Тиймдээ ч өдгөө өнгө загвар, хэлбэр хэмжээ гээд төрөл бүрийн индүүнүүд үйлдвэрлэгдэн, худалдаалагдах болсон билээ. Хамгийн сонирхолтой нь индүүний хэрэглээ, зөвхөн хувцас индүүдэхээр зааглагдахгүй ажээ. Ийнхүү бид та бүхэндээ индүүгээр ямар олон зүйлсийг хийж болох жишээг хүргэе. Индүүний гайхалтай ашиг тус 1 Модон эдлэл дээрх толбыг арилгах Модон эдлэл нь харьцангуй бат бөх боловч, олон жил болоход элэгдэж мууддаг. Харин индүүний тусламжтай, элэгдэж муудсан хэсгийг индүүгээр халааж, тухайн хэсгийг засах боломжтой. Зурагт үзүүлсний дагуу тухайн хэсэгт амны цаас тавьж, түүнийгээ халуун индүүгээр 2-3 минут халаана. Үүний дараа халаасан хэсгээ зөөлөн зүлгээрээ зүлгэж өгснөөр урьдын байдалдаа эргэн ордог байна. Модон эдлэл дээрх толбыг арилгах 2 Буйдан дээрх чихрийн толбыг арилгах Буйдан, ширээний бүтээлэг, хивс зэрэгт чихэрлэг зүйл наалдаж, түүнийг цэвэрлэхэд тарж, улам бохирдоод байдаг. Тэгвэл түүнийг мөн л индүүний тусламжтай хэрхэн цэвэрлэх аргыг хамтдаа харцгаая. Чихэрлэг зүйлс нь бохь шиг цавуулаг ихтэй учир халтардаж муухай болдог. Тиймээс тухайн хэсэгт цаас тавьж, түүнийгээ индүүгээр сайтар халаах юм бол бохирдол цаасанд наалдаж, амархан салах болно. Буйдан дээрх чихрийн толбыг арилгах 3 Хулдаасны хүрээг сөргүүлэхгүй, сайтар наах Хэрвээ гэртээ шинэ хулдаас наахаар зэхэж байгаа, эсвэл хуучин хулдаасаа сэргээхээр бэлдэж байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Үүний тулд хулдаасны хүрээ хэсгүүдийг хооронд нийлүүлж, дээр нь хулдаасан цаас тавиад хэсэг хугацаанд сайтар халаах хэрэгтэй. Ингэснээр хулдаасны хүрээнүүд хоорондоо барьцалддаг байна. Хулдаасны хүрээг сөргүүлэхгүй, сайтар наах 4 Халуун хачиртай талх Оюутны байр, зочид буудалд байхад зөвхөн индүү л байхад түүнийг богино долгионы зуухаар халаах шаардлагагүй юм. Танд хачиртай талх, тугалган цаас байхад л хормын дотор халаах болно. Хачиртай талхаа тугалган цаасаар ороож, түүнийхээ хоёр талыг индүүгээр дарж, 10 минут орчим халааж өгнө. Ийнхүү хачиртай талхаа шаргал болтол нь шараарай. 5 Өндөг, гахайн махыг шарах Индүүн дээрээ тугалган цаасыг дэвсэж өгснөөр өндөг хоёр тийшээ урсах, индүүг бохирдуулахаас хамгаалдаг. Ийнхүү индүүгээ сайтар халаасны дараа дээр нь өндгөө шарж өгөөрэй. Харин гахайн махыг шарахдаа мөнгөлөг цаасанд сайтар ороосны дараа дээр нь индүүгээр халааж, дарна. Ингээд л амттай өглөөний цайгаа уухад бэлэн боллоо. 6 Гялгар уутыг битүүмжлэх Гялгар уутыг хооронд нь битүүмжлэн наахдаа мөн л тугалган цаасыг ашиглах хэрэгтэй. Мөнгөлөг цаасгүй бол уут түлэгдэж, шатах аюултай. Нааж битүүмжлэх хэсгээ мөнгөлөг цаасаар ороож, түүнийгээ халуун индүүгээр дарж авах хэрэгтэй. Ингээд л тэд тусгаарлагдаж, асгарахгүй боллоо. 7 Хивсэн дээр толбыг арилгах Хивсэн дээрх толбо үргэлж бидний санааг зовоодог шүү дээ. Цэвэрлэх, арилгахад маш хэцүү байдаг. Тэгвэл үүнийг арилгахдаа толботой хэсэг дээрээ бага зэрэг цэвэрлэгээний шүршигч шингэнийг цацаж, дээр нь даавуун алчуур тавьж өгөөрэй. Дараа нь тэр хэсгээ халуун индүүгээр халааж хэсэг хугацаанд ажиглахад, хивсний толбо алчуур руу шингэсэн байх болно. Үнэхээр үр дүнтэй шүү! 8 Тавилган дээрх толбыг арилгах Модон эдлэл дээрх цагаан толбыг даавуун алчуур, халуун индүүний тусламжтай хялбархан арилгах боломжтой. Толботой хэсэг дээрээ алчуураа тавьж, индүүгээр халаана. Гэхдээ болгоомжтой байхгүй бол модон эдлэл түлэгдэх аюултай. Ийнхүү халаасны дараа толбо арилсан байх болно. 9 Хуучин ханын цаасыг хуулах Хуучирсан ханын цаасыг хуулахдаа тухайн газрыг халуун индүүгээр сайтар халааж өгөх хэрэгтэй. Үүний дараа ханын цаасыг хуулахад маш цэвэрхэн, жигд хуулагддаг байна. Гэртээ засвар хийж байгаа хүмүүс хэрэгжүүлээд үзээрэй. 10 Хоол халаах Плетка, халуун зуух байхгүй үед үсний сэнс, индүүгээр хялбархаан шийдэх боломжтой. Зурагт үзүүлсэн шиг индүүн дээрээ хоолоо тавьж, дээрээс нь сэнсээр үлээлгэх хэрэгтэй. Гэвч ариун цэврийн үүднээс тугалган цаасыг ашиглах нь зүйтэй юм.

Хуучин хувцаснуудаа цоо шинэ мэт болгох хялбар аргууд

Бидний амьдралыг илүү хялбарчлахын тулд хүмүүс өдөр шөнөгүй зүтгэсээр л байгаа бололтой. Одоогийн бидний хэрэглэж буй зарим нэг зүйлүүд байхгүй байсан бол, бид хэрхэн амьдрах байсан бол гэсэн бодол төрж байна. Ингээд амьдралыг хялбарчилах ахуйн хэрэгслүүдийг сонирхоцгооё. Ноос, ноолууран цамцны материал бөөгнөрөхөөс хамгаалан хөлдөөгчинд нэг хонуулаарай. Ноос, ноолууран цамцаа өмсөхөөсөө өмнө хөлдөөгчинд хийж хонуулах эсвэл хэсэг байлгах нь бөөгнөрөхгүй байхад нэн тустай. Жинсэн өмдөнд шингэсэн муухай үнэрийг дарахын тулд гялгар уутанд хийгээд хөлдөөгчинд хий Хэрэв таны дуртай өмдөнд эвгүй үнэр шингэсэн бол гялгар уутанд хийгээд, хөлдөөгчинд нэг хонуулаарай. Хөлсний толбыг лимоны шүүс болон хүнсний сода ашиглан арилга Нэн ялангуяа суганд хөлсний толбо маш амархан тогтдог. Ийм үед лимоны шүүсийг бага зэрэг устай холиод тухайн толбо болсон хэсгийг сайтар үр. Арилахгүй бол хүнсний содаг устай хольж зуурмаг үүсгэн толботой хэсэгтээ түрхэн хэсэг хугацаанд байлгаж дараа нь угаана. Хувцсанд шингэсэн хурц үнэрийг бага хэмжээний архиар дарж болно Цамц өмсөх гэтэл эвгүй үнэр шингэчихсэн харин танд угааж хатаах цаг байхгүй тохиолдолд цамцандаа бага зэрэг архи шингээж хатаа. Муухай үнэр ор мөргүй арилах болно. Нүүрний будагаа цамцандаа хүргэчихвэл, сахлын хөөс түрх Нүүрний будаг, кремээ цамцандаа хүргэчихвэл угаахаасаа өмнө сахлын хөөс түрхэж хэдхэн минут байлгасны дараа үрж арилгаарай. Уруулын будгийн толбыг үсний лакаар арилгаж болно Хуурай хувцсан дээр уруулын будгийн толбо тогтсон бол үсний лак буюу спрей цацаж хэдэн минут болго. Дараа нь угааж арилгаарай. Нүдний шилээ хумсны лакаар чангалж бөхөл Хэрэв таны нүдний шилний гуя хэсэг сул байгаа мэт санагдах үед ойрхон чангалагч байхгүй бол хумсны лакаар түр ингэж чангалж болно. Суларсан товчийг мөн л хумсны будгаар чангалж болно Өнгөгүй хумсны лакаар цамцныхаа товчийг будчихвал товч унах асуудлаас та түр ангижрана Илгэн гутлыг хумсны хуурайгаар цэвэрлээрэй Илгэн гутал маш дэгжин харагддаг ч амархан бохирддог. Хумсны хуурай бол илгэн гутлыг цэвэрлэх хамгийн шилдэг хэрэгслүүдийн нэг. Арьсан гутлыг вазелинаар өнгөл Улаан дарсны толбыг цагаан дарсаар арилгадаг Улаан дарсны толбо болсон хувцасыг угаахаасаа өмнө хэсэг хугацаанд цагаан дарсанд хийж дэвтээгээрэй

Гоолиг сайхан бие галбиртай байх нууц

Чангахан хоолны дэглэм барихаар шийдсэн үед өлсөх, өлсөөгүй ч идмээр санагдах, идэх хоолны хэмжээгээ хянаж чадахгүй байх үе цөөнгүй байдаг. Эсвэл хоолны дэглэм барьдаггүй ч зүгээр л хяналтгүйгээр их идэж таргалаад байгаа бол авч болох энгийн арга хэмжээ олон байна шүү. 1. Ус хангалттай уух. Зарим тохиолдолд хүний ходоод цангаж байгаа мэдрэмжийг өлсөхтэй андуурдаг. Тиймээс ус тогтмол ууж заншаарай. 2. Чимээгүй орчинд хоолоо идэж сур. Хөгжим сонсох, зурагт үзэх, ном унших, интернет орж байх үедээ хүн анзаарахгүйгээр их хоол идчихдэг. 3. Дасгал хий. Биеийн тамирын дасгал хийвэл өлсөх мэдрэмж төрөөд байхгүй. 4. Өнгөнд анхаар. Хөх өнгө хооллох дуршлыг багасгадаг бол шар, улбар шар, улаан өнгө нэмэгдүүлдэг. Тиймээс гал тогооны өрөөний тавилга, аяга, таваг, ширээний бүтээлгэний өнгийг сонгохдоо анхаар. 5. Үнэртүүлэгч худалдан ав. Янз бүрийн хүж, үнэртэй лаа, ароматик үнэрүүд нь хооллох дуршлыг багасгаж, өлсөх мэдрэмжийг бууруулдаг. 6. Өөрийгөө шагна. Ганц зүсэм хар шоколад, таргалуулах бодисгүй иогурт зэргийг идэж болно. 7. Өөрийгөө сонс. Өлссөн үедээ хоолоо ид. Гэхдээ цадсан мэдрэмж төрөнгүүт зогсож сур. Аягатай хоолыг дуусгах албагүй. 8. Хоолны өмнө цэвэр агаарт алхсан хүмүүс энгийн үеэс бага иддэг. 9. Унтахын өмнө цэвэр агаарт алх. Хүмүүс шөнө орондоо орохын өмнө ямар нэгэн зүйл идсэнээс болж жин нэмдэг. Харин үүнээс сэргийлэхийн тулд алхаж орж ирээд шууд унтах хэмнэлд ор. 10. Хангалттай унтаж амар. Дутуу нойртой хүмүүс хоол их иддэг. Хяналтгүйгээр идэх нь ч бий. 11. Алим, гадил жимс үнэрлэх нь хоолны дуршлыг багасгадаг. 12. Унтахын өмнө шүдээ сайн угаа. Шүд угаасны дараа хооллох дуршил багасдаг. Тэгээд ч хэн угаасан шүдээрээ хоол идэхийг хүсэх билээ. 13. Мөрөөд. Өөрийнхөө хүсч байгаа гоолиг сайхан бие, чанга арьсны тухай бод. Энийг л тэвчвэл тэр бүхэн ойрхон байгааг сана. 14. Аль болох гэрэлтэйд хоолоо идэж бай. Лааны гэрэл, үл мэдэг харанхуй орчинд хүн хэвийн үеэсээ их иддэг. 15. Өөрийгөө хэт өлсгөх хэрэггүй. Үүний дараа хэмжээгүй их иддэг. 16. Хуваарийн дагуу хоолоо идэж сур. Өглөө, өдөр, оройны хоолыг цагийн хуваарьтай болго. 17. Өглөө, өдөр, оройны хоолны аль нэгийг үлдээх хэрэггүй. Тогтмол бага хэмжээгээр хоолловол өлсөхгүй, ядрахгүй. 18. Хоолны өмнө шингэн зүйл ууж занш. 19. 20 минутын дүрмийг баримтал. Өдөр, оройн хоолыг 20 минутаас бага хугацаанд идэж дуусгавал тархинд цадсан гэсэн мэдээлэл очиж амждаггүй ба дахин хоол нэхсээр байдаг. Тиймээс удаан, тайвнаар 20 минутаас дээш хугацаатайгаар хооллож занш. 20. 20 минут хооллосны дараа ширээн дээрээ удаан суух хэрэггүй. Суух тусам дахин идэх дуршлыг нэмэгдүүлдэг. 21. Өлсөх бүртээ хоолны оронд жимс ид. 22. Халуун ногооноос татгалз. Хоолны дуршлыг нэмэгдүүлэх сөрөг талтай. 23. Иллэг хий. Өлссөн үедээ хамар, дээд уруул хоёрын дунд хэсгээр хуруугаараа зөөлөн иллэг хийж өг. 24. Сармис хоолны дуршлын эсрэг хамгийн том дайсан. Хоолныхоо орцонд сармис заавал хийж байгаарай. 25. Өдөрт 5 удаа хоол ид. Өглөө, өдөр, орой болон бага үд, үдэш. Бага үд болон үдшийн цагаар тараг уух, жимс идэх зэргээр хоолло.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.