Усыг хангалттай хэмжээгээр уух 4 шалтгаан

Нэг. Ядарч, сульдаж эхэлнэ Шингэний дутагдалд орсны хамгийн эхний илрэх шинж тэмдэг нь ядрах. Зарим хүмүүс ядрахын зэрэгцээ нойрмог болж, мөн толгой нь байнга өвддөг болж эхэлдэг. Биеийн эд, эсүүд хангалттай усгүй буюу усгүйжиж эхэлснээр бодисын солилцооны идэвхжил удааширч, улмаар үйл ажиллагаанд нь доголдол гарч, хангалттай эрч хүчийг ялгаруулж чадахаа болино. Товчхондоо, шингэний дутагдалд орсон хүн ямар ч амьдралын эрч хүчгүй, цог золбоогүй болж эхэлдэг байна. Хоёр. Хоол боловсруулах үйл ажиллагаа саатаж, улмаар өтгөн хатаж эхэлнэ Хангалттай шингэн зүйл уухгүй яваад байвал цаг тухайд нь өтгөнөө гаргаж чадахгүйд хүрч, улмаар бие хүндэрч, нэг л тавгүй мэдрэмж төрөх болно. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагаа шингэний дутагдалд орсноор сааталж орж, идсэн хоол хүнс бүдүүн гэдсэнд гадагшлахгүй хуримтлагдаж, улмаар хорт бодисууд нь биед шингэж, харшиламтгай болохоос эхлээд хоол боловсруулах эрхтнүүд үрэвсэх, ходоод гэдэс эвгүйрэх, дотор муухайрах, хоолны дуршил муудах зэрэг олон өвчний үндэс суурийг үүсгэдэг. Гурав. Ходоодны шархлаа үүсгэнэ Хоол шингэх явцад шингэн зүйл нь хоол хүнсний хүчлээс ходоодыг хамгаалдаг байна. Хэрвээ ус бага уугаад яваад байвал идсэн хоол хүнс ходоодонд орж, хүчил ихтэй хүнс нь ходоод өвтгөж, улмаар шархлаа үүсгэдэг аж. Дөрөв. Жин нэмэгдэнэ Зарим тохиолдолд шингэн юм дутагдаж байхад хүнд өлссөн мэдрэмж төрдөг байна. Ихэнх хүмүүс үүнийг өлсөж байна гэж андууран юм уулгүй хоол идэх сонголтыг хийдэг аж. Ялангуяа, суугаа ажилтай хүмүүст ийм мэдрэмж төрөх нь элбэг байдаг. Тиймээс шингэн зүйлээсээ илүү идсээр байгаад жингээ нэмэгдүүлдэг байна. Тэгвэл өлсөж байгаа юм шиг мэдрэмж төрөөд эхэлбэл тэр дороо ус уучихад л хангалттай. Хүн өдөрт 2-3 л ус уух хэрэгцээ шаардлагатай байдаг бөгөөд биедээ шаардсан усаа уусан тохиолдолд тэр бүр өлсөх мэдрэмж төрөөд байдаггүй аж.

ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг хамтран Нөхөн үржихүйн эрүүл мэнд Гэр бүл төлөвлөлт үндэсний зөвлөгөөнийг өнгөрсөн жил зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үр дүнд улсын төсвөөс зарцуулдаг жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн төсвийг 10 дахин нэмэгдүүлж чадсан амжилттай. Энэ онд уг зөвлөгөөнийг Жирэмсний хяналтыг сайжруулах нь сэдвээр зохион байгуулж байна. Энэхүү үндэсний зөвлөгөөнд Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, ЭХЭМҮТ, НЭМҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн дарга, удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч болон өрх, сумын эрүүл мэндийн төвийн төлөөлөл нийт 155 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Зөвлөгөөнийг Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын ХАС-ийн тэргүүн Каори Ишикава нар нээж үг хэллээ. Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн яамнаас 2020 онд дэвшүүлсэн зорилтдоо жирэмсний хяналтыг сайжруулах замаар эхийн эрүүл мэндийг сайжруулж, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг онцолсон юм. Зөвлөгөөнөөр жирэмсний хяналт, төрсний дараах эх, нярайн тусламж үйлчилгэнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, өвөрмөц хэрэгцээ шаардлагатай зорилтот бүлгийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар хамтран ярилцаж, санал солилцлоо. Мөн жирэмсэн эмэгтэйд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг сайжруулахад ДЭМБ болон Олон улсын байгууллагуудаас өгч буй Эхээс хүүхдэд ХДХВ, гепатитийн В вирус, тэмбүү дамжихыг таслан зогсоох, Хэнийг ч орхигдуулахгүй байх, Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг зөвлөмжийг хэрхэн нэвтрүүлэх чиглэлээр ярилцан, санал солилцож зөвлөмж гаргалаа. Зөвлөгөөн маргааш үргэлжилнэ.

Үс арчлах ЗӨВ АРЧИЛГАА

2019-05-02 17:14:04 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Үс арчлах ЗӨВ АРЧИЛГАА

Нүүрээ хэчнээн гоё будсан ч үсээ янзлаагүй бол тийм ч сайхан харагддаггүйн утга учир нь юу вэ? Мэдээж үс нь царай төрхийг илэрхийлэх нэгэн чухал хэсэг шүү дээ. Үс сайхан бол зүс сайхан гэх үг зүгээр ч нэг гараагүй биз ээ. Технологийн хөгжлийн тусламжтайгаар сэнс, индүү, хүссэн өнгөө гаргах үсний будагнууд гээд яаж бол яаж л үсээ гоё болгох боломжтой болсон нь сайхан. Гэвч химийн гаралтай, эсвэл механик аргаар үс янзлах энэ мэт аргууд нь эргээд үсэнд сөргөөр нөлөөлж, улмаар илүү их арчилгааг шаардах болжээ. Арчилгаа хийхгүй явсаар байвал хэчнээн арьс гоё байгаад ч сайхан харагдаж чадахгүй л болов уу. Тиймээс энэ удаагийн Гоо сайхан-аар үсний маск болон тэжээлийн тос хоёрын ялгааг танилцуулахын хамт үсээ хэрхэн зөв арчлах талаар зөвлөж байна. Үсний ТЭЖЭЭЛИЙН ТОС, МАСК хоёрын ялгаа Маск, тэжээлийн тос хоёр нь хоёулаа үс арчилгааны чухал үр нөлөөтэй бүтээгдэхүүнүүд юм. Маск нь илүү эрчимтэй үйлчилгээг үзүүлэх ч хугацааны хувьд богино байдаг. Харинтэжээлийн тосны хувьд, агуулагдаж байгаа найрлага нь маскнаас ялгаатай. Тэжээлийн тосонд жожоба болон какаоны тос ордог бөгөөд жожобатос нь хүний биеэс ялгардаг тостой хамгийн ойр найрлагатай, байгаль дээр шингэн хэлбэрээрээ оршдог цорын ганц тос юм. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн болохоор байгалийн гаралтай зүйл хэрэглэх нь илүү тохиромжтой, амархан шингэнэ, уусна, элдэв гаж нөлөөгүй. Харин какаоны тос нь үс, хуйхны чийгийг тогтоон барьж байдаг гайхалтай шинж чанартай буюу үсийг удаан хугацаанд чийглэг байлгадаг. Тиймээс маск болон тэжээлийн тос хоёрыг хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой. МАСК.Маскыг заавал угааж, цэвэрлэсэн, чийгтэй үсэнд түрхэнэ. Үснийхээ угнаас үзүүр хүртэл түрхсэний дараа халуун усанд базсан алчуураар толгойгоо боогоод 15-20 минут болгоод бүлээн усаар сайтар зайлах хэрэгтэй. Нэмж шампуниар угаах шаардлагагүй. Үсний маскыг сүүлийн үед охид, бүсгүйчүүд түлхүү сонгох болсон. Маскнуудын ихэнх хувь нь ижил бүтэц буюу богино хугацаанд үр дүн үзүүлэх, түргэвчилсэн үйлчилгээтэй байдаг. ТЭЖЭЭЛИЙН ТОС.Үүнийг угаасан болон угаагаагүй хуурай үсэндээ дээрх дарааллын дагуу түрхэж болно. Гэхдээ тэжээлийн тосон дахь тосны агууламж өндөр учир төгсгөлд нь заавал шампуниар угааж тосыг арилгана.Бүлээн ус гэдэг нь 40 орчим хэмтэй усыг хэлнэ. Түүнээс халуун усаар үсийг угаахаар гэмтлийг сэдрээхийн зэрэгцээ үс арчилгааны бүтээгдэхүүний үйлчлэлийг сааруулдаг. ЭКО ҮСНИЙ МАСК Химийн найрлагатай бүтээгдэхүүнүүд нь үсэнд маш халтай болохыг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгож, өдөр тутамдаа хэрэглэж байх нь эрүүл байх нэгэн үндэс юм. Үсний маскаа ч гэсэн гар доорх байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр гэрийн нөхцөлд хийх бүрэн боломжтой. Гадилтай маск.Гадил нь А, C, E амин дэмүүд болон калигаар баялаг учраас хуйхыг эрүүлжүүлж, тослогийг нь тэнцвэржүүлж өгдөг. Маскаа бэлтгэхийн тулд хоёр ширхэг гадил дээр нэг цайны халбага коконатын болон оливын тос, зөгийн балыг тус тус нэмж миксердэнэ. Маскаа хуйхандаа түрхэж таван минут байлгасны дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй. Үүний дараа үс урьдынхаасаа эрүүл, зөөлөн болсныг мэдрэх болно. Өндөгтэй маск.Өндөгний маск бол өртөг багатай бөгөөд бэлтгэхэд хамгийн хялбар билээ. Өндөгний шарыг хоёр цайны халбага оливын тос, нэг аяга сүүтэй хольж дээр нь бага зэрэг нимбэгний шүүс нэмээд сайтар хутгаснаар маск бэлэн болно. Маскаа үс, хуйхандаа түрхэж 15-20 минутын дараа бага зэрэг хүйтэн усаар угаана. Өндөг нь уургаар баялаг учир хуйханд тэжээл өгнө. Мөн А амин дэм ба кали нь гэмтсэн үсийг сэргээдэг бол B амин дэм нь үсний ургалтыг маш сайн дэмждэг. Овьёостой маск. Овьёосны маск нь хуурайшиж хагтсан хуйхыг эрүүлжүүлжүүлэх ач холбогдолтой. Мөн бэлтгэхэд маш хялбархан гэдгээрээ давуу талтай. Нэг цайны халбага овьёосыг нэг халбага сүү, нэг халбага алмондын тос юмуу, оливын тостой хольсноор маск бэлэн болох юм. Тэгээд хуйх, үсэндээ түрхэж 20-25 минут байлгаад шампуниар угаагаарай. Тарагны маск.Хэрэв үс тань химийн гаралтай бүтээгдэхүүн болон орчны бохирдлоос болж гундаж өнгөө алдсан бол тарагны маск хамгийн тустай. Үсэндээ цэвэр тараг түрхэж 15-20 минут массаж хийсний дараа усаар зайлж, шампуниар угаагаарай. Ингэснээр үсний тань байгалийн өнгө сэргэж, гялалзан намирах болно. Үс арчлах ЗӨВ АРЧИЛГАА Үсээ зөв арчлах нь самнах болон зөв угаахаас эхлэлтэй. Үсээ өглөө, оройдоо нэг самначихдаг байх хэрэгтэй. Бодисын солилцоо муу явагдсанаас болж хүний биеийн захын мэдрэлийн эсүүд хангалттай хэмжээний цусан хангамж авч чаддаггүй. Тэдгээр эсүүдийн бодисын солилцоог идэвхжүүлэхэд туслах наад захийн үйлдэл бол самнах юм. Түүнчлэн хими, будаг хийлгэсний дараа бус, хийлгэхийн өмнө үсээ бас арчилж байх шаардлагатай. Энэ нь дараа нь үсийг элдэв химийн бодисоор бөмбөгдөхөд гаж нөлөөг саармагжуулдаг. Гоо сайхны бараа бүтээгдэхүүн гэдэг нэг талаар арьсаараа, шампунь бол хуйхаараа хүртэж байгаа хүнс юм. Арьсан дээр түрхэж байгаа бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн арьсан дор байгаа хялгасан судсуудаар дамжиж, хүний цусанд нэвчиж орж байдаг. Түүгээр арьс нь боловсруулдаг, амьсгалдаг эрхтэн болох нь батлагдаж байгаа юм. Сүүлийн үед их дуулдах болсон төрөл бүрийн харшлууд нь химийн гаралтай бараа бүтээгдэхүүн удаан хэрэглэсний хор уршиг юм. Бүсгүйчүүлийн хими хийлгэдэг гол шалтгаан бол үсээ хөвсгөр, өтгөн, их харагдуулах шүү дээ. Гэхдээ үсний амин сүнс, араг яс, бүтцийг тэрчигээр нь эвдэж, өөрчилж байж тийм үр дүнд хүрдэг. Олон бүсгүйчүүл гоё, сайхан харагдахын тулд эрүүл мэндээ зольж байгаагаа тэр бүр мэддэггүй. Индүү, сэнсийг охид, бүсгүйчүүд өдөр тутамдаа байнга хэрэглэдэг. Энэ нь үсний гадна талын давхаргыг идэж, нимгэрүүлж байдаг буюу хүний биеэр бол арьсыг нь шалбалаад, гэмтээгээд байна гэсэн үг. Улмаар үсний ширхэгүүд нарийсч, чийгийн гүн дутагдалд орсны улмаас хугарч салаалахад хүргэдэг. Үсээ хатаахдаа индүү, сэнсний оронд сэврээж хатаах хэрэгтэй. Яарч байгаа аргагүй үед сэнсээ хүйтнээр үлээлгэж хатааж болно. Ер нь, мөрнөөсөө хэтэрсэн урт үстэй бүсгүйчүүлийн үс үзүүр хэсгээрээ их салаалсан байх нь элбэг. Энэ бол үсний арчилгаа муу байгаагийн илрэл. Үс хангалттай хэмжээний шим тэжээлийг авч чадахгүй байгаа буюу урт үсэнд хийвэл зохих арчилгааг бүрэн зөв хийхгүй байгаагаас бодисын солилцоонд доголдол үүсч, урт үсний үзүүр хэсэгт шим тэжээл дутагдан гадна талын давхаргаасаа эхлэн хуурч, хугардаг.Үсээ индүүдүүлсэн тохиолдолд орой гэртээ ирээд маск тавих хэрэгтэй. Эсвэл тэжээлийн тос түрхэж болно. Үсний лакны хувьд, эл бүтээгдэхүүн нь гелин шинж чанартай бөгөөд гель үүсгэгч нь 100 хувь химийн гаралтай. Лак хэрэглэсэн тохиолдолд болж өгвөл даруй салгах хэрэгтэй. Тиймээс угаагаад, маск тавих нь үсийг эрүүлжүүлэхэд тустай. Шампуний сонголт Хэрэв үс унаж, хугарч, хуурайшиж, тослогтож, хагтдаг бол энэ нь химийн гаралтай шампунь хэрэглэснээс болж гэмтсэн байна гэсэн үг. Ер нь, химийн гаралтай бүтээгдэхүүнийг хагас жил хэрэглэхэд үс ямар нэгэн байдлаар гэмтдэг болохыг судлаачид нотлоод байгаа юм. Тиймээс аль болох байгалийн гаралтай үс арчилгааны бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж, үсээ гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй.

Дүүргийн сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сорих уралдаан боллоо

Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх зэрэг /зүүн бүсийн/ дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс Олон улсын сувилагчийн өдөр-ийг угтан нийт сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд нийслэлийэ Багануур дүүрэгт Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж сэдэвт гардан үйлдлийн ур чадвар сорих уралдааныг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд гурван дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, сувиллын 16 багийн нийт 80 сувилагч оролцож мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тухайлбал, өвчтөний зүрх зогсож амь тэнссэн байдлын үед сувилахуйн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах, амилуулах суурь тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, яаралтай тусламжийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах зорилгоор амь тэнссэн үеийн тусламжийг үзүүлэх онол, сувилахуйн гардан үйлдэл зэргийг шүүгчдийн зүгээс өгөгдсөн тохиолдол дээр хэрхэн багаар үзүүлж буй ур чадвараар нь дүгнэсэн байна. Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллага, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөл багтсан бөгөөд мэдлэг, туршлагаа солилцсон томоохон арга хэмжээ боллоо. Уралдааны тэргүүн байрт Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн Нярайн тасгийн Нялхас, хоёрдугаар байрт Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хором баг, гуравдугаар байрт Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээ, хүлээн авах яаралтай тусламжийн Манлайлагч баг, тусгай байрт тус дүүргийн ӨЭМТ-ийн Зүрх зогсохгүй баг, мөн Багануур сувилал ХХКийн Энх цагийн сувилагч баг эзэлсэн юм. Тус уралдааныг зохион байгуулснаар сувилагч нарын амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээнд багаар ажиллах чадавхи сайжирч, яаралтай тусламж үйлчилгээнд чанарын ахиц гарах чухал ач холбогдолтой юм байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Өөрийн АРЬСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН массажны тосоо хэрхэн сонгох вэ?

Нүүрэндээ иллэг хийх нь арьс арчилгааны хамгийн чухал хэсгийн нэг. Иллэг хийснээр арьсны эд эсийг сэргээж, тэжээл өгч, цусны эргэлтийг сайжруулан, улмаар залуу сайхан, эрүүл арьстай харагдахад тусладаг. Дээр нь стрессийг бууруулж, таныг амраах болно. Гэхдээ иллэгийг ном журмынх нь дагуу зөв хийх хэрэгтэй, хэрэв буруу хийвэл арьсанд тань сөрөг үр дагаврыг ч учруулж мэднэ. Иймээс энэ удаа гэрийн нөхцөлд нүүрэндээ хэрхэн иллэг хийх талаар бэлтгэлээ. Өөрийн АРЬСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН массажны тосоо хэрхэн сонгох вэ? Иллэгээ эхлэхийн өмнө өөрийн арьсны онцлогт тохирсон тосоо сонгох нь хамгийн чухал. Хэрэв тохирохгүй тос сонгочих юм бол арьсыг тань улайлгаж, цочрол өгөхөөс эхлээд сөрөг үр дагаврууд олон. ~ Оливийн тостой массажны тос нь бүх төрлийн арьсанд тэжээл өгч, тохирдог. ~ Хуурай арьстай бол найрлагад нь кокос орсон массажны тос илүү зохицно. ~ Асуудалтай, эмзэг арьстай бол лаванда цэцгийн хандтай массажны тосыг санал болгож байна. Лаванда цэцэг нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд батга, үрэвсэл зэрэг арьсны бүх төрлийн асуудлуудыг анагаахад нөлөөлдөг ажээ. ~ Арьс суларч, унжиж эхэлсэн бол найрлагадаа бүйлс агуулсан массажны тос хэрэглээрэй. Уг тос нь Е амин дэм агуулдаг учраас арьс унжиж, сулрахаас сэргийлнэ. ИЛЛЭГЭЭ ЭХЭЛЬЕ! ~Массажны тосноосоо бага зэргийг таслан авч нүүр болон хүзүү хэсгийнхээ арьсанд тосоо тойрог хөдөлгөөнөөр жигд түрхэнэ. ~Массажаа хацарнаасаа эхэл. Хацар хэсэгтээ хангалттай тос байршуулан тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Хацартаа иллэг хийж байгаад хамрынхаа угалз руу оруулан мөн тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. ~Доод зовхины хэсэгт иллэгээ төвлөрүүлэн хийх бөгөөд энэ хэсэгт амархан үрчлээ тогтдог учраас тэр юм. Дараа нь нүдээ цагийн зүүний дагуу тойруулан иллэг хийнэ. Массаж хийхээр төвлөрсөн газартаа 3-4 минут иллэг хийх бөгөөд энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх болно. ~Дараагийн хэсэг бол дух. Хөмсөгний дээгүүр, үсний угны доогуур хэсэг буюу духандаа иллэг хийхдээ босоо шугамын дагуу тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Массаж хийж байхдаа тос тань багадаж, арьс тань таталдах ёсгүй гэдгийг анхааруулъя. ~Эрүүндээ инээмсэглэж буй маягаар тойрог хөдөлгөөнөөр иллэгээ үргэлжлүүлнэ. Уг хөдөлгөөн нь арьсыг уян хатан болгоно. ~Нэгээс хоёр минут хамар хэсэгтээ дээрээс доош чиглэх маягаар тойрог хөдөлгөөнөөр иллэгээ үргэлжлүүл. ~Уруулын доод хэсгийн арьсаа инээмсэглэж буй маягаар хоёр тийш нь иллэг хийх бөгөөд уг хөдөлгөөнөө 5 минут хэртэй үргэлжлүүлэн хийнэ. Энэ мэтчилэн зурагт харагдаж буй хэсгүүдэд, сумаар заасан хөдөлгөөний дагуу хийж дуусгана. ~ Иллэгээ хийж дуусаад цэвэрхэн алчуурыг халуун бүлээн усанд норгож, арьсан дээрээ бигнүүр тавиарай.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.