Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Үзэсгэлэн худалдааг Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд зохион байгуулна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан, төрийн болон төрийн бус байгууллагын 23 төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, цахилгаан, цэвэрлэгээ, хог тээвэрлэлт, худалдаа, үйлчилгээний чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Хичээлийн шинэ жилийн өмнө сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон дүүргүүдэд бүртгэж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос түрээсийн төлбөр авахгүй бөгөөд асар, цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн мөнгийг хамгийн бага хэмжээнд байхаар шийдвэрлэж буй юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе

Эрхэм хүндэт залуус аа, залуучууд аа! Та бүхэндээ Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл, амьдарч ажиллах соёл ухаан, ирээдүй цагийг дөтөлж өнгөлөх хурд хүчээр дүүрэн монгол хүн бүрийн залуу нас, залуу насны эрч хүч, алдаа оноо, ухаарал хатуужил бол яах аргагүй Монголын залуучуудын холбооны үүх түүх, их он жилийн нэгэн эд эс юм. Түүнчлэн Монгол ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдорж, С.Буяннэмэх тэргүүтэй олон арван залуусын нэгдэл санаачилгаар 1921 онд байгуулагдсан Монголын залуучуудын холбооны түүх бүхэлдээ Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, соён гэгээрэл, бүтээн байгуулалт, ололт амжилтын түүх гэдэг нь эргэлзээгүй. Иймд Соёлын довтолгоо, Атрын аян, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Шарын гол, Багануур, Налайх зэрэг Монгол Улсыг хамарсан бүхий л томоохон бүтээн байгуулалт болон нийгмийн манлайллууд үе үеийн залуусын эрч хүч, ур чадвар, тэвчээр хатуужил, хөлс зүтгэлээр бичигдсэн бөгөөд өнгөрсөн зууны их түүхийг бүтээсэн залуу хүн Танд болон Монголын залуучуудын холбоонд ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. Залуусын гал цогтой хүсэл эрмэлзэл, орчин цагийн шинэ хандлага, шинэ үеийнхний дуу хоолой болсон Улаанбаатар хотын залуустаа өнгөрч буй 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд, ирэх 100 жилийн түүхийг хамтдаа бичиж эхлүүлэхийг урьж байна. Энэ эхлэл бол зөв сэтгэлтэй, соёл боловсролтой, хотын соёлтой, хөдөлмөрч хичээнгүй залуу Таны гараар зурагдах, сэтгэлээр бичигдэх их түүхийн эхлэл юм. Иймд залуу хүн Таныг, залуучууд Та бүхнийг ШИНЭ УЛААНБААТАР ХОТЫГ бүтээх шинэ зуунд дахин урья. Та бүхний санал бодол, хүсэл тэмүүлэл, зорилго зорилт цаашид Улаанбаатар хотын хөгжлийн бодлого болон бичигдэх бөгөөд олон нийтийн эрх ашиг, залуусын дуу хоолой, хүсэл тэмүүлэл, зорилго зорилтын илэрхийлэл болсон тэр бүх саналыг тань хэрэгжүүлж, үр дүнд хүртэл дэмжин ажиллахаа уламжилъя. Их зууны түүхийг бүтээсэн үе үеийн эрхэм хүндэт залуус Та бүхэндээ мэхийн ёсолж, хүндэтгэл илэрхийлье. Ирээдүй цаг өнө мөнхөд гэрэлтэг! Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Сурагчдын цахим бүртгэлийг өнөөдөр 17:00 цагт хаана

Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдын цахим бүртгэл өнөөдөр өндөрлөнө. Наймдугаар сарын 16-ны 09:00 цагт улс даяар эхэлсэн цахим бүртгэлийг товлосон ёсоор наймдугаар сарын 25-ны 17:00 цагаас хаана гэдгийг Боловсролын мэдээллийн технологийн төвөөс мэдэгдэж байна. 2021-2022 оны хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэж байгаа. Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийг www.parent.edu.mnцахим хуудсанд байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд тус цахим хуудсанд нэвтэрч баталгаажуулснаар бүртгэл албажих учиртай. Гэтэл нийслэлийн хэмжээнд л гэхэд нэгдүгээр ангид элсэн суралцах 40.330 хүүхдийн 47.5 хувь нь бүртгэлээ баталгаажуулж, сургуульдаа элсээд байна. Улсын хэмжээнд мөн ялгаагүй бүртгэлийн явц хангалтгүй дүнтэй байгаа юм. Энэ нь эцэг, эхчүүд сурагчдын бүртгэлд ач холбогдол өгөхгүй байгаатай холбоотой гэж албаныхан үзэж байна. Www.parent.edu.mnцахим хуудсанд нэгдүгээр ангид элсэж буй нийт сурагчдын 89 хувийнх нь мэдээлэл байршаад байгаа юм. Гэсэн хэдий ч сурагчдын бүртгэл удааширч байгаа тул цахим бүртгэлийг өнөөдрөөр тасалбар болгож, наймдугаар сарын 29-нийг хүртэл сургуулиуд дээр уламжлалт аргаар сурагчдыг бүртгэх юм байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Сумъяабазар: Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Тэгвэл тус хорооны анхны хурал өнөөдөр боллоо. Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудад энэ чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Жилд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо 70-80 мянгаар нэмэгддэг. Түгжрэлийн асуудлыг 2021-2025 онд цэгцлэхгүй бол, энэ байдал удаан үргэлжилбэл замын хөдөлгөөний хурд зургаан км цаг болж, явган явж байгаагаас ялгаагүй болно. Түүнчлэн хамран сургах тойргийг зөв зохицуулбал түгжрэл тодорхой хэмжээнд буурна. Энэ бол богино хугацаанд хийх ажил хэмээн ярив. Хотын дарга Д.Сумъяабазарын яриа:https://youtu.be/g987_CF2zQA Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль гээд боловсролын гурван байгууллагын түвшинд түгжрэлийг бууруулах судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд 25 цэцэрлэгт 60 ээлжийн багш ажиллуулахаар боллоо. Мөн цэцэрлэг, сургуулийн эхлэх, тарах цагийг зөв зохицуулах ёстой. Түүнчлэн байгууллагын цэцэрлэгийг дэмжих нь бага зардлаар том асуудлыг шийдэх шийдэл. Гэр хороололд 2-4 айлын газрыг авч, мөн олон хүн амтай орон сууцны хорооллын нэг давхрыг цэцэрлэг, бага сургууль болгох, цэцэрлэг, сургуулийн стандартыг шинэчлэхээр судалж байна. Сургуулийн автобус явуулах нь үр дүнтэй байгаа. Мөн богино хугацааны шийдэл нь сургуулийн хэв шинжийг өөрчлөх. Өөрөөр хэлбэл, нийслэлд 5000-аас олон хүүхэдтэй төрийн өмчийн 10 сургууль бий. Түгжрэл үүсгэж байгаа энэ 10 сургуулийг ойролцоо ачаалал багатай сургуулиудтай нэгтгэж, бага, дунд, ахлах сургуулийн цогцолбор байдлаар хөгжүүлэх боломж байна. Түүнчлэн их, дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх хувилбарыг судалж байна гэв. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн яриа:https://youtu.be/n2kalo_UHt8 Энэ үеэр мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө. Тодруулбал, Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах, Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах, Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох, Түгжрэлийн эсрэг үйл ажиллагаагтөсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах, Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох, Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх, Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох, Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох, Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах, Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах, Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах, Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах, Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох, Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах, Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох, Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах, Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох, Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах, 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах, Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх, Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгөв. Түүнчлэн богино хугацааны шийдлээ энэ баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулахыг үүрэг болголоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн яриа:https://youtu.be/_I5K8-cZjU8 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэх шаардлагатай байна

Монгол Улсаа хилийн чанадад төлөөлөн ажиллахаар шинээр томилогдсон 23 элчин сайдад зориулсан уулзалт, сургалтыг Гадаад харилцааны яамнаас зохион байгууллаа. Тус уулзалт, сургалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн оролцож, Улаанбаатар хотын бусад улсын хотуудтай хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Улаанбаатар хотыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх үүднээс авто замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задалж, орлогод нийцсэн орон сууц, орон зайн оновчтой төлөвлөлт, ногоон хөгжлийг түүчээлсэн, бизнест таатай, эдийн засгийн хувьд бие даасан чадамжтай хот болгон хөгжүүлэх бодлогыг баримталж байгаа хэмээв. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хотуудад Улаанбаатар хотын төлөөлөгчийг томилох, олон улсын шилдэг техник, технологийг нутагшуулах, туршлага судлах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, улмаар Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал, шинэчлэн баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд нийслэл хот нь өөрийн дүрэм, стандарттай байхаар тогтсон. Үүнтэй холбогдуулан Сингапурт хэрэгжиж буй дүрэм, эрх зүйн зохицуулалтууд, түүний хэрэгжилтийг хангаж буй төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийн талаар нарийвчлан судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, нийтийн тээврийн зохицуулалттай холбоотой дүрэм, стандартыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийг судлах, Австралийн Холбооны Улстай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хотуудад хэрэгжиж буй стандартын талаар туршлага судалж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаа гэлээ. Тиймээс эдгээр саналыг судлан үзэж, холбогдох байгууллагуудад уламжилж, улмаар шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх харилцаа холбоог тогтоон, уялдааг хангахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн тодотгосон юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.