РЕЗИДЭНТ ЭМЧ НАРЫГ ӨРХ, ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ НЭМЭЛТЭЭР АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Коронавируст Ковид-19 халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 700 гаруй резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулах хуваарилалт хийсэн. Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дээрх резидэнт эмч нарыг өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хуваарилан Ковид-19 халдварын тандалтын шинжилгээ, дархлаажуулалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих өрхийн хяналт зэрэг үйл ажиллагаанд дайчлан ажиллуулж байна. Резидэнт эмч нарыг өмнө нь авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, халдварын тандалтын шинжилгээ болон Нэг хаалга-Нэг шинжилгээ үйл ажиллагаанд ажиллуулж байсан билээ.

Нийтэлсэн:
Л.ЗЭНДМАА: ХҮН АМЫН 60-ААС ИЛҮҮ ХУВИЙГ ДАРХЛААЖУУЛСНААР ХАЛДВАРЫН ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛНА

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаагаас дархлаажуулалтын талаар тодрууллаа. -Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын явц ямар байна вэ? -Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулж, үйл ажиллагаа 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн. Гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явагдаж байна. Бид дархлаажуулалтын үйл явцад тогтмол хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллага тус бүрд хийгдэж байгаа дархлаажуулалтын тоо, эзлэх хувь зэргийг тодорхой байдлаар гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар, нийт 62900 орчим хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу одоо эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, цахилгаан, дулаан, ус суваг зэрэг үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой албан байгууллагын ажилтнуудыг хамруулж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн худалдаа үйлчилгээ, боловсролын байгууллагын багш ажилчид болон дайчлагдан ажиллах захиргааны нэгжүүдийн албан хаагчдыг хамруулж эхэлсэн. -Дархлаажуулалтын хэчнээн цэгт эрүүл мэндийн байгууллагын ажилтан ажиллаж байгаа вэ? -Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 44 цэг, 96 багт 600 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Бид шинжилгээний суурин болон явуулын цэг, дархлаажуулалтын цэг, багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тоо судалгааг нарийвчлан гаргаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд маань цаг үеийн нөхцөл байдалд тохируулан оновчтой, зөв зохион байгуулалтад орж ажиллах, төр засгийн зүгээс энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байдлаар бидэнтэй хамтарч ажиллаж байна. Бид жил шахам хугацаанд дотооддоо халдвар алдаагүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард халдварын тохиолдол анх бүртгэгдэхэд ч эмчилгээний шинэ технологи, вакцины туршилтууд олон улсад нэвтрээд эхэлчихсэн. Ингэснээр бид халдварыг нас баралт, хүндрэл багатай даван туулах боломжтой болсон. Засгийн газраас богино хугацаанд ард иргэдээ вакцинд хамруулах аяныг зохион байгуулаад эхэлчихлээ. Өдөрт 20 мянга гаруй хүн, шаардлагатай бол үүнээс ч олон хүнийг вакцинд хамруулахаар зорьж ажиллаж байна. Тиймээс үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу гүйцэтгэлийн ажил, боловсон хүчний хуваарилалт гээд зөв зохион байгуулалттай ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхан маань туйлдатлаа ажиллаж байгаа ч энэ их ачааллаас хойш суугаагүй юм шүү. Тиймээс бидэнд итгээрэй. Хүн амын 60 хувийг дархлаажуулахад л халдварын эрсдэл багасаж, аюул холдоно гэдгийг ДЭМБ болон олон улсын байгууллагуудаас тогтоочихсон. Эхнээсээ хүн амынхаа 90 хувийг дархлаажуулсан улс орнууд байна. Манай улс ч эдгээр орнуудын тоонд удахгүй орно. Жил гаруй хугацаанд хилээ хааж, хатуу хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин удаан тэсэж ирсэн иргэдийн хувьд тэвчээр алдрах, бухимдал үүсэх зэрэг асуудал байлгүй яах вэ. Гэхдээ энэ вирус, халдварт өвчинд ямар нэгэн арын хаалга, За, больё доо гэх зүйл байхгүй. Өөрийнхөө эмгэг жамаар явагдаж байдаг өвчний л нэг төрөл. Үүний эсрэг ард иргэдийн хичээл зүтгэл, аж ахуйн нэгжүүдийн хүчин чармайлт, төрийн байгууллагуудын дэмжлэг, эрүүл мэндийн байгууллагуудын зөв зохион байгуулалт хэрэгтэй. Төр, эрүүл мэндийн байгууллагууд өнөөдөр бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж чадаж байгаа. Тиймээс аж ахуйн нэгж, албан байгууллагууд төдийгүй ард иргэд маань халдвараас хамтдаа сэргийлж, дор бүрнээ үүргээ ухамсарлаж, хэт бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж, халдварын эрсдэлтэй орчинд нэг дор олноороо цугларахгүй байх зэрэг арга хэмжээг алхам тутамдаа хэрэгжүүлэх нь зүйтэй юм. -Вакцины эхний тунг хийлгэснээр дархлаа бүрэн тогтохгүй. Тиймээс дараагийн тун хийлгэтэл иргэдэд юу зөвлөх вэ? -Эхний тунг хийлгэлээ гээд тайвширч болохгүй. Мөн хоёр дахь тунг хийлгэснээр тодорхой хувийн дархлаа тогтох боломжтой, хэчнээн хүнд дархлаа тогтсон зэргийг цаг тухайд нь судалгаа хийгээд явна. Мөн дархлаажуулалтын цэг бүрд түргэн тусламжийн эмч мэргэжилтэн ажиллуулж, вакцин хийлгэсний дараах хариу урвалаас хамаарч иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байгаа. Зөвхөн нийслэл бус дүүрэг, хороод гээд олон байгууллага хамтарч, эдгээр ажилд бүхий л талаас нь дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Тиймээс дараагийн тунг хийлгэх хүртэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ урьдын адил мөрдөж, халдвар авахгүй байх хэрэгтэйг анхааруулж байна.

Нийтэлсэн:
Б.БЯМБАДОРЖ: ОРОН НУТГИЙГ ЗОРИХ ИРГЭДИЙН УРСГАЛ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГИЙН АЧААЛЛЫГ ЭРС НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа. -Шинжилгээний цэгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас ямар зохион байгуулалт хийж байна вэ? -Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээ хийх суурин найман цэг, халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах явуулын 16 багт 120 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-28-ны өдөр найман цэг, гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд 22 цэг ажиллуулсан. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн шинжилгээний найман цэгийг зохион байгуулан ажиллаж байна. Ердийн үеийнхээс ачаалал эрс нэмэгдэж, өнөөдөр хоёр цэгт иргэдийн дараалал нэмэгдсэний шалтгаан нөхцөлийг тодруулахаар судалж байна. Ихэнх иргэдийн хувьдwww.eruul.gerege.mnсайтаас авсан цаг товлолын дагуу дарааллаараа шинжилгээнд хамрагдаад хэвшсэн байгаа. -Орон нутаг руу зорчих иргэдийн хувьд шинжилгээний 72 цагийн хүчинтэй хугацааг зааж өгсөн. Энэ хэрээр шинжилгээний цэгт ачаалал нэмэгдэж байгаа байх? -Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтийг судалж үзэхэд дийлэнх хувь нь хөдөө орон нутаг руу зорчих зорилготой байна. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний 22 цэгийг зохион байгуулж, нэлээд өндөр хүчин чадлаар ажилласан. Энэ хүрээнд хоногт 19 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байсны хүчинд 12-15 мянган иргэн орон нутаг руу зорчиж байсан. Өчигдрийн байдлаар, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хөдөө орон нутгаас нийслэл хотод 4000 хүн ирсэн бол, 11 мянга гаруй иргэн орон нутаг руу зорчсон байна. Тэгэхээр орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгүүдийн ачаалалд тодорхой хувиар нөлөөлж байгаа. Мөн уул уурхай болон бусад албан байгууллагын шаардлагаар PCR шинжилгээ өгөх эрэлт нэмэгдсэн. Үүн дээр албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг руу зорчих хүсэлтэй цөөн тооны нийслэлийн иргэд нэмэгдэнэ. Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ, НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан иргэд, олон нийтэд PCR шинжилгээг ямар нөхцөлд хийх ёстойг тасралтгүй мэдээлж байсан. PCR шинжилгээгээр тухайн агшинд уг иргэн халдвартай юу, үгүй юү гэдгийг л тогтоодог болохоос халдварын эрсдэлд өртөхгүй гэсэн баталгаа биш юм. Та нийгмийн харилцаанд орж л байгаа бол халдварт өртөх эрсдэл өндөр гэсэн үг. Тиймээс шинжилгээ өгөх гэж хэт улайрах, эсвэл шинжилгээний хариу СӨРӨГ гарсан гээд тайвшрах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орхигдуулах мэтээр иргэдийн дунд хөөсрөл үүсээд байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, буяны ажилд оролцох, албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас PCR шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтэд тулгуурлан Сар шинийн баярын өмнө болон дараах өдрүүдэд өдөрт 6000 гаруй хүнд шинжилгээ хийж байсан. Энэ бол иргэдийн ердийн эрэлт хэрэгцээнд тохирсон арга хэмжээ. Харин өнөөдөр үүссэн нөхцөл байдлын учир шалтгаан, иргэдийн эрэлт хэрэгцээг судалж үзэхээр ажиллаж байна. -Шинжилгээний цаг авах гэхээр ойрын өдрүүдэд товлох боломжгүй, бүгд дууссан талаар иргэд хэлж байгаа. Үүнээс үүдэн цаг аваагүй иргэд шинжилгээний цэгт олноор очиж байгаа байх? -Тийм ээ, нийслэл маань 1.5 сая хүн амтай. Ихэнх иргэд маань ажил амьдралынхаа асуудлыг зохицуулж, шинжилгээний цагаа урьдчилан авч байгаа нь аль, аль талдаа хүндрэл, чирэгдэл учруулахгүй. Товлолын дагуу шинжилгээнд хамрагдаж сурах нь соёлын нэг илэрхийлэл. Нөгөө талаас нь авч үзвэл, шинжилгээнд хамрагдах иргэдийн 20 гаруй хувийг уул уурхайн компанийн ажилчид эзэлж байна. Байгууллагаас нь шаардсаны дагуу шинжилгээнд хамрагдах цагаа орон нутаг руу зорчихоос хоёр хоногийн өмнө захиалж авч байгаа. Гэтэл шинжилгээнд хамрагдсанаас хоёр хоногийн дараа ажил төрөлдөө орох үед халдвар авахгүй гэх баталгаагүй. Тиймээс уг шинжилгээний мөн чанар, халдварын тархвар зүйн байдалд анализ хийж, нотолгоотой зөв шаардлага тавих хэрэгтэй. Энэ шаардлагыг тавиагүйн улмаас иргэдийн хэт бөөгнөрөл үүсгэх хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж байна. -Өнөөдрийн байдлаар хэчнээн лаборатори ажиллаж байна вэ? -PCR шинжилгээний сорьцыг шинжлэх 11 лаборатори ажиллаж байгаа. Эдгээр лабораторийн хүчин чадалд тохируулан өдөрт 15 мянга гаруй хүнд шинжилгээ хийвэл хариу нь өдөртөө гарах бүрэн боломжтой. Мөн дээрх 15 мянгаас 6000 нь зайлшгүй шаардлагатай иргэд байхаар тооцож, шинжилгээний суурин цэгт хамруулахаар төлөвлөж байна. Үлдсэнийг нь халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах, хариу арга хэмжээ авах явуулын багийн шинжилгээнд хамруулахаар тооцсон. Энэ дагуу бид өдөр, өдөрт нь төлөвлөлт хийж, суурин найман цэг болон явуулын 16 багийг зохион байгуулан ажиллаж байгаа. -Тэгэхээр шинжилгээний цэгийн тоог нэмэх шаардлагагүй, энэ хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж үзэж байна уу? -Тийм. PCR шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлага, нотолгоонд суурилсан зөв шаардлагыг бид авч үзэх хэрэгтэй. Хэдийгээр өртөг өндөртэй боловч Засгийн газраас ард иргэдээ үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Олон улсын түвшинд манай улс ард иргэдээ хамгийн өргөн хүрээнд шинжилгээнд хамруулсан байдлаараа тэргүүн эгнээнд явж байгаа. Нэг талаараа, бид ард иргэддээ нийгмийн эрүүл мэндийн тусламжийг авах чанар, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаасаа заавал шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн хэт үндэслэл, нотолгоогүй шаардлагыг тавьж байна. Голомтын өргөтгөсөн тандалт, судалгаанд хэрэглэгддэг шинжилгээний аргаар PCR шинжилгээг хийх нь зүйтэй гэдгийг хэлээд байгаа юм л даа. -Шинжилгээний цэг, дархлаажуулалт, халдварын тандалт илрүүлэг гээд эрүүл мэндийн салбарынхан ачаалалтай ажиллаж байгаа байх? -Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маань маш олон ажлыг давхар хийж, ачааллыг үүрээд явж байна. Сүүлийн 120 гаруй хоногийн хугацаанд халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээ, тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн үзлэг, хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулж буй эрүүл мэндийн хяналт, суурин цэгийн болон явуулын шинжилгээ, халдварын эсрэг вакцины дархлаажуулалт зэрэг ажлыг зохион байгуулж байна. Хамгийн чухал нь, энэ олон ажлын хажуугаар манай Өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийнхэн ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж, үндсэн үйл ажиллагаагаа орхигдуулахгүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн албанд нийтдээ 7000 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. Ард иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зай барьж, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хэрэгжүүлээд явбал халдварт өртөх эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Заавал шинжилгээ хийлгэснээр өөрийгөө хамгаална гэсэн үг биш. Халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бид голомтын өргөтгөсөн тандалт шинжилгээнд хамруулж, хавьтлыг тодорхойлох, халдварыг хумих байдлаар ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байгаа.

Нийтэлсэн:
Э.Тэмүүлэн: Вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 7-14 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно

Манай улс дархлаажуулалт эхэлснээс хойш 26 мянга гаруй иргэнээ вакцинд хамруулаад байна. Вакцины хариу урвал болон дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Тэмүүлэнгээс тодрууллаа. -Вакцин хийлгэсэн иргэдэд халуурах гэх мэт шинж тэмдэг илэрч байгаа гэсэн. Вакцины хариу урвалын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Вакцинжуулалт эхлээд 10 гаруй хонож байна. Бид эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууддаа бага хэмжээгээр буюу хариу урвалыг нь шалгах зорилгоор цөөн тоогоор вакцин хийж байсан. Хариу урвал, шинж тэмдгийг тандсаны үндсэн дээр монгол хүний биед зохицох юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, энэ долоо хоногоос вакцинжуулалтаа өргөн хүрээтэйгээр хийж байна. Долдугаар сарын 1-нээс өмнө нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллана. Вакцин бүр өөрсдийн гэсэн технологиор үйлдвэрлэгдсэн, өөрсдийн үйлчлэх механизмтай. Бүх вакцин хүний дархлааны системийг өдөөж байгаа учраас халуурах, толгой өвдөх, тарьсан хэсэг газар хөндүүрлэх, улайх, жихүүдэс хүрэх гэх мэт шинж тэмдэг түгээмэл илэрдэг. АстраЗенека вакцины хувьд гэхэд 10 хүн тутмын нэгээс дээшид ийм шинж тэмдэг илэрсэн. Бусад вакцины хувьд ч төстэй шинж тэмдэг илэрнэ. Вакцины заавар дээр тэр бүрийг бичсэн байгаа тул иргэд харах боломжтой. Эрүүл хүний дархлааны систем хариу урвал үзүүлдэг. Гэхдээ хариу урвал үзүүлэхгүй байна гээд та эрүүл бус гэсэн үг биш. Хүн бүрийн дархлааны систем, үзүүлэх хариу урвал өөр. Хариу урвал түгээмэл, энгийн зүйл гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. -Вакцины эхний тунг хийлгэснээс хойш хэдий хугацааны дараа хоёр дахь тунг хийлгэх вэ? -АстраЗенека вакцины хувьд хоёр дахь тунг ДЭМБ-ын зөвлөснөөр хамгийн багадаа найман долоо хоногийн дараа хийнэ гэж заасан. Хятадын Синовак вакцины хувьд дөрвөн долоо хоног буюу 28 хоногийн зайтай тарихаар байгаа. Эхний тунг хийлгэснээр таны бие вирусийг дөнгөж таньж эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эхний тунг хийлгэснээр вирусээс хамгаалах дархлаа бүрэн тогтохгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ вакцин хийлгээгүй хүний нэгэн адил баримтлах ёстой. Тухайн вакцинаас хамаараад тун хоорондын зай харилцан адилгүй. Хоёр тунгаа хийлгэсний хойш дор хаяж 7-14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно. Гэхдээ бүрэн тун хийлгэсэн ч халдвар авах магадлалтай. Гэхдээ өөрөө өвдөхгүй ч бусдад халдвар тархаах боломжтой байж магадгүй. Энэ талаарх судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй. Тиймээс бүрэн тунгаа хийлгэсэн ч гадуур гарахдаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих хэрэгтэй. -Вакцинаа хийлгэсний дараа хэдий хугацаанд биеэ ажиглах вэ? -Эмч тухайн хүнийг үзээд, биеийн байдлыг үнэлнэ. Вакцины эсрэг заалтгүй гэж үзвэл вакцин тарина. Хүлээх өрөө буюу ажиглах хэсэгт багадаа 15 минут байж, ямар нэг гаж нөлөө, хариу урвал гарах эсэхийг эмч ажигладаг. Судалгаанаас харахад, гаж нөлөө, хариу урвалын 90-ээс дээш хувь нь 15 минутын дотор илэрч байгаа. Халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, зарим тохиолдолд бөөлжих, дотор муухай оргих, тарьсан газар өвдөх, улайх шинж тэмдэг түгээмэл буюу 40 хүртэлх хувьд илэрнэ. Харин энэ урвал гурваас олон хоног үргэжилбэл эмчид хандах хэрэгтэй. Ер нь бол судалгаагаар хоёр хоногт хариу урвал арилж байгаа. -Зарим иргэн вакцинд хамрагдах шаардлагагүй гэсэн бодолтой байгаа. Энэ иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ? -Монгол Улс вакцинжуулалтын 100-гаад жилийн түүхтэй. Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт буюу вакцинжуулалт. Вакцинд аль болох олон иргэнээ хамруулж байж бид эргээд хэвийн амьдралдаа шилжинэ. Тиймээс иргэд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. -Иргэд хэрхэн вакцинжуулалтад хамрагдах вэ? -Зорилтот бүлгүүдээр нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Мөн эрүүл мэндийн салбар болон үйл ажиллагаа нь зайлшгүй явах шаардлагатай аж ахуйн нэгж салбарын хүмүүсээ эхний ээлжинд вакцинжуулж байна. 50-аас дээш насны болон архаг суурь өвчтэй хүмүүс өвчлөл хүндэрч, нас барах эрсдэл өндөр байна. Иймээс энэ иргэдээ эхлээд вакцинжуулах хэрэгтэй. Хүн болгоны ээлж ирнэ. Тэгэхээр иргэд ээлжээ тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй. Хэрэв та байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий түвшний хүн бол вакцин хийлгэсэн ажилтандаа маргааш өдөр нь чөлөө олговол вакцины үр нөлөө сайнаар гарахад нөлөөлнө.

Нийтэлсэн:
БЗД-ийн 26-р хорооны иргэдийн 95,6 хувийг PCR /ПГУ/ шинжилгээнд хамрууллаа

Баянзүрх дүүргийн засаг даргын А/103 Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамжийн дагуу 26 хорооны нутаг дэвсгэрт коронавируст халдварын тархахаас сэргийлэх зорилгоор энэ сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 3-р сарын 21-ны өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэмийг баримтлан ажиллаж байна. Хязгаарын дэглэм тогтоосон голомтын бүсэд иргэдээс ПГУ-ын сорьцыншинжилгээнд хамруулах, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтанд хамруулах, голомтын бүс нутагт ариутгал, халдваргүйтгэлийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний хүрээнд 2021 оны 3-р сарын 17, 18-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн ЭМТ, 26 хорооны Тэгш дүүрэн хүслэн ӨЭМТ болон бусад хороодын ӨЭМТ-үүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн резидентүүд зэрэг 34 багийн 136 эрүүл мэндийн ажилтан уртасгасан цагаар ажиллаж 26-р хорооны харьяа 6000 гаруй өрхийн 17550 оршин суугчийг шинжилгээнд хамрууллаа. Тодруулбал, 3-р сарын 17-нд 8390 иргэн, 3-р сарын 18-нд 9160 иргэн шинжилгээнд хамруулаад байна. Өөрөөр хэлбэл тус хорооны харьяа 6000 өрхийн 95,6%-ийг шинжилгээнд хамрууллаа.

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.