Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа

ХБНГУ-н Франкфурт хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын номын 73 дахь үзэсгэлэн яармаг 2021 оны 10-р сарын 20-нд нээгдлээ. Өнгөрсөн онд цар тахлын улмаас дижитал хэлбэрээр болсон бол энэ жил яармаг танхимаар дахин үзэх боломж бүрдэв. Үзэсгэлэн яармагийн энэ жилийн уриа нь RE: CONNECT. 500 жилийн түүхтэй Франкфуртын үзэсгэлэн яармаг нь дэлхийн хамгийн том номын тэргүүлэгч яармаг юм. Мөн олон улсын шинэ номын танилцуулга, маркетингийн гол цэг болохоос гадна номыг дэлхийн өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлэх платформ билээ. Номын ертөнцийнхөн нэгэн дээвэр дор цугларч, оюун санааны бүтээлүүдээ танилцуулдаг учир зохиолч уран бүтээлчид, эрдэмтэд, судлаач шүүмжлэгчид, хэвлэл мэдээллийнхэн, хэвлэлийн үйлдвэрийнхэн болон олон нийтийн хэрэгслийн анхаарлыг гойд татдаг. Эхний гурван өдөр зөвхөн номын салбарынхан л өөрсдөө оролцож номын шинэ зах зээлтэй танилцдаг бөгөөд дараагийн хоёр өдөр нь номонд дуртай уншигчдад нээлттэй болж, улмаар шууд борлуулалт хийх боломжтой болдог юм байна. Хэдийгээр цар тахлын улмаас оролцогчдын тоо хязгаартай, хорио цээрийн дэглэмийн хяналт чанга байгаа ч Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармагт энэ удаа 80 гаруй орны 2000 орчим албан ёсны төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин буюу IM JAHR DES ROTEN AFFEN Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor номоороо оролцож, эх орноо сурталчилж байна. Тэрээр Цар тахлын үед бүх үндэстэн, бүх насныхныг холбосон оюун санаа, соёлын гүүр бол ном гэдгийг өнөөдөр харуулж байна хэмээн онцлов. Түүний номыг Германы Eulenspigel хэвлэлийн групп 2020 оны эхээр герман хэлтэй уншигчдын хүртээл болгосон юм. Герман хэлээр дэлхийд 130 сая хүн ярьдаг. Д.Тэрбишдагвын ном түүний сурч, амьдарч, ажиллаж байсан Германд, цаашилбал ойр орчмын Австри, Швейцарын том номын дэлгүүрүүд, Амазонд тавигдсан байна.www.amazon.de Жил бүрийн 10-р сарын дундуур таван өдөр үргэлжилдэг энэхүү арга хэмжээ Германы Франкфуртын үзэсгэлэнгийн талбайд 2021 оны 10-р сарын 24-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн тасалбарыг зөвхөн онлайнаар худалдаалж, 2-оос доошгүй удаа вакцинд хамрагдсан гэрчилгээ зэрэг баримт бичгийг нягтлан үзэж нэвтрүүлж байна. 73 дахь удаагийн Франкфуртын номын үзэсгэлэн яармагийг Соёлын яамны сайд Моника Грюттерс нээж, бүтээлчээр сэрэхийг уриалав. Тэрээр Өнөөдөр бид утга зохиол, сэтгүүл зүйн ертөнц Франкфурт руу буцаж ирсний баярыг тэмдэглэж байна. Цар тахлын үед унших материал нь ердийнхөөс ч илүү сэтгэлийн хоол болж, хүмүүст цар тахлын хүнд хэцүүг давахад ташуур болж байна. Энэхүү яармаг нь ном, хэвлэлийн салбарын дэлхийн хамгийн том платформ юм. Номын салбарыг амьд байлгаж, хямралыг амжилттай даван туулж чадсан бүх хүмүүст талархал дахин дахин илэрхийлье гэв. Энэ жилийн үзэсгэлэн яармагийн албан ёсны зочин орноор Канад улс оролцож байна.Канадын алдарт зохиолч Маргарет Этвуд Ном цаг хугацааг ухраах хэрэгсэл, сэтгэлийн машин, оюун санааны цангааг тайлагч эм юм. Ном унших бүртээ тантай ярьж буй дуу хоолойг сонсдог. Та хичнээн их ганцаардсан байсан ч хамаагүй, та ном уншиж байхдаа ганцаараа биш гэдгээ мэдэх болно хэмээн иш татав. Мөн Франкфурт хотод Канадын ерөнхий амбан захирагч Мэри Мэй Саймон хүрэлцэн ирж нээлтийн ёслолд оролцон номын ач холбогдлыг онцлон хэлээд зогсохгүй уугуул иргэдийнхээ аман уламжлалын тухай дурдаж, Бидний өмнөх үеийн түүх биднийг холбож, хүч чадал өгдөг. Бид бие биендээ сайн түүхээ хэлэхээс гадна муу түүхээ ч дэлгэх ёстой юм. Ингэснээр тухайн ард түмний өнөөгийн байдал, ард түмнүүдийн хоорондын ойлголцол, ардчилалын тухай илүү мэдээлэл авах болно хэмээн онцлов. Үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчид Цар тахлаас өмнө дэлхийн 75 орны 10,000 гаруй сэтгүүлчид зорьж ирж энэ арга хэмжээг сурвалжилдаг төдийгүй 106 орны 7,135 хэвлэлийн салбарынхан яармагт оролцож, 300,000 гаруй жирийн уншигчид цугларч байсан түүхтэй юм. Гэвч цар тахлын хорио цээрийн дэглэм дэлхий дахинд цуцлагдаагүй ийм цаг үед 2000 гаруй номын салбарын албан ёсны уран бүтээлчид, хэвлэлийн компанийхан зорьж ирэн, 2020 ба 2021 оны уран бүтээлүүдээ дэлгэн харуулж байгаа гэдгээрээ энэ арга хэмжээ ямар чухал ач холбогдолтой болохыг илтгэж байна хэмээн нээлтийн ёслол дээр мэдээллээ. Видео: Нээлтийн арга хэмжээ Франкфуртын олон улсын номын үзэсгэлэн яармаг-2021 нь дэлхийн өнцөг булан бүрээс хэвлэн нийтлэх мэргэжлийн хүмүүсийг дахин цуглуулж, бүтээлийг нь олны сонор, мэлмийд толилуулж, соёл, хэвлэлийн технологийн салбарын үйлчлүүлэгчид, түншүүдтэй уулзах боломжийг шууд олгож, номын бизнесийн шинэ загвар, шинэлэг бүтээлч хандлагыг бий болгож байна. Ном бүтээгчид бол хэл, орон зайд үл баригдан соёлыг түгээгчид билээ.Д.Тэрбишдагва нь олон улсын номын яармагт оролцохоос гадна Германы хотуудад зочилж ном болон Монголын түүх, зан заншил, өв соёлыг танилцуулж байна. Уулзалтын хуваарь, мэдээллийг доорх линкээс үзнэ үүwww.eulenspiegel.com

Олон улсын жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна

​ Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна. Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно. Спортын 12 төрлийн 100 гаруй тэмцээн, уралдаанд оролцох 1500 орчим тамирчин Улаанбаатарт ирэх төлөвтэй байгаа. Мөн Азийн залуучуудын наадмын спортын төрөл бүрд ажиллах хяналтын баг, шүүгчид, наадмыг үзэх аялагч жуулчид гэхчлэн олон зуун хүн дагалдан ирэх учир олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн спорт цогцолбор зайлшгүй шаардлагатай юм. Шинэ спорт цогцолбортой болсноор олон төрөлт тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдааныг зохион байгуулах боломж бүрдэх юм Шинэ спорт цогцолборын барилга нь 9228 ам метр талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Тус цогцолборын зохиогчийн хяналтыг Энхийн жаргал констракшн ХХК гүйцэтгэж, гүйцэтгэгч байгууллагаар ӨВМТХ ХХК ажиллаж байна. Урьд нь манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол шинэ спорт цогцолбортой болсноор олон төрөлт тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдааныг зохион байгуулах боломж бүрдэх юм хэмээн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

ЗТХЯ: 65.3 км авто зам, 483.8 урт метр төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад аваад байна

​ Зам, тээврийн хөгжлийн яам салбарын хэмжээнд хийж бүтээсэн, төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар олон нийтэд сар бүр мэдээлдэг. Өнөөдөр ээлжит мэдээллээ хийв. Мэдээллийн эхэнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Энэ сарын уулзалт бага зэрэг онцлогтой. Хүйтний улирал эхэлж буй учир зам, барилгын бүтээн байгуулалтын ажил шувтарч байна. Тиймээс энэ онд баригдсан зам, барилгын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулна. Мөн төмөр замын бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байна. Түүнчлэн тээврийн салбарт үүссэн хүндрэлүүдийн талаар мэдээлнэ гэлээ. 483.8 М УРТ ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ Тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Оюундэлгэравто замын салбарт 2021 онд хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийн явц байдлаас танилцуулав. Тэрбээр Энэ онд нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 65.3 км хатуу хучилттай авто зам, Онгийн голын 54.8 м, Онон голын 209 м, Орхон голын Онгоцтойн амны 220 м, нийт 483.8 урт метр төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад хүлээн аваад байгааг дурдав. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамир чиглэлийн 63 км авто зам-65 хувь, Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто зам-71.6 хувь, Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто зам-80.9 хувь, Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км авто зам-80 хувь, Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам-95 хувь, Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил-60 хувь, Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.8 км авто зам-65.5 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжиж байна. 2022 ОНД 796 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД АВНА Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.2 км урт, нэг өртөө, зургаан зөрлөг бүхий төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 100 хувь, дээд бүтцийн үе угсралтын ажил 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн үлдэгдэл санхүүжилт шийдвэрлэгдвэл, барилгын ажлыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан дуусгана. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамарсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км урт, 2 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр зам ашиглалтад орсноор төмөр замын тээврээс 227 сая ам.долларын орлого бүрдүүлэх боломж бүрдэнэ. Жилд дунджаар 58.4 сая ам.долларын татварыг улсад төвлөрүүлж, шинээр 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болох юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 96.2 хувь, дээд бүтцийн барилга угсралтын ажил 86.7 хувийн гүйцэтгэлтэй байна. 2022 онд Монгол Улс Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дэлгэмэл уртаараа 796 км төмөр зам ашиглалтад авна. Тяньжин боомтод гацсан 4500 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 18-нд Зам, тээврийн хөгжлийн сайд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан хугацаа нь дуусах дөхсөн, хөлдөх эрсдэлтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн яаралтай авах шаардлагатай чингэлгийг яаралтай татаж авах хүсэлт өгсөн байгаа гэлээ. НҮҮРС ТЭЭВРИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн асуудлаар Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.ЖаргалсайханМанай улс БНХАУ-тай найман боомтоор харилцдаг. Өнөөдөр дөрөв нь цар тахлын улмаас түр ажиллахгүй байгаа. Гашуунсухайт боомтод хатуу хяналттай, халдвараас сэргийлж чадаж байсан ч өнгөрсөн зургадугаар сард халдварын тархалт нэмэгдсэн. Жолооч, боомтын ажилчид халдвар авснаас үүдэн хэвийн ажиллах боломжгүй байсан. 1700 орчим хүнийг гурван удаагийн шинжилгээнд хамруулж халдвараа хумьж ногоон бүс болгосон. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, хэвийн ажиллах боломж бүрдэж өдөрт гарах тээврийн хэрэгслийн тоо 380-415 болж нэмэгдсэн. Энэ зохион байгуулалт, сахилга батаа хадгалж чадвал дээрх тоо нэмэгдэж, нүүрс тээврийн экспорт хэвийн үргэлжилнэ. Нүүрсний экспортын тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 185 дугаар тогтоолын дагуу Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминал байгуулан ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн явагдаж буй тээвэрлэлттэй зэрэгцүүлэн уг терминалаар дамжуулан нүүрсийг чингэлэгт тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байна гэж мэдээлэв. МОНГОЛООС ОЧСОН АЧААГ ГАНЦМОД БООМТОД ШИЛЖҮҮЛЖ АЧНА Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчид Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын явц, Тавантолгой-Чойр чиглэлийн нүүрс тээврийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх, Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын холболтын талаар тодруулж хариулт авлаа. Сайд Л.ХалтарТавантолгой-Чойр чиглэлийн нүүрс тээврийн асуудлаар малчид, тээвэрчдийн төлөөлөлтэй газар дээр нь очиж танилцаж, ажиллаад ирсэн. Бидэнд 31 байгууллага, 450 орчим жолооч Тавантолгой-Чойрын чиглэлд тээвэрлэлт хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Цаана нь 1250 хүний бүртгэл байна. Бид энэ чиглэлд ачаа тээврийг 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл явуулахаар шийдвэр гаргалаа. Энэ бол Гашуунсухайт боомт дээрх халдвар хамгаалалтын дэглэмээс болоод Хятад руу хийх нүүрс тээвэрлэлтийн гаралт муу байгаатай холбоотой. Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын холболт дээр хоёр асуудал бий.Нэгдүгээрт,Хил холболтын цэг хаагуур байх вэ гэх асуудал. БНХАУ-ын талтай тохирох хамгийн эхний асуудал бол аль баганы хэд дэх километрийн хэд дэх метр дээр төмөр зам ирж уулзах вэ гэдгийг шийдвэрлэх. Аравдугаар сарын 11-нд Тавантолгой төмөр зам Хятадын компанитай гурав дахь уулзалт дээрээ хил холболтын цэгээ тохироод протоколоо зурчихсан. Өөрөөр хэлбэл, хоёр тал хил холболтын компаниуд хилийн цэгээ тохирсон тул хоёр талын Гадаад харилцааны яамаар дамжуулан албажуулах ажил хийгдэнэ. Хоёрдугаарт,Тавантолгойгоос очиж байгаа нүүрсийг Монголын талд Хятадын галт тэргэнд шилжүүлж ачих уу, эсвэл Ганцмод буюу Хятадын талд Монголын галт тэргээс Хятадын галт тэргэнд шилжүүлж ачих уу гэдгийг шийднэ. Олон улсын ачаа харилцааны хэлэлцээрт зааснаар ачааг хүлээж авч байгаа тал нь шилжүүлж ачдаг. Тэр утгаараа Монголоос очсон ачааг Ганцмод боомт дээр шилжүүлж ачна гэсэн үг. Хаана шилжүүлэн ачилт хийхийг шийдсэний дараа бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэлээ. Эх сурвалж: ЗТХЯ

ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

​ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Чингис хаан ОУНБ дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний өнөөгийн байдал сэдэвт сургалт, дадлага сургуулилтыг зохион байгууллаа. Уг дадлага сургуулилтад ЭМЯ, ЗТХЯ, ОБEГ, ХХEГ, ГEГ, ГИХГ, ИНEГ, ЦEГ, ТEГ, ХӨСҮТ, ДЭМБ, Чингис хаан ОУНБ, НУБИЭ ХХК, МИАТ ХК болон бусад авиакомпаниудын төлөөлөл оролцлоо. Энэ хүрээнд 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 11 цагийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хүлээн авч, халдвараас сэргийлэх дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа байдалд үнэлгээ хийн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөлөө.

“МОНГОЛ УЛС-НОГООН ХӨГЖИЛ” НҮБ-ЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 26 ДУГААР БАГА ХУРЛЫН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО.

​ Хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд ойн аж ахуй, эрчим хүч, бэлчээрийн зохицуулалтын чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, дээрх бага хуралд Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байгааг хэлэв. Мөн нүүрснээс өөр эрчим хүч, дулааны хангалттай эх үүсвэргүй орны хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмэгдүүлэхийг зорьж байгааг тодотголоо. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулна. Цаашид шинэ технологи, инноваци нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэн энэ хувийг 27.2 хувь болгохыг зорьж байгаа . Монгол Улс Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас багагүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа донор орнууд, олон улсын байгууллагуудын туршлага, зөвлөгөө, шууд болон шууд бус санхүүгийн дэмжлэг онцгой үүрэгтэйг онцоллоо. Уур амьсгалын өөрчлөлт цөлжилт, шар шороон шуурга, байгалийн гамшигт үзэгдэл гээд олон хор хохирол учруулж байна. Даван туулах, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, санхүүжилтээ нэмэхэд анхаарах нь зүйтэй. Дэлхийн улс орнууд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлаар асуудлаа ярилцан, тодорхой үр дүн гаргах нь чухал байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх, малын тоо толгойн зохистой харьцааны менежмент бүрдүүлэх, хог хаягдлын үйлдвэр болон дулаан, эрчим хүчний хэмнэлттэй барилга барихад шаардагдах хөрөнгийг нэмэх шаардлагатай-г Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэлэв. Монгол Улсын ногоон хөгжлийн алсын хараанд ойн аж ахуйн оролцоо, Ногоон эрчим хүчний шийдлийг өргөжүүлэх, Тогтвортой бэлчээрийн зохион байгуулалт болон ногоон эдийн засгийн төрөлжилт сэдвээр хэлэлцүүлэг хийх юм. Хэлэлцүүлэгт Азийн хөгжлийн банк, НҮБ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Дэлхийн банк групп зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.